Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 107

 

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00240/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 553 дугаар шийдвэртэй,  

            Нэхэмжлэгч Ч.Б-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-д холбогдох  

            “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор 2.950.000 төгрөг болон 2016 оны үйл ажиллагааны үр дүнгээр олгогдох ёстой байсан жилийн үр дүнгийн шагнал 4.000.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт  хийлгэх” тухай иргэний хэргийг

            Хариуцагчийн давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.  

Нэхэмжлэгч Ч.Б-эс:

Миний бие 1991-2001 онд “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-д  машинч, засварчин, мастер, инженер, хэсгийн дарга, 2014-2017 онуудад дэд захирал, ерөнхий инженер зэрэг албан тушаалд  нийт 23 жил ажиллаж компанийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, засвар шинэчлэлтийн ажлыг цаг тухайд нь хийж гүйцэтгэх, цаашлаад Дархан хотын хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангах үйлсэд өөрийн мэдлэг ур чадвар хүч хөдөлмөрөө шударгаар зориулж ирсэн, нам бус аливаа төрийн бус байгууллагад шалгагдаж хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болно. 2016 оны 11 дүгээр сард шинээр томилогдсон компанийн төлөөлөн удирдах зөвлөл аудитын хорооны 2017 оны 02 дугаар сарын  07-ны өдөр гаргасан гэх дүгнэлт нь нотлогдоогүй хэргийг шууд тохсон нэг талыг барьсан ашиг сонирхлын зөрчилтэй үндэслэлүүд хуульд нийцээгүй.

“Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал нар албан тушаалын эрхээ хэтрүүлэн ашигласан тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд дээрх 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 32 тоот тушаалыг хүчингүй болгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг бичилтийг нөхөн  бичүүлж 2016 оны үйл ажиллагааны үр дүнгээр олгогдох ёстой байсан жилийн үр дүнгийн шагналыг бүтнээр, ажил эрхлэх боломжгүй болсон хугацааны цалин олговоруудыг буруутай  этгээдээр төлүүлж, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-иас:

Нэхэмжлэгч нь дулаан хуваарилах төвийн хашаанд хураалттай байсан үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ус халаагч хурдны бойлерыг гүйцэтгэх захирал Д.Гантуул болон холбогдох албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр санаатайгаар дур мэдэн өөрийн албан тушаалын давуу байдлыг ашиглан тогтоосон хашаанаас авч гарган өөр байгууллагын хашаанд буулгаж компанийн үндсэн хөрөнгийг үрэгдүүлсэн.

Энэхүү ус халаагч нь 8 сая төгрөг ба тэдгээр нь дотроо тодорхой хэмжээний үнэт металлууд агуулсан байдаг бөгөөд хэд хэдэн тоног төхөөрөмжүүд нийлж 1 цогц тоног төхөөрөмж болдог.  Ч.Б-ийн гаргасан энэхүү үйлдэл нь ажил олгогчоос түүнтэй байгуулсан 15/2016 тоот хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлд заасан ноцтой зөрчилд тооцогдох бөгөөд компанийн хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор зөрчил тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 553 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ч.Б-ийг “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн дэд захирал, ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин олговор 2.950.000 төгрөг болон 2016 оны үйл ажиллагааны үр дүнгээр олгогдох ёстой байсан жилийн үр дүнгийн шагнал 4.000.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсон болохыг дурдаж, хариуцагч “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул гомдолтой байна. “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-д дэд захирал, ерөнхий инженерээр ажиллаж байсан Ч.Б-ийг сахилгын шийтгэл ногдуулж ажлаас нь халсан байдаг. Талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааны маргааныг тушаалын үндэслэл болж буй хуулийн заалттай хэрхэн нийцэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт гарган шийдвэрлэх учиртай. Хөдөлмөрийн харилцааг зогсоох гол үндэслэл болсон заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3 дахь заалтууд юм. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Ч.Б-ийн гаргасан зөрчилд дээрх хуулийн заалтыг үндэслэлтэй ашиглан тушаал гаргасан. Учир нь Ч.Б-ийг ажлаас халах болсон гол факт бол  дулаан хуваарилах төв №3-ийн хашаанд хураалттай байсан үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, халаалтын хурдны бойлерыг гүйцэтгэх захирлын зөвшөөрөлгүй өөрийн эрх мэдлийг ашиглан өөр байгууллагын хашаанд буулгасан. Энэ нь Хөдөлмөрийн гэрээний 6.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 12.1.2 дахь заалтуудаар тус тус тогтоогдож байгаа юм. Ч.Б- нь бойлерийг компанийн хашаанаас гаргах шийдвэрийг гүйцэтгэх захирлын зөвшөөрлийн үндсэн дээр гаргах ёстой байсан нь ажлын байрны тодорхойлолтын А ерөнхий зүйл хэсгээс харагдаж байна. Гэтэл анхан шатны шүүх ноцтой зөрчил биш хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр  зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн. Иймд  Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.15-ны өдрийн 553 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд өөрчлөлт оруулж Ч.Б-ийн ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.Б- хариуцагч “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-нд холбогдуулж, тус компаний захирлын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 32 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор 2.950.000 төгрөг болон 2016 оны үйл ажиллагааны үр дүнгээр олгогдох ёстой жилийн үр дүнгийн шагнал 4.000.000 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компаний дэд захирал, ерөнхий инженерээр ажиллаж байсан Ч.Б- 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчим компаний үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ус халаагч хурдны бойлерыг гүйцэтгэх захирал болон холбогдох албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр санаатайгаар, дур мэдэн, албан тушаалын давуу байдлыг ашиглан тогтоосон хашаанаас авч гарган өөр байгууллагын хашаанд буулгаж  компаний үндсэн хөрөнгийг үрэгдүүлсэн нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил мөн тул хуулийн дагуу хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.Б-ийг компаний үндсэн хөрөнгийг үрэгдүүлсэн үйлдэл тогтоогдоогүй, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргаагүй гэж дүгнээд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн бусад шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

“Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 32 тоот тушаал нь тус компаний хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт,  ажил олгогчоос ажилтантай байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 15/2016 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.5-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэн дээрх тушаалыг гаргасан, эдгээр заалтууд нь ижил утга бүхий буюу “Мөнгө хөрөнгө, хариуцуулсан техник, багаж, эд зүйлийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй дур мэдэн тогтоосон байрнаас авч гарсан, ажил үүрэг гүйцэтгэсэн, эд хөрөнгө үрэгдүүлсэн, алдсан, завшсан, энэ бүгдэд боломж олгосон, дэмжсэн, зуучилсан, нуун дарагдуулсан” бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцохоор журамласан заалтууд байна.

Болсон үйл баримтаас үзвэл 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дэд захирал, ерөнхий инженер Ч.Б- тус компаний албаны инженер Б.Б-д ус халаагч хурдны бойлерыг 26 дугаар баазын хашаанд аваачиж мэргэжлийн зориулалтын багажаар шалга гэж утсаар үүрэг өгсний дагуу инженер Б.Б- тус компаний засварчин Г.Дэлгэрэх-Очир, Т.Энхбаатар, жолооч Д.Атарсайхан нарт хэлж уг бойлерыг компаний хашаанаас ачин гаргаж, 26 дугаар баазын хашаанд буулгасан бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр уг бойлерыг буцааж тус компаний хашаанд буулгасан болох нь тэдгээр гэрчүүдийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан ажлын журнал, тээврийн бүртгэл, өдөр тутмын ажлын мэдээ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно.

Нэхэмжлэгч Ч.Б- нь тус компаний дэд захирал, ерөнхий инженерийн хувьд ус халаагч хурдны бойлерыг шалга гэж үүрэг өгөх эрх бүхий албан тушаалтан мөн бөгөөд албан тушаалын давуу байдлаа ашигласан түүнчлэн тус компаний хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар үйлийн 12.1.2, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.5-д тус тус заасан “эд хөрөнгө үрэгдүүлсэн, алдсан, завшсан, дэмжсэн, зуучилсан, нуун дарагдуулсан, боломж олгосон” ;дээрх зорилгоор  тодорхой  үйлдэл хийсэн нь тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч.Б-ийн албаны инженер Б.Б-д уг бойлерыг 26 дугаарын баазын хашаанд аваачиж мэргэжлийн зориулалтын багажаар шалга гэж үүрэг өгсөн нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх зөвхөн “эд хөрөнгө үрэгдүүлсэн” нь тогтоогдохгүй байна гэж нэг үндэслэлээр дүгнэсэн нь учир дутагдалтай боловч нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Ч.Б- ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 2.950.000 төгрөг, жилийн үр дүнгийн шагнал 4.000.000 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөөгүй, хариуцагч талаас гаргуулахаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Харин нэхэмжлэгч Ч.Б- маргаж буй “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн  захирлын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 32 тоот тушаалыг хүчингүйд тооцуулахаар шаардлага гаргасан бөгөөд сахилгын шийтгэл оногдуулсан дээрх тушаалын хүчинтэй байх байдал нь эрх зүйн үр дагавартай байх тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх  нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар  зүйлийн   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 553 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын:

“Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ч.Б-ийг “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн дэд захирал, ерөнхий инженерийн ажилд эгүлэн тогтоосугай”  гэснийг

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 32 тоот тушаалыг хүчингүй болгож, Ч.Б-ийг “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн дэд захирал, ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэж нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ            

                                     ШҮҮГЧИД                                                  С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                        Л.АМАРСАНАА