Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/30

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Ө.Е

Улсын яллагч С.Б

Хохирогч М.Х 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э  

Шүүгдэгч Д.Г    нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г   д холбогдох эрүүгийн 2125000000401 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Д.Г

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Г    нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн Гок гарден Роүс тауны __   тоотод иргэн М.Х  ын нүүрэн тус газарт нь шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ “Би хохирогчийн нүүрэн тус газарт аягаар цохичихоод шууд гараад явсан. Дараа шинжээчийн дүгнэлттэй танилцахад хохирогчийн нүүрэн олон тооны зүсэгдсэн шарх байсан. Би нэг удаа цохьсон байхад хохирогчид олон удаагийн үйлдлээр гэмтэл учирсан учир би гэмтлийг учруулаагүй” гэв.

 

Хохирогч М.Х   шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ “Г    буюу У  намайг аягаар цохьсон. Тэгээд би ухаан алдсан. Сэрэхэд ганцаараа гэрийнхээ үүдэнд хэвтэж байсан. Нүүрэнд үүссэн сорвио эмчлүүлнэ” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч М.Х  ын “У  миний урд зогсож байгаад шилэн сэнжтэй цайны аягаар миний толгой руу цохисон, яг аль хэсэг гэдгийг мэдэхгүй байна, ямар ч байсан толгой цохих үед нь би ухаан алдаад унасан. Тухайн үед С  гэрийн том өрөөнд байсан, бид хоёрыг харсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Би шөнийн 04 цаг 20 минутын үед сэртэл гэрийнхээ үүдэндээ хэвтэж байсан, тэгээд эмнэлэг рүү очоод зүүн талын хацар хэсэгтээ 5 ширхэг оёдол тавиулсан юм. Би 2021 оны 11 дүгээр сарын 25-наас 26-ны шилжих шөнө архи уугаагүй, зөвхөн пиво л уусан. С , Г    бид гурав нийт 3 ширхэг том пиво уусан, би тэгтлээ айхтар согтоогүй байсан, болсон үйл явдлыг санаж мэдэж байгаа. Харин С , Г    хоёр гаднаас манай гэрт ар араасаа орж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн орж ирсэн. Би гэрийнхээ жижиг өрөөнд найз С тай маргалдсан, гэхдээ хоорондоо зодолдоогүй, нэгийгээ цохиж зодоогүй, би С г цохих гэж байгаад цонхоо цохиод хагалчихсан, гэхдээ шилээр нь С  миний нүүрийг зүссэн асуудал гараагүй, би цонхоо хагалангуутаа том өрөө рүүгээ орчихсон” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-16 дахь тал/,

2. Гэрч Б.С ын “М.Х   нь гэрийнхээ эд зүйлийг эвдэж, сүйтгэх гээд зурагтаа авч шидэх гээд байсан, тэр үед манай дүү Д.Г    гэрээс гарч явах гээд үүдний хэсэгт гутлаа өмсөөд сууж байтал М.Х   түүнийг явуулахгүй, байж бай, чамайг явуулахгүй, миний урд сөгд гээд жаахан дарамтлаад байсан, тэгээд байж байгаад дүү Д.Г    пиво ууж байсан шилэн сэнжтэй цайны аягаар М.Х  ын нүүр хэсэг рүү цохичихоод гэрээс нь гараад зугатаачихсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

3. Д.Г-н  “Тухайн өдөр С  гэх таньдаг ах намайг 22 цагийн үед уулзъя гээд байсан, 22 цагт уулзах байсан боловч би амжаагүй. Унтах гээд орондоо орчихсон байхад над руу С  ах залгаад ГОК гарден хотхонд хүрээд ир гэхээр нь би очсон. Намайг гэр лүү нь ороход С , Х   тэр охин гурав пиво уугаад нилээн муудсан байсан. Намайг ороход тэр танихгүй охин жижиг өрөө рүү орсон, араас нь С  орж мөн араас нь Х   орсон. Тэр хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан, хальт харахад С ыг Х   зодоод байх шиг байсан. Жижиг өрөөнөөс С  ах гарч ирээд том өрөөнд рүү орж ирээд сууж байтал түүний араас Х   гартаа шил барьчихсан, гар нь цус болчихсон байсан. Тэрээр жижиг өрөөнөөсөө гарч ирээд над руу дайраад бүгдийг нь ална гээд байсан, миний хүзүү, баруун талын хацар луу гартаа барьсан шилээрээ хатгаад муу гөлөгнүүд гээд байхаар нь би аймар айгаад гартаа таарсан аягаараа Х  ын зүүн талын шанаа хэсэг рүү нь нэг удаа цохисон, цохих үед аяга хагарсан эсэхийг мэдэхгүй байна. Би шууд гэрээс нь гараад зугатаачихсан юм. Намайг явсны дараа юу болсныг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Г 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 722 дугаартай “М.Х  ын биед зүүн хацарт 4 тооны зүсэгдсэн шарх, нүүр, зүүн мөрний ард олон тооны зулгаралт, нүүр, баруун болон зүүн бугалганд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Зүсэгдсэн шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/

5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Г2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 725 дугаартай “Д.Г-н  биед баруун гарын алга, баруун чихний урд, эрүүний баруун өнцөгт 4 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нт үзүүр ирмэгтэй зүйлийн 4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байж болно” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 35 дахь тал/

6. Хохиорогч, шүүгдэгч нарын гаргаж өгсөн гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Б  дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Г    нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн Гок гарден Роүс тауны __   тоотод иргэн М.Х  ын нүүрэн тус газарт нь шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.Иймд Д.Г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэж буюу 600 000 төгрөгөөр тторгох ялаар шийтгэх, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э    дүгнэлтдээ “хохирогчид учирсан гэмтэл Г-н  үйлдлээр учраагүй. Г    хохирогчийг нэг удаа аягаар цохьсон. Гэтэл хохирогчид олон тооны зүсэгдсэн гэмтэл учирсан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Х  ын “У  миний урд зогсож байгаад шилэн сэнжтэй цайны аягаар миний толгой руу цохисон, яг аль хэсэг гэдгийг мэдэхгүй байна, ямар ч байсан толгой цохих үед нь би ухаан алдаад унасан. Эмнэлэг рүү очоод зүүн талын хацар хэсэгтээ 5 ширхэг оёдол тавиулсан юм. Би гэрийнхээ жижиг өрөөнд найз С тай маргалдсан, гэхдээ хоорондоо зодолдоогүй, нэгийгээ цохиж зодоогүй, би С г цохих гэж байгаад цонхоо цохиод хагалчихсан, гэхдээ шилээр нь С  миний нүүрийг зүссэн асуудал гараагүй” гэх мэдүүлэг, гэрч Б.С ын “Д.Г    гэрээс гарч явах гээд үүдний хэсэгт гутлаа өмсөөд сууж байтал М.Х   түүнийг явуулахгүй, байж бай, чамайг явуулахгүй, миний урд сөгд гээд жаахан дарамтлаад байсан. Тэгээд байж байгаад дүү Д.Г    пиво ууж байсан шилэн сэнжтэй цайны аягаар М.Х  ын нүүр хэсэг рүү цохичихоод гэрээс нь гараад зугатаачихсан” гэх мэдүүлэг, Д.Г-н  “Тэрээр жижиг өрөөнөөсөө гарч ирээд над руу дайраад бүгдийг нь ална гээд байсан. Миний хүзүү, баруун талын хацар луу гартаа барьсан шилээрээ хатгаад муу гөлөгнүүд гээд байхаар нь би аймар айгаад гартаа таарсан аягаараа Х  ын зүүн талын шанаа хэсэг рүү нь нэг удаа цохисон. Цохих үед аяга хагарсан эсэхийг мэдэхгүй байна. Би шууд гэрээс нь гараад зугатаачихсан юм. Намайг явсны дараа юу болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 722 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Г    нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн Гок гарден Роүс тауны __   тоотод иргэн М.Х  ын нүүрэн тус газарт нь шилэн аягаар цохиж, зүүн хацарт 4 тооны зүсэгдсэн шарх, нүүр, зүүн мөрний ард олон тооны зулгаралт, нүүр, баруун болон зүүн бугалганд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Г    болон түүний өмгөөлөгч нар “хохирогчид олон тооны зүсэгдсэн шарх үүссэн. Аягаар нэг удаа цохиход олон тооны гэмтэл учирахгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцэж байх боловч шинжээчийн дүгнэлт, хохирогчид учирсан гэмтлийн шинж, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлахад Д.Г    нь хохирогч М.Х  ыг аягаар цохих үед аяга хагарч хохирогчийн нүүрэн тус газарт нэг дор олон тооны зүсэгдсэн шарх үүссэн байх үндэслэлтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч нь аргагүй хамгаалалт хэрэглэсэн эсхүл цочрон давчидсны улмаас хохирогчийн биед халдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Шүүгдэгч Д.Г-н  үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, сэдэлт, зорилго, шалгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршиг бүрэн нотлогдож тогтоогдсон байна.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Г-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас М.Х  ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гоо сайханы эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ гэсэн боловч нотлох баримтаа ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Д.Г нь торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч М.Х   нь эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А