| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 171/2017/0007/Э |
| Дугаар | 152 |
| Огноо | 2017-06-02 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 152
Ц.Баяржаргалд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,
Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор М.Буяннэмэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат,
Хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул,
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг
Нарийн бичгийн дарга С.Баяртуяа нарыг оролцуулан,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоол,
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 27 дугаар магадлалтай 201609000265 тоот эрүүгийн хэргийг хохирогч Ө.Алтансувд, хохирогч нарын өмгөөлөгч О.Сарантуул, П.Батжаргал нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Бадрах овогт Цогбадрахын Баяржаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Баяржаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.Баяржаргалаас 6.123.830 төгрөгийг гаргуулж Ц.Нямдэлгэрт, 1.522.219 төгрөгийг гаргуулж Ц.Отгонбаярт, 2.188.550 төгрөгийг гаргуулж Б.Жаргалсайханд, 5.911.000 төгрөгийг гаргуулж Ө.Алтансувдад, 5.023.550 төгрөгийг гаргуулж Р.Чимэгээд тус тус олгож, хохирогч Ц.Бүрэнцэнгэл болон бусад хохирогч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10, 298 дугаар зүйлийн 298.1.3 дахь заалтад зааснаар 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Ц.Баяржаргалын жолоодон явсан 0672 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг тээврийн хэрэгслийг хохирол төлбөрт тооцуулахаар 00903711 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “ББ-Од” ХХК-ийг гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Ц.Баяржаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дуусан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч нарын өмгөөлөгч П.Батжаргал, О.Сарантуул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч А.Мөнхбат, О.Сарантуул, Д.Барсүрэн, Г.Алтанчимэг нарын саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Ө.Алтансувд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Одоо болтол надад учирсан хохирол төлөгдөөгүй, төлөгдөх эсэх нь эргэлзээтэй, хохирол барагдуулах эзэн тодорхойгүй, шүүхээс тогтоосон Ц.Баяржаргалыг миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн өдөр Орхон аймаг руу явдаг “ББ-Од” нэртэй тендерийн автомашинд суусан. Замдаа АТГ-ын постноос нэрээ бичүүлэн тасалбар авсан. Хэрэв тендерийн хаяггүй автомашинд суух байсан бол суух л байсан. Нэхэмжилж буй төлбөр бол зөвхөн эмнэлгийн үйлчилгээ авсан төлбөр юм. Намайг эмнэлэгт, гэрт сахисан болон Эрдэнэт, Улаанбаатарын хооронд ар гэрийн хүний явсан тээврийн зардал, одоог хүртэл эмнэлэгт үзүүлж буй төлбөр, сэтгэл санааны хохирол, цалин болон тухайн саруудад олж болох байсан ашиг орлогыг тооцоогүй, нэхэмжлээгүй болно. Эмнэлгийн баримт бичиг бүхий төлбөрөө хурдан төлүүлэх шаардлагатай байна. Шүүх зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хохирогч нарын өмгөөлөгч П.Батжаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...“ББ-Од” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “ББ-Од” ХХК болон Ц.Баяржаргал нарын хоорондын байгуулсан “Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Баяржаргал нь “ББ-Од” ХХК-ийн жолоочийн албан тушаалд ажилладаг болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар “ББ-Од” ХХК нь гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд зам тээврийн осол гарах үед Ц.Баяржаргалын жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь “ББ-Од” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлыг “ББ-Од” ХХК хариуцах үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлээр өмчлөгч нь тогтоогдож байгаа эд хөрөнгийг хэргийн оролцогчийн тайлбар мэдүүлгээр өмчлөх эрхийг нь өөрчлөх үндэслэл байхгүй юм. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг анхан болон давж заалдах шатны шүүх буруу, тайлбарлаж хэрэглэсний улмаас хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах хуулийн этгээдийг үндэслэлгүйгээр хохирол төлбөрөөс чөлөөлснийг үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн гэж үзэхээр байна. Иймд хохирогч Ц.Нямдэлгэр, Ц.Отгонбаяр, Б.Жаргалсайхан нарт олгох мөнгийг “ББ-Од” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хохирогч Ө.Алтансувд, Р.Чимгээ нарын өмгөөлөгч О.Сарантуул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...авто ослын улмаас хохирогч Ө.Алтансувдын биед хүнд гэмтэл Р.Чимэгээгийн биед хүндэвтэр гэмтэл тус тус учирсан байдаг. 2016 оны 05 сарын 04-нөөс 2016 оны 09 дүгээр сард Ө.Алтансувдад 3.000.000 төгрөг, Р.Чимгээд 2016 оны 12 сард 1.500.000 төгрөг жолооч Ц.Баяржаргал төлснөөс өөр ямар ч хохирол төлөөгүй юм. “ББ-Од” ХХК-ийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах хуулийн этгээд гэж үзэж иргэний хариуцагчаар тогтоосон байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхийн “зам тээврийн улмаас хохирогч нарт учирсан гэм хорын хохирлыг “ББ-Од” ХХК төлөх үндэслэлгүй” гэж дүгнэсэн байдаг бөгөөд уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх зам тээврийн осол болсон байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоогоогүй, шалтгаан нөхцөлийг тодруулалгүй хэргийг бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. Дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримт зөрүүтэй байхад аль нэгийг авч, алийг нь үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй буюу шинжээчийн дүгнэлт 0642 ОРХ маркийн машин мөргүүлсэн нөхцөл байдал хоорондоо зөрүүтэй байгаад дүгнэлт хийлгүй зөвхөн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн, “хохирол төлнө, миний машин” гэсэн мэдүүлэгт үндэслэсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 0642 ОРХ автомашин нь “ББ-Од” ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох нь тодорхой байхад давж заалдах шатны шүүх эдгээр нотлох баримтыг үгүйсгэх үндэслэл, няцаасан баримт гаргаж дүгнэлт хийгээгүй нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 119 дүгээр зүйлийн иргэний хариуцагчаар татагдах үндэслэл байсан тул иргэний хариуцагчаар татсан байсан ба шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийг хэрэглээгүй Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан заалтаар гэрээгээр үүрэг хүлээгээгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хуулийн ерөнхий зарчмуудыг зөрчсөн шийтгэх тогтоол гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж хохирогч Ө.Алтансувд, Р.Чимгээ нарын хохирлыг “ББ-Од” ХХК-иас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Барсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Зам тээврийн осол нь техник, ашиглалтын буруугаас болж гараагүй гэдэг нь техникийн шинжээчийн дүгнэлт, гэрч хохирогч нарын мэдүүлэг, замын хуудас зэргээр нотлогдож байгаа. Осол гаргасан машин нь “ББ-Од” ХХК-ийн эзэмшлийн машин биш юм. Шүүгдэгч Ц.Баяржаргал нь худалдаж авч өөрийнхөө мэдэлд байлгаж эзэмшиж ашиглаж байсан гэдэг нь нотлогдож байгаа. “ББ-Од” ХХК зөвхөн хот хооронд зорчигч тээвэрлэх шугамдаа оруулсан байдаг. Тиймээс “ББ-Од” ХХК иргэний хариуцагчаар оролцож хохирлыг төлөх хууль зүйн үндэслэлгүй байна” гэв.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр шинжээчийн дүгнэлтээр 0642 ОРХ дугаартай автомашин нь замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын шаардлагыг хангасан, замын хөдөлгөөнд оролцохдоо техникийн хувьд бүрэн бүтэн байсан гэсэн байдаг. Техникийн шинжээчийн дүгнэлтээр Ц.Баяржаргалын буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гаргасан. “ББ-Од” ХХК замын тээврийн осол гаргахад буруугүй гэдэг нь тогтоогдсон учраас шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Ц.Баяржаргалд ял шийтгэл оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй. Хохирогч нарт учруулсан гэм хорын хохирлыг Ц.Баяржаргалаас гаргуулахаар тогтоосон шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч Ц.Баяржаргал нь “Хьюндай Соната-7” маркийн 0642 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 8 дугаар зүйлийн 8.2-т заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ц.Бүрэнцэнгэл, Ө.Алтансувд, Ц.Отгонбаяр нарын бие махбодид хүнд гэмтэл, Б.Жаргалсайхан, П.Сансар, Р.Чимгээ Ц.Нямдэлгэр, насанд хүрээгүй хохирогч Ж.Далай нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл, насанд хүрээгүй хохирогч Н.Энхжин, Ж.Дөлгөөн нарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулж, иргэн П.Сансарын тээврийн хэрэгсэлд 6.231.000 төгрөгийн шууд хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг зөв зүйлчилсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс Ц.Баяржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл, бусдад бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5 сарын баривчлах ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.
Харин энэ хэрэгт гэм хорын хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтууд хуулийн шаардлага хангасан байх, түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд “ББ-Од” ХХК болон Ц.Баяржаргал нарын хооронд байгуулсан гэрээний төрлийг зөв тодорхойлж, гэм хорын хэмжээ, хариуцах субьектийг эцэслэн тогтоох зэрэг ажиллагааг гүйцэд хийгээгүй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Дээрх асуудлыг шүүх хуралдаанаас нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн заалтад зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтад: “Хохирогч Ц.Бүрэнцэнгэл, Ө.Алтансувд, Ц.Отгонбаяр, Б.Жаргалсайхан, П.Сансар, Р.Чимгээ Ц.Нямдэлгэр, насанд хүрээгүй хохирогч Ж.Далай, Н.Энхжин, Ж.Дөлгөөн нар нь эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс тус тус жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Ө.Алтансувд, хохирогч нарын өмгөөлөгч О.Сарантуул, П.Батжаргал нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ,
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Т.УРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН