Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 094

 

С.Болатбек, С.Өмирбек нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 313 дугаар шийдвэртэй, С.Болатбек, С.Өмирбек нарын нэхэмжлэлтэй, М.Мейрамбек, М.Асылбек, М.Ахан нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутай, нэхэмжлэгч С.Өмирбекийн өмгөөлөгч К.Зулхаш, хариуцагч М.Мейрамбекийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып, хариуцагч М.Ахан, М.Асылбек нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай Хаг нуурын өвөлжөө, Мухир гэх газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох, уг газраас М.Мейрамбек, М.Асылбек, М.Ахан нарыг албадан нүүлгэх тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: 1992 онд нэгдэл тарах үед Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг болон Хаг нуурын Мухар хэмээх газарт буй, өвөлжөө битүү хашааг 1994 онд нэгдлээс 8000 төгрөгөөр хувьчилж С. Өмирбек, С. Болатбек нар 5 хүний хувьцааг авсан. Харин М.Мейрамбек, М.Асылбек, М.Ахан нарын талийгаач эцэг С.Мурат нь 2 хүний хувьцаа авсан байсан. Харин С.Мурат нь хувьчлал дутуу гэж маргаж Оралхан гэгчийн хашааны дээврээс 9 хүний хувьцааг нэмж авсан юм. С.Өмирбек, С.Болатбек нарт талийгаач эцэг нь Шар булаг, Хар булаг гэх газарт хувьчлалаар өгсөн хашаа, хороог аваад С.Муратад бэлэгт өгснөөр одоо хүртэл С.Мурат эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд С.Өмирбек, С.Болатбек нар ашиглаагүй болохыг Цэнгэл сумын 1 дүгээр багийн иргэд Бөтиш, Бекболат, Оралхан, Зайтиш нар гэрчилнэ. Шар булаг, Хар булаг-ийн хашаа хороог одоо талийгаач С.Муратын хүүхдүүд М.Мейрамбек, М.Асылбек, М.Ахан нар эзэмшиж, ашиглаж байгаа болно. Харин Мухарт буй өвөлжөөг албан ёсоор эзэмшигч нь С.Өмирбек, С.Болатбек бид нар юм. Мухарт буй Өмирбекийн задгай хашаанд 2011 оноос Муратын хүүхдүүд мал өвөлжүүлдэг болсон юм. Иймд хашаа хорооны багтаамж, бэлчээрийн даац хэтэрсэн учраас С.Муратын хүүхдүүдийг тусгаарлаж өгөх талаар сумын захиргаанд хүсэлт тавьсан ба дээрх залуучууд бидний хэлснийг үл ойшоож байгаа ба удаа дараа бэлчээр дээр манай хүүхдүүдийг зодож эцэст нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бэлчээр дээр М.Мейрамбек нь С.Болатбек миний үхрийг буудсан үйлдэл хийсэн болно. Цааш нь хүн амины хэрэг гарч болзошгүй байна. Иймд Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг Хаг нуурын Мухар гэх газарт байрлалтай өвөлжөөний хууль ёсны эзэмшигч С.Өмирбек, С.Болатбек болохыг тогтоож, уг газраас М.Мейрамбек, М.Асылбек, М.Ахан нарыг албадан нүүлгэхээр шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Миний бие Уах шога овогт Сураганы Нургайып нь иргэн С.Болатбек, С.Өмирбек нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн оршин суугч Муратын Мейрамбекийг төлөөлөн оролцож байна. Нэхэмжлэлтэй танилцаж үзээд түүнд заасан шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэлдээ С.Өмирбек, С.Болатбек нар Шар булаг, Хар булаг гэх газарт байгаа хашаа хороог С.Муратад бэлэглэн өгсөн мэтээр худал зүйл бичсэн байна. Тэрхүү хашаа хороо бүхий газрыг одоо С.Муратын хүүхдүүд эзэмшдэг нь үнэн. Гэхдээ тэнд байгаа хашаа хороо бүхий эзэмшил бүхий газрыг одоогийн хариуцагч нар болон тэдний эцэг талийгаач С.Мурат анх барьж ашиглалтад оруулж байсан байна. Хамгийн түрүүнд хариуцагч нарын эцэг болох талийгаач С.Мурат хадлангийн талбай болгож улмаар хашаа хороо бий болгожээ. Түүнээс биш С.Өмирбек, С.Болатбек нарын бэлэглэсэн хашаа хороо биш бөгөөд тэдэнд огт хамааралгүй байна. Энэ талаар Цэнгэл сумын 1 дүгээр бригадын Засаг дарга асан С.Билимханы 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн, мөн 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн тодорхойлолтуудаар нотлогдож байна.

Харин маргаж буй Мухар Хаг нуурт байгаа хашаа хорооны хувьд нэхэмжлэгч нараас илүүтэйгээр хариуцагч нарын эзэмших хувь нь арай илүү байгаагаас гадна одоо хүртэл тухайн битүү хороог талийгаач Муратын битүү хороо хэмээн тус сумын ард иргэд бүгд нэршдэг байна. Мөн энэ талаар нотлох баримт ч хангалттай байна.

Тухайлбал, 1. Цэнгэл сумын 1 дүгээр бригадын Засаг дарга асан С.Билимханы 1992 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолтоор маргаан бүхий битүү хорооны хувьцааг тодорхойлж өгсөн байна.

2. Тус сумын иргэдийн хашаа хорооны хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээллийг харуулсан хүснэгтийн хуулбар, 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр.

3. Цэнгэл сумын 1 дүгээр багийн Засаг дарга П.Хуанышын 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолтоор маргаан бүхий битүү хорооны хувьцааг тодорхойлж өгсөн байна.

4. Маргаан бүхий битүү хорооны байрлаж байгаа газрыг 1996 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 30 жилийн хугацаатайгаар эзэмшсэн талаарх эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

5. Маргаан бүхий битүү хорооны байрлаж байгаа газрыг 1996 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 30 жилийн хугацаатайгаар эзэмшсэн талаарх эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

6. Мөн тус газар эзэмших гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

7. Маргаан бүхий битүү хорооны хувьцаа эзэмшигч Ж.Оралханаас С.Мурат 5 хүнд ногдох хувьцааг худалдаж авсан болохыг тодорхойлж бичгийн баримт үйлдсэн Т.Долдагийн 2011 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт.

8. 1987 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хаг нуурт байгаа мал өвөлжих нөхцөл алдсан маргаан бүхий битүү хороог ганцаараа засварлан ашиглалтад ашиглах боломжтой болгохын тулд модон материал авч байсан талаарх бичгэн нотлох баримт.

Мөн нэхэмжлэлдээ М.Мейрамбекийг үхэр буудсан тул цаашид хүн амины хэрэг гарч болзошгүй хэмээн бичсэн байна. Үхэр буудсан асуудал нь нийгэмд аюултай үйлдэл болгон тогтоож, гэм буруутайд тооцсон асуудал байхгүй юм. Боломжгүй үйлдэл байсныг прокурорын газраас тогтоож гомдлыг хэрэгсэхгүй болгож байсан. Нэмж ганц зүйл хэлэхэд, энэхүү хашаа хороотой холбогдох адилхан шаардлага бүхий маргааныг тус шүүхээс хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал байгааг анхаарна уу. Иймд нэхэмжлэгч нарын бусдын хууль ёсны өмч, хөрөнгөнд халдах санаархал бүхий нэхэмжлэлийг нь бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 313 дугаар шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Болатбек, С.Өмирбек нарын өвөлжөөний зориулалттай газрын хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоож уг газраас М.Мейрамбек, М.Асылбек, М.Ахан нарыг албадан нүүлгэж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9-р багийн иргэн Ханкелд овгийн Хамайн Хаутай миний бие нэхэмжлэгч С.Өмирбек, С.Бахытбек нарын нэхэмжлэлтэй хариуцагч М.Мейрамбек, М.Асылбек, М.Ахан нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.

Хэргийн нэхэмжлэгч нарын төлөөлж байгаагийн хувьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 313 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж байна. Шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа гомдлын үндэслэлүүд:

Нэхэмжлэгч С.Өмирбект Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн а/79 дугаартай шийдвэрийг үндэслэн 700 м.кв газрыг 30 жилийн хугацаатай 1-р багийн Хаг нуурын Мухарын өвөлжөөнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн болох нь 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр газрын даамлаас олгосон 00569888 дугаартай эрхийн гэрчилгээгээр, С.Болатбект Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаартай шийдвэрийг үндэслэн 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай Цэнгэл сумын 1-р багийн Мухарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн болох нь 2009 оны 9-р сарын 10-ны өдөр газрын даамлаас олгосон 0261176 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тус тус тогтоогджээ гэж шүүх нэхэмжлэгч нарын газар эзэмших гэрчилгээтэй болохыг хүлээн зөвшөөрсөн атлаа хариуцагч М.Мейрамбек, М.Асылбек, М.Ахан нар газар эзэмших гэрчилгээгүй, газрын тухай хуулийн 27-р зүйлийн 27.4-т заасан хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байхад хэргийг хариуцагч нарын талд ашигтай шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч нар нь Нэхэмжлэлийн үндэслэлээ Мухарт байгаа өвөлжөө албан ёсоор эзэмшигч С.Өмирбек, С.Болатбек бид бөгөөд Мухарт бий Өмирбекийн задгай хашаанд 2011 оноос Муратын хүүхдүүд мал өвөлжүүлдэг болсон ба энэ байдлын улмаас хашаа хорооны багтаамж бэлчээрийн даац хэтэрсэн, М.Мейрамбек, М.Асылбек, М.Ахан нар нь удаа дараа бэлчээр дээр манай хүүхдүүдийг зодож эцэст нь 2016 оны 11-р сарын 28-ны өдөр М.Мейрамбек нь С.Болатбек миний үхрийг буудсан үйлдэл хийсэн гэж тайлбарлажээ. Тухайн хашаа хороонд ямар нэгэн маргаан байхгүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарласан байна гэжээ. Гэтэл Мухарт буй өвөлжөөнд С.Өмирбекийн адуу 25, үхэр 24, тэмээ 4, хонь 248 бүгд 423, С.Болатбекийн тэмээ 6, адуу 30, үхэр 18, хонь 204, ямаа 126 бүгд 384, Т.Замьза /талийгаач Муратын эхнэр/ тэмээ 26, адуу 160, үхэр 84, хонь 1310, ямаа 502 бүгд 2082, С.Асылбек 27 тооны мал, М.Мейрамбек 4 тооны мал, бүгд 2839 тооны малыг 2016 оны эцэст дээрх хүмүүс жилийн эцэст тоолуулсан. Энэ жил 900 орчим төл нэмэгдээд 4000 тооны мал өвөлждөг учир бэлчээрийн даац хэтэрсэн, хашаа хорооны багтаамж хүрэлцэхгүй багтахгүй зэргээс болж байна, байна хэрүүл маргаан гардгийг шүүх шийдвэрт уг асуудлыг анхаараагүй орхисныг эс зөвшөөрч байна. Гэтэл анхан шатны шүүх гаргасан шийдвэрт бэлчээрийн даац хэтэрснийг тогтоосон нотлох баримт байхгүй байгаа тул бэлчээрийн даац хэтэрсэн гэж үзэх боломжгүй гэснийг эс зөвшөөрөхгүй байна. Даац хэтэрснийг үүнээс илүү нотлох баримт байхгүй шүү дээ.

Маргаантай хашаа хорооны давуу эрхийг С.Муратад эзэмшүүлэх тухай нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 3-р сарын 23-ны өдрийн 198 дугаартай шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад Мухарын өвөлжөөний эзэмшигч нь С.Өмирбек, С.Болатбек мөн бөгөөд уг өвөлжөөнд талийгаач Муратын хүүхдүүд болох М.Мейрамбек, М.Асылбек, М.Ахан нар газар эзэмших эрхийн гэрчилгээгүй хууль бусаар газар эзэмшиж өвөлжиж байгааг шүүх шийдвэрийн үндэс болгоогүй явдалд зөвшөөрөхгүй байна.

Талийгаач С.Мурат Хаг нуурын Мухарт газар эзэмшиж сууж байсан бөгөөд 2014 оны 1-р сарын 22-ны өдөр нас барсан тул газрын тухай хуулийн 39.1, 39.2-т тус тус зааснаар газар эзэмших эрх нь дуусгавар болсон бөгөөд өв залгамжлалын асуудалд албан ёсоор шийдвэрлэгдээгүй байхад С.Муратын газар эзэмших эрх нь дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй байна гэж анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгосныг зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт М.Мейрамбек нь хамаатан ах С.Болатбекийн үхрийг санаатайгаар гэмтээгээгүй, нохой айлгах гэж будсан сум нь санамсаргүй оносон байх тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй байна гэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна гэжээ. Гэтэл энэ асуудал эрүүгийн хэрэг болохгүй ч гэсэн ах дүү улсууд өвөлжөөнд багтахгүй мал ихтэй, учир бэлчээрийн даац хэтэрснээс болж таарамж муутай болохыг нотолж өгч байгаа асуудал юм. Уг асуудал цаанаа нэг юм хэлээд байгаагийн нотолгоо шүү дээ. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл хэсэгт С.Өмирбек, С.Болатбек нар нь Цэнгэл сумын 1-р багийн нутаг дэвсгэр Хаг нуур Мухар гэх газарт 700 м.кв газрыг тус тус хууль ёсоор эзэмших байгаа нь тодорхой байгаа. Хариуцагч М.Мейрамбек, М.Асылбек, М.Ахан нар нь нэхэмжлэгч С.Болатбек, С.Өмирбек нарын газрыг хууль бусаар эзэмшсэн, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болохоор үйлдэл хийсэн нь тогтоогдохгүй байгаа гэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Муратын хүүхдүүдэд албан ёсны эзэмшсэн эрхийн гэрчилгээтэй өвөлжөө байхгүй, хууль бусаар уг газрыг эзэмшсэн болох нь хавтаст хэргийн материалаар бүрэн нотлогдож байгаа болно. Иймд давж заалдах шатны шүүхээс хүсэх нь:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 313 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож үндэстэй шийдвэр гаргуулахаар анхан шатны шүүхэд буцаан өгөхийг хүсье. гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Хариуцагч М.Мейрамбекийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оргин суудаг Уах шога овогт Сураганы Нургайып би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутайгийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 313 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолтой танилцаж үзэж дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. Учир нь: Хариуцагч М.Мейрамбек, М.Асылбек, М.Ахан нар нь бусдын эзэмшлийн газар нутагт хууль бусаар оршин сууж, эзэмшигчийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа мэтээр бичсэн нь бодит байдалд нийцээгүй байна. Хариуцагч нар хууль бусаар бусдын эзэмшлийн газар нутагт хууль бусаар оршин сууж байгаа гэж үзэх ямар ч үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн гол утга нь хариуцагч нарын эцэг болох талийгаач С.Мурат нь нас барсан учраас түүний нэр дээр байгаа газар эзэмших гэрчилгээ хүчингүй болох ёстой тул хууль бусаар газар эзэмшиж сууж байгаа хэмээн үзэх ямар ч үндэслэлгүй. С.Мурат нас барсан ч гэсэн тухайн түүний эзэмшиж байсан газар, хашаа, хороо байшин алга болчихгүй. Хуульд гэр бүлийн дундын эд хөрөнгө, өв залгамжлал гэх зүйлүүд байдаг бөгөөд хуульд заасан журмаар С.Муратын өв залгамжлагчид болох эхнэр хүүхдүүд нь тухайн өмч хөрөнгийг эзэмшин сууж байжээ.

Нөгөөтээгүүр, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1-д заасны дагуу бэлчээрийн даац хэтэрснийг тогтоосон нотлох баримтууд байхгүй байгаа тул бэлчээрийн даац хэтэрсэн гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын оршин сууж байгаа газарт үзлэг хийсэн бөгөөд уг үзлэгийн тэмдэглэлээс Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1-р багийн нутаг дэвсгэр болох Хаг нуурын мухар гэх газраас нэхэмжлэгч Сүбатын Болатбек нь 2146.4 м.кв газрыг, Сүбатын Өмирбек нь 1045.6 м.кв газрыг тус тус эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нар хуулиар олгосон газраас хэд дахин их газрыг эзэмшиж байгаа нь тогтоогдож байгаа. Тэрхүү хэд дахин их хэмжээгээр эзэмшиж байгаа газарт нь хариуцагч нар ямар нэгэн байдлаар саад учруулаагүй байна.

Нэхэмжлэгч Бура овогтой Субатын Муратад Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаартай шийдвэрийг үндэслэн 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай 1-р багийн Хаг нуурын мухарт гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн болох нь 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр газрын даамлаас олгосон 0305120 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Газрын тухай хуулийн 39.1, 39.1.2-т Газар эзэмших эрх нь газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон тохиолдолд дуусгавар болно гэж заажээ.

 

Хариуцагч нар болох Муратын Мейрамбек, Муратын Асылбек, Муратын Ахан нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч тул газар эзэмшигч С.Муратын газар эзэмших эрх нь дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлдээ М.Мейрамбек нь С.Болатбекийн бэлчээрт байсан үхрийг буудсан талаар дурдсан байна. Энэхүү асуудлыг Цагдаагийн газар шалгасан бөгөөд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын прокурорын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5/550 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолоор Муратын Мейрамбек нь хамаатан ах Субатын Болатбекийн үхрийг санаатайгаар гэмтээгээгүй, нохой айлгах гэж буудсан сум нь санамсаргүй оносон байх тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй байна гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан юм.

 

Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч нар нь гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн 700 м.кв газраас илүү газрыг эзэмшиж байгаа байх ба энэхүү газарт нь хариуцагч нараас ямар нэгэн маргаан гаргаагүй байгаа, нэхэмжлэгч С.Болатбек, С.Өмирбек нар нь Цэнгэл сумын 1-р багийн нутаг дэвсгэр Хаг нуурын Мухар гэх газарт 700 м.кв газрыг тус тус хууль ёсоор эзэмшиж байгаа нь тодорхой байгаа, хариуцагч М.Мейрамбек, М.Асылбек, М.Ахан нар нь нэхэмжлэгч С.Болатбек, С.Өмирбек нарын газрыг хууль бусаар эзэмшсэн, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болохоор үйлдэл хийсэн нь тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгч нарын өвөлжөөний зориулалттай газрын хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоож уг газраас М.Мейрамбек, М.Асылбек, М.Ахан нарыг албадан нүүлгэж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлэхгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй тул шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт орууллаа.

 

Нэхэмжлэгч С.Болатбек, С.Өмирбек нар нь хариуцагч М.Мейрамбек, М.Асылбек, М.Ахан нарт холбогдуулан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хаг нуурын өвөлжөө, Мухир гэх газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох, уг газраас хариуцагч нарыг албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагчид эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт цугларсан, хуульд заасан журмын дагуу шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд, тухайлбал Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000569888, 0261176 дугаартай гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/79 дүгээр захирамж, түүний хавсралт, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, хавсралт, зохигчийн тайлбар, гэрэл зураг зэргийг харьцуулан дүгнэвэл, С.Болатбек нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мухир гэх газарт 700 м.кв талбайтай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар, С.Өмирбек нь тус багийн нутаг дэвсгэрт байрлах Хаг нуурын өвөлжөө гэх газарт 700 м.кв талбайтай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 30 жилийн хугацаагаар тус тус эзэмшдэг бөгөөд нэхэмжлэгч нарын дээрх талбай бүхий газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд нь хариуцагч М.Мейрамбек, М.Асылбек, М.Ахан нар ямар нэгэн байдлаар /барилга байшин, хашаа хороо барих гэх мэт/ саад учруулсан, газар эзэмших эрхийг нь хязгаарласан, зөрчсөн нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар нэхэмжлэгч нарын энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Харин хэрэгт цугларсан нотлох баримтаар, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000569888, 0261176 дугаартай гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/79 дүгээр захирамж, түүний хавсралтаар С.Болатбек нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Мухир гэх газарт 700 м.кв талбайтай газрыг, С.Өмирбек нь тус багийн нутаг дэвсгэрт Хаг нуурын өвөлжөө гэх газарт 700 м.кв талбайтай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус тус эзэмшдэг нь тогтоогдсон байхад нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-т заасан зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.

Гэхдээ давж заалдах шатны иргэний хэргийг шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Болатбек, С.Өмирбек нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутай өөрт нь итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч нарын Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хаг нуурын өвөлжөө, Мухир гэх газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул давж заалдах шатны шүүх уг татгалзлыг баталж, хэргээс нэхэмжлэлийн мөн шаардлагад холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутайн хариуцагч нарыг эрхийн гэрчилгээгүйгээр газар эзэмшиж байгаа, хөрш зэргэлдээ орших айлын малын тоо өссөнтэй холбогдуулан бэлчээрийн даац хэтэрсэн, нэхэмжлэгчийн өмчлөлийн малыг хариуцагч гэмтээсэн зэргээр гомдол гаргасан нь үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Учир нь нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан дээрх үйл баримтууд нь нэхэмжлэгч С.Болатбек, С.Өмирбек нарын газар эзэмших эрхэд саад учруулсан ямар нэгэн нөхцөл байдлыг нотлохгүй байна.

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралгүй Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.-т заасан зохицуулалтыг хэрэглэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 313 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Болатбек, С.Өмирбек нарын хариуцагч М.Мейрамбек, М.Асылбек, М.Ахан нарт холбогдуулан гаргасан эзэмшил газраас хариуцагч нарыг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас газрын хууль ёсны эзэмшигч мөн болохыг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргээс дээрх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК