| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 186/2018/0605/Э |
| Дугаар | 957 |
| Огноо | 2018-10-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 957
Э.Эт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Оюунчулуун, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Ц.Майбаяр,
шүүгдэгч Э.Эийн өмгөөлөгч Л.Намнансүрэн,
нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 1211 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Майбаярын бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 69 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлээр Э.Эт холбогдох эрүүгийн 18110155106014 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Хар ямаат овогт Энх-Амгалангийн Э, 1989 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, буддын гүн ухаанч мэргэжилтэй, хувиараа барилгын засал чимэглэлчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УХ/;
Э.Э нь 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бамбар инж” ХХК-ийн барилгын хашаанд Т.Хын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Э.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Эт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхгүйг тусгайлан заана”, 2-д “болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно” гэж хуульчилжээ. Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн “...хохирогч Х манай гэрлүү хараад шээгээд байсан тэгээд нохойд бариулчих гээд байсан учраас би татаж унагаасан” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Мягмарсүрэнгийн “...Би гэртээ хувцасаа өмсөөд байж байтал манай нохой аймар хуцаад манай нөхөр болиочээ гээд хэд хэдэн удаа орилсон тэгээд би гараад хартал нэг ах нохойны оройлцоо эрхтэнээ гаргаад шээгээд зогсоод байсан хажуунаас нь нохой дайраад хазах гээд байсан...” гэж мэдүүлжээ.
Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Эийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай, болгоомжгүй хэлбэрийн аль хэлбэрээр үйлдэгдсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1, 3-д заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг шалгаж тогтоох шаардлагатай байна.
Хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд мөрдөгчөөс шинжээч эмч Ц.Нандинцэцэгээс мэдүүлэг авахдаа, хэзээ, хаана, мэдүүлгийг авсан эсэх нь тодорхойгүй, сар, өдөр бичигдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул дээрх зөрчлийг арилгах нь зүйтэй гэж дүгнээд шүүгдэгч Хар ямаат овогт Энх-Амгалангийн Эт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт шилжтэл яллагдагч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт хураагдан ирсэн Э.Эийн гар утасны камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хамт хүргүүлж, прокурор уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Майбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр шүүх хурлаар хянан хэлэлцээд, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна. Үүнд:
Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг бүрэн гүйцэт шалгаж тогтоосон, хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой
Яллагдагч Э.Э нь хохирогч Т.Хыг хашаанд шээсэн гэдэг шалтгаанаар түүний нүүрэн тус газарт нь цохиж, унагаснаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Энэ нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн 65287 дугаартай дүгнэлт шинжээч Ц.Нандинцэцэгийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон.
Хэдийгээр яллагдагч Э.Э нь хохирогчийг нохойд хазуулахаас хамгаалж татсан, тэгэхэд унаад гэмтэл учруулсан гэж мэдүүлдэг боловч түүний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байдаг. Тодруулбал: Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэхдээ “...хашаа руу шээхээр нь ...эрхтнээ эхнэр хүүхдийн өөдөөс гаргаад байхаар нь би цамцнаас нь татсан...”, шүүхийн хэлэлцүүлэгт “...гэр лүү хараад шээгээд байсан...” гэж өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлдэг. Мөн тэрээр нохойд хазуулахаас хамгаалж татсан гэж мэдүүлдэг боловч хохирогч Т.Х нь “00-д орох гээд явж байтал уяатай нохой босч ирээд хуцаад байхаар нь 00 руу явахаа болиод хашааны буланд бие зассан” гэж мэдүүлдэг.
Хэрэг болох үед Э.Эийн эхнэр Т.Мягмарсүрэн байсан боловч түүнийг гэрээсээ гарч ирэх үед хохирогч нь газарт унасан байсан, түүнийг яагаад унасныг хараагүй талаараа тодорхой мэдүүлсэн байдаг.
Мөрдөгч шинжээч эмч Ц.Нандинцэцэгээс мэдүүлэг авахдаа огноо тавиагүй, байцаалтыг хаана авсан талаараа тусгаагүй боловч энэ алдааг засуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахгүйгээр шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.10-т зааснаар шүүх санаачлагаараа урьдчилсан хэлэлцүүлэг явуулж алдааг зөвтгөх боломжтой байсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь шийтгэх эсхүл цагаатгах хэлбэртэй байна.
Гэтэл талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар хүсэлт гаргаагүй, шүүх өөрийн санаачлагаар зарлаагүй бөгөөд энэ тухай 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1160 дугаар “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай" шүүгчийн захирамжид дурдсан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй байна.
Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 1211 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.
Шүүгдэгч Э.Эийн өмгөөлөгч Л.Намнансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн эсэх, гэм буруу тогтоогдсон эсэхийг нягтлан тогтоогоод яллах дүгнэлт үйлдэх байсан. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн хэлбэрийг хуульчилж өгсөн ба зөвхөн хүний амь биед санаатай гэмтэл учруулах нь гэмт хэрэг болоод болгоомжгүйгээр хүний биед хөнгөн гэмтэл учруулсан бол гэмт хэрэг гэж үзэхгүйгээр ойлгогдож, хэрэглэгдэж ирсэн. Дээрх асуудлыг шүүгч захирамждаа дурдсан. Энэ үзэл баримтлалын хүрээнд прокруроос шүүгдэгч Э.Эийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж байгаа бол гэм буруугийн хэлбэрийг бүрэн гүйцэт тогтоох байсан боловч тогтоогоогүй. Тогтоосон гэж прокурорын эсэргүүцэлд дурдсан гол үндэслэл нь шинжээчийн дүгнэлт байна. Шинжээчийн дүгнэлт нь хөнгөн гэмтэл учруулсныг тогтоосон. Цохисны улмаас хөнгөн гэмтэл учруулсан гэдгийг шинжээчийн дүгнэлт шууд нотлохгүй. Мөн хохирогч Т.Х мэдүүлэгтээ миний ханцуйгаас татаад унасан гэж мэдүүлсэн. Мөн нүүр лүү нэг цохисон байх гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн. Хохирогч Т.Хын нүүр лүү цохисон гэх мэдүүлэг нь эргэлзээтэй, хоорондоо зөрчилдөөнтэй, худал мэдүүлэг хүртэл хэд хэдэн удаа өгсөн. Эдгээр нь хангалттай тогтоогдоогүй байхад санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэлт үйлдсэн, прокурорын эсэргүүцэлд бичсэн нь үндэслэлгүй. Хэрэг эцэслэн шийдвэрлэхэд гэм буруу тогтоогдох ёстой.
Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлүүж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Э.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 1211 дүгээр шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.
1. Хэрэгт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргалын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1160 дугаар “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамж авагджээ. /хх-ийн 84-85/
Дээрх захирамжаас үзэхэд анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал нь “хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтойн гадна мөрдөн шалгах ажиллагаа явуулахад шүүх хуралдааныг явуулж болохгүй байдалд хүргэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдоогүй тул яллагдагчийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй” гэж дүгнэн яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэж анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг тодруулан хуульчилжээ.
Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 1211 дүгээр шүүгчийн захирамжаар шүүгдэгч Э.Эт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
Аливаа эрүүгийн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дараалал, шүүхэд олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шүүн таслах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулдаг.
Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль ёсны зарчим, зорилтод нийцнэ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулах эсэх нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаанд тусгай журмын дагуу хийгдэх, зөвхөн анхан шатны шүүхэд олгогдсон онцгой бүрэн эрх юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг. Харин шүүх тухайн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой.
Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэг болно. Уг хуулийн зохицуулалтаас үзвэл урьдчилсан хэлэлцүүлгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх зарим гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэдэг.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх явцад тухайн гомдол, хүсэлт үндэслэлтэй тохиолдолд шүүхээс хэргийг прокурорт буцаах хуулийн зохицуулалт гэж үзэхээр байна.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1160 дугаар шүүгчийн захирамжид дээрх байдлын талаар огт дүгнэлт хийлгүй яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байна.
Үүнээс гадна шүүхээс хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэнтэй нийцэх юм.
2. Шүүгдэгч Э.Эт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заажээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Эийн “...хохирогч Х манай гэрлүү хараад шээгээд байсан тэгээд нохойд бариулчих гээд байсан учраас би татаж унагаасан” гэсэн мэдүүлгийг үнэлж, хэргийг прокурорт буцаах үндэслэл болгожээ.
Шүүгдэгч Э.Эийн дээрх мэдүүлгийг үнэн, зөв гэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүхээс түүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно” гэж тус тус заажээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, шүүгдэгчийг гэм буруутай эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар дүгнэх боломжтой.
Иймд шүүгдэгч Э.Эт холбогдох эрүүгийн хэргийг цугларсан нотлох баримт баримтад үнэлэлт, дүгнэлт өгч хянан шийдвэрлэх боломжтой байх тул прокурор Ц.Майбаярын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: