Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 00000

 

    У.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг Ерөнхий шүүгч  М.Мөнхдаваа  даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Г.Уламбаяр  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны  8  дугаар сарын 4-ний  өдрийн 131/ШШ2017/00560  дугаар  шийдвэртэй

Нэхэмжлэгч Ундрахын Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй   

Хариуцагч  Жимээгийн Бодьбаатарт холбогдох

Гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт  хариуцагчийн өмгөөлөгч  П.Адъяасүрэнгийн  давж заалдсан гомдлыг үндэслэн  2017 оны 9  дүгээр сарын 29-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа        нар оролцов. 

Нэхэмжлэгч Ундрахын Алтанцэцэгээс  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 Миний бие 1981 онд төрсөн. Ж.Бодьбаатартай 1995 онд танилцаж,  2002 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болсон. Хүү Б.Мөнхдалайг  2002 оны 06 дугаар сарын 28-нд,  охин Б.Мөнхцэцэгийг   2005 оны 08 дугаар  сарын 27-ны өдөр төрүүлсэн. Гэр бүл болоод амьдарч байх хугацаанд Бодьбаатар нь ажил хийдэггүй, архи дарс уудаг байсан. Архи уухдаа нийт 3 удаа миний биед гэмтэл учруулж, ухаан алдуулж, тархи хагалж байсан. Би зодож агсам тавих үед хэд хэдэн удаа цагдаа дуудаж байсан. Мөн эгэм гэмтэж би эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэж байсан. 2016 оны 04 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа. Намайг их харгисаар зоддог тул би нэг л өдөр тэр хүний гарт алуулж, хүүхдүүдээ өнчрүүлэх юм байна гэж бодоод салахаар шийдсэн. Түүнээс хойш утсаар ярьж үргэлж ална гэж дарамталж, хүний санаад оромгүйгээр зүхдэг. Эцэг нь байж 2 хүүхдээ огт харж ханддаггүй, тоодоггүй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, гэрлэлт цуцалж хүү Б.Мөнхдалай, охин Б.Мөнхцэцэг нарт хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч У.Алтанцэцэгээс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Бид 2 хамт 16 жил амьдарсан. Архи уусан үедээ намайг зоддог, 2 хүүхдээ сэтгэл санаагаар унагаж байгаа тул би 2016 оны 04 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна.

Эхэндээ байр түрээслэж байсан ба тэр хугацаанд эвлэрэх гэж 2-3 удаа байрандаа дагуулж очсон 3 хоноод яваад өгсөн түүнээс хойш ирээгүй тул айлын хашаанд гэр барьж тусдаа гарсан байгаа.  Би тархиа 2 хагалуулсан сорви нь байгаа сүүлд архи уугаад зодоход нь би ухаан алдсан байсан сэрсэн чинь 3 цагдаа ирсэн байсан би зүгээрээ гээд цагдаа нарыг явуулсан маргааш босч чадахгүй байсан эмнэлэгт очиж харуулсан чинь эгэм гэмтсэн байсан. Нэхэмжлэлийн шаардлага гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа гэжээ.

Хариуцагч Жимээгийн Бодьбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:  

Миний бие Ж.Бодьбаатар 1978 онд төрсөн. Хань Алтанцэцэгтэй 2000 онд танилцаж, 2001 онд ханилан сууж, 16 жил амьдарч байсан. Хүү Мөнхдалай 2002 онд төрсөн. Охин Мөнхцэцэг 2005 онд төрсөн. Хань 2 хүүхдийн хамт амьдарч байсан. Зуд болж, адуу хонь үхэр малаа цөөрсөн учраас Баянхонгор аймгийн төвд шилжин ирж 5 дугаар баг 8 дугаар гудамж 19 тоот хашаанд  амьдарч байсан. Миний бие архи уудаг байсан ч олсон мөнгөө хань үр хүүхэддээ өгдөг байсан. Эхнэртэйгээ маргаан гаргадаг байсан нь үнэн. Өдөр бүр зодож дарамталж байсан нь худлаа. Салснаас хойш 1 жил болж байна. Тэрнээс хойш өөрийнхөө боломжоор хүнс хоол мөнгө,  төгрөг өгдөг байсан. У.Алтанцэцэг нь 2 хүүхэдтэй уулзах гэхээр ээж нь хамт байж уулздаг байсан. Одоо миний бие 2 хүүхэдтэйгээ ойр дотно баймаар байна. Хоёр том болсон хүүхдийнхээ ирээдүйг бодож  гэр бүл салмааргүй  байна гэжээ.

Хариуцагч Ж.Бодьбаатараас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Бид хоёр 10 хэдэн жил хамт амьдрахдаа маргалдаж байгаагүй ба хамгийн сүүлд салахдаа өөрөө ирж дүү нарыг цагдаад өгсөн мөн хөдөө яваад ирсэн чинь түрээсийн байрнаасаа явсан байсан эвлэрэх саналтай байгаа. Эхнэрээсээ болж цагдаа дээр очиж байсан удаа байхгүй. Миний бие  2011 онд У.Алтанцэцэг рүү  амтай зүйл холоос шидэж толгойнд нь гэмтэл учруулж байсан гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Хөгшин овогт Жимээгийн Бодьбаатар, Тавнан овогт Ундрахын Алтанцэцэг нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Мөнхдалай, 2005 оны 08 дугаар  сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Мөнхцэцэг нарыг эх У.Алтанцэцэгийн асрамжид хэвээр үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40.1.2-д заасныг баримтлан Б.Мөнхдалай, Б.Мөнхцэцэг нарт 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг Ж.Бодьбаатараас гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан У.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бодьбаатараас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Алтанцэцэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.Бодьбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 47686 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяагийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний  өдрийн 131/ШШ2017/00560 дугаар  шийдвэрийг 2017 оны 8 дугаар сарын 29-нд хүлээн авч, эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэр нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг хангаагүй байна. Хариуцагч Ж.Бодьбаатар нь эвлэрэх хүсэлтээ эхнэртээ ч, шүүхэд ч удаа дараа гаргаж байхад зөвхөн  нэг талыг барьж гэрлэлтийг цуцалсан нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нийгэм гэр бүл цуцлагдаж, хүүхэд өнчрөх аюул гамшиг гаргахгүй байх, гэр бүлийг аль болох хамгаалах,  зан аашаа засаж, үүрэг хариуцлагаа ухаарах боломж олгохыг хичээж байхад шүүх нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна.

Хариуцагч Ж.Бодьбаатар нь гэр бүлийнхээ өмнө үүрэг хариуцлагаа хүлээж эвлэрэх хүсэлтэй байгаа тул шүүхээс эвлэрэх хугацаа хүсэж байгаа болно.

Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргах нь Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний  өдрийн 131/ШШ2017/00560  дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, эвлэрэх боломж олгоно уу гэжээ.        

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. 

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт  “..нэхэмжлэгч У.Алтанцэцэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, хариуцагчийн олон удаагийн үйлдлээс эрүүл мэнд, сэтгэл санааны  хохирол учирсан, эвлэрэх боломжгүй  гэсэн нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн  гэрлэлтийг цуцлах зүйтэй..”    гэж дүгнэсэн мөртлөө шийдвэрийн тогтоох хэсэгтээ  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр 14.1-д заасныг баримтлаж  гэрлэлтийг цуцалсан нь  шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэг нь хоорондоо зөрүүтэй,  шүүх  нэхэмжлэгч У.Алтанцэцэгийн “..хариуцагчийн олон удаагийн үйлдлээс эрүүл мэнд, сэтгэл санааны  хохирол учирсан..”   хэлж  байсан  тайлбарыг  үндэслэн гэрлэлтийг  цуцаллаа  гэж  дүгнэсэн нь  хууль зүйн  үндэслэлгүй дүгнэлт  болсон бөгөөд шүүх гэр бүлийн хүчирхийлэл  байгаа эсэхийг тогтоогоогүй, эвлэрэх боломжгүй байгаа үндэслэлийг  ч  тогтоолгүйгээр  гэрлэлтийг  цуцлаж  шийдвэрлэсэн нь   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д  заасан шүүх  дүгнэлтээсээ  өөр зөрүүтэй хууль хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж  хэрэглэсэн нь  шийдвэрийг өөрчлөх боломжгүй болжээ.

Анхан шатны шүүх хуралдаан дээр  хариуцагч Ж.Бодьбаатар болон түүний өмгөөлөгч нараас  “..эвлэрэх боломж  олгож  өгнө үү..”   гэсэн хүсэлтийг  гаргасан байхад  шүүх шийдвэртээ зохигчид яагаад эвлэрэх боломжгүй буюу хүсэлтийг үгүйсгэж байгаа үндэслэлээ заагаагүй,  шийдвэрийн тогтоох хэсэгт  хүсэлтийг  шийдвэрлээгүй  байгаа нь  шүүх  хуралдааны  оролцогчийн хуулиар  олгогдсон эрх зөрчигдсөн  байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч  Ж.Бодьбаатараас   давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг  хариуцагчид  буцаан олгох   үндэслэлтэй байна.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.5,  168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2017 оны 8  дугаар сарын 4-ний   өдрийн 131/ШШ2017/00560  дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар  хариуцагч   Ж.Бодьбаатараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200   төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан олгосугай.

3. Давж  заалдах  шатны  шүүх  хэргийг  шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд   хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

                                                                 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ  

                                                                                            Г.УЛАМБАЯР