Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2015/0979/З |
Дугаар | 221/МА2016/0783 |
Огноо | 2016-12-13 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2016/0783
Б.Х нарын 9 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч
Г.Ц-н нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч Б.Х, З.М, Ж.М, нэхэмжлэгч Ж.Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж, нэхэмжлэгч Б.Х, Б.Г, Б.Б, Б.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, нэхэмжлэгч Б.Б, З.М нарын өмгөөлөгч Т.Э, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 756 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Х нарын 9 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 756 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5, 33 дугаар зүйлийн 1, 38 дугаар зүйлийн 1, 39 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн З ХХК-д газар ашиглах зөвшөөрөл олгосон А-337 дугаар тушаал, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Х ХХК-д олгосон А/433 дугаар тушаалаас нэхэмжлэгч Б.Х, Б.Г, Б.Б, Б.М, Ж.Н, Ж.М, Б.Б, З.М нарын 8 иргэний оршин суудаг газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х, Б.Г, Б.Б, Б.М, Ж.Н, Ж.М, Б.Б, З.М нарын 8 иргэний оршин сууж буй газрыг ашиглах эрх олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: 1.Эдгээр иргэд Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу удаан хугацаагаар тухайн газарт амьдарсан байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Газар өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон хууль тогтоомж ялангуяа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдаж 20 гаруй жил үйлчилж байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлал болон судалгаа шинжилгээний зориулалтаас бусад зориулалтаар газар ашиглахыг хориглосон байдаг тул тус бүсэд амьдрах зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл хүссэн иргэдэд газар ашиглах эрх олгодоггүй байсан боловч Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны шийдвэр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 98 дугаартай албан бичгээр БОНХАЖЯ болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хуульд заасан журмын дагуу зөвшөөрөл аваагүй боловч тусгай хамгаалалттай газарт удаан хугацаагаар амьдарч байгаа иргэдэд газар ашиглах зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулах талаар үүрэг өгсөн актууд хууль бус байсан учраас одоо үүсээд байгаа энэ маргаан асуудлууд үүсэн эх үндэс болсон байдаг боловч тухайн үед энэ талаар хэн нэг сонирхогч этгээд тухайн актын талаар гомдол гаргаагүй учраас хэрэгжиж эхэлсэн байдаг.
Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу БОНХАЖС-ын /хуучнаар/ 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/285 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулан Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны 4 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авахгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэгдүүлж, гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулсан байна.
Иргэдийн газрыг бүртгэлдүүлж гэрчилгээжүүлэхдээ
1.Хуулийн дагуу зөвшөөрөл аваагүй боловч тусгай хамгаалалттай газарт удаан хугацаагаар суурьшин амьдарсан
2.Бусад иргэн, хуулийн этгээдэд олгосон газартай давхцаагүй
3.Дулаан болон бусад шугам сүлжээ дээр байрлаагүй, нийтийн эзэмшлийн орц, гарц хаагаагүй гэсэн шаардлагыг хангасан иргэдэд газар ашиглах зөвшөөрөл олгоогүй болохыг нэхэмжлэгч нар 30 гаруй жил тухайн газарт амьдарсан талаар нотолгоо болгон хэрэгт өгсөн байна.
Гэтэл эдгээр иргэд одоо амьдарч байгаа маргаан бүхий газарт 2008, зарим иргэд тухайлбал Мөнхжаргал 2010 онд Мал эмнэлгийн техникумын байранд амьдарч байсан тул үүнээс хойш Б.Г 2011 онд тус хаягт шилжин амьдарсан зэргээр Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрсдийн дураар хашаа барьж, дур мэдэн амьдрахаар сонгосон болохоо шүүх хурал дээр тодорхой ярьсан нь хурлын тэмдэглэлд байгаагийн зэрэгцээ Мал эмнэлгийн техникумаас ирүүлсэн тодорхойлолт, шилжилт хөдөлгөөний бүртгэлийн материалууд хэрэгт авагдсан байгаа болно. Энэ нь иргэд газар өмчлөх, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай хууль тогтоомж батлагдахаас өмнө буюу 1980-аад онд тухайн газарт амьдарч байсан гэж үзэх ямар ч үндэслэлгүйг харуулж байна. Харин тухайн иргэдийн хашааны дугаар бүртгэл нь өөр газарт амьдарч байгаад 2008 онд тухайн маргаан бүхий газар амьдрахдаа шилжүүлэн хэрэглэсэн байж болох үндэслэлтэй байгаа юм.
Иймд Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу тухайн газарт удаан хугацаагаар буюу нэхэмжлэгчдийн баталж байгаа 30 гаруй жил амьдарсан гэх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
2.Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу тухайн иргэд бусад иргэн, аж ахуйн нэгжийн ашиглах зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй байх гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
З ХХК нь 2013 онд Богд хан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл авах хүсэлтээ Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу гаргаснаар маргаан бүхий газрын кадастрын зургийг хийж, тухайн газрыг ашиглах зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон байдаг.
Харин иргэдийн оршин амьдарч байгаа газрыг бүртгэгдүүлж гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах чиглэлийг Засгийн газраас 2015 оны 03 дугаар сард гаргаж зохион байгуулалтын ажлууд 04 дүгээр сараас эхэлсэн байх бөгөөд энэ үед тухайн газрыг З компанид ашиглах эрхийг хуулийн дагуу олгосон байсан буюу өөрөөр хэлбэл хуулийн дагуу ашиглах эрхийг тус компани авсан байсан.
Иймд цаг хугацааны хувьд иргэдэд газар ашиглах эрх олгох асуудал З компанийг газар ашиглах эрх авснаас 1 жил гаруй хугацааны дараа яригдсан асуудал бөгөөд тухайн үед уг газрыг ашиглах эрхийг хууль ёсоор З компани авсан. Харин иргэд газраа чөлөөлж өгөхгүй маргаан үүсгэсэн байдаг тул маргаан бүхий газрыг Засгийн газрын 2015 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу БОНХАЖЯ-аас бусад иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил, ашиглалтын газартай давхцалтай гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргаад байгаа нэр бүхий иргэдэд олгоогүй нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.
3.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Х ХХК-д газар ашиглах эрх олгохдоо БОНХАЖЯ-д холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тусгай хамгаалалттай газарт газар ашиглах түр журмын 3.4 дэх хэсэгт заасан Хамгаалалтын захиргаа болон ... дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн газар ашиглах гэрчилгээ олгоно гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзсэн.
Х ХХК нь газар ашиглах эрх авахтай холбогдох хууль тогтоомжид заасан, эрх бүхий байгууллагаас шаардсан бүх баримт бичгийг цаг хугацаанд нь гаргаж өгсөн бөгөөд харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай компанийн захирал байхгүй баримт бичгийг гаргаж өгч чадахгүй байх хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Харин хариуцагч болох БОНХАЖЯ-д газар ашиглах эрх авахтай холбоотой гаргаж өгсөн баримт бичгүүд байх ёстой. Харин яам тухайн баримт бичгийг гаргаж өгөөгүй нь хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч олон удаа солигдсон, хэрэг шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо нөхцөл байдлыг бие биедээ танилцуулах ажлын залгамж уялдаа холбоогүй байсан гэж үзэхээр байдал шүүх хуралдааны үеэр илт ажиглагдсан. Шүүхийг хүндэтгэн шаардсан нотлох баримтыг төрийн эрх бүхий байгууллага гаргаж өгөх үүрэгтэй боловч үүнийгээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч уг баримт бичгийг гаргуулах хүсэлтийг шүүхээс хүргүүлсэн гэдгийг мэдээгүй, танилцаагүй байсантай холбоотойгоор манай компанийн эрх ашиг зөрчигдөхөд хүрээд байгааг анхаарч үзэхийг хүсч байна.
Х ХХК газар ашиглах эрх авах хүсэлт гаргахдаа холбогдох баримт бичгийг гаргаж өгөөгүй, тухайн баримт бичгүүд БОАЖЯ-д байгаагүй болохыг албан ёсоор эрх бүхий баталгаажуулж ирүүлсэн баримт хэргийн материалд байхгүй байхад тухайн баримт бичиг ирүүлэхийг мэдээгүй, өмгөөлөгч нь оролцож байсан итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хэлээгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үгээр дүгнэлт хийж Х ХХК-д газар ашиглах эрх олгосон БОНХАЖСайдын тушаалыг хууль бус гэж үзсэнд гомдолтой байна.
4.Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын З ХХК-д газар ашиглах эрх олгосон 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 дугаар тушаалыг хүчингүй болгосон гэж тайлбарладаг ч бодит байдал дээр А-337 дугаар захирамжийг хүчингүй болгосон тушаал огт гараагүй байна гээд энэ нь нэхэмжлэгч нарын шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл болно гэж үзсэн байна.
Уг тушаалыг хүчингүй болгосон эсэх талаар хэргийн материалд ямар нэг нотлох баримт байхгүй бөгөөд шүүх хуралдааны үеэр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуухад хүчингүй болгосон байх ёстой гэсэн хариултыг нотолгооны үндэслэл болгосон. Тухайн асуудлын талаар БОАЖЯ-аас ирүүлсэн албан ёстой албан бичиг, нотолгоо хэргийн материалд авагдаагүй байна.
Иймд тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж байгаа тул захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Х, Б.Г, Б.Б, Б.М, Г.Г, Ж.Н, Ж.М, Б.Б, З.М нар нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “З” ХХК болон “Х”-д газар ашиглах зөвшөөрөл олгосон тушаалын нэхэмжлэгч нарын амьдарч буй газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарт газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 дугаар тушаалаар анх “З” ХХК-д Хан-Уул дүүрэг, Зайсангийн аманд 0.8 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулах зөвшөөрөл олгосон байх ба улмаар “З” ХХК нь “Х” ХХК-тай Хөрөнгө оруулах замаар хамтран ажиллах гэрээ байгуулснаар уг газраа шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар “Х” ХХК-д тухайн газрыг ашиглах эрх олгогдсон байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар газар эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх ёстой бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр, хуучин улаан паспорт, Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны тодорхойлолт зэрэг баримтуудаар гуравдагч этгээд “З” ХХК-д газар ашиглуулахаас өмнө нэхэмжлэгч нар маргаан бүхий 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Соёмботын 1 дүгээр гудамжны 50, 51, 52, 52А, 52Б тоот хаягт байрших газарт амьдарч байсан болох нь тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллагаас гуравдагч этгээдэд газар ашиглуулах шийдвэр гаргах үедээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байх шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, тухайн газарт нь үзлэг, хэмжилт хийж, координатжуулах ажлыг хийж гүйцэтгээгүйгээс тухайн газарт амьдарч байсан нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.
Иймд гуравдагч этгээдээс түрүүлж, нэхэмжлэгч нар маргаан бүхий газрыг ашиглаж, амьдран суусан байх тул нэхэмжлэгч нарт маргаан бүхий газрыг ашиглах хууль ёсны ашиг сонирхол, эрх түрүүлж үүссэн гэж үзэх тул “иргэдэд газар ашиглуулах эрх олгох асуудал “З” ХХК-ийг газар ашиглах эрх авснаас хойш яригдсан асуудал учраас гуравдагч этгээд газар ашиглах эрх хууль ёсоор үүссэн” гэх гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай хамгаалалттай газарт Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болохоор заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь цаг хугацааны хувьд харилцан адилгүй суурьшиж, маргаан бүхий газарт гуравдагч этгээдүүдэд ашиглуулахаас өмнө бодитойгоор амьдран сууж байсан болох нь дээрх байдлаар тогтоогдсон байх ба Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Богд хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж байгаа газрыг ашиглах эрхийг олгож, гэрчилгээжүүлэхээр шийдвэрлэснээс үзэхэд нэхэмжлэгч нарын суурьшин амьдарч ирсэн газар нь бусдын ашиглаж буй газартай давхацсан гэх үндэслэлээр тэдгээрт ашиглуулах боломжгүй гэх хариуцагчийн тайлбар үндэсгүй байна.
Нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн амьдарч буй маргаан бүхий газрууд нь гуравдагч этгээдийн газартай давхцалтай болохыг тус яамны тухайн асуудлыг хариуцсан ажлын хэсэг нэхэмжлэгч нарын амьдарч буй газрын хэмжээ тус бүрээр тогтоож, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2015 оны 10/6210 дугаар албан бичгийн хавсралтаар Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлсэн нь хэрэгт авагдсан байх бөгөөд хэргийн оролцогчид байршил болон давхцалын хэмжээний талаар маргаагүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 дугаар тушаалын “З” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас хүчингүй болгож шийдвэрлээгүй байх тул хууль зөрчсөн тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш, энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Шүүх хариуцагчийн гуравдагч этгээдэд газар ашиглуулах шийдвэр нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн учраас гуравдагч этгээдийн гомдолд дурдсанаар өөрт нь холбоотой нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй гэж үзэв.
Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ маргааны үйл баримтад хамааралгүй хуулийн зүйл заалт баримталсан байгааг зөвтгөсөн өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ