Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 560

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Өлзийт сум 1 дүгээр багт оршин суух, ВП81071801 регистрийн дугаартай, Тавнан овогт Ундрахын Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Өлзийт сум 1 дүгээр багт оршин суух, ВО78082013 регистрийн дугаартай, Хөгшин овогт Жимээгийн Бодьбаатарт холбогдох

Гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Алтанцэцэг, хариуцагч Ж.Бодьбаатар, хариуцагчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Миний бие 1981 онд төрсөн. Ж.Бодьбаатартай 1995 онд танилцаж, 2002 оны 06 сарын 23-ны өдөр гэр бүл болсон. 2002 оны 06 сарын 28-ны хүү Б.Мөнхдалай, 2005 оны 08 сарын 27-ны өдөр охин Б.Мөнхцэцэг нарыг төрүүлсэн. Гэр бүл болоод амьдарч байх хугацаанд Бодьбаатар нь ажил хийдэггүй, архи дарс уудаг байсан. Архи уухдаа нийт 3 удаа миний биед гэмтэл учруулж, ухаан алдуулж, тархи хагалж байсан. Би зодож агсам тавих үед хэд хэдэн удаа цагдаа дуудаж байсан. Мөн эгэм гэмтэж би эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэж байсан. 2016 оны 04 сараас хойш тусдаа амьдарч байгаа. Намайг их харгисаар зоддог тул би нэг л өдөр тэр хүний гарт алуулж, хүүхдүүдээ өнчрүүлэх юм байна гэж бодоод салахаар шийдсэн. Түүнээс хойш утсаар ярьж үргэлж ална гэж дарамталж, хүний санаад оромгүйгээр зүхдэг. Эцэг нь байж 2 хүүхдээ огт харж ханддаггүй, тоодоггүй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, гэрлэлт цуцалж хүү Б.Мөнхдалай, охин Б.Мөнхцэцэг нарт хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч У.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2 хамт 16 жил амьдарсан. Архи уусан үедээ намайг зоддог, 2 хүүхдээ сэтгэл санаагаар унагаж байгаа тул би 2016 оны 04 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна. Эхэндээ байр түрээслэж байсан ба тэр хугацаанд эвлэрэх гэж 2-3 удаа байрандаа дагуулж очсон 3 хоноод яваад өгсөн түүнээс хойш ирээгүй тул айлын хашаанд гэр барьж тусдаа гарсан байгаа.Би тархиа 2 хагалуулсан сорви нь байгаа сүүлд зодоход нь ах дүү нар нь чамаас болдог гэдэг сүүлд архи уугаад зодоход нь би ухаан алдсан байсан сэрсэн чинь 3 цагдаа ирсэн байсан би зүгээрээ гээд цагдаа нарыг явуулсан маргааш босч чадахгүй байсан эмнэлэгт очиж харуулсан чинь эгэм гэмтсэн байсан. Нэхэмжлэлийн шаардлага гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа гэв.

Хариуцагч Ж.Бодьбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 10 хэдэн жил хамт амьдрахдаа маргалдаж байгаагүй ба хамгийн сүүлд салахдаа өөрөө ирж дүү нарыг цагдаад өгсөн мөн хөдөө яваад ирсэн чинь түрээсийн байрнаасаа явсан байсан эвлэрэх саналтай байгаа. Эхнэрээсээ болж цагдаа дээр очиж байсан удаа байхгүй. 2011 онд амтай зүйл холоос шидэж толгойнд нь гэмтэл учруулж байсан гэв.

Шүүх хуралдаанаар зохигч нарын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт, Баянхонгор аймгийн номгон ахлах сургуулийн тодорхойлолтууд, 2002 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болсныг бүртгэсэн гэрлэлтийн гэрчилгээ, 2002 оны 06 сарын 28-ны хүү Б.Мөнхдалай, 2005 оны 08 сарын 27-ны өдөр охин Б.Мөнхцэцэг нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр харуулан нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч У.Алтанцэцэгийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Бодьбаатар эс зөвшөөрч эвлэрэх хүсэлтэй байна.

Нэхэмжлэгч У.Алтанцэцэг, хариуцагч Ж.Бодьбаатар нар нь 2002 оны 06 сарын 23-ны өдөр гэр бүл болсноо 2002 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн гэрлэгчдийн эрх, үүргийг үүсгэн амьдарсан, 2002 оны 06 сарын 28-ны хүү Б.Мөнхдалай, 2005 оны 08 сарын 27-ны өдөр охин Б.Мөнхцэцэг нар төрж эрүүл энх өсөн торниж, сургуульд суралцдаг болох нь гэрлэлтийн гэрчилгээ,хүүхдийн төрсний гэрчилгээнүүдийн хуулбар, багийн Засаг дарга, Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуулийн захирлын тодорхойлолтууд зэргээр тус тус тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч У.Алтанцэцэг, хариуцагч Ж.Бодьбаатар нар нь 1 жил 4 сарын хугацаанд тусдаа амьдарсан, ээжтэйгээ амьдрах гоё байдаг, аав архи уухаараа агсам тавьдаг, ээжийг зодоод хэцүү байдаг гэсэн хүүхдүүдийн санал, нэхэмжлэгч У.Алтанцэцэгийн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хариуцагчийн олон удаагийн үйлдлээс эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол учирсан эвлэрэх боломжгүй гэх тайлбар, хариуцагчийн нэхэмжлэгчийн толгойн тус газарт гэмтэл учруулж байснаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг үндэслэн гэрлэлтийг нь цуцалж, хүү Б.Мөнхдалай, охин Б.Мөнхцэцэг нарыг эх У.Алтанцэцэгийн асрамжид хэвээр үлдээж, тэтгэлэг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Хөгшин овогт Жимээгийн Бодьбаатар, Тавнан овогт Ундрахын Алтанцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2002 оны 06-р сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Мөнхдалай, 2005 оны 08-р сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Мөнхцэцэг нарыг эх У.Алтанцэцэгийн асрамжид хэвээр үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40.1.2-д заасныг баримтлан Б.Мөнхдалай, Б.Мөнхцэцэг нарт 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг Ж.Бодьбаатараас гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурьдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүү Б.Мөнхдалай, охин Б.Мөнхцэцэг нарыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Ж.Бодьбаатар, эх У.Алтанцэцэг нарын үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан У.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бодьбаатараас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Алтанцэцэгт олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.Бодьбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 47686 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120-2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл Баянхонгор аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Н.ГАНТУЯА