Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 02090

 

 

 

 

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/02090

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 34 дүгээр байр, 7 тоотод оршин суух, Ханхөхий овогт Бямбын Нямсүрэн /РД: ШЗ65062764/-ийн нэхэмжлэлтэй,

 

Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Нямсүрэн, гэрч Б.Баасанжаргал, Б.Саранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1987 оны 4 дүгээр сараас 2003 он хүртэл Аж үйлдвэрийн нэгдлийн “Сор” ХХК-д орж ажилласан. Энэ хугацаанд үслэх эдлэлийн хими боловсруулах цехэд тайрагчаар /зорогч/, мөн түүхий эдийн хүлээн авагчаар олон жил хүнд хортой нөхцөлд ажилласан. Ингээд ажлаас гарахад халагдсан тушаал шалгагч гэж гарсан. Хөдөлмөрийн дэвтэр дээр шалгагч мастер гэж бичигдсэн. Би энэ 16 жил гаруй хугацаанд ажиллахдаа шалгагч мастер хэзээ ч хийж байгаагүй, норм хийж байсан. Иймд миний ажиллаж байсан үйлдвэрийн тухайн үеийн боловсон хүчний буруугаас болж овгийн нэрийн үсэг зөрүүлж буруу бичигдсэн тул миний ажиллаж байсан нөхцөл байдлыг буюу ажилласан жилийг 1987 оноос 2003 оныг хүртэл “Сор” ХХК-д тайрагчаас ажиллаж байсан болохыг тогтоож, хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Нямсүрэн нь ажилласан байдал болон хөдөлмөрийн дэвтэрийн жинхэн эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Үслэг эдлэлийн “Сор” ХК-ийн боловсон хүчний дардастай, 389795 дугаартай Бямбаагийн Нямсүрэн гэх хөдөлмөрийн дэвтэрийн жинхэн эзэмшигч нь Ханхөхий овогт Бямбын Нямсүрэн мөн болох нь Бямбын Нямсүрэнгийн төрсөний гэрчилгээний хуулбар, ХХҮЯ-ны Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн үслэг эдлэлийн үйлдвэрийн даргын 1987 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 124 дүгээр ажилд авах тухай тушаал, Үслэг эдлэлийн “Сор” ХК-ийн захирлын 1994 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаар тушаал, түүний хавсралт болон гэрчийн мэдүүлэгээр тус тус нотлогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 389795 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэн эзэмшигч Ханхөхий овогт Бямбын Нямсүрэн мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Бямбын Нямсүрэн нь 1987 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ХХҮЯ-ны Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн үслэг эдлэлийн үйлдвэр болон Үслэг эдлэлийн “Сор” ХК-д хими-механик боловсруулах цехэд тайрагчаар тус тус ажиллаж байсан болох нь ХХҮЯ-ны Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн үслэг эдлэлийн үйлдвэрийн даргын 1987 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 124 дүгээр ажилд авах тухай тушаал, Үслэг эдлэлийн “Сор” ХК-ийн захирлын 1994 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаар тушаал, түүний хавсралт, мөн компанийн захирлын 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал болон гэрчийн мэдүүлэгээр тус тус нотлогдож байна.

 

Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар 389795 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэн эзэмшигч Ханхөхий овогт Бямбын Нямсүрэн мөн болохыг, мөн түүнийг 1987 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ХХҮЯ-ны Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн үслэг эдлэлийн үйлдвэр болон Үслэг эдлэлийн “Сор” ХК-д хими-механик боловсруулах цехэд тайрагчаар тус тус ажиллаж байсан болохыг тус тус тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан 389795 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэн эзэмшигч Ханхөхий овогт Бямбын Нямсүрэн /РД: ШЗ65062764/ мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ханхөхий овогт Бямбын Нямсүрэн /РД: ШЗ65062764/-г 1987 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ХХҮЯ-ны Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн үслэг эдлэлийн үйлдвэр болон Үслэг эдлэлийн “Сор” ХК-д хими-механик боловсруулах цехэд тайрагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.БАЯСГАЛАН