Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 095

 

А.Салтанатын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 227 дугаар шийдвэртэй, А.Салтанатын нэхэмжлэлтэй, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгч А.Салтанат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Павел, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Байгалийн гамшгийн улмаас гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсны тэтгэмж 1,200,000.00 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Өлгий сумд болсон байгалийн онц аюултай үзэгдлийн үед А.Салтанат миний өмчлөлийн 10x10 м-ийн хэмжээтэй байшин үерт автагдаж цаашид хүн амьдрах боломжгүй болж нурах аюултай болсон юм. Энэ талаар Баян-Өлгий аймгийн Онцгой Байдлын Газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Акт тогтоох тухай 16 тоот акт гарсан юм. Энэхүү актаар Уг гамшиг ослын улмаас иргэн А.Салтанатын 10х10-ийн хэмжээтэй байшин дотор тал нь усаар дүүрч цаашид амьдрах боломжгүй нурах аюултай болсон болно. 4x3 амбаар усанд автагдаж нурсан байна.

Шинээр барьж буй 2 давхар байшингийн дотор талд нь ус орсон. Уг иргэнд 21659000 /хорин нэгэн сая зургаан зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учирсан байна. Уг хохирлын хэмжээг аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 13-ны А/396 дугаар захирамжийн дагуу үнэлгээ тогтоох ажлын хэсэг гаргасан болно. Холбогдох байгууллагууд тусламж дэмжлэг үзүүлэх нь зүйтэй байна" гэж дурджээ. А.Салтанат надад Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т Онцгой тохиолдлын болон амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж буюу гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон тохиолдолд олгох ёстой юм байна.

Гэтэл би Баян-Өлгий аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нийгмийн халамжийн сангаас 1200000 төгрөг гаргуулахаар холбогдох материалыг өгсөн боловч өгөхгүй чирэгдүүлж байгаа явдалд гомдолтой байна. Одоо өөрт учирсан эдийн хохирлыг арилгуулах үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд нийгмийн халамжийн сангаас 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулан А.Салтанат надад олгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: 1. А.Салтанат нь Ү0213004256 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй 228,32 м2 хоёр давхар байшинтай Ү0213005330 улсын бүртгэлийн гэрчилгээтэй 110 м2 хувийн байшинтай ба эдгээр хоёр байшин нь бүрэн бүтэн ашиглах боломжтой байна.

2. Гамшигт өртсөн ашиглах боломжгүй болсон гэх байшин нь улсын бүртгэлийн гэрчилгээгүй болохыг эзэн А.Салтанат, гэргий Ж.Тамаша нар нь хүлээн зөвшөөрч байна.

3. Аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Онцгой байдлын ахлах дэслэгч Х.Ербуланы гаргасан актад дурдсан 10x10 хэмжээтэй байшин усаар дүүрч цаашид ашиглах боломжгүй гэсэн боловч өнөөдрийн байдлаар А.Салтанатын гэр бүл түүнд амьдарч байна.

4. Мөн А.Салтанатын нурсан гэх байшинг Онцгой байдлын газрын байцагч Х.Ербулан нь 4x3 хэмжээтэй амбаар усанд дүүрч нурсан гэсэн дүгнэлт гаргасан байна.

5. Тухайн үед өөрсдөө авч баталгаажуулсан фото зургаас нурсан гэх байшингийн зураг байхгүй ба нурсан байшингийн зураг гэх нь хувийн байшин гэхээргүй амбаар юм уу гараж байхаар байна. Иймд Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.1 дэх хэсэгт /гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх/ олгохоор заасан ба Өлгий сумын 9 дүгээр багийн иргэн А.Салтанатын өгсөн материалууд нь хуулийн шалгуур үзүүлэлтийг хангахгүй тул нэг удаагийн тэтгэмжийг олгох боломжгүй болно. Харин 9 дүгээр багт болсон үеэр усанд хамгийн бага хохирол учирсан хэдэн айлын нэг мөн байна. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 227 дугаар шийдвэрээр Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.5.1-ийг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас гэнэтийн байгалийн гамшгийн улмаас гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсны тэтгэмж 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч РД:БЗ85011538 Секел овогт Асханбайн Салтанатад олгож,

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч А.Салтанатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас 33500 /гучин гурван мянган аван зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Салтанатад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 227 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Баян- Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезхан би дараах үндэслэлтэй гомдол гаргаж байна. Үүнд: 1. Аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 16 тоот актад гамшгийн улмаас А.Салтанатын 10x10 хэмжээтэй байшин нь усаар дүүрч цаашид хүн амьдрах боломжгүй нурах аюултай гэсэн дүгнэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл А.Салтанатын гэр бүлээрээ тухайн байшинд амьдарч байна; 2. Иргэн А.Салтанатын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт гаргасан хүсэлтийн дагуу 2 удаа ажлын хэсэг томилж газар дээр нь очиж шалгахад байшинд нь ямар нэгэн ан сав, цууралт, суулт үүссэн газаргүй амьдрах бүрэн боломжтой байна. Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч гамшиг болсноос хойш нэг сарын дараа буюу 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр акт гаргасан нь зөвхөн иргэний гаргасан хүсэлтийн дагуу акт үлдсэн байна. Иймд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 227 дугаартай шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргажээ.

 

Иргэн А.Салтанат нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан нийгмийн халамжийн тэтгэмжид 1,200,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл нь Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах, хяналтын улсын байцаагчийн Гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар актад үндэслэгдсэн байх бөгөөд уг актаар 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн орчим Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, уг гамшиг ослын улмаас А.Салтанатын 10х10м-ийн хэмжээтэй байшин нь үерийн усаар дүүрч, цаашид амьдрах боломжгүй, нурах аюултай болсон, 4х3м-ийн харьцаатай амбаар усанд автагдаж нурсан зэрэг үйл баримт тогтоогджээ.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.5.1, 13.6.-д зааснаар гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон өрх, иргэнд онцгой тохиолдлын болон амьжиргааг нь дэмжих мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгох бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай 136 дугаар тогтоолын хавсралтын 6-д дээрх тэтгэмжийн хэмжээг 1,200,000.00 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр тогтоосон байна. Иймд хууль тогтоомжид заасан урьдчилсан нөхцөлийг хангасан тул иргэн А.Салтанат Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид 1,200.000.00 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй ба энэ нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч байгууллагаас А.Салтанатыг бүрэн бүтэн, ашиглах боломжтой 2 давхар байшинтай, ашиглах боломжгүй болсон гэх байшин нь улсын бүртгэлийн гэрчилгээгүй, Онцгой байдлын газрын улсын байцаагчийн актаар А.Салтанатын 10х10м-ийн харьцаатай байшинг ашиглах боломжгүй гэх боловч өнөөдрийн байдлаар А.Салтанатын гэр бүл тус байшинд амьдран сууж байгаа тул Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1.-т заасан мөнгөн тэтгэмжийг олгох боломжгүй гэж тайлбарлах боловч нийтэд илэрхий үйл баримт болох 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт орсон хүчтэй аадар борооны улмаас үүссэн гамшигт ослын дараа буюу 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гаргасан Гамшгаас хамгаалах, улсын хяналтын байцаагчийн актаар А.Салтанатын тухайн үед амьдран сууж байсан гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон нь тогтоогдсон ба тэрээр дараа нь тухайн байшинг засан сайжруулсан, эсхүл өнөөдрийн байдлаар амьдран сууж байгаагаас үл хамааран хууль тогтоомжид заасан тохиолдолд мөнгөн тэтгэмж авах эрхтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч А.Салтанатын хувьд Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.5.1.-т заасан урьдчилсан нөхцөлүүдийг үгүйсгэх нотлох баримтыг хариуцагчаас гаргаж өгөөгүй, түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэл болсон улсын байцаагчийн актыг үгүйсгэж чадаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн боловч тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой маргааны нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тухай Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн заалтыг хэрэглээгүйг зөвтгөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 227 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-т зааснаар А.Салтанатын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2.-т зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,500.00 /гучин гурван мянга таван зуу/ төгрөгийг төрийн сангийн 0100020000941 дугаартай данснаас гаргуулж А.Салтанатад буцаан олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс 33,500.00 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК