Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2015/0946/З |
Дугаар | 221/МА2016/0328 |
Огноо | 2016-05-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2016/0328
Б.Билэгсайханы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Орших, Т.Дэлгэрхүү нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 125 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Билэгсайханы нэхэмжлэлтэй, Монголбанкны Ерөнхийлөгчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Билэгсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголбанкны Ерөнхийлөгч журам гаргахдаа Төв банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д Монголбанк хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл банкинд олгох, түүний өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах болон үйл ажиллагааг нь зохицуулахтай холбогдсон дүрэм, журам шийдвэр гаргаж, хэрэгжилтэнд нь хяналт тавина гэж заасныг удирдлага болгосон.
Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ гэж тодорхойлсон. Үүнээс үзвэл хадгаламж, зээл, төлбөр тооцоо, санхүүгийн зуучлал гэсэн 4 үйл ажиллагааг зохицуулсан журам гаргана гэсэн үг.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар Монголбанк ямар журам, аргачлал гаргахыг нарийвчлан зохицуулсан. Уг хуулийн 6.5-д Мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монголбанк батална, 13.3-д Төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрийг Монголбанк тогтооно, 24.4-д Зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монголбанк батална гэж тус тус хуульчилсан. Үүнээс үзвэл зээлийн шимтгэл авах эрхийг арилжааны банкинд олгох, энэ талаар журам гаргах эрх Монголбанкинд хуулиар олгогдоогүй байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.1-д Зээлийн ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно, 22.2-д Зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар, зориулалт, зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга хэлбэр, гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана гэж заасан. Энэ хуульд зээлийн шимтгэл гэж байхгүй байна. Гэтэл Монголбанкны баталсан журмын 3.2.2-д Банк зээлдэгчээс авах шимтгэл, хураамж болон цаашид авч болзошгүй шимтгэл, хураамжийг зээлийн гэрээнд заавал тусгана гэж заасан нь дээрх хуулийн 22.2 дахь заалттай зөрчилдөж байна.
Иймд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/236 тоот тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 1.3.8, 2.6-2.9, 2.12, 3.1, 3.2 дахь заалтуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Монголбанкны Ерөнхийлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Банк нь иргэдийн хадгалуулсан мөнгөн хөрөнгөөс бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллагад Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу өөрийн нэрийн өмнөөс зээл олгодог. Ийнхүү зээл олгохдоо Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу өөрийн болзол, нөхцөлийн дагуу олгох бөгөөд хүүгийн хэмжээг өөрөө тогтоож, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу учирч болох эрсдэл, хариуцлагыг өөрөө хүлээдэг ашгийн төлөө хуулийн этгээд болно. Дээрх үйл ажиллагаа нь Монголбанкнаас баталсан журмын дагуу бус зөвхөн банкны өөрийн бодлого, шийдвэрийн хүрээнд явагддаг.
Нэхэмжлэлд дурдсан журмын зорилго нь харилцагчийн эрх ашгийг хамгаалах бодлогын хүрээнд банкны хүү бодох зарчим, түүнээс тогтоосон хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлыг хангахад оршино. Энэ журмаар Монголбанк банкинд иргэн, аж ахуйн нэгжээс шимтгэл, хураамж авах зөвшөөрөл олгодоггүй ба ямар нэгэн хэмжээг журамлаж зааж өгдөггүй болно.
Түүнчлэн Банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасанчлан Монголбанк хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй банкны дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй, банкны зээлийн дотоод үйл ажиллагаа болон дотоод хэрэгт нөлөөлөх боломжгүй.
Иймд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны А/236 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 1.3.8, 2.6-2.9, 2.12, 3,1, 3.2 дахь зохицуулалтууд нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан шиг харилцагчаас шимтгэл, хураамж авахаар тогтоосон акт биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 125 дугаар шийдвэрээр: Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 25 дугаар зүйлийн 25.1, 28 дугаар зүйлийн 1-р заалтын 2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 32.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.3-д заасныг тус тус баримтлан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/236 тоот тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 1.3.8, 2.9, 2.12, 3.1, 3.2 дахь заалтуудыг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугар давж заалдах гомдолдоо: Шүүх нотлох баримт /журам/-ын гол агуулгыг орхигдуулж дүгнэсэн. Тодруулбал, шүүх Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А-236 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийнмэдээллийн ил тод байдлын журам-аар зээлийн хүү аваад зогсохгүй шимтгэл, хураамж нэмж авахыг зөвшөөрсөн ... зээлийн, хүү, шимтгэл, хураамж гэх 3 төрлийн төлбөрийг тогтоосон байна гэж дүгнэжээ.
Монголбанкнаас баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам нь Монголбанкаас хүү, шимтгэл, хураамж авах эрхийг банкуудад олгосон эрх зүйн акт биш бөгөөд харин Банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар банкны харилцагчийн эрх ашгийг хамгаалсан хэм хэмжээний зохицуулалт юм. Энэхүү журмаар банкны зээл, хадгаламжийн үйл ажиллагаанд мөрдөж буй шимтгэл, хураамжийн талаарх мэдээллийг харилцагчтай байгуулах гэрээнд заавал тусгаж, авч буй шимтгэл, хураамжийн хэмжээ, хэрхэн тооцох аргачлалыг харилцагчдад сайтар таниулан ойлгуулж, ил тод мэдээлэх үүргийг банкуудад хариуцуулсан.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, Банкны тухай хуулийн 10.1, мөн хуулийн 3.1.1, Иргэний хуулийн 451.1-д зааснаар банк өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээлийн хүүг тогтоодог. Мөн зориулалт, хүүгийнхэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоож нийтэд мэдээлдэг.
Банк дээрх зохицуулалтын хүрээнд Монголбанкнаас зөвшөөрөл шаардахгүйгээр зээл, хадгаламжийн үйл ажиллагаатай холбоотой шимтгэл, хураамжийн нөхцөлийг өөрөө тогтоож, нийтэд мэдээлэх байдлаар ажилладаг. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн энэ боломжийн хүрээнд тухайн банк өөрийн үзүүлсэн үйлчилгээнд шимтгэл, хураамж авах нь нээлттэй.
Монголбанкны хувьд Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар банкуудын хүү, шимтгэл, хураамжийн бодлогод оролцдоггүй .
Дээрх журам нь санхүүгийн зах зээлд харилцан адилгүй үйлчилж байсан хүү, шимтгэлийн аргачлалаас үүдэн харилцагчийн эрх ашиг хөндөгдөх нөхцөл үүсэж байсныг зогсоож, нэгдсэн стандарт, хэм хэмжээ тогтоосноор харилцагчдад санхүүгийн бүтээгдэхүүний талаар ил тод, ойлгомжтой мэдээллийг хүргэн, өөрт ашигтай сонголт хийх боломжийг олгосон. Гэтэл шүүхээс хуулиар зөвшөөрөөгүй байхад Монголбанк журмаар шимтгэл, хураамж авахаар зохицуулалт хийсэн гэж дүгнэснийг буруу гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрээр журмын холбогдох заалтуудыг түдгэлзүүлснээр дээр дурдсан санхүүгийн зах зээлийн нэгдсэн стандарт алдагдаж, банкны харилцагчдын эрх ашигт сөргөөр нөлөөлөх үр дагавар үүсэхээрбайна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-д хэм хэмжээ тогтоосонзахиргааны актыг зөвхөн хуульд заасан үндэслэлээр түдгэлзүүлж болно" гэж заасан. Гэтэл шүүх хуульд заасан үндэслэлийг дурдалгүйгээр Монголбанкны журмыг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тайлбар болон Улсын Дээд шүүхийн 2006 оны 37 тогтоолд ...хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх гэдгийг хариуцагч өөрөө маргаан бүхий захиргааны актыг алдаатай гарсныг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлыг шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргах боломжтой гэж үзсэн тохиолдолд хэрэгжүүлнэ гэж тайлбарлажээ.
Гэтэл Монголбанкнаас захиргааны актыг алдаатай гарсан гэж хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн дээрх заалтыг баримталсан нь үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх гуравдагч этгээдийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ иргэн Б.Билэгсайханд зээл олгосон банк болох Голомт банкны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг авч үзээгүй. Шүүх энэ маргаанд Голомт банкны эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах эрхийг хангаагүй. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-дзаасантай нийцэхгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 125 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргаан бүхий журмын заалтуудыг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Иргэн Б.Билэгсайхан 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Голомт банктай шуурхай зээлийн гэрээ байгуулж,65000000 төгрөгийн зээл авахдаа уг гэрээний 2.1.6-д зааснаар зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд зээлийн үнийн дүнгийн 2.0 хувьтай тэнцэх шимтгэл буюу 1300000 төгрөгийг нэг удаа суутгуулсан байна.
Маргаан бүхий актын хүчингүй болгуулахыг хүссэн заалтуудаар, тухайлбал, Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 1.3.8-д зээлийн бодит өртөг гэж зээлдэгчээр төлүүлж буй зээлийн бодит үйлчилж буй хүү, шимтгэл, хураамж, бусад нэмэлт зардлыг багтаасан дүнг жилийн хувиар илэрхийлснийг, 2.6-д зээлийн бодит өртгийг...бодит үйлчилж буй хүүгийн хувь болон зээлийн анхны гэрээний хугацаанд зээлтэй холбогдон гарах шимтгэл, хураамжийн нийлбэр дүнгээс тооцож, хувиар илэрхийлнэгэж тус тус тодорхойлж, 2.7, 2.8, 2.9 дэх заалтуудаар ямар шимтгэл, хураамжийг зээлийн бодит өртөг бодоход оруулах болон оруулахгүй талаар, 3.1 дэх заалтаар зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн ил, тод байдлыг хангах талаар, 3.2 дахь заалтаар зээлийн бүтээгдэхүүний шимтгэл, хураамжийн талаарх зохицуулалтуудыг тусгажээ.
Гэтэл нэхэмжлэгчээс Голомт банк зээл олгохдоо 2 хувьтай тэнцэх шимтгэл буюу 1300000 төгрөгийг суутгасан байсан. Энэ талаар судалж үзэхэд, Монголбанкинд зээлийн хүүгийн хэмжээ, төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэр, хадгаламжийн хүүгийн хэмжээг тогтоох эрхийг л хуулиар олгосон, харин зээлийн шимтгэл авах эрхийг арилжааны банкинд олгох, энэ талаар журам гаргах эрх хуулиар олгогдоогүй гэсэн үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлгүй.
Учир нь Монголбанкнаас баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-аар зээлдэгчээс авах шимтгэл хураамжийн төрөл, хэмжээг банк тогтоох ба зээлдэгчийн оршин байгаа газар, үндэс угсаа, шашин шүтлэг, нийгмийн байдлаас хамааран ялгаатай шимтгэл хураамж тогтоохыг хориглосноос гадна банк зээлдэгчээс авах шимтгэл, хураамж, болон цаашид авч болзошгүй шимтгэл хураамжийг зээлийн гэрээнд заавал тусгах, банкны зээл, хадгаламжийн үйл ажиллагаанд мөрдөж буй шимтгэл, хураамжийн талаарх мэдээллийг талуудын зээлийн гэрээнд тусгаж байх, мөн банк...бодит үйлчилж буй хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийг бүтээгдэхүүн бүрээр үнэн зөв гарган, хэвлэмэл болон цахим хэлбэрээр олон нийтэд мэдээлэх талаар зааснаас үзвэл банкууд харилцагчдад санхүүгийн талаар ил тод, ойлгомжтой мэдээллийг хүргэснээр өөрт ашигтай сонголт хийх боломжийг олгоход зорьсон акт гэж үзэхээр байна.
Тодруулбал, дээрх журмын зорилго нь Төв банк /Монголбанкны/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д заасныг үндэслэн банкуудын хүү бодох зарчмыг тодорхойлж, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлыг хангах-д чиглэжээ.
Маргаан бүхий журмын зохицуулалтаас үзвэл Монголбанк нь арилжааны банкуудад иргэн, аж ахуйн нэгжээс шимтгэл, хураамж авах зөвшөөрөл олгоогүй, шимтгэл хураамжийн хувь хэмжээг тогтоосон заалт уг журамд байхгүй байна.
Харин Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар банк өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгохдоо зээлийн хүүг өөрөө тогтоох ба зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлэхээр зохицуулснаас үзвэл банкууд маргаан бүхий журмын зохицуулалтаар бус, дээрх хуулиудын зохицуулалтаар зээлийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн үзүүлсэн үйлчилгээнд шимтгэл, хураамж авах эсэх асуудал нь арилжааны банкуудын зээл олгохтой холбоотой бусад нөхцөлийг тогтоох үйл ажиллагаанд хамаарч байна.
Иймд Төв банк /Монголбанкны/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-д зааснаар...банкны үйл ажиллагааны зохистой харьцаа...мэдээлэл...зэрэг асуудлаар тушаал гаргах эрхийн хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчөөс гаргасан журмын зохицуулалтууд нь харилцагчаас шимтгэл, хураамж авахаар тогтоосон акт биш байх тул нэхэмжлэлд заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй.
Монголбанк нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газарт харьяалагддаггүй субъект болохын хувьд өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан журмыг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор баталсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам-д зааснаар Хууль зүйн яамны захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн санд заавал бүртгүүлэх үүрэг хүлээхгүй, түүнчлэн ийнхүү бүртгэгдээгүй нь уг журмыг хүчингүй болгох үндэслэл болохгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
Ийнхүү, шүүх Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Банкны тухай хуулийн зарим зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 125 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 31 дүгээр зүйлийн 2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Билэгсайханы Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/236 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 1.3.8, 2.6-2.9, 2.12, 3.1, 3.2 дахь заалтуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН