Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2019/00866

 

В  -гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02856 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 326 дугаар магадлалтай

В  -гийн нэхэмжлэлтэй,

Б.Бд холбогдох,

“Зээлийн гэрээ”-ний үүрэгт 63 500 ам.доллар буюу 153 702 385 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашцэрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Базарсад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Дашцэрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Б нь БНХАУ-аас төмөр замын моторын поршин худалдан авах зорилгоор нэхэмжлэгч В   надаас 63 500 ам.доллар зээлэх хүсэлт тавьсан бөгөөд нэхэмжлэгч В   миний бие хариуцагч Б.Б болон түүний нөхөртэй олон жил бизнесийн түншүүд байсны хувьд хариуцагч Б.Бд итгэж 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээг БНХАУ-ын Бээжин хотод байгуулан 63 500 ам.долларыг хүүгүйгээр 2 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлийн мөнгийг гэрээ байгуулсан өдөр хариуцагч Б.Бд хүлээлгэн өгсөн.

Б.Б нь 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч В   надад баталгаа бичиг гарган өгсөн бөгөөд тус баталгаа бичигт 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан 63 500 ам.долларын 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төлнө гэж баталгаа бичиг гаргаж өгсөн боловч хариуцагч Б.Б нь хоёр талын байгуулсан зээлийн гэрээ болон баталгаа бичигт заасан хугацаанд нэхэмжлэгч В   надаас зээлж авсан 63 500 ам.долларыг өнөөдрийг хүртэл төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Нэхэмжлэгч В   миний бие удаа дараа хариуцагч Б.Бд хандан зээлийн гэрээний дагуу зээлсэн 63 500 ам.долларыг төлж барагдуулахыг мэдэгдэж байсан бөгөөд хариуцагч Б.Б нь удахгүй төлнө, төлөх гэж байна гэсээр өнөөдрийг хүртэл төлөлгүй нэхэмжлэгч В   намайг хохироож байна. 

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч В   надаас зээлсэн 63 500 ам.долларыг Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 “гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны албан ёсны ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш болох 2 420.51 төгрөгөөр тооцож 153 702 385 төгрөгийг хариуцагч Б.Б нэхэмжлэгч В   надад төлөх нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу 63 500ам.доллар буюу Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцоход нийт 153 702 385 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох Б.Бгаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д ажиллаж байх хугацаандаа Малайз улсын Tenaga National Berhard компанид томилолтоор 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 05-ны өдрүүдэд ажиллаад буцах замдаа Бээжин хотод сурдаг хүү Д.Галмандахтайгаа уулзах зорилгоор 2 хоносон. Тухайн үед манай нөхөр Д.Дашцэрэн над руу утасдаж Сүхбуянгаас зээлсэн мөнгөө авах гэтэл Хятад улсын иргэн В  -гийн компанийн дансанд саатсан, нааш нь шилжүүлэхгүй байна гэсэн. Иймд чи тэр В  -тэй уулзаж тэдний компаниас Монгол руу шилжүүлсэн боловч буцаж орсон, саатсан мөнгөний учрыг олоод гадаад гуйвуулга дээр нь ямар нэг алдаа байна уу үзээдэх гэсэн. Би тэр шалтгаанаар В  -гийн оффист очиход тэрээр “би мөнгийг нь эхлээд шилжүүлсэн боловч буцаад орсон, одоо харин танай нөхрийн найз Сүхбуянгаас авлагатай тэрэндээ энэ мөнгийг суутгалаа” гэж хэлсэн. Энэ тухай буцаад нөхөртөө хэлэхэд манай нөхөр надад Сүхбуян В  -тэй яриад ойлголцсон гэж байна. Ер нь бол наад мөнгө чинь Улаанбаатар төмөр зам компанитай байгуулсан гэрээний дагуу В  -гийн компани руу шилжсэн мөнгө, тэр хоёрын хооронд өмнө үүссэн өр, авлагатай ямар ч хамааралгүй. Тэгээд ч Сүхбуян энэ бизнесийг хийхдээ бизнес нь ашигтай, гэрээ нь хийгдсэн байгаа, харин бараа нийлүүлэхэд урьдчилсан санхүүжилт шаардлагатай гээд надаас мөнгө зээлээд гэрээний үүргээ биелүүлж бараагаа бүрэн нийлүүлчихсэн. Тийм үчраас наад мөнгө чинь надаас зээлсэн мөнгөнийхөө тодорхой хэсгийг буцааж өгч байгаа, манайх “Сүхбуянгаас авах авлагаа бүрэн аваагүй, дахиад ч мөнгө авах ёстой гэдгийг В  -д сайн тайлбарлаад яаралтай шилжүүлэх арга хэмжээ аваадахаа”. гэсэн. Би энэ талаар Втэй ярилцахад тэр энэ байдлыг хүлээн зөвшөөрч байсан.

Гэхдээ Сүхбуянгаас мөнгө авахад тусална гэсэн баталгаа өгвөл шилжүүлье гэсэн. Бид ярьж ойлголцсон, миний Бээжинд байх хугацаа богино, хувийн ажлуудаа амжуулах шаардлагатай байсан учир би ярилцаж ойлголцоод Сүхбуянд хэлж авлагаа авахад чинь тусална гэсэн баталгаа бичиж өг гэсэн шаардлагын дагуу бичиж өгсөн. Тухайн үед бид харилцан ойлголцож тэр дансанд байршсан мөнгө нь өмнөх авлагатай холбоогүй тухайн үед хийсэн бизнесийн мөнгө гэдгийг хүлээн зөвшөөрөлцсөн, хүн ёсоор хандаж Сүхбуянгаас авлагаа авахад нь дэмжлэг болж хэлж өгнө гэсэн баталгаа өгч байнаа гэж ойлгоод В   ч мөнгөө шилжүүлэх болоод үлдсэн. Энэ үед би В  -гээс ямар ч мөнгө бэлнээр аваагүй, мөн мөнгө шилжүүлэхэд нь ч оролцоогүй. Тухайн үед би ямар ч зээлийн гэрээ байгуулаагүй, нэг ч доллар, нэг ч төгрөг бэлнээр аваагүй.

Гэтэл Хятад улсын иргэн В   нь зээлийн гэрээ, мөнгө авсан баримтыг хуурамчаар үйлдсэн байна. Би төрийн байгууллагад ажилладаг, эрдэм судлалын ажил эрхэлдэг, ямар ч бизнес эрхэлж үзээгүй, гадаадын болон дотоодын ямар ч иргэнээс мөнгө зээлж байгаагүй байтал ийм зээлийн гэрээ, мөнгө авсан баримт хуурамчаар үйлдсэн байгаад гомдолтой байна. Хууль хяналтын байгууллага зохих журмын дагуу хуурамч бичиг баримт үйлдсэнийг нотолж хуурамч гэрээ, бичиг баримтыг баталгаажуулсан нотариат, хуурамч бичиг баримт үйлдсэн хүмүүст тодорхой хариуцлага тооцох нь зөв гэж үзэж байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02856 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Б.Бгаас 63 500 ам доллар буюу 153 702 385 төгрөг /нэг зуун тавин гурван сая долоон зуун хоёр мянга гурван зуун наян тав/ гаргуулж нэхэмжлэгч Вд   олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 926 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас улсын тэмдэгийн хураамжид 926 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Вд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 326 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02856 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 926 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашцэрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбат нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг ... үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх”, 40.3 дахь хэсэгт заасан “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн нотлох баримтыг үнэлэх хуулиар тогтоосон журмыг зөрчиж, хуурамч нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх “ХЭРГЭЭ ОЙЛГООГҮЙ”-гүйгээс хууль ёсны, үндэслэлтэй магадлал гаргаж чадаагүй. Учир нь Нэхэмжлэгч В болон хариуцагч Б.Б нарын хооронд ямар нэгэн зээлийн харилцаа үүсээгүй бөгөөд Б.Б Вгээс бэлэн болон бэлэн бусаар ямар ч мөнгө хүлээж аваагүй байтал нэхэмжлэгч “зээлийн гэрээ, зээлийн гэрээний дагуу мөнгө өгсөн, авсан баримт” зэрэг баримтуудыг хуурамчаар үйлдэн түүнийхээ хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэн нэхэмжлэлдээ нотлох баримтаар хавсаргаж өгсөн.

Энэ хуурамч баримтуудыг анхан болон давж заалдах шатны шүүх үнэлэхдээ: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан ба уг зээлийн гэрээ зээлийн гэрээний дагуу мөнгө өгсөн, авсан баримт нь хуулийн уг заалт буюу нотлох баримтын шаардлага хангаж байгаа...” гэсэн дүгнэлт хийсэн. Шүүхийн эл дүгнэлтээс харахад талуудын мэтгэлцээний тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, үйл баримт зэрэг бусад нотолгоог үл хэрэгсэн “нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй үнэн зөв” баримт гэж үнэлэн улмаар “хуурамчаар үйлдсэн хуулбар баримтаар гэрээний үнэн зөвийг тодорхойлон” талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө" гэж заасны зэрэгцээ "Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй" гэж заасан. Хуулийн эл заалт нь хуулбар баримтыг “үнэн зөв” гэж үзэхэд эргэлзээ үүсэх юм бол “жинхэнэ эхийг шаардан авах”-аар зохицуулалт юм. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зээлийн гэрээ, зээлийн гэрээний дагуу мөнгө өгсөн, авсан баримтын үнэн зөв эсэхэд эргэлзэж шинжээч томилж дүгнэлт гаргуулах, эдгээр баримтын эх хувийг гаргуулах албадан гаргуулах захирамж гаргасан байдаг. Тухайлбал Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн 2017 оны 06 сарын 15-ны өдрийн 183/Ш32017/06849 дугаар захирамжаар: зээлийн гэрээ, зээлийн гэрээний дагуу мөнгө өгсөн, авсан баримтад зурсан гарын үсэг Б.Бгийн гарын үсэг мөн эсэх”-ийг тогтоолгохоор шинжээч томилсон бол тус шүүхийн Шүүгчийн 2018 оны 6 сарын 12-ны өдрийн 183/Ш32018/07427 дугаар захирамжаар эдгээр баримтын эх хувийг нэхэмжлэгч Вгээс албадан гаргуулахаар шийдвэрлэж, тус захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба явуулсан. Мөн уг хэргийг хяналтын шатны журмаар хэлэлцсэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 сарын 20-ны өдрийн 001/ХТ2018/00434 дугаар тогтоолд “хуулбар баримтын эх хувийг гаргуулах, шинжээч томилж дүгнэлт гаргуулах” ажиллагаа гүйцэтгэх шаардлагатай талаар маш тодорхой дүгнэлт хийсэн болно. Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр эдгээр шийдвэрүүдэд заасан үндэслэлүүдийг хэрхэн няцааж байгаа талаар дүгнэлт хийлгүйгээр хуурамчаар хийсэн баримтыг “эргэлзээгүй үнэн зөв” гэж үнэлсэн нь шийдвэр бүхэлдээ үндэслэлгүй болоход хүргэсэн.

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн “зээлийн гэрээ, зээлийн гэрээний дагуу мөнгө өгсөн, авсан баримтад эргэлзэх” дараах хангалттай үндэслэлүүд байгаа юм.

Эргэлзэх үндэслэлүүд:

  1. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтынх нь эх хувийг шаардахад “олдохгүй байна” гэсэн худал шалтаг хэлэн криминалистикийн шинжилгээнд оруулахаас санаатайгаар зайлсхийсэн.
  2. Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ дээрх баримтуудыг: “Б миний компьютөр дээр сууж байгаад бичсэн”хэмээн мэдүүлдэг. Хэрэв үнэхээр түүний хэлсэн шиг эдгээр баримтууд тухайн цаг хугацаанд түүний компьютерт бичигдсэн юм бол баримтын эх хувь олдохгүй байна гэх бус компьютертээ үзлэг хийлгээд нотлох байсан.
  3. Зээлийн гэрээ, зээлийн гэрээний дагуу мөнгө өгсөн, авсан баримт, баталгаа баримт зэргийг нэг өдөр нэг цаг хугацаанд үйлдсэн гэж тайлбарлаж байгаа боловч зээлийн гэрээнд: “төмөр замын зүтгүүрийн моторын поршин худалдан авахад зориулж 63.500 ам.доллар зээлдүүлж” байгаа буюу ирээдүйд хийх худалдан авалтад зориулж мөнгө зээлдүүлж байгаа мэтээр бичсэн бол баталгаа гэх баримтад: ямар нэг зээл бус “бараа авсан мөнгө буюу өнгөрсөн цаг хугацаанд хийсэн худалдан авалтын төлбөрийг төлөх талаар баталгаа гаргаж байгаа мэтээр илт зөрүүтэй утга агуулга илэрхийлж байхад шүүх эдгээрийг “агуулгын хувьд адил байна” гэсэн дүгнэлт хийсэн.
  4. Зээлийн гэрээ нь хуульч бус хүмүүсийн хооронд, БНХАУ-д хийгдсэн гэж байгаа боловч хууль зүйн мэргэжлийн түвшинд Монгол улсын хуульд яв цав нийцүүлэн боловсруулагдсан байдаг.
  5. Гэрээний хууль ёсны хаяг хэсгийн утасны дугаар бичигдсэн хэсэгт Б.Бгийн утас бус Д.Дашцэрэн миний утасны дугаарыг бичсэн байдаг. /Хэрэв үнэхээр Б.Б уг гэрээг байгуулсан бол өөрийн утасны дугаарыг бичих байсан/
  6. Зээлийн гэрээг 2014 оны 06 сарын 06-ны өдрөөс 2 сарын хугацаатай байгуулсан гэж байгаа боловч 2017 оны 5 сарыг хүртэл 3 жил орчим хугацаанд мөнгөө буцаан шаардаагүй байдаг.
  7. Эдгээр баримтын хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн нотариатч Б.Батсүрэн: “... тухайн гарын үсэг үнэн зөв байсан үгүйг мэдэхгүй. Б тухайн үед өөрөө байгаагүй... Тухайн үөд эх хувь биш гараар бичсэн зүйлийг нотолсон ... зайлшгүй гэсэн зүйл байдаггүй учраас тухайн үед би хийгээгүй байна” гэсэн тайлбар өгсөн.
  8. Нотариатч баримтын хуулбарыг гэрчилсэн тамгыг хуулбар баримтад дарсан хэрнээ “Б.Бгийн гарын үсэг“-ийн баталгааг гэрчилсэн мэтээр илтэд зөрүүтэй бүртгэсэн байдаг.
  9. Нэхэмжлэгчээс эдгээр баримтын эх хувийг гаргуулахаар Шүүгчийн захирамж гарч, захирамжийн дагуу баримтын эх хувийг албадан гаргуулах бүхий л ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага явуулсан боловч гаргуулж  чадаагүй талаар шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг.

Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгө аваагүй болохоо дараах байдлаар нотолж мэтгэлцсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэгт заасан “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах” хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд “зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгө аваагүй” талаараа бичгээр тайлбар гаргасны зэрэгцээ шүүх хуралдаанд энэ талаар тодорхой тайлбар хэлсэн.

Үнэн хэрэгтээ нэхэмжлэгчээс хариуцагчид зээлийн гэрээний дагуу бэлнээр хүлээлгэн өгсөн хэмээн нэхэмжлээд байгаа мөнгө Б.Бд бус гэрч Т.Борхүүд дансаар шилжиж ирсэн мөнгө болох нь гэрч Т.Борхүүгийн мэдүүлэг болон нэхэмжлэгч Вгийн “өөрийн Rui Xiang Railway компаниар гэрээ байгуулж, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мөнгө авсан, улмаар уг мөнгөнөөс 63.975 ам.долларыг иргэн Түмэнжаргалын Борхүүгийн Хаан банк дахь 5024575862 тоот дансанд шилжүүлсэн” гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбар, Т.Борхүүгийн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдсон.

Хариуцагч Б.Б нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж, мөнгө авах зорилгоор бус байгууллагын албан томилолтоор гадаад улсад зорчих замдаа нэхэмжлэгчтэй уулзсан талаарх үйл баримт нь томилолтын зардлын тушаал, нислэгийн тийзийн хуулбар, гадаад паспортын хуулбар зэрэг баримтаар нотлогдсон.

Гурав. Хариуцагч Б.Б нэхэмжлэгч Вгийн бичсэн “баталгаа гаргаж өгөх нь” гэсэн баримтад гарын үсэг зурсан нь дараах шалтгаантай бөгөөд энэхүү баримт харин ч талуудын хооронд зээлийн харилцаа үүсээгүй, бэлэн болон бэлэн бусаар мөнгө аваагүй болохыг нотлох юм.

Гэрч Т.Борхүү 2014 онд надад хандан: “Улаанбаатар төмөр зам” ХНН-д панер нийлүүлэх ажил байна, үүнийг хийхийн тулд гэрээ байгуулах гадаад компани хэрэгтэй байна” гэж гуйсан. Би уг асуудлаар В-д хэлэхэд тэрээр өөрийнхөө Rui Xiang Railway компаниар гэрээ байгуулъя хэмээн компанийн тамга, гэрчилгээг дүүгээрээ өгч явуулан Т.Борхүү бид хоёртой уулзуулж, улмаар тус компаниар “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй гэрээ байгуулсан. Ингэхдээ Сүхбуян, В бид нар “энэ гэрээ бол өмнө нь буюу 2009 онд төмөр замтай байгуулсан поршин нийлүүлэх гэрээний өглөг, авлагын асуудалтай хамааралгүй тусдаа гэрээ, ялангуяа Сүхбуян, В нарын хоорондын өглөг, авлагын асуудалд хамааралгүй” гэдэг дээр тодорхой ярьж тохиролцсон. Rui Xiang Railway компаниас гэрээний дагуу нийлүүлэх панерийн бүх төлбөр зардлыг Т.Борхүү төлж, панерийг Улаанбаатар төмөр замд нийлүүлсэн. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс панерийн үнийг шилжүүлсэн бөгөөд уг мөнгөнөөс 64.000 эм.долларыг Т.Борхүүд шилжүүлэх ёстой байсан боловч мөнгө нь шилжихгүй удаад байсан тул В-рүү утсаар холбогдоход: "дансны дугаар зөрсөн байна, буруу дансруу шилжүүлсэн учраас гүйлгээ буцаагдсан” гэж хэлсэн.

Энэ үөд манай эхнэр Б.Б БНХАУ-д ажлаар явж байсан тул учрыг лавлуулахаар В-тэй уулзуулахад тэрээр "би Сүхбуянгаас авлагатай, тэр авлагандаа энэ мөнгийг суутгаж авлаа, Д.Дашцэрэн Сүхбуянгийн найз нь юм чинь Сүхбуянгаас миний авах ёстой мөнгийг аваад Т.Борхүүд өг" гэсэн зүйл ярьсан байсан. Тэгэхээр нь би Сүхбуянд энэ талаар хэлж В-тэй утсаар яриулж:   Rui Xiang Railway компанийн  “Улаанбаатар төмөр зам" ХНН-тэй байгуулсан гэрээний дагуу шилжсэн мөнгө өмнө нь үүссэн авлага, өглөгийн асуудалтай хамааралгүй учраас мөнгийг нь Т.Борхүүд шилжүүл” гэж хэлүүлсэн. Гэтэл В “Сүхбуянгаас авах авлагын асуудлаар баталгаа бичиж өгөхгүй бол мөнгийг шилжүүлэхгүй” хэмээн тулгалт хийж  байгаад өөрийн бичсэн “баталгаа” гэх баримтад манай эхнэр Б.Бгаар 2014 оны 6 сарын 6-ны өдөр гарын үсэг зуруулж авсан. Үүнээс хойш арав гаруй хоногийн дараа буюу 2014 оны 06 сарын 18-ны өдөр Rui Xiang Railway компаниас 63.975 ам.долларыг Түмэнжаргалын Борхүүгийн Хаан банк дахь 5024575862 тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл В Т.Борхүүд шилжүүлсэн энэ мөнгөө Б.Бд зээлдүүлсэн, бэлнээр хүлээлгэн өгсөн мэтээр хуурамч баримт бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтыг илтэд буруу ойлгон: “хариуцагч уг мөнгийг аваад н.Борхүүд шилжүүлсэн гэж маргажээ” хэмээн ямар ч үндэслэлгүй, баримт нотолгоогүй дүгнэлт хийсэн.

Иймд дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 19-ны өдрийн 183/ШШ2018/02855 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 сарын 20-ны өдрийн 326 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр хяналтын журмаар гаргасан гомдолд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч талын зүгээс Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02856 дугаартай шийдвэр, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 326 дугаартай магадлалыг хэвээр үлдээхийг хүсэж доорх тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч тал гомдолдоо “...Анхан шатны шүүх хуурамч нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нэхэмжлэгч В болон хариуцагч Б.Б нарын хооронд ямар нэгэн зээлийн харилцаа үүсээгүй бөгөөд Б.Б В-ээс бэлэн болон бэлэн бусаар ямар ч мөнгө хүлээж аваагүй байтал нэхэмжлэгч зээлийн гэрээ, зээлийн гэрээний дагуу мөнгө өгсөн, авсан баримт зэрэг баримтуудыг хуурамчаар үйлдэн түүнийхээ хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэн нэхэмжлэлдээ нотлох баримтаар хавсаргаж өгсөн...” гэжээ.

Тайлбарлах нь: Хариуцагч Б.Бгийн нөхөр Д.Дашцэрэн нь өмнө нь төмөр замын хангамжийн дарга н.Мэндбаяртай хамтран Төмөр замын моторын поршинг Монголын төмөр замд нийлүүлж ашигтай ажиллаж байсан дахин төмөр замын моторын поршинг худалдан авахад мөнгө зээлдүүлэх хүсэлтийг хариуцагч Б.Бгийн нөхөр Д.Дашцэрэн утсаар хүсэлт тавьсны үндсэн дээр 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн БНХАУ-ын Бээжин хот дахь оффис дээр хариуцагч Б.Б нь зээлийн гэрээ болон мөнгө өгсөн авсан баримтыг хариуцагч өөрөө боловсруулан ирсэн бөгөөд хариуцагч Б.Б нь тухайн цаг хугацаанд Бээжин хотод очиж нэхэмжлэгчтэй уулзсан тал дээр маргадаггүй. Хариуцагч талын боловсруулсан гэрээ, бэлэн мөнгө хүлээлцсэн баримт, баталгаа бичиг нь Монгол хэлээр латин үсгээр галиглан бичсэн бөгөөд учир нь нэхэмжлэгч нь Монгол хэлээр ярьж ойлголцдог боловч кирилл үсэг мэдэхгүй латин үсгээр уншиж бичиж чадах тул хариуцагч Б.Б Монгол хэлээр ярилцаж, гол санаагаа харилцан тохиролцож тус санаагаа латин үсгээр галиглан бичиж боловсруулсан зээлийн гэрээ, бэлэн мөнгө хүлээлцсэн баримт, баталгаа бичгэнд талууд МУ-ын Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу гарын үсгээ зурж баталгаажуулан МУ-ын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.4, зээлийн гэрээний дагуу 63 500 ам долларын баримт үйлдэн хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч талаас бэлнээр хүлээн авсан /хх9-1 Зх/.

Хариуцагч Б.Б нь 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ, мөнгө өгсөн авсан баримт, баталгаа гаргаж өгөх тухай баримтуудад өөрийн гарын үсгээ зурж баталгаажуулан 63 500 ам долларыг нэхэмжлэгч талаас авч зээлийн гэрээ болон баталгаа бичгэнд дурдсан хугацаанд буюу 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр эргүүлэн төлөх, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байж одоо шүүхэд зээлийн гэрээ болон мөнгө авсан баримтанд гарын үсэг зураагүй харин баталгаа гаргаж өгөх нь гэсэн баримтанд гарын үсэг зурсан гэж шүүх хурал дээр худал тайлбар өгч дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаар нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл нэг өдөр үйлдэгдсэн 3 ширхэг баримтын 1 баримтанд гарын үсэг зурсан 2 баримтанд гарын үсэг зураагүй гэсэн тайлбар нь огт үндэслэлгүй шалтгаант холбоогүй байхаас гадна зээлийн гэрээ болон зээлийн гэрээний дагуу мөнгө өгсөн авсан баримтыг хуурамч гэж тогтоосон шийдвэр байхгүй, хариуцагч тал огт үндэслэлгүй гүжирдлэгийн шинжтэй тайлбар гаргаж байгааг анхаарч үзнэ үү.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.1-д “Энэхүү гэрээгээр “Б” тал нь төмөр замын моторын зүтгүүрийн моторын поршень /цаашид “Бараа” гэх/ худалдан авахтай холбоотойгоор 63 500 ам.долларыг гэрээ байгуулсан өдөр “А” тал буюу нэхэмжлэгч нь “Б” тал буюу хариуцагч талд бэлнээр зээлдүүлэх.гэж заасан /хх-9/, хариуцагч талын зурсан Баталгаа гаргаж өгөх тухай баримтанд Б.Б миний бие Вгээс бараа авсан мөнгө 63 500 ам.долларыг 2014 оны 08 дугаар сарын 06-ны дотор Вд өгнө. Баталгаа гаргаж байна /хх-12/ гэж бичсэн байгаа нь зээлийн гэрээнд заасан утга, зээлийн үнийн дүн, зээлийн гэрээг байгуулсан он сар өдөр, зээлийг эргэн төлөх хугацаа зэрэг нь адил байгаагаас гадна хариуцагч тал дээрх баталгаа баримтанд гарын үсэг зурсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар болон МУ-ын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу мөнгө буюу эд хөрөнгийн зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан хуулийн зохицуулалттай нийцсэн болохыг анхан болон давж заалдах шатны шүүх зөв тогтоосон.

Хариуцагч Б.Б нь гомдолдоо “...нэхэмжлэгч тал Зээлийн гэрээг 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 2 сарын хугацаатай байгуулсан гэж байгаа боловч 2017 оны 05 сар хүртэл 3 жил орчим хугацаанд мөнгө буцаан шаардаагүй байдаг..., ...эх хувийг олдохгүй байна гэсэн худал шалтаг хэлэн санаатайгаар зайлсхийсэн...” гэжээ.

Тайлбарлах нь: Хариуцагч Б.Б нь 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ болон баталгаанд дурдсан хугацаа буюу 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зээлийн төлбөрийг эргүүлэн төлөлгүй гэрээний үүргээ зөрчиж байсан тул нэхэмжлэгч талын зүгээс удаа дараа зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрөө төлж барагдуулахыг шаардаж, улмаар нэхэмжлэгч нь 2015 оны 05 дугаар сард Монгол Улсын хуулийн дагуу нэхэмжлэл гаргахаар Улаанбаатарт ирж өөрийн танил эрх зүйч н.Алтанхуягаас зөвлөгөө авахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т шүүхэд нотлох баримтыг эх хувиар нь эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгөхөөр хуульчилсан гэж зөвлөгөө өгсний дагуу нэхэмжлэгч нь 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Б.Бтай байгуулсан зээлийн гэрээ болон мөнгө авсан баримт, баталгаа гаргаж өгөх тухай баримтуудыг хуульд заасны дагуу нотариатаар хуулбар үнэн даруулж гэрчлүүлэн шүүхэд хандахад бэлэн болгосны дараа хариуцагч Б.Б, түүний нөхөр Д.Дашцэрэнтэй уулзахад хариуцагч нь нэхэмжлэгч талаас зээлсэн 63 500 ам долларыг удахгүй төлнө шүүхэд нэхэмжлэл гаргаад хэрэггүй гэсний дагуу нэхэмжлэгч нь нотариатаар гэрчлүүлсэн баримтыг Улаанбаатар дахь гэртээ үлдээгээд эх баримтыг БНХАУлс дахь ажлын байрандаа хадгалсан бөгөөд дээрх үйл явдал болсон 2015 оноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 2 жил өнгөрсөн энэ хугацаанд нэхэмжлэгч талын БНХАУ дахь ажлын байр нүүж өөрчлөгдөж тухайн зээлийн гэрээ болон мөнгө хүлээлцсэн баримтын эх хувь олдоогүй байгаагаа 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 183/Ш2017/06849 дугаартай шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийн гомдлын хуралд нэхэмжлэгч В нь БНХАУ-аас хүрэлцэн ирж, биечлэн оролцож гэрээ болон бэлэн мөнгөний баримт эх хувиар олдохгүй байгаа талаарх нөхцөл байдлыг үнэн зөвөөр тайлбарласан /хх64-65х/.

Мөн Улсын Дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2018/00343 тоот тогтоолд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нотлох баримтын эх хувийг гаргуулах ажиллагаа хийгээгүй байна гэж дүгнэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон бэлэн мөнгө хүлээлцсэн баримт, баталгаа баримтууд нь 2 хувь хийгдсэн, нэг хувь нь хариуцагч Б.Бд хадгалагдаж байгаа тул нэхэмжлэгч талын зүгээс дээрх баримтыг эх хувийг хариуцагч талаас албадан гаргуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 183/Ш32018/08988 тоот хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар хариуцагч Б.Бгаас “зээлийн гэрээ, зээлийн гэрээний дагуу мөнгө өгсөн, авсан баримтуудын эх хувийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны дотор гаргуулах, заасан хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар Б.Бгаас албадан гаргуулахыг даалгасан /хх163х/. Шүүгчийн захирамжийн дагуу Шийдвэр гүйцэтгэх газраас нотлох баримт албадан гаргуулах ажиллагааны явцад нэхэмжлэгч В нь БНХАУ-аас өөрийн биеэр Улаанбаатар хотод ирж Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд биечлэн оролцсон. Шийдвэр гүйцэтгэх газраас зохигч нартай биечлэн уулзаж тэдний гэр болон баримт бичигт үзлэг хийсэн боловч дээрх гэрээ болон бэлэн мөнгө хүлээлцсэн баримт, баталгаа баримтууд эх хувиар олдоогүй талаарх баримтыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4/17163 тоот албан бичигт хавсаргасан баримтуудаар нотлогддог/хх175-182/.

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгчийн БНХАУ-ын Бээжин хот дахь оффис дээр өөрийн биеэр хүрэлцэн ирж зээлийн гэрээ болон мөнгө өгсөн авсан баримт, баталгаа бичгийг хариуцагч өөрөө боловсруулан ирсэн гэрээ болон баримтуудад талууд гарын үсгээ зурж хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний дагуу 63 500 ам долларын баримт нэхэмжлэгч талаас бэлнээр хүлээн авсан. Хариуцагч Б.Б нь өөрийн боловсруулсан зээлийн гэрээ, мөнгө авсан баримт, баталгааны баримтанд гарын үсэг зураагүй бол нэхэмжлэгч В нь 63 500 ам долларыг хариуцагч Б.Бд зээлдүүлэхгүй байсан. Хариуцагч Б.Б нь зээлийн гэрээ болон мөнгө авсан баримтанд гарын үсгээ зурж, 63 500 ам.долларыг 2014 оны 08 дугаар сарын 06-ны дотор төлж барагдуулахаар баталгаа гаргасан, мөн хариуцагч Б.Бгийн нөхөр н.Дашцэрэнтэй олон жилийн найз нөхдийн харилцаатай, урьд нь мөнгө зээлдүүлж өгч авалцаж байсан, хариуцагч Б.Бгийн нөхөр Д.Дашцэрэн Монголоос утсаар ярьж гуйсан тул дээрх 63 500 ам долларыг зээлдүүлсэн. Хариуцагч Б.Б нь тухайн үед мөнгө авахдаа гэрээнд заасан хугацаандаа өгнө гэж хэлээд авсан байж одоо мөнгө аваагүй, зээлийн гэрээ болон мөнгө авсан баримтанд гарын үсэг зураагүй гэж гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр хариуцагч талын зүгээс гомдолдоо талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон бэлэн мөнгө хүлээлцсэн баримтыг хуурамчаар үйлдсэн гэж нэхэмжлэгч талыг ор үндэслэлгүйгээр гүтгэсэн тайлбар гаргасан бөгөөд хариуцагч тал дээрх баримтыг хуурамчаар үйлдсэн гэх эрх бүхий байгууллагын ямарваа нэгэн шийдвэр гараагүй, хуурамчаар үйлдсэн гэх нотлох баримт байхгүй байхад хариуцагч тал дээрх зээлийн гэрээ болон мөнгө хүлээлцсэн баримтыг нэхэмжлэгч талыг хуурамчаар үйлдсэн гэж гомдолдоо дурдаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Тухайн гомдолдоо дурдаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотолж чадаагүй болохыг 2 шатны шүүх зөв тогтоосон.

Хариуцагч Б.Б нь анхан шатны шүүхэд 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гаргаж өгсөн хариу тайлбар болон 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хурал дээр гаргасан тайлбартаа нэхэмжлэгч талаас авсан 63 500 ам долларыг 2014 оны 08 дугаар сарын 06-ны дотор төлж барагдуулна гэж баталгаа бичиж, гарын үсгээ зурсан гэсэн тайлбарыг /хх29х/ өгсөн байгаагаас харахад хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч талаас 63 500 ам долларыг гарын үсэг зурж хүлээн авсан болох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан өөрийн нь тайлбараар тогтоогддог болно.

Хариуцагч тал гомдолдоо “...эдгээр хуурамч баримтыг үнэн зөвийг гэрчилсэн нотариатч Б.Батсүрэнгийн баримтын хуулбарыг гэрчилсэн тамгыг хуулбар баримтанд дарсан хэрнээ уг үйлдлийг бүртгэсэн бүртгэлийн дэвтэртээ "Б.Бгийн гарын үсэг“-ийн баталгааг гэрчилсэн мэтээр илт зөрүүтэй бүртгэсэн..." гэжээ.

Тайлбарлах нь: Нэхэмжлэгч нь хуульчаас зөвлөгөө авсны үндсэн дээр Б.Бтай байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ, мөнгө хүлээлцсэн баримт 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн тойргийн 325 тамганы дугаартай нотариатч Б.Батсүрэнгээр хуулбар үнэн даруулж зээлийн гэрээ болон мөнгө өгсөн, авсан баримтыг нотариатын бүртгэлийн 972 дугаарт, хариуцагч Б.Бгийн гарын үсгээ зурж баталгаажуулсан баталгаа гаргаж өгөх нь гэсэн баримтыг 973 дугаарт тус тус бүртгэж хариуцагч Б.Бгийн гарын үсэг зурж баталгаажуулсан Баталгаа гаргаж өгөх гэсэн баримтын агуулгыг нотариатын бүртгэлийн дэвтэрт бүртгэхдээ Бгийн гарын үсэг, Баталгаа гэж таслал авч агуулгыг тусгаарлаж өгч бичсэн болох нь нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбараар болон нотариатч Б.Батсүрэнгийн гэрчийн мэдүүлгээр нотлогддог болохыг анхаарч үзнэ үү.

Хариуцагч тал гомдолдоо “...Б.Бгаар 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гарын үсэг зуруулж авсан. Үүнээс хойш арав гаруй хоногийн дараа буюу 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Риу шианг рейлвай компаниас 63 975 ам.долларыг Т.Борхүүгийн дансанд шилжүүлсэн энэ мөнгөө Б.Бд зээлдүүлсэн, бэлнээр хүлээлгэн өгсөн мэтээр хуурамч баримт бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг...” гэжээ.

Тайлбарлах нь: Нэхэмжлэгч В нь хариуцагч Б.Бд холбогдуулсан нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхийн шүүгч 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд гаргасан тайлбар, гомдолдоо Т.Борхүү гэх хүнтэй холбоотой тайлбар огт гаргаж байгаагүй бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн анхан шатны шүүх хурал дээр хариуцагч талын зүгээс Т.Борхүү гэх хүний тайлбар гаргасан бөгөөд тус өдрийн шүүх хурал дээр нэхэмжлэгч В нь биечлэн оролцож Т.Борхүү нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-д панер нийлүүлсний 64 000 ам.доллар буюу банкны шимтгэл хасаад 63 975 ам.долларын асуудал нь тухайн Б.Бтай холбоотой поршинг худалдан авахтай холбоотой зээлийн гэрээтэй хамааралгүй, тусдаа асуудал гэдгээ албан ёсоор тайлбарласан. Нөгөөтэйгүүр гэрч Г.Сүхбуян нь зохигч нарын хооронд зээлийн гэрээ байгуулж бэлэн мөнгө өгч авалцаж байхад байгаагүй гэж мэдүүлэг болон гэрч Т.Борхүүгийн мэдүүлэг нь өөр бусад бичмэл нотлох баримтаар давхар нотлогдоогүйгээс гадна, Т.Борхүүгийн панерын төлбөр гэх 63 975 ам долларын үнийн дүн нь хариуцагч Б.Бтай байгуулсан зээлийн гэрээний үнийн дүн болох 63 500 ам.долларын үнийн дүнтэй зөрүүтэй байдаг.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэрч Г.Сүхбуянгаас асуулт асууж байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашцэрэн нь дундуур нь орж тайлбар тавих зэргээр гэрчид нөлөөлж байсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болохыг анхаарч үзнэ үү. Өөрөөр хэлбэл гэрч Г.Сүхбуян болон Т.Борхүү нарын мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд хариуцагч тал огт үндэслэлгүй нотлох баримтгүй тайлбар, гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл болгосон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангасан баримтыг нотлох баримтаар зээлийн гэрээ, бэлэн мөнгө хүлээлцсэн баримт, баталгаа гаргаж өгөх нь гэсэн баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд хариуцагч талын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбараа баримтаар нотолж чадаагүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу нотлох баримтыг бодитойгоор тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэсэн, хуулийг зөв хэрэглэж тус иргэний хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлэсэн.

Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02856 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 326 дугаартай магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 -т зааснаар хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн В   нь Б.Бд холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 63 500 ам.доллар буюу 153 702 385 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлоогүй, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан үүргээ үндэслэл бүхий хэрэгжүүлээгүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

В   нь Б.Бгаас “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 63 500 ам.доллар буюу 153 702 385 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолж 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Зээлийн гэрээ”, зээлийн гэрээний дагуу мөнгө өгсөн, авсан баримт, Баталгаа гаргаж өгөх нь гэсэн 3 баримтыг үндэслэл болгосон, тус баримтуудад зохигч гарын үсэг зурсан байна.

Дээрх 3 баримтаас “Зээлийн гэрээ”, зээлийн гэрээний дагуу мөнгө өгсөн, авсан баримтыг хариуцагч хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд эдгээр 2 баримт нь эх хувиараа, эсхүл хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагыг хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

Харин хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн буюу гарын үсэг зурсан гэх баримт нь “Баталгаа гаргаж өгөх нь“ гэсэн гарчигтай “Б.Б миний бие Wang wen du su бараа авсан мөнгө 63 500 /жаран гурван мянга таван зуун доллар/ 2014 оны 08 дугаар сарын 06-ны дотор Wan wen du su-т өгнө, баталгаа гаргаж байна. Баталгаа гаргасан Б.Б” гэсэн бичвэр байна.

Анхан шатны шүүх эхний хоёр баримт нотлох баримтын шаардлага хангаагүй боловч гурав дахь баримттай агуулга адил байна гэж дүгнэн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

Учир нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг шүүх үнэлэхгүй тул дан ганц Баталгаа гаргаж өгөх нь гэх баримтаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй, зээлийн гэрээний харилцаа үүссэнийг нотолсон, ач холбогдол бүхий баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлсэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Зээлийн гэрээ нь хоёр талын харилцан үүрэг хүлээсэн, хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл байх бөгөөд зээлдүүлэгч мөнгө буюу эд хөрөнгийг буцаан авах зорилготой зээлдэгчид шилжүүлэн өгсний үндсэн дээр зээлдүүлэгчээс буцаан шаардах эрх үүсч, хэрэгжих учиртай. Харин хариуцагчийн гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч буй Баталгаа гаргаж өгөх баримт нь хуулийн дээрх шаардлагад нийцээгүй, зээлийг эргүүлэн төлөх үүргийг хүлээн зөвшөөрсөн баримт гэж үзэх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаанд нь буюу төмөр замын зүтгүүрийн моторын поршин худалдаж авахад нь зориулж шилжүүлсэн хөрөнгөө буцаан авах агуулгатай нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч Б.Б нь төрийн байгууллагад ажилладаг, бизнес эрхэлдэггүй, нэхэмжлэгчийг танихгүй, гадаад улсад албан томилолтоор зорчих үедээ нөхрийнхөө хүсэлтээр нэхэмжлэгчтэй уулзаж, шаардсан бичигт гарын үсэг зурсан гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул тэдний хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Б.Бгаас зээлийн гэрээний үүргийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүхийн энэ тогтоол нь баталгааны бичгийн талаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02856 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 326 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Бгаас “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 63 500 ам.доллар буюу 153 702 385 төгрөгийг гаргуулахыг хүссэн В  -гийн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашцэрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбат нарын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 926 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР     

                           ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД