Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2302

 

МАГАДЛАЛ

 

2017.11.03                                                     Дугаар 2302                               Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Ж М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02378 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ж М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Эт холбогдох,

 

Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болон хугацаа хэтрүүлсэн алдангид 210 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: “Ж М” ХХК нь Ж.Этэй 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1 132 063 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээнд 240 000 төгрөгийн үнэ бүхий NП10 төхөөрөмжийг урьдчилгаа 20 000 төгрөг төлж, үлдэгдэл 220 000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20 000 төгрөг төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Ж.Э нь одоогоор төхөөрөмжийн үлдэгдэл 220 000 төгрөгөөс 140 000 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээний 5.3 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувиар алданги бодохоор үндсэн үнийн дүнгээс давсан. Тийм учраас үндсэн үнийн дүн 140 000 төгрөгийн 50 хувийн алданги болох 70 000 төгрөгийг нэмж, нийт 210 000 төгрөгийг хариуцагч Ж.Эээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт:

Хариуцагчийн зүгээс тайлбар гаргаагүй байна.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Эээс 210 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ж М” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 6 950 төгрөг гаргуулж, “Ж М”    ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 240 000 төгрөгийн төхөөрөмж, 5 сарын буюу 100 000 төгрөг төлөөд байж байтал ашиглах боломжгүй болсон. Ямарч хурд байхгүй гацаад байсан учир ашиглахгүй манайх төлбөр төлөхгүй гэдгээ “Ж М” ХХК-д мэдэгдэж байсан. Нэрийг нь сайн санахгүй байна эрэгтэй эмэгтэй хоёр хүн ирээд шалгаад төхөөрөмжийнхөө үлдэгдлийг төлөөд шинэ төхөөрөмж авахыг санал болгож байсан үүнийг нь зөвшөөрөөгүй. Хүний хэрэглээг хангаж чадахгүй төхөөрөмж зарж хууран мэхлэж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ төхөөрөмжийн өнөөдөр ашиглаж байгаа айл өрх байхгүй шаардалга хангахгүй учраас. Иймд “Ж М” ХХК-ийг шалгуулах хүсэлттэй байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч “Ж М” ХХК нь хариуцагч Ж.Эт холбогдуулан “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болон хугацаа хэтрүүлсэн алдангид 210 000 төгрөг” гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Гэрээний 5.3 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувиар алданги бодохоор үндсэн үнийн дүнгээс давсан. Иймд үнийн дүн 140 000 төгрөгийн 50 хувийн алданги болох 70 000 төгрөгийг нэмж, нийт 210 000 төгрөгийг гаргуулна...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж,      хариуцагч нь гэрээнд заасны дагуу төлбөрийг төлсөн гэх үйл баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч Ж.Э нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар үйл баримтыг нотлоогүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсанаар шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02378 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 6 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                                        Д.БАЙГАЛМАА

 

                                                                        М.НАРАНЦЭЦЭГ