Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2016/0800

 

 

“Ч” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, Д.Л, Д.Б, О.Ц, хариуцагч М.С, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 724 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч татварын улсын байцаагч М.С, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Р.Д, татварын улсын байцаагч М.С, Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “1. Монгол Улсын Татварын ерөнхий /1992 он/ хуулийн 2 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4, 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5, Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай /1992 он/ хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 1 дэх хэсгийн 1, 5 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7.в-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас маргаан бүхий актын 1.а буюу “өөрийн ажлын байранд хамааралгүй гадаад ажилчдын виз, ажлын байрны төлбөрийг ААНОАТ-ын хасагдах зардалд тооцсон”, зөрчилд ногдуулсан 78.410.3 мянган төгрөгийн, 1.в буюу “Экспортолсон нүүрсний борлуулалтын орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 191.861.3 мянган төгрөгийн, 2.а буюу “2011 онд Л компанид түрээсийн төлбөр, Баяннуур компанид нүүрс тээвэрлэлтийн ажлын хөлс шилжүүлэхдээ орлогын албан татвар суутган төсөвт төлөөгүй 4.797.612.8 мянган төгрөгийн зөрчилд 959.522.6 мянган төгрөгийн нөхөн татвар ногдуулсан хэсгийн “Л” тээврийн компанид шилжүүлсэн түрээсийн 2.497.612.8 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 499.522.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 2.б буюу үйл ажиллагааны зардлаас хүн амын орлогын албан татвар суутгаагүй 134.059.8 мянган төгрөгийн нөхөн татвар, нийт 903.854.0 мянган төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр тогтоож,

2. Актын тогтоох хэсгийн 1.а-д хамаарах 39.205.1 мянган төгрөг, 1.в-д хамаарах 97.430.6 мянган төгрөг, 3 дахь хэсэгт хамаарах 787.821.8 мянган төгрөг нийт 924.457.5 мянган төгрөгийн хүүг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар өршөөлд хамруулж, төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн нөхөн татварын хэмжээг 44.990.615.8 мянган төгрөгөөр хүү, торгууль, алдангийг 23.023.480.5 мянган төгрөгөөр нийт 68.014.096.3 мянган төгрөгөөр бууруулж,

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, Д.Б нар “0003808 дугаар актын тогтоох хэсгийн 2.б-д холбогдох 46.272.2 мянган төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2-т заасныг баримтлан шинжээч нарын ажлын хөлс 2.000.000/хоёр сая/ төгрөгийг “Ч” ХХК-аас, 4.000.000/дөрвөн сая/ төгрөгийг Татварын ерөнхий газраас тус тус гаргуулж, нийт 6.000.000/зургаан сая/ төгрөгийг Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгт олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч М.С болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 724 дүгээр шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

  1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Татварын ерөнхий газрын Улсын төсгийн орлого хяналтын газрын Эрдэс баялгийн татварын хэлтсээс боловсруулсан “Ч” ХХК-ийн 2010-2012 оны  “Татварын хяналт шалгалтын ажилд зориулсан текник туслалцааны зөвлөмж”-ийн 8-д заасан “Ч” ХХК-ийн 2010-2012 оны борлуулалтын гэрээний үнэ нь бодит бус байх тул Засгийн газраас зарласан жишиг үнээр татварын ногдлыг тооцож гаргах тухай чиглэл нь татварын тогтвортой нөхцөлийг хангах зорилго бүхий Тогтвортой байдлын гэрээний зохицуулалттай нийцээгүй байна” гэжээ.

Татварын улсын байцаагч нар “Ч” ХХК-ийн гэрээний үнэ нь БНХАУ-ын зах зээлийн үнээс хэт доогуур, Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын 2-р хавсралтад дурьдсан Хятадын нүүрсний үйлдвэрийн талаарх мэдээлэлд зарласан үнэ /АМНАТ тооцдог/, БНХАУ-ын Сэхэ боомтын зах зээлийн үнэ, “М” ХХК-ийн БНХАУ-ын “Ч” ХХК-д борлуулдаг борлуулалтын үнэ зэргийг харьцуулан судалж, Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолд заасан үнээр тооцоогүй гэсэн үндэслэлээр акт тогтоосон.

Энэ нь Тогтвортой байдлын гэрээний 6 дугаар зүйлийн 6.12-т заасан “Хөрөнгө оруулагч нь “Нарийн сухай”-ын нүүрсний уурхайгаас олборлосон нүүрсээ БНХАУ-ын зах зээлд экспортлохдоо БНХАУ-ын зах зээлийн үнээр борлуулах арга хэмжээг авна” гэж заасныг зөрчиж байна гэж үзсэн.

Гэтэл шүүх Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолыг үндэслэн “Ч” ХХК-ийн борлуулалтын орлогыг тооцох үндэслэлгүй гэсэн нь Тогтвортой байдлын гэрээний 6 дугаар зүйлийн 6.12, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж маргааныг шийдвэрлэжээ.

Шүүхээс “олон улсын зах зээлээс алслагдсан байрлалтай, уурхайн ам болон хилийн нөхцлөөр нүүрсээ борлуулж буй “Ч” ХХК-ийн борлуулалтын үнэд бирж дээр олон улсын зах зээлийн үнийг баримтлах нь хууль тогтоомж болон бодит байдалд нийцэхгүй байна гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгах аргагүй” ... гэсэн нь Тогтвортой байдлын гэрээний 6 дугаар зүйлийн 6.12 дахь заалтыг буруу тайлбарлаж, татвар ногдох орлогоо бууруулсан төлөгчийн үйлдлийг зөвтгөжээ.

Техник туслалцааны зөвлөмж нь хяналт шалгалт хийхэд ашигласан судалгаа юм. Шүүхээс уг зөвлөмжийг баримтлах үндэслэл байгаагүй гэсэн нь татварын албаны татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх аргагүй болгож байна. Татварын хяналт шалгалтын ажил нь татвар төлөгчийн татвар ногдуулах, тайлагнах, хөндлөнгийн мэдээлэл цуглуулах, судалгаа, шинжилгээ хийх зэрэг цогц ажлуудаас бүрддэг. Иймд уг судалгааны ажил буюу зөвлөмжийг баримтлах үндэслэлгүй гэснийг дээрх хуулийн үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Татварын улсын байцаагчийн актын тогтоох хэсгийн 1.б-д Экспортоор борлуулсан нүүрсний орлогыг /гэрээний үнээр/ дутуу тооцож, татвар ногдох орлого бууруулсан 2010 онд 59.046.640.9 мянган төгрөг, 2011 онд 164.434.748.1 мянган төгрөг, 2012 онд 46.918.654.0 мянган төгрөг нийт 270.400.043.0 мянган төгрөгийн зөрчилд 40.560.006.5 мянган төгрөгийн нөхөн татвар, 20.280.003.2 мянган төгрөгийн хүү ногдуулсан.

Гэтэл шүүх Ашигт малтмалын тухай хууль /2006 он/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.2.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй хольж тайлбарлан маргааныг шийдвэрлэжээ. Аж ахуйн нэгж, байгууллагын албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь ногдуулах аргачлалын хувьд хоёр өөр бөгөөд эдгээр нь бие даасан татварын төрөл юм.

Татварын улсын байцаагчийн актын тогтоох хэсгийн 1.в-д Экспортолсон нүүрсний борлуулалтын орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төлөөгүй 2010 оны 5.845.955.2 мянган төгрөг, 2011 онд 1.828.498.7 мянган төгрөг, 2012 онд 12.734.107.3 мянган төгрөг нийт 20.408.561.2 мянган төгрөгийн зөрчилд 510.214.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 255.107.0 мянган төгрөгийн хүү ногдуулсан. ....” гэжээ.

Шүүх Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 74 дүгээр тогтоолыг үндэслэн тус компанийн 2012 он 10, 11, 12 дугаар сарын нүүрсний экспортын борлуултын орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнээр тооцохоор байхад жишиг үнээр тооцож акт тогтоосныг үндэслэлгүй гэжээ.

Тогтвортой байдлын гэрээний 6 дугаар зүйлийн 6.12-т “Хөрөнгө оруулагч нь “Нарийн сухайт”-ын нүүрсний уурхайгаас олборлосон нүүрсээ БНХАУ-ын зах зээлд экспортлохдоо БНХАУ-ын зах зээлийн үнээр борлуулах арга хэмжээг авна” гэсэн зохицуулалттай.

Шүүх татварын улсын байцаагч нарыг Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолыг үндэслэн акт тогтоосныг үндэслэлгүй гэж үзсэн.

Гэтэл дээрх зөрчлийг дүгнэхдээ Тогтвортой байдлын гэрээний 6 дугаар зүйлийн 6.12-т заасан “Хөрөнгө оруулагч нь “Н”-ын нүүрсний уурхайгаас олборлосон нүүрсээ БНХАУ-ын зах зээлд экспортлохдоо БНХАУ-ын зах зээлийн үнээр борлуулах арга хэмжээг авна” гэснийг анхаарч үзэлгүй Тогтвортой байдлын гэрээнд хамааралгүй, Засгийн газрын 2012 оны 74 дүгээр тогтоолыг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах ёстой гэсэн зөрчилтэй дүгнэлт хийн маргааныг шийдвэрлэсэн.

Шүүхийн энэхүү зөрчилтэй дүгнэлт нь татварын улсын байцаагч акт тогтоохдоо Засгийн газрын тогтоолыг үндэслэн болгох эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

  1. Актын тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт “Л” компанид түрээсийн төлбөр, Баяннуур машин техникийн компанид нүүрс тээвэрлэлтийн ажлын хөлс 2010 онд 17.139.557.3 мянган төгрөг, 2011 онд 19.383.009.3 мянган төгрөг, нийт 36.522.566.6 мянган төгрөгийг шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчлийг шүүх шийдвэрлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчлийг шүүх шийдвэрлэхдээ Тогтвортой байдлын гэрээ, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хууль /1992 он/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /1998 он/-ууд нь “Ч” ХХК-д хамаатай бөгөөд Монгол Улсад Л, Баяннуур автотээврийн компанид татвар ногдуулан төсөвт төлөх үүрэг нь тус гэрээний заалтад хамаарахгүй юм.

Иймд татварын улсын байцаагчийн актын тогтоох хэсгийн 1б, 1в, 4-д заасан зөрчлийг үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож татварын улсын байцаагчийн актын дээрх хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхив. 

            Татварын улсын байцаагч Р.Д, М.С, Д.Ө, Б.Б нар нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн 2010-2012 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0003808 дугаар актаар нийт 337.406.278.2 мянган төгрөгийн зөрчилд 45.894.469.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 21.362.137.2 мянган төгрөгийн хүү, 1.095.677.0 мянган төгрөгийн торгууль, 1.490.123.9 мянган төгрөгийн алданги, нийт 69.842.407.8 мянган төгрөгийн төлбөр ногдуулснаас нэхэмжлэгч актын тогтоох хэсгийн 1 дэх заалтын а, б, в, 2 дахь заалтын а, б, 4 дэх заалтыг тус тус эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 дахь заалтын б-д заасан зөрчилд холбогдох баримтаар нотлогдоогүй 46.272.2 мянган төгрөгийн нөхөн татвар ногдох хэсгийг хүлээн зөвшөөрч, энэ хэсгээс татгалзжээ.

Анхан шатны шүүх маргаж буй актаас нэхэмжлэлд дурдсан зөрчлүүдэд холбогдох хэсгүүдээс заримыг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрээс татварын улсын байцаагчийн актын тогтоох хэсгийн 1 дэх заалтын б, в, болон 4 дэх заалтыг үндэслэлгүй гэж үзсэн хэсэгт давж заалдах гомдол гаргасан тул гомдолд дурдсан зөрчлүүдийг дүгнэв.

Актын тогтоох хэсгийн 1.б.в: Экспортоор борлуулсан нүүрсний орлогыг дутуу тооцож, татвар ногдох орлого бууруулсан, экспортолсон нүүрсний борлуулалтын орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй гэх зөрчлийн тухайд:

Нэхэмжлэгч “Ч” ХХК нь 2005 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Засгийн газартай “Тогтвортой байдлын гэрээ” байгуулсан байх ба хариуцагчаас уг гэрээнд зааснаар олборлосон нүүрсээ экспортлохдоо БНХАУ-ын зах зээлийн үнээр борлуулах” гэж заасныг зөрчсөн гэж, нэхэмжлэгчээс “... татварын улсын байцаагчид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тодорхойлоход ашигладаг биржийн үнийг шууд ашигласан нь үндэслэлгүй...” хэмээн маргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн /1997/ 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Тогтвортой байдлын гэрээний загварыг Засгийн газраас батлах ба энэхүү гэрээний загвар нь тодорхой хугацаанд татварын тогтвортой нөхцөлийг хангах болон лиценз эзэмшигч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргаж олон улсын зах зээлийн үнээр борлуулах...”, “Тогтвортой байдлын гэрээ”-ний 2.6-д “Хөрөнгө оруулагч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, олон улсын зах зээлийн үнээр борлуулах...”, 6.12-т “...хөрөнгө оруулагч нь ... олборлосон нүүрсээ БНХАУ-ын зах зээлд экспортлохдоо БНХАУ-ын зах зээлийн үнээр борлуулах арга хэмжээ авна” гэж зааснаар нэхэмжлэгч компанийн экспортолсон нүүрсний борлуулалтын орлогыг БНХАУ-ын зах зээлийн үнийг баримталж тооцохоор байна.

Харин хариуцагчаас зах зээлийн үнийг Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Биржийн нэр зарлах тухай” 88 дугаар тогтоолын дагуу экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох эх сурвалжийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох үнээр борлуулалтын орлогыг тооцсон байна. “Тогтвортой байдлын гэрээ”-нд заасан БНХАУ-ын зах зээлийн үнэ Засгийн газрын 88 дугаар тогтоолд заасан үнийн аль аль нь зах зээлийн үнэ бөгөөд тогтоолд заасан үнээр аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах борлуулалтын орлогыг тооцохоор заагаагүй тул нэхэмжлэгчийг зах зээлийн үнийг баримтлаагүй борлуулалтын орлогыг дутуу тооцож, татвар ногдох орлого бууруулсан  гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн дээрх “Биржийн нэр зарлах тухай” 88 дугаар тогтоолоор олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг зарласан тул татварын улсын байцаагч бирж дээрх бүтээгдэхүүний зарласан үнийг шууд хэрэглэн тооцох үндэслэлгүй байна.

Нөгөөтээгүүр хариуцагч татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар татвар төлөгчийн татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлж, мөн зүйлийн 48.1.2-т заасан жишиг үнийн аргаар тооцохдоо татвар төлөгчийн үйл ажиллагаа, орлого зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн гаргах бөгөөд энэ тохиолдолд олон улсын стандартад нийцсэн ангилал хийгээгүй шууд борлуулж байгаа нүүрсийг олон улсын зах зээлийн үнээр борлуулалт хийх ёстой гэж зөрчилд тооцож татвар ногдуулсан нь хуулийн дээрх заалттай нийцээгүйгээс гадна ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох үнээр борлуулалтын орлогыг тооцсон, мөн харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил үйлчилгээний борлуулалтын зах зээлийн үнийг жишиг болгон татвар ногдох орлогыг тодорхойлно гэж зааснаар акт тавьсан нь Засгийн газрын тогтоол болон Засгийн газартай байгуулсан “Тогтвортой байдлын гэрээ”-ний 1.2-т заасан “Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу энэхүү гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд уг гэрээний заалт нь түүнийг байгуулснаас хойш батлагдсан татварын хууль тогтоомжийн заалтаас үл хамааран тогтвортой мөрдөгдөнө” гэсэн заалттай нийцээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн хэрэгт авагдсан баримтаар нүүрс борлуулах гэрээний талууд болох нэхэмжлэгч “Ч” ХХК, БНХАУ-д бүртгэлтэй ӨМӨЗО-ны Эзнээ хошууны “Ц” ХХК-иуд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан харилцан хамаарал бүхий этгээдүүд болох үндэслэл тогтоогдоогүй байна. Тодруулбал, тус компани нь энгийн хувьцааных нь 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг, ногдол ашиг, ашгийн хуваарилалтынх нь 20 буюу түүнээс дээш хувийг авах эрхтэй, аж ахуйн нэгжийн удирдлагын 20 буюу түүнээс дээш хувийг томилох эрхтэй, эсхүл үйл ажиллагааных нь бодлого чиглэлийг тодорхойлдог талаар бүртгэл баримт байхгүй байна.

 Актын тогтоох хэсгийн 4: 2010-2011 онд Л компанид түрээсийн төлбөр, Баяннуур машин техникийн компанид нүүрс тээвэрлэлтийн ажлын хөлс болох нийт 36.522.566.6 мянган төгрөгийг шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэх зөрчлийн тухайд:

Монгол Улсын Засгийн газартай байгуулсан “Тогтвортой байдлын гэрээ”-ний 1.2-т “Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу энэхүү гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд уг гэрээний заалт түүнийг байгуулснаас хойш батлагдсан татварын хууль тогтоомжийн заалтаас үл хамааран тогтвортой мөрдөгдөнө”, 2.4-д “Хөрөнгө оруулагчийн экспортод гаргасан бараа ажил үйлчилгээнд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ 0 /тэг/-тэй тэнцүү байна” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл “Тогтвортой байдлын гэрээ”-ээр хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа явуулах татварын орчныг /татварын төрөл, хувь хэмжээг тодорхойлох, ногдуулах, төлөх хууль, журмыг ойлгох/ бий болгож, түүнийг тодорхой хугацаанд тогтвортой байлгах баталгаа болсноор тухайн үед мөрдөгдөж байсан татварын хуулийн хүрээнд тогтвортой мөрдөгдөхөөр байгуулагдсан, гэрээнд тусгаснаар гэрээний нэг тал болох нэхэмжлэгч “Ч” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх үүрэг хүлээхээргүй байна.

Нэхэмжлэгч компанийг экспортолсон нүүрсний борлуулалтын орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төлөөгүй гэх зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн “Тогтвортой байдлын гэрээ”-ний 6.12-т заасныг анхаараагүй, хамааралгүй гэж үзсэн, Засгийн газрын 74 дүгээр тогтоолыг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах ёстой гэсэн дүгнэлт хийсэн гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрийн төлбөр төлүүлэхээр тогтоосон хэсэгт гомдол гаргаагүй болно.

Иймд хариуцагчийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасантай нийцээгүй байх тул холбогдох хуулийн заалт болон тогтоох хэсгийг агуулгыг ойлгомжтой байдлаар зөвтгөсөн өөрчлөлт оруулав.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 784 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1, 2 дахь заалтуудыг нэгтгэж “Монгол Улсын татварын ерөнхий хуулийн /1992/ 2 дугаар зүйлийн 2, 5, 10 дугаар зүйлийн 1, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн /1992/ 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 5 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-гийн “в”, “г”, Ашигт малтмалын тухай хуулийн /1997/ 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0003808 дугаар актын Тогтоох хэсгийн 1.б, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, актын Тогтоох хэсгийн 1.в заалтад төлүүлэхээр тогтоосон 510.214.0 мянган төгрөгийн нөхөн татварыг 318.352.7 мянган төгрөгөөр, 2.а заалтад төлүүлэхээр тогтоосон 959.522.6 мянган төгрөгийн нөхөн татварыг 460.000 мянган төгрөгөөр тус тус бууруулж, актын Тогтоох хэсгийн 1.а, 2.б заалтуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан актын Тогтоох хэсгийн 1.а, 1.в, 3-д тус тус төлүүлэхээр тогтоосон нийт 924.457.5 мянган төгрөгийн хүүг өршөөлд хамруулсугай” гэж өөрчилж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 3-ыг 2, 4-ийг 3, 5-ийг 4, 6-г 5, 7-г 6 болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.   

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                         

                                                   ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                                Ц.ЦОГТ 

ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ