Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 553

 

Нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“...миний бие 1991-2011 онд Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК-д машинч, засварчин, мастер, инженер, хэсгийн дарга, 2014-2017 онуудад дэд захирал, ерөнхий инженерийн ажлыг нийт 23 жил компанийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, засвар шинэчлэлтийн ажлыг цаг тухайд нь хийж гүйцэтгэх, цаашлаад Дархан хотын хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангах үйлсэд өөрийн мэдлэг ур чадвар хүч хөдөлмөрөө шударгаар зориулж ирсэн, нам бус аливаа төрийн бус байгууллагад шалгагдаж хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болно.

Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас томилогдсон хэвийн ажил үүргээ гүйцэтгэж байсан намайг ажлаас халах тухай 2016 оны 11 дүгээр сард шинээр томилогдсон компанийн төлөөлөн удирдах зөвлөл, аудитын хорооны 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан гэх дүгнэлт нь нотлогдоогүй хэргийг шууд тохсон нэг талыг барьсан ашиг сонирхлыг  зөрчилтэй үндэслэлүүд хуульд нийцээгүй, Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал нар албан тушаалын эрхээ хэтрүүлэн ашигласан тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

Иймд дээрх шийдвэрүүдийг нягтлан 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 32 тоот тушаалыг хүчингүй болгож нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн бичүүлж 2016 оны үйл ажиллагааны үр дүнгээр олгогдох ёстой байсан жилийн үр дүнгийн шагналыг бүрнээр, ажил эрхлэх боломжгүй болсон хугацааны цалин олговоруудыг буруутай этгээдээр төлүүлэн гаргуулах ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсч нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

 

Хариуцагч Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“...Нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнэ нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчимд  Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК-ий 2016 оны техник зохион байгуулалтын арга хэмжээний төлөвлөгөөний дагуу солигдсон. Дулаан хуваарилах төв №3-ийн хашаанд хураалттай байсан үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ус халаагч хурдны бойлерыг гүйцэтгэх захирал Д.Гантуул болон холбогдох албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр санаатайгаар дур мэдэн өөрийн албан тушаалын давуу байдлыг ашиглан тогтоосон хашаанаас авч гарган өөр байгууллагын хашаанд буулгаж компаний үндсэн хөрөнгийг үрэгдүүлсэн.

Энэ тухай 2017 оны 01 дүгээр сард компаний төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын хороо нэр бүхий иргэний өргөдлийн дагуу манай компани дээр 2 өдөр хяналт  шалгалтын ажил явуулахад анх олж мэдсэн. Түүнээс өмнө Дулаан хуваарилах төв №3-ийн хашаанд хураалттай байсан үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ус халаагч хурдны бойлор алга болсон талаар мэдээгүй байсан.

Алга болсон ус халаагч хурдны бойлор нь компаний санхүүгийн бүртгэлд үндсэн хөрөнгөд бүртгэлтэй өртөг нь 8 сая төгрөг ба тэдгээр нь дотроо тодорхой хэмжээний үнэт металлууд агуулсан байдаг бөгөөд хэд хэдэн тоног төхөөрөмжүүд нийлж 1 цогц тоног төхөөрөмж болдог.

Ч.Бат-Эрдэнэ нь өөрийн албан тушаалын давуу байдлыг урвуулан ашиглаж гүйцэтгэх захирлын зөвшөөрөлгүйгээр компаний хүн хүч автомашиныг ашиглан ажилтнуудад хууль бус үүрэг өгч Дулаан хуваарилах төв №3-ын хашаанд хураалттай байсан үндсэн хөрөнгөд бүртгэлтэй халаатын усны хурдны бойлерыг санаатайгаар авч гарч компанид бага бус хэмжээний хохирол учруулсан.

Ч.Бат-Эрдэний гаргасан энэхүү үйлдэл нь ажил олгогчоос түүнтэй байгуулсан 15/2016 тоот хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлд зааснаар Ноцтой зөрчилд тооцогдох бөгөөд ноцтой зөрчил гаргасан тохиолдолд компаний хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан  ноцтой зөрчил гаргасан тул  мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж зааснаар түүнд Ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцалсан.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

                   Нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнэ нь хариуцагч Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК-нд холбогдуулан Дархан Дулааны Сүлжээ ТӨХК-ийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 32 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, олговор 2,950,000 төгрөг гаргуулах болон 2016 оны үйл ажиллагааны үр дүнгээр олгогдох ёстой байсан жилийн үр дүнгийн шагнал 4,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

                   “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 32 дугаартай “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулж, ажлаас халах тухай” тушаалаар “Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 131.2 дахь заалт, Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт, ажилтантай байгуулсан 15/2016 тоот хөдөлмөрийн гэрээний 6.2.5, 6.2.12 дахь заалт, “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

                   Нэг. 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчимд тус компанийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Ч.Бат-Эрдэнэ нь 2016 оны ТЗБАХ-ний төлөвлөгөөний дагуу солигдсон Дулаан хуваарилах төв №3-ийн хашаанд хураалттай байсан үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, халаалтын хурдны бойлерыг гүйцэтгэх захирал болон холбогдох албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр санаатайгаар дур мэдэн, өөр байгууллагын хашаанд буулгаж, компаний үндсэн хөрөнгийг үрэгдүүлж хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь холбогдох хууль тогтоомж болон компаний аудитын хорооны тайлан, дүгнэлтээр тогтоогдсон тул 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдрөөс үүрэгт ажлаас нь халсугай...” гэж шийдвэрлэжээ.

                   Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т “Ажил олгогч санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлана”, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж болно”, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна”, 131.2-т “сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна”, “Дарханы Дулааны Сүлжээ”ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1.2-т “Мөнгө , хөрөнгө, хариуцуулсан машин техник, багаж, эд зүйлийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй дур мэдэн тогтоосон байрнаас авч гарсан, ажил үүрэг гүйцэтгэсэн, эд хөрөнгө үрэгдүүлсэн, алдсан, завшсан, хулгайлсан,сольсон, энэ бүгдэд боломж олгосон, дэмжсэн, зуучилсан, нуун дарагдуулсан бол ажлаас халах сахилгын шийтгэлийг захирлын тушаалаар ногдуулна”, Хөдөлмөрийн №15/2016 дугаартай гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.5-т “Мөнгө , хөрөнгө, хариуцуулсан машин техник, багаж, эд зүйлийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй дур мэдэн тогтоосон байрнаас авч гарсан, ажил үүрэг гүйцэтгэсэн, эд хөрөнгө үрэгдүүлсэн, алдсан, завшсан, хулгайлсан,сольсон, энэ бүгдэд боломж олгосон, дэмжсэн, зуучилсан, нуун дарагдуулсан тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэж хөдөлмөрийн гэрээг шууд цуцлана”, 6.2.12-т “Албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, шан харамж авах, өгөх, өгөхөөр амлаж, шаардах, зуучилсан тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэж хөдөлмөрийн гэрээг шууд цуцлана” гэж тус тус заажээ.

                   Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнэ нь “...2016 оны техник зохион байгуулалтын арга хэмжээний төлөвлөгөөний дагуу солигдсон хуучин ус халаагч хурдны бойлер нь байгууллагын хашаанд хураалттай байсан бөгөөд уг бойлеруудыг шалгах үүргийг байгууллагын хурал дээр өгсөн. Байгууллагын дэд захирал, ерөнхий инженерийн зөвшөөрөлтэйгөөр байгууллагаас жижиг материал, эд хөрөнгө байнга гарч байдаг. Гэтэл намайг хотод ажлаар явж байхад инженер Б.Бат-Эрдэнэ утсаар над руу ярьж бойлеруудыг шалгуулах гэж байна, байгууллагын хашаанаас гаргах уу яах уу гэдэг байдлаар надтай ярихад би гарах ёстой бол гарга гэж хэлсэн. ...2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр дээрх бойлеруудыг буцааж авчирсан...” гэсэн тайлбарыг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батжаргал “...Ч.Бат-Эрдэнэ нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр  16 цагийн орчимм Засварын албаны инженер Б.Бат-Эрдэнэд хууль бус үүрэг өгч Дулаан хуваарилах төвийн 3-ийн хашаанд хураалттай байсан үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, ус халаагч хурдны бойлерыг байгууллагын тээврийн хэрэгсэл, ажиллах хүчийг дайчлан өөр байгууллагын хашаанд зөөж буулгуулсан. Зөөсөн хурдны бойлерыг бүрэн бүтэн авчирч байгууллагын хашаанд буулгаагүй, шугам хоолойг буцааж зөөж авчирсан, хог шүүгч, хаалт зэрэг тоног төхөөрөмжийг буцааж авчраагүй...” гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.

                   Хэрэгт авагдсан

                   Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК-ний өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 19 дугаартай тэмдэглэлд “...Засвараар солигдсон ус халаагуур, насосыг элэгдэл норм дууссан эсэхийг шалган, хураан авах ажлыг ҮХ-ийн нягтланд даалгаж шийдвэрлэсэн”/хх-5-9/,

                   Дарханы Дулааны сүлжээ ТӨХК-ийн ажлын журналд “...2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16 цаг 15 минутад Атраа жолоочтой засварын албаны слесрь Энхбаатар, Дэлгэрэх-Очир нар ирж гадаа хураалттай хуучин шугамыг ачиж явав” гэсэн тэмдэглэл ,

   Шүүх хуралдаан дээр гэрч Б.Бат-Эрдэний өгсөн “...Өмнө нь Дэд захирал, ерөнхий инженер Ч.Бат-Эрдэнэ нь тайлангийн хурал дээр хуучин хурдны бойлерыг шалга гэж хэлж байсан. Ерөнхий инженер бид нарт энэ талаар үүрэг даалгавар өгч байсан. 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгууллагын дэд захирал Ч.Бат-Эрдэнэ утсаар яриад ус халаагч хурдны бойлерыг 26 дугаар авто баазын хашаанд аваачиж мэргэжлийн зориулалтын багажаар шалга гэж хэлсэн.  Би ерөнхий инженерийн өгсөн үүргийг Атарсайхан, Дэлгэрэх-очир нарт өгсөн. Байгууллагын хашаанаас шугам хоолой зөөж, 26 авто баазын хашаанд буулгасан. Хог шүүгч, хаалт зэрэг зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Т.Энхбаатарын “...Албаны инженер Б.Бат-Эрдэнэ бойлерыг ачаад 26-р авто баазын хашаанд буулгачих гэж хэлсний дагуу байгууллагын хашаанд байсан 8 ширхэг турба, шугам хоолойг Цээнэ эмнэлгийн урд талд байрлах 26-р баазын хашаанд буулгасан. Бойлерыг зөөхөд хог шүүгч, хаалт байгаагүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Атарсайханы “...байгууллагын хашаанд 4 гаран метрийн урттай ус халаадаг бойлер байсныг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгууллагын хашаанаас гаргаж 26 дугаар авто баазын хашаанд буулгаж, 2017 оны 02 дугаар сарын 07-08 –ны хавьцаа аваачсан бойлерыг бүрэн бүтэн буцааж байгууллагын хашаанд буулгасан. Хаалт, хог шүүгч зэрэг зүйл байгаагүй, шугам хоолой л байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Дэлгэрэх-Очирын “...албаны инженер Б.Бат-Эрдэний хэлсний дагуу 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгууллагын хашаанаас ус халаагч бойлерыг зөөж 26 дугаар авто баазын хашаанд буулгасан. Уг бойлерыг зөөхөд хог шүүгч, хаалт зэрэг зүйл байгаагүй. Буцааж 26 дугаар авто баазаас байгууллагын хашаа руу зөөхөд нь би байгаагүй...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 32 дугаартай тушаалын үндэслэл болсон “...“ 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчимд тус компанийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Ч.Бат-Эрдэнэ нь 2016 оны ТЗБАХ-ний төлөвлөгөөний дагуу солигдсон Дулаан хуваарилах төв №3-ийн хашаанд хураалттай байсан үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, халаалтын хурдны бойлерыг гүйцэтгэх захирал болон холбогдох албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр санаатайгаар дур мэдэн, өөр байгууллагын хашаанд буулгаж, компаний үндсэн хөрөнгийг үрэгдүүлсэн...” гэх үйлдэл тогтоогдохгүй байна.

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2275 дугаартай захирамжид заасны дагуу хариуцагч Дарханы Дулааны сүлжээ ТӨХК-иас Дэд захирал, Ерөнхий инженерийн ажлын байрны тодорхойлолтыг ирүүлсэн бөгөөд уг ажлын байрны тодорхойлолтыг нэр зааж Ч.Бат-Эрдэнэтэй байгуулаагүй боловч Ч.Бат-Эрдэнэд дээрх ажлын байрны тодорхойлолт болон ажлын байрны тодорхойлолтод оруулсан нэмэлт өөрчлөлтийг тус тус танилцуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна /хх/.

Хариуцагч тал шүүх хуралдаан дээр “...нотлох баримтаар гаргаж өгсөн дэд захирал, ерөнхий инженерийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг Ч.Бат-Эрдэнэ адил эрхлэн хэрэгжүүлнэ...” гэж тайлбарласан бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнэ нь дэд захирал, ерөнхий инженерийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж, хуучин ус халаагч усны бойлерыг шалгах зорилгоор байгууллагын хашаанаас гаргасан нь хэрэгт авагдсан дээрх баримтаар тогтоогдож байх тул   Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 32 дугаартай “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулж, ажлаас халах тухай” тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнэ нь Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1.2,  Хөдөлмөрийн 15/2016 тоот гэрээний 6.2.5, 6.2.12-т заасан хөдөлмөрийг гэрээг шууд цуцлах, ноцтой зөрчлийг гаргаагүй болох нь тогтоогдож байна.

Иймд Ч.Бат-Эрдэнийг Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК-ний дэд захирал, ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнэ нь ажилгүй байсан хугацааны цалин, олговор 2,950,000 төгрөг болон 2016 оны үйл ажиллагааны үр дүнгээр олгогдох ёстой байсан жилийн үр дүнгийн шагнал 4,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч энэхүү шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ч.Бат-Эрдэнийг Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК-ний дэд захирал, ерөнхий инженерийн ажилд ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин, олговор 2,950,000 төгрөг болон 2016 оны үйл ажиллагааны үр дүнгээр олгогдох ёстой байсан жилийн үр дүнгийн шагнал 4,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх  тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнэ нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА