| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/04909/И |
| Дугаар | 01942 |
| Огноо | 2017-06-29 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 01942
| 2017 оны 06 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2017/01942 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Төмөрчний гудамж, 50 мянгат, 17-01 тоотод байрлах, “Мончингистэй” ХХК /РД: 2723182/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамжинд байрлах, “Кокодесерт” ХХК /РД: 2788985/-д холбогдох,
18 684 796 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
18 000 000 төгрөг, хашаа, хаалт, хаалганы үнэ 12 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг, 5 ширхэг чингэлэг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Тогоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням, гэрч Л.Чинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мончингистэй” ХХК-ийн төлөөлөгч М.Тогоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “Кокодесерт” ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн 3 хороо, 40, 50 мянгат, Төмөрчний гудамж 16 тоотод байрлах, Y-2202014464 улсын бүртгэлтэй, 630 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 570 м.кв орчим талбайг үйлдвэрлэл, оффисийн зориулалтаар нэг сарын 6 000 000 төгрөгөөр 2 жилийн хугацаатай “Кокодесерт” ХХК-д түрээсэлж, эхний 2 сарын түрээсийн төлбөрийг бөөнд нь төлсөн. Дараа нь 2013 оны 12 дугаар сараас 2015 оны 6 дугаар сарыг дуустал сарын түрээсийн төлбөрийг 4 368 421 төгрөг болгон бууруулж, 19 сараар төлье гэж хүсэлт тавьсны дагуу нийт 83 000 000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сард “Кокодесерт” ХХК нь манай компанид төлсөн. Энэ хугацаа нь 2015 оны 7 дугаар сард дууссан бөгөөд 2015 оны 7 дугаар сараас түрээсийн төлбөрийг сарын 5 000 000 төгрөг болгосон. Үүнээс хойш буюу 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс нээс хойш 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл түрээсийн төлбөр болох 31 200 000 төгрөгийг төлөөгүй. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс дээрх талбайг 2 жилийн хугацаатай, сарын 2 800 000 төгрөгөөр түрээслэхээр дахин тохиролцож, гэрээ байгуулсан. Үүнээс хойш 2016 оны 01 дүгээр сарын 27, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус тус 5 000 000 төгрөгийг нийт 10 000 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрөөс түрээслэгч үйл ажиллагаа явуулахад өөрсдөдөө зориулж тохижуулсан тохижилтын мөнгө 9 235 200 төгрөг болсон. Үүнийг төлбөрөөс хасъя гэхээр зөвшөөрч, үлдэгдэл төлбөр болох 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 11 964 800 төгрөг болсон гэж тооцоо нийлсэн акт үйлдсэн. Уг түрээсийн төлбөр болон 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл түрээсийн төлбөр болох 6 719 996 төгрөгийг төлөхгүйгээр UESU 214912 0 22G1 дугаартай 1 ширхэг, 216863 дугаартай 1 ширхэг, FCIU 242574 5 22G1 дугаартай 1 ширхэг, U 600240 7 SU 2210 дугаартай 1 ширхэг, тус бүр нь 20 тонны нийт 4 ширхэг контейнер барьцаанд үлдээгээд, нүүгээд явсан боловч түрээсэлсэн объектыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй байна. Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 18 684 796 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Кокодесерт” ХХК-ийн төлөөлөгч Ш.Алтантуул шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 570 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө ажлын байрыг түрээслэхээр гэрээ байгуулж, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч тал ажлын байрандаа орсон. 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэлх 2 сарын түрээс 12 000 000 төгрөг хариуцагч тал бэлнээр төлсөн. 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны түрээс 83 000 000 төгрөгийг бэлнээр бөөнд нь өгсөн. 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны түрээс 10 000 000 төгрөгийг мөн тушаасан. Энэ хугацааны түрээсийн төлбөрт “Мончингистэй” ХХК-ийн захирал н.Тогоо 9 235 200 төгрөгийг ажлын байр тохижуулсан мөнгөө энэ хугацааны түрээсийн төлбөрт оруулж тооцсон ба үүнийг нэхэмжлэлийн шаардлагад хүлээн зөвшөөрсөн байгаа. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс сарын түрээсийг 2 800 000 төгрөг болгосон. Нэхэмжлэгч талын нэхэж байгаа 2016 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Уг ажлын байрыг 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Мэргэжлийн хяналтын газраас хаасан ба 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “Кокодесерт” ХХК нь уг байрнаас нүүсэн. Хариуцагч байгууллага нь үйлдвэрлэлээ үргэлжлүүлэн явуулахын тулд нүүсэн бөгөөд “Кокодесерт” ХХК-ийн 5 ширхэг чингэлэг бусад эд зүйлсийг “Мончингистэй” ХХК-ийн захирал н.Тогоо булааж авч үлдсэн. Нэхэмжлэгч талаас гаргасан 18 684 796 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бид бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэхдээ түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн гэрээгээ үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газарт бүртгүүлэх ёстой байхад нэхэмжлэгч нар нь бүртгүүлээгүй байсан. Хуульд заасны дагуу уг түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэгч тал түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөр шаардах эрхгүй. Хариуцагч талын зүгээс 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн асуудлаар ямар нэгэн маргаан байхгүй гэж үзэж байгаа. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр н.Тогоо түрээсийн гэрээг шинээр байгуулсан бөгөөд энэ гэрээг бид хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Хариуцагч талаас “Мончингистэй” ХХК-д өгөх ямар нэгэн өр төлбөр байхгүй гэжээ.
Хариуцагч “Кокодесерт” ХХК-ийн төлөөлөгч Ш.Алтантуул шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “Мончингистэй” ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Ажлын байр түрээслэх гэрээ” байгуулж Чингэлтэй дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мончингистэй” ХХК-ийн өмч болох үйлчилгээний зориулалттай 570 м.кв талбайг хүнсний үйлдвэрлэл явуулах зориулалттайгаар түрээсийн гэрээ байгуулж 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 6 000 000 төгрөг төлөхөөр, 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 19 сарын түрээс нэг сарын түрээсийн төлбөр 4 368 421 төгрөг буюу 83 000 00 төгрөг төлөхөөр, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл мөн адил нэг сарын төлбөр 4 368 421 төгрөг төлөхөөр тохиролцсон. Дээрх түрээсийн төлбөр төлөх хугацаа 4 сар 13 хоногт тооцогдох түрээсийн төлбөр 19 366 666 төгрөг болж байгаа боловч манай байгууллагын хийсэн барилгын засварын ажилд зарцуулсан зардал болох 9 235 200 төгрөгийг “Мончингистэй” ХХК-ийн захирал М.Тогоо түрээсийн төлбөрийн хагасыг зөвшөөрсөн тул үлдэгдэл 10 131 466 төгрөгийг бид 2016 оны 10 дугаар сарын 27, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрүүдэд тус тус 5 000 000 төгрөгийг М.Тогоогийн хувийн данс болох “Хаан банк”-ны 5077361224 тоот дансанд хийсэн. Иймд манай байгууллага тухай бүрд нь ажлын байрны түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж дуусгасан. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Мончингистэй” ХХК-ний захирал М.Тогоотой ажлын байрны түрээсийн гэрээг дахин хийхдээ уг ажлын байр нь хүнсний үйлдвэрлэл явуулах, барилга байгууламжийн стандарт шаардлага хангахгүй байгаа зэргийн үндэслэн түрээсийн гэрээнд нэг сарын түрээсийн төлбөрийг 2 800 000 төгрөг болгон өөрчлөлт оруулсан. “Мончингистэй”ХХК-ний байрны өмнөх 0.7 га газар, талбайг хар шороо, хатуу хайргаар дүүргэж, тэгшилж, машины зогсоол хийсэн. Уг байрыг төмөр хашаа, хаалга, хаалтаар тойруулан тусгаарлан хашаа барьж битүүлж хашаажуулсан. Уг байрны дотор талд тааз хан, шалны плита, зэрэг барилгын доторх засал чимэглэлийг хийж гүйцэтгэсэн. Түрээсийн барьцаанд бэлнээр 18 000 000 төгрөгийг тушаасан бөгөөд түрээсийн байрыг тойруулж барьсан төмөр хашаа, хаалт, төмөр хаалгыг 12 000 000 төгрөгөөр хийлгэсэн тул нийт 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн хууль бусаар эзэмшиж байгаа 20 тонны UESU 214912 0 22G1 дугаартай 1 ширхэг, 216863 дугаартай 1 ширхэг, FCIU 242574 5 22G1 дугаартай 1 ширхэг, U 600240 7 SU 2210 дугаартай 1 ширхэг, SITU 297112 6 22G1 дугаартай 1 ширхэг, тус бүр нь 20 тонны, нийт 5 ширхэг чингэлгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Мончингистэй” ХХК-ийн төлөөлөгч М.Тогоо сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 18 000 000 төгрөгийг түрээсийн гэрээний барьцаанд бус 2013 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарын түрээсийн төлбөрт төлсөн. Мөн төмөр хашаа барихдаа биднээс зөвшөөрөл аваагүй бөгөөд бодит байдал дээрх төмөр хашааг барьсан зүйл байхгүй. 4 чингэлгийн хувьд хариуцагч нь өөрөө түрээсийн төлбөрийн барьцаад акт үйлдэж үлдээсэн. Түрээсийн төлбөрийг бүрэн төлсний дараа дээрх 4 чингэлгийг хариуцагчид буцааг өгч болно. Харин 1 чингэлгийн хувьд миний өмч бөгөөд хариуцагч нь бидэнд зарсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мончингэстэй” ХХК нь хариуцагч “Кокодесерт” ХХК-д холбогдуулан түрээсийн үлдэгдэл төлбөрт 18 684 796 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч “Кокодесерт” ХХК нь нэхэмжлэгч “Мончингэстэй” ХХК-д холбогдуулан түрээсийн барьцаа 18 000 000 төгрөг, хашаа, хаалт, хаалганы үнэ 12 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг, 5 ширхэг чингэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг “...түрээсийн төлбөрийг үлдэгдэлгүй” гэж, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “хариуцагч нь барьцаа 18 000 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн, ...12 000 000 төгрөгийн хашаа, хаалт, хаалгыг хариуцагч хийгээгүй, …5 чингэлгээс 1 чингэлэг нь нэхэмжлэгчийн өмчлөлийн чингэлэг” гэж тус тус үгүйсгэн маргажээ.
Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Түрээсийн төлбөр 18 684 796 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан 04 дугаар ажлын байр түрээслэх гэрээгээр нэхэмжлэгч “Мончингэстэй” ХХК нь хариуцагч “Кокодесерт” ХХК-д өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202014464 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат /15171/, Төмөрчний гудамж 16 тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай 630 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс 520 м.кв талбайг 2 жилийн хугацаатай, хүнсний үйлдвэрлэл явуулах зорилгоор, сарын 6 000 000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцож, улмаар 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дахин ажлын байр түрээслэх гэрээг байгуулж, уг гэрээгээр дээрх гэрээний үнийн дүнг сарын 2 800 000 төгрөг болгож, хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2 жилийн хугацаатай байгуулсан нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон түрээсийн гэрээ /хх 10, 221-222 дугаар тал/ зэргээр нотлогдож байна.
Талууд түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй боловч нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа нийт 630 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс хариуцагч 570 м.кв талбайг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашигласан тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй. Талуудын байгуулсан гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээрх үйл баримтаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид хариуцагчийн эзэмшил, ашиглалтад хүнсний үйлдвэрлэл явуулах зорилгоо биелүүлэхэд нь зориулж өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс 520 м.кв талбайг шилжүүлэх, хариуцагчид түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар хариуцагч нь түрээсийн төлбөрт 11 964 800 төгрөгийг үлдэгдэлтэй болох нь талуудын хооронд байгуулагдсан тооцооны үлдэгдлийн баталгаагаар /хх 12 дугаар тал/ нотлогдож байхаас гадна хариуцагч нь уг нотлох баримт болон тухайн төлбөрийг төлөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг баримтаар үгүйсгэж чадахгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасны дагуу дээрх төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 02-02-340/11 дүгээр актаар хариуцагч “Кокодесерт” ХХК-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосноос /хх 95-97 дугаат тал/ гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон тул хариуцагчийн “2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нүүсэн” гэх тайлбар үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шилжүүлсэн хөрөнгийг хариуцагч гэрээний 2.1-д заасан зориулалтаар цаашид ашиглах боломжгүй болсоноор гэрээ цуцлагдсан байх тул нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг шаардах эрхгүй, харин тооцоо нийлсэн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны буюу нийт 15 хоногийн түрээсийн төлбөр 1 399 995 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэлийн тухайд:
Талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан 04 дугаар ажлын байр түрээслэх гэрээний 3.3-т зааснаар нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх буюу 6 000 000 төгрөгийг барьцаанд тушаана гэж заасан байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчид 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 12 000 000 төгрөгийн 6 000 000 төгрөгийг /хх 60 дугаар талын ар хэсэг, 2 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр тал/ гэрээнд заасны дагуу барьцаанд төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин 1 дүгээр хавтаст хэргийн 60 дугаар тал, 242 дугаар талд авагдсан хариуцагчаас 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 6 000 000 төгрөгийг барьцаанд төлсөн гэх боловч гэрээни 3.3-т нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөрийг барьцаанд төлнө гэснээс үзвэл 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээний дагуу барьцаанд нийт 18 000 000 төгрөгийг төлсөн гэх хариуцагчийн шаардлагын үндэслэл үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийг дээрх гэрээний дагуу барьцаанд 6 000 000 төлсөн гэж үзэхээр байх тул хариуцагч нь барьцаанд төлсөн 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан шаардах эрхтэй байна.
Харин 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан ажлын байр түрээслэх гэрээний 3.3-т хэдийгээр нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх буюу 2 800 000 төгрөгийг барьцаанд тушаана гэж мөн заасан байх боловч хариуцагч нь дээрх хэмжээний төлбөрийг нэхэмжлэгчид төлсөн гэж үзэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилэх бөгөөд мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй.
Гэрээ болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр хөлсөлж авсан эд хөрөнгийн гадна талбайд хашаа, хаалт, хаалга хийсэн нь, мөн уг хашаа, хаалт, хаалганы зардалд хариуцагчаас 12 000 000 төгрөгийн зардал гарсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагч нь дээрх төлбөрийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй байна.
Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар байшин хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор байшинд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй тул нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт UESU 214912 0 22G1 дугаартай 1 ширхэг, 216863 дугаартай 1 ширхэг, FCIU 242574 5 22G1 дугаартай 1 ширхэг, U 600240 7 SU 2210 дугаартай 1 ширхэг, тус бүр нь 20 тонны нийт 4 ширхэг чингэлгийг саатуулан барьсан нь талуулын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан “Барьцаанд доорх зүйлийг хүлээлгэн өгсөн тухай” баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн дээрх саатуулан барьсан үйлдэлийг буруутгах боломжгүй байх боловч нэхэмжлэгчийн саатуулан барих эрх шүүх гэрээний төлбөрийг шийдвэрлэснээр дуусгавар болох тул дээрх 4 ширхэг чингэлгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй байна.
Харин хариуцагч нь SITU 297112 6 22G1 дугаартай 1 ширхэг 20 тонны чингэлгийг өөрийн өмчлөлийн буюу шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж чадахгүй байх тул дээрх чингэлгийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 12 104 795 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 6 000 000 төгрөг болон UESU 214912 0 22G1 дугаартай 1 ширхэг, 216863 дугаартай 1 ширхэг, FCIU 242574 5 22G1 дугаартай 1 ширхэг, U 600240 7 SU 2210 дугаартай 1 ширхэг, тус бүр нь 20 тонны нийт 4 ширхэг чингэлгийг гаргуулан хариуцагчид олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 580 001 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24 000 000 төгрөг гаргуулах болон SITU 297112 6 22G1 дугаартай, 1 ширхэг, 20 тонны чингэлэг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 301 дүгээр зүйлийн 301.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасныг баримтлан хариуцагч “Кокодесерт” ХХК-иас 12 104 795 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Мончингэстэй” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Мончингэстэй” ХХК-иас 6 000 000 төгрөг болон UESU 214912 0 22G1 дугаартай 1 ширхэг, 216863 дугаартай 1 ширхэг, FCIU 242574 5 22G1 дугаартай 1 ширхэг, U 600240 7 SU 2210 дугаартай 1 ширхэг, тус бүр нь 20 тонны нийт 4 ширхэг чингэлгийг гаргуулан хариуцагч “Кокодесерт” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 580 001 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24 000 000 төгрөг гаргуулах болон SITU 297112 6 22G1 дугаартай 1 ширхэг 20 тонны чингэлэг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 374 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378 150 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 208 627 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 110 950 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН