Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 123

 

Баян-ӨӨ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бү даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-ӨӨ аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, С овогт А Сын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-ӨӨ аймгийн Х газар /дарга Б.С/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагч Баян-ӨӨ аймгийн Хгазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсны тэтгэмж 1200000 төгрөгийг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэгч А.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ӨӨ сумд болсон байгалийн онц аюултай үзэгдлийн үед А.С миний өмчлөлийн 10x10 м-ийн хэмжээтэй байшин үерт автагдаж цаашид хүн амьдрах боломжгүй болж нурах аюултай болсон юм. Энэ талаар Баян-ӨӨ аймгийн Онцгой Байдлын Газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “Акт тогтоох тухай” 16 тоот акт гарсан юм. Энэхүү актаар “Уг гамшиг ослын улмаас иргэн Ан Сын 10х10-ийн хэмжээтэй байшин дотор тал нь усаар дүүрч цаашид амьдрах боломжгүй нурах аюултай болсон болно. 4x3 амбаар усанд автагдаж нурсан байна. Шинээр барьж буй 2 давхар байшингийн дотор талд нь ус орсон. Уг иргэнд 21659000 /хорин нэгэн сая зургаан зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учирсан байна. Уг хохирлын хэмжээг аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 13-ны А/396 дугаар захирамжийн дагуу үнэлгээ тогтоох ажлын хэсэг гаргасан болно. Холбогдох байгууллагууд тусламж дэмжлэг үзүүлэх нь зүйтэй байна" гэж дурджээ. А.С надад Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т Онцгой тохиолдлын болон амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж буюу гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон тохиолдолд олгох ёстой юм байна. Гэтэл би Баян-ӨӨ аймгийн Х газарт нийгмийн халамжийн сангаас 1200000 төгрөг гаргуулахаар холбогдох материалыг өгсөн боловч өгөхгүй чирэгдүүлж байгаа явдалд гомдолтой байна. Одоо өөрт учирсан эдийн хохирлыг арилгуулах үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд нийгмийн халамжийн сангаас 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулан А.С надад олгох өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-ӨӨ аймгийн Хгазрын дарга Б.С  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус аймгийн ӨӨ сумын 9 дүгээр багт оршин суугч Секел овогт Ан Сын сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу Х газрын дэд дарга К.С, Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн А.Пь нарыг явуулан шалгахад:

1. А.С нь Ү0213004256 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй 228,32м2 хоёр давхар байшинтай Ү0213005330 улсын бүртгэлийн гэрчилгээтэй 110 м2 хувийн байшинтай ба эдгээр хоёр байшин нь бүрэн бүтэн ашиглах боломжтой байна.

2. Гамшигт өртсөн ашиглах боломжгүй болсон гэх байшин нь улсын бүртгэлийн гэрчилгээгүй болохыг эзэн А.С, гэргий Ж.Т нар нь хүлээн зөвшөөрч байна.

3. Аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Онцгой байдлын ахлах дэслэгч Х.Еы гаргасан актад дурдсан 10x10 хэмжээтэй байшин усаар дүүрч цаашид ашиглах боломжгүй гэсэн боловч өнөөдрийн байдлаар А.Сын гэр бүл түүнд амьдарч байна.

4. Мөн А.Сын нурсан гэх байшинг Онцгой байдлын газрын байцагч Х.Е нь 4x3 хэмжээтэй амбаар усанд дүүрч нурсан гэсэн дүгнэлт гаргасан байна.

5. Тухайн үед өөрсдөө авч баталгаажуулсан фото зургаас нурсан гэх байшингийн зураг байхгүй ба нурсан байшингийн зураг гэх нь хувийн байшин гэхээргүй амбаар юм уу гараж байхаар байна. Иймд Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.1 дэх хэсэгт /гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх/ олгохоор заасан ба ӨӨ сумын 9 дүгээр багийн иргэн А.Сын өгсөн материалууд нь хуулийн шалгуур үзүүлэлтийг хангахгүй тул нэг удаагийн тэтгэмжийг олгох боломжгүй болно. Харин 9 дүгээр багт болсон үеэр усанд хамгийн бага хохирол учирсан хэдэн айлын нэг мөн байна гэжээ.

Хариуцагч Баян-ӨӨ аймгийн Хгазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ӨӨ сумын 9 дүгээр багийн иргэн А.С 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр миний амьдарч байсан байшин үерт автсан гэж материал өгсөн. Материал өгсний дараа манайхаас холбогдох хүмүүс газар дээр нь очоод үзсэн. Тухайн үед аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний газрын Халамжийн үйлчилгээний албаны дарга Н тэргүүтэй хүмүүс очиж үзсэн. Дараа нь байгууллага өөрчлөгдөн байгуулагдаж аймгийн Х газар болж өөрчлөгдсөний дараа тухайн өрхүүдэд тэтгэмж олгох асуудлаар ажлын хэсэг гараад миний бие 6-9 дүгээр багт үерт автсан айлуудаар орж үнэлгээ шинжилгээ хийсэн. Тухайн үед нийт 360-аад айл үерт автсан гэсэн судалгаа гарсан бөгөөд үүний нэг нь А.Сын гэр байсан. Хуулийн дагуу гэр оронгүй болсон, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон айлуудад 1200000 төгрөг өгөх боловч А.Сын гэр бүл дараах үндэслэлээр олгох боломжгүй гэж үзэж байна. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр миний бие, газрын дэд дарга С, ӨӨ сумын 9 дүгээр баг хариуцсан мэргэжилтэн Сакен, мэдээлэл технологийн мэргэжилтэн Онгар нарын хамт А.Сын гэрт очсон. Тухайн үед С, Ж.Т нар хүүхдүүдийн хамт гэртээ байсан. Тэгээд байшингийнхаа нөхцөл байдлыг харахад ан сав үүссэн байдал харагдаагүй. Зөвхөн унтлагын болон зочны өрөөний булангууд цантсан байдалтай байсан. Гэхдээ энэ бол өвлийн цагт байж болох асуудал гэж үзсэн. Тэгээд тэдгээр хүмүүсээс танайх үет автсан, гэр орныг чинь цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байна яасан гэж асуухад тавцангаар л ус орж ирсэн, өөр зүйл болоогүй гэж тайлбар өгсөн. Хэрвээ Онцгой байдлын Ерөнхий газрын дүгнэлт гараад ашиглах боломжгүй, нурах аюултай гэсэн дүгнэлт гарсан бол өнөөдөр хүртэл 1,8 жилийн хугацаанд амьдарч байна. Тэрнээс хойш 2 жилийн хугацаанд ямар нэгэн асуудал гараагүй. Өчигдөр гэхэд миний бие өөрөө очоод байдлыг харсан. Тэгэхэд ямар нэгэн өөрчлөлт гараагүй, хэвээр байна. Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 136 дугаар тогтоолоор тухайн тэтгэмжийг авахад бүрдүүлэх 6 төрлийн баримтыг жагсаасан. Үүний хамгийн сүүлд сум хорооны амьжиргаа дэмжих зөвлөлийн шийдвэр гэж зааж өгсөн. Тэгэхээр сум, хорооны амьжиргаа дэмжих зөвлөлөөс А.Сын орон байрны асуудлаар 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тэмдэглэл хөтлөөд хуулийн холбогдох заалтыг хангахгүй байгаа тул А.Сад энэ тэтгэмжийг олгох шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргасан. Амьжиргаа дэмжих зөвлөл уг үндэслээд ийм шийдвэр гаргасан бэ гэвэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдын 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/89 дүгээр тушаалыг үндэслэсэн. Уг тушаалд Амьжиргаа дэмжих зөвлөлийн дүрмийн 1.2-т хүсэлт гаргасан өрхийн бичиг баримт, нөхцөл байдлыг судлан үзээд халамжийн үйл ажиллагаанд хамааруулах эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан. Тэгэхээр Амьжиргаа дэмжих зөвлөл А.Сад уг тэтгэмжийг олгох шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан учир бид нар олгохгүй байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А.С нар нь гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсны тэтгэмж 1200000 төгрөгийг Баян-ӨӨ аймгийн Хгазрын Нийгмийн халамжийн сангаас гаргуулан өрхөд олгож өгөхийг хүсжээ.

 

Нэхэмжлэгч Х.С /БЗ85011538/, Ж.Т /БЮ84061002/ нар нь эрхийн улсын бүртгэлийн Ү-0213004256 дугаартай Баян-ӨӨ аймгийн ӨӨ сумын 9-р баг “Хөх хад” 44-20-а тоотод байршилтай 228.32 м.кв талбайтай хоёр давхар хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй болох нь 2015 оны 6 дугаар сарын 22-ний өдөр олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16:00 цагийн орчимд Баян-ӨӨ аймгийн ӨӨ сумын 9 дүгээр багт мөндөр болон хүчтэй аадар бороо орж үер буусан нь үнэн болох нь Баян-ӨӨ аймгийн УЦУОШАлбаны урьдчилан мэдээлэх товчооны тодорхойлолтоор, мөн Баян-ӨӨ аймгийн ӨӨ сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1/340 дугаартай албан бичгээр болон ӨӨ сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолтоор тус багийн иргэн Х.Сын хашаа байшин үерийн улмаас нурсан, бүрэн гамшигт нэрвэгдэж ашиглагдахааргүй болсон нь тус тус тогтоогдож байна.

 

Улмаар 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16:00 цагийн орчимд Баян-ӨӨ аймгийн ӨӨ сумын нутаг дэвсгэрт хүчтэй усархаг мөндөр орсон, уг хүчтэй мөндрийн улмаас иргэн А.С, Ж.Т нарын хашаа байшин нь үерийн усанд автагдаж байшин гадна тал нь шороонд дарагдан хаалга онгойлгох боломжгүй дотор нь усаар дүүрч хүмүүс усанд боогдсон ба энэ гамшиг ослын улмаас иргэн А.С, Ж.Т нарын шинээр барьж буй 2 давхар байшингийн дотор талд нь ус орсон, уг иргэнд 21650000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Баян-ӨӨ аймгийн Онцгой байдлын газрын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаартай “Гамшиг, аюултай үзэгдэл, осол гаргасан тухай акт”-аар нотлогдож байна. Мөн үерт автагдсан хашаа байшин нь ямар байдалтай байгаа нь нэхэмжлэгч Х.Сын бэхжүүлж авсан фото зургууд болон одоогийн байдлаар байшингийн дотор тал нь ханан сууралт үүссэн, хананууд нь хөлдсөн талаар бэхжүүлсэн зургуудаар тогтоогдож байна.

Баян-ӨӨ аймгийн Онцгой байдлын газрын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаартай “Гамшиг, аюултай үзэгдэл, осол гаргасан тухай акт”-ыг хариуцагч Баян-ӨӨ аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч уг актыг хүчингүй болгосон эсхүл үндэслэлгүй гарсан гэснийг нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг дор дурдсан өрх, иргэнд олгоно”, 13.5.1-д “Гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх”-д мөнгөн тэтгэмж олгохоор тус тус заасан байна.

Монгол улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 136 дугаартай “Тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай” тогтоолын хавсралт “Нийгмийн сангаас олгох зарим тэтгэмж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн хэмжээ”-ний 6-д гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон бол нэг удаа 1200000 төгрөгийн мөнгөн тэтгэмж олгохоор тогтоосон байна. 

 

Нэхэмжлэгч А.С, Ж.Т нарын гаргасан өргөдлийн дагуу Нийгмийн халамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар Х газрын Амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөлөөс газар дээр нь очиж үзсэн болох нь хариуцагч Х газрын хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2018 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн 92 дугаартай албан бичиг, ӨӨ сумын 9 дүгээр багийн Амьжиргааг дэмжих зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 15-ний өдрийн хурлын тэмдэглэл, Аймгийн ХХҮГазрын ажлын хэсгийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдох ба Амьжиргаа дэмжих зөвлөл нь “ 9-р багийн иргэн А.Сын байшин нь одоо хүртэл ашиглаж өөрсдөө амьдарч байгаа цаашид ч ашиглах боломжтой тул тэтгэмж олгохгүй болно” гэж шийдвэрлэснийг нэхэмжлэгч А.С нь эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байх тул хууль тогтоомжид заасан урьдчилсан нөхцөлийг хангасан байна гэж үзлээ.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д “... онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих тэтгэмжийг гэнэтийн аюул, осол, урьдчилсан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрхөд олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч А.С, Ж.Т нарын Баян-ӨӨ аймгийн ӨӨ сумын 9-р баг “Хөх хад” 44-20-а тоотод байршилтай 228.32 м.кв талбайтай хоёр давхар хувийн сууц нь гэнэтийн байгалийн гамшиг болох мөндөр болон хүчтэй аадар бороо орж үер буусны улмаас гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон нь дээрх нотлох баримтаар бүрэн нотлогдож байгаа тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Баян-ӨӨ аймгийн Х газрын Нийгмийн халамжийн сангаас 1200000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.С, Ж.Т нарын өрхөд олгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т “...тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч А.Сын энэ нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч А.Сын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33500 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэхээр заасны дагуу хариуцагч Баян-ӨӨ аймгийн Х газрын санхүүгээс 33500 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А.Сад шүүх хуралдааны товыг шүүхээс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр /баримт №3/ мэдэгдэхэд “шүүх хуралдааны товыг мэдлээ. Би хөдөө явж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй, шүүх хуралдаанд намайг төлөөлөн миний сонгож авсан өмгөөлөгч оролцох болно” гэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.5.1, 13.6-д заасныг баримтлан хариуцагч Баян-ӨӨ аймгийн Хгазрын Нийгмийн халамжийн сангаас 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулж А.С, Ж.Т нарын өрхөд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т зааснаар нэхэмжлэгч А.Сын энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч А.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33500 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Баян-ӨӨ аймгийн Х газрын санхүүгээс 33500 /гучин гурван мянга таван зуун/ төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-ӨӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        К.БҮЛДИРГЕН