Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/849

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

              Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Ц.Майбаяр, шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, хохирогч Т.Хатанбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

        Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эт холбогдох эрүүгийн “1811015510614” дугаартай, 186/2018/0605/э индекстэй хэргийг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүн хэлэлцэв.

       Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, халх, 29 настай, бүрэн дунд боловсролтой, буддын гүн ухаанч мэргэжилтэй, хувиараа барилгын засал чимэглэлчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 15-547 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Э.Э,

            Холбогдсон хэргийн талаар; Э.Э нь 2018 оны 05 дугаар 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бамбар инж” ХХК-ийн барилгын хашаанд Т.Хатанбаатарыг хашаанд орж ирж шээлээ гэж хэлсний улмаас хоорондоо маргалдаж улмаар Т.Хатанбаатарыг унагаж түүний биед зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд няцарсан өнгөц шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний ухархайн дээд ханын зөрүүгүй хугарал, баруун сарвууны 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:                           

         Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:           

         1.1.Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр амралтын өдөр байсан. Өдөр 13 цагийн үед эхнэр, хүүхдээ аваад гадагш гарах гэж байсан. Манай гэр, хашааны хаалга 2 хооронд зайтай. Машинаа гаргах гэж хаалгаа онгойлгоод эргэж машинруугаа явж байтал энэ ах хашаанд орж ирээд гэрийн урдаас хараад бие засаад эхэлсэн. Тэгээд би юу болоод байна “ахаа та болиорой” гэж хэлэхэд юм дугараагүй. Энэ ахыг хашаанд орж ирэхэд манай нохой хуцаад дайраад байсан. Тэгээд намайг хараад улам их дайраад байхаар нь нохойд хазуулах байх гэж бодоод холдуулах гэж байгаад газарт унагаасан гэв. 1.2.Хохирогч Т.Хатанбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…Тухайн өдөр манай ажлын арга хэмжээ болоод, тараад найзындаа очоод явж байсан. Хүнгүй хашаа таарч орж бие зассан. Гэтэл араас боль гэж хэлэхэд нь уучлаарай гээд эргээд харахад шүүгдэгч намайг шууд л цохисон. Монгол хүн байна миний буруу гэрт чинь ороод хамраас гарсан цус аа угаая гэж хэлээд гэрт нь ороход цохиод өшиглөөд байсан. Тэгээд Гэмтэл согог судлалийн эмнэлэг орж үзүүлсэн. Маргааш нь шүүх эмнэлэгт үзүүлсэн. Нохой дайрсан ямар нэг асуудал байгаагүй. Худал мэдүүлэг өгч байна. Би ажлын арга хэмжээнд орсон учраас гайгүй гэх хувцасаа өмссөн байсан. Хувцасаа худалдаж авсан үнийг мэднэ. Үнэлгээг нь бууруулсан байна. Өмсөж явсан бүх хувцасыг минь урсан. Хохирол төлбөрөө гаргуулмаар байна гэв. Хоёр: Шүүгдэгч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

      2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Хатанбаатарын:...2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр амралтанд хоноод хотод орж ирээд Тэнгис кинотеатрын хойно найзындаа очиж найзтайгаа уулзчихаад 13 цагийн үед гараад гэрлүүгээ явах гээд гэрээс нь гарсан. Үлэг гүрвэлийн музейн хажуугаар гарах үед бие засах гээд барилга барьж байгаа хоосон хаалга нь онгорхой хашаа байхад нь шагайж хартал 00 байхаар нь 00-д орох гээд явж байтал уяатай нохой босч ирээд хуцаад байхаар нь 00 руу явахаа болиод хашааны буланд бие засаж байтал араас нэг хүн болиоч гэж орилоход нь уучлаарай ах нь шээс хүрээд бие засчихлаа гээд хэлээд эргээд хартал зүүн талын нүдрүү цохихоор нь би газарт унасан. Намайг газарт унаад хэвтэж байхад нүүр, толгой бие рүү өшиглөөд элдэв үгээр доромжлоод байсан. Миний нүүрнээс цус гарсан байсан би босч ирээд одоо боль монгол хүн байна танай хашаанд орж бие зассандаа уучлалт гуйя би чамтай зодолдохгүй гэж хэлсэн нүүрнээс цус гоожоод байхаар нь гэрт чинь ороод угаачихъя гэхэд гэрлүү нь алхсан чинь эхнэр нь гэрээсээ гарч ирээд тэр хоёр нийлээд хоёр талаас татаж чангаагаад эхнэр нь элдэв үгээр доромжлоод хоёулаа хувцаснаас татаж урсан. Тэгээд гэрт нь ороход 2-3 насны хүүхэд байсан. Хүүхэд нь уйлахаар нь санаа зовоод буцаж гараад тэр цагдааг дагуулаад цагдаа дээр ирсэн гэх мэдүүлэг. /хх 26-27/,

      2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Эийн:...2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн үед хашаанаасаа машинаа гаргах гээд хашааны том хаалгыг онгойлгочихоод эргээд машинруу явж байтал нохой хуцаад байхаар нь эргээд хартал манай хашаанд нэг эрэгтэй хүн орж ирээд нохойны үүрний дэргэд шээгээд зогсож байсан. Тэгээд би шээхээ болиоч гэж хашгираад гүйгээд очтол тэр эрэгтэй шээгээд зогсоод байсан. Нохой хазах гэж дайраад байхаар нь нохойноос холдуулах санаатай хувцаснаас нь татсан чинь газарт унасан. Тэгээд тэр ах өндийгөөд хөлөө жийгээд газарт суусан чинь зүүн шанаанаас нь цус гарчихсан байсан. Хөлнөөс нь нохой хазах гээд байхаар нь баруун гараараа хоёр хөлийг хавсарч бариад холдуулсан. Зүүн гараараа нохойгоо бариад нилээн удаан суусан чинь тэр ах босохгүй сууж байгаад босч ирээд хацар нүүр ийм болсон байна чи намайг зодлоо гээд байсан. Би цусыг чинь угаагаад өгье гээд шанагатай ус өгсөн чинь угаахгүй заавал гэрт орж угаана гээд гэрлүү ороод цагдаа дууд гээд байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Гэрийн үүдэнд хоорондоо нилээн хэрэлдэж зогссон гэх мэдүүлэг. /хх-31/,

        2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Мягмарсүрэнгийн:...2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нөхөр хүүхэдтэйгээ гадагшаа гарах гээд бэлдээд байж байсан. Тэгээд манай нөхөр хашааны том хаалга онгойлгоод машиндаа суутал тухайн үед охин машинд суусан байсан байх. Би гэртээ хувцасаа өмсөөд байж байтал нохой аймар хуцаад манай нөхөр болиочээ гээд хэд хэдэн удаа орилсон. Тэгээд би гараад хартал нэг ах нохойны үүрний ойролцоо эрхтэнээ гаргаад шээгээд зогсоод байсан. Хажуунаас нь нохой дайраад хазах гээд байсан. Тэгээд би машинаас охиноо аваад гэртээ оруулчихаад буцаад гартал нөгөө ах газарт хэвтчихсэн хөл рүү нь нохой хазах гээд байхаар нь манай нөхөр нохойгоо бариад нөгөө хүнийг босгох гэхэд нь би нохойгоо барьж өгсөн. Тэгээд манай нөхөр тэр ахыг босгож гэрийн ойролцоо аваачиж цусыг нь угаах гэтэл угаалгахгүй хэл амаар доромжлоод байсан. Гэрийн хажууд байж байхдаа нарны хар шилний нэг гарыг хугалчихаад та нар шилний гар хугалчихлаа гээд байсан. Гэрлүү орох гээд 3-4 удаа дайрч ороод зогсоо зайгүй та хоёрыг шоронд хийнэ гэх мэтээр доромжлоод байсан гэх мэдүүлэг. /хх-32/,

       2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Цэцэгдэлгэрийн:...2018 оны 05 дүгээр сарын 20-ны өдөр манай хүү зүүн салаан дахь хашааруугаа явлаа гэж надтай утсаар ярьж байсанаа цаанаа болиоч, яагаад хашаанд орж ирээд шээгээд байгаа юм бэ, нохойд хазууллаа шүү дээ, хүүхэд байхад наад эрхтэнээ далд хийгээч" гээд байх шиг байсан. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ, гэхэд Энхдэлгэр манай хашаанд нэг хүн орж ирээд шээгээд байна гэхээр нь би гудамжны хүн юм уу гэхэд үгүй юм шиг байна, жаахан халамцуу хүн юм шиг байна гэж байсан, гарга яв гэж хэлээч гээд нохой байна, хүүхэд байна гар гэж байсан. Цаана нь нохой хуцаад, нэг эрэгтэй хүн би төрийн албан хаагч, чамайг гөлөг болгоно, чи бол юу ч биш гэж орилоод байсан. Манай хүү та төрийн албан хаагч юм бол хүүхдийн өөдөөс эрхтэнээ гаргах аа болиоч гэж хэлж байсан. Хэсэг хугацааны дараа манай хүү уучлаарай наад нүүрээ угаачих гээд байхаар нь юу болсон бэ гэхэд хүү нохой дайраад байхаар нь татсан чинь уначихсан юм тэгээд босгосон нүүрнээс нь цус гарчихлаа гэхээр нь би юун даварсан юм угааж өгөөд байхдаа яадаг юм гэхэд, манай хүү яах вэ ээжээ угаагаад өгье гэж байсан. гарахгүй бол цагдаа дууд гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-34/,

         2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6528 тоот актын: 1. Т.Хатанбаатарын биед зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд няцарсан өнгөц шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний ухархайн дээд ханын зүүн тохой, зүүн өвдөлт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

           3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх байх боломжтой.

           4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэсэн дүгнэлт./хх-39/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:        

           3.1.Хавтаст хэргийн 5 дугаар хуудас тогтоол, 10 дугаар хуудас гэрэл зураг, 12 дугаар хуудас хохирогчийн газар унасан байдлыг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн тайлбар, хохирогчийн мэдүүлгүүд, гэрч нарын мэдүүлэг, 26, 28, 33, 34, 27, 29, 12, 33, 34, 41, 42дугаар хуудас зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

         Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй байна.

       Шүүгдэгч Э.Эийг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх 2018 оны 09 дүгээр сарын 07-ний шүүн хэлэлцээд Э.Эт холбогдох хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлууд тогтоогдож байна. Иймд хэрэгт дараах үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийсний эцэст хэргийг шүүх хуралдаан шийдвэрлэж шүүгдэгчийг гэм буруутай, гэм буруугүй эсэх талаарх шийдвэрийг гаргах нь хууль зүйн үндэслэлтэй юм байна гэсэн дүгнэлтийг хийж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн боловч 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэж шийдвэрлэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов. Хохирогч Т.Хатанбаатар нь согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар 20-ны өдөр13 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бамбар инж” ХХК-ийн барилгын хашаа буюу иргэн Э.Эийн гэрийн хашаанд орж шээж улмаар шүүгдэгч Т.Энхдэлгэр “болиоч нохойд хацуулаа гэж хориглож улмаар хохирогч Т.Хатанбаатарыг нохойд хацуулахаас урьдчилан сэргийлж түүнийг татсаны улмаас хохирогч Т.Хатанбаатар унаж түүний биед зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд няцарсан өнгөц шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний ухархайн дээд ханын зөрүүгүй хугарал, баруун сарвууны 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Хатанбаатар мэдүүлэг, гэрч Т.Мягмарсүрэн, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6528 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Энхдэлгэр болон түүний өмгөөлөгчийзүгээс хохирогч Т.Хатанбаатарт учирсан хөнгөн гэмтлийг бид учруулаагүй гэдэгт маргахгүй байгаа харин энэ хохирогчид учирсан хөнгөн гэмтлийг шүүгдэгч Т.Энхдэлгэр санаатайгаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдохгүй харин хохирогчийг нохойд хацуулахаас урьдчилан сэргийлж түүний холдуулахад үед хохирогч газарт унаж биедээ хөнгөн гэмтэл авсан гэж маргаж байгааг шүүх үндэслэлтэй байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч хохирогчийг санаатайгаар зодож биед нь хөнгөхохирол учруулсан болох нь нотлогдохгүй байна. Харин бусдын биед болгоомжгүйгээр хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гол шалтгаан нь хохирогчийн зүй бус үйлдэл байжээ. Учир нь: Хохирогч хэрэг болох тухайн цаг хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бусдын гэрт буюу хашаанд орж шээсэн, бусдыг хэл амаар доромжилж зүй бус үйлдэл гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудаар: - гэрч Т.Мягмарсүрэн 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлэхдээ:....2018 оны 05 дугаар сарын 20-ний өдөр нөхөр хүүхэдтэйгээ гадагшаа гарах гээд бэлдээд байж байсан тэгээд манай нөхөр хашааны том хаалга онгойлгоод машиндаа суусан. Тухай үед охин машиндаа суусан байсан байх би гэртээ хувцасаа өмсөөд байж байтал нохой аймар хуцаад манай нөхөр хөөе болиочээ гээд хэд хэдэн удаа орилсон тэгээд би гараад хартал нэг ах нохойны үүрний ойролцоо эрхтэнээ гаргаад шээгээд зогсоод байсан, хажуунаас нь нохой дайраад хазах гээд байсан....та хоёрыг шоронд хийнэ гээд доромжлоод байсан...Энхдэлгэр эрүүл байсан тэр залуу нилээд согтолттой байсан, хөл дээрээ тогтох чадваргүй байсан...гэжээ /хх-32/, - гэрч Т.Мягмарсүрэнгийн 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлэхдээ:....би төрийн албанд ажилладаг та нарыг харнаа гээд байсан,...тэр хүн нилээн согтуу байсан хүний үг ойлгож сонсох чадваргүй өөдөөс доромжлоод байсан...гэжээ./хх-33/, - гэрч Б.Цэцэгдэлгэрийн.... 2018 оны 05 дүгээр сарын 20-ны өдөр манай хүү зүүн салаан дахь хашааруугаа явлаа гэж надтай утсаар ярьж байсанаа цаанаа болиоч, яагаад хашаанд орж ирээд шээгээд байгаа юм бэ, нохойд хазууллаа шүү дээ, хүүхэд байхад наад эрхтэнээ далд хийгээч" гээд байх шиг байсан. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ, гэхэд Энхдэлгэр манай хашаанд нэг хүн орж ирээд шээгээд байна гэхээр нь би гудамжны хүн юм уу гэхэд үгүй юм шиг байна, жаахан халамцуу хүн юм шиг байна гэж байсан, гарга яв гэж хэлээч гээд нохой байна, хүүхэд байна гар гэж байсан. Цаана нь нохой хуцаад, нэг эрэгтэй хүн би төрийн албан хаагч, чамайг гөлөг болгоно, чи бол юу ч биш гэж орилоод байсан. Манай хүү та төрийн албан хаагч юм бол хүүхдийн өөдөөс эрхтэнээ гаргах аа болиоч гэж хэлж байсан....гэх мэдүүлэг. /хх-34/, зэргээр нотлогдон тогтоогдож байна. Нэгтгэн дүгнэвэл: Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нараас өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтад цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлах явцад шүүх дараах дүгнэлтэд хүрлээ. Хохирогч Т.Хатанбаатар нь согтуурсан үедээ бусдын гэрт буюу хашаанд орж шээж улмаар гэрийн эзэн болох Т.Энхдэлгэр хашаанд битгий шээгээд бай, нохойд хазууллаа гэж хэлсний улмаас хоорондоо маргалдсан, шүүгдэгч Т.Энхдэлгэр хохирогчийг нохойд хазуулахаас сэргийлж түүнийг нохойноос холдлуулах гэж татсаны улмаар хохирогч Т.Хатанбаатар унаж биедээ гэмтэл авсан авсан, хохирогч Т.Хатанбаатар нь Т.Энхдэлгэрийг болон түүний эхнэр болох Т.Мягмарсүрэн нарыг хэл амаар доромжилж зүй бус үйлдлүүд гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Тухайн өдөр Т.Хатанбаатар намайг зодож гэмтэл учруулсан гэдэг нь гэрч Б.Цэцэгдэлгэр, Т.Мягмарсүрэн нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж, Т.Хатанбаатарын мэдүүлгийн эх сурвалж нотлогдохгүй байна. Иймд шүүгдэгч С.Энхдэлгэрийг гэм буруугүйд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Ийнхүү эргэлзээ бүхий нөхцөл байдлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зохицуулсан байх тул Э.Эт ашигтайгаар шийдвэрлэх үүднээс түүнд холбогдах эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Уг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалт нь хохирогчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болж байгаатай холбогдуулан хохирогч Т.Хатанбаатарын 1.700.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.9, 34.19 дүгээр зүйлийн 1.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:       

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-дахь хэсэгт зааснаар Э.Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасугай.

       2. Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.       

        3. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Энхдэлгэрт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

       4. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               С.БАТЖАРГАЛ