Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2019/00903

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШШ/281 дүгээр шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр магадлалтай

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Р.Тт холбогдох

“Х” ХХК, “С” ХХК, “Мон-Сэл” ХХК-иудын “Барьцааны гэрээ”, “Барьцаат батлан даалтын гэрээ”-г гэрчилсэн нотариатын 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй,

“Х” ХХК, “С” ХХК-уудын “Барьцааны гэрээ”-г гэрчилсэн нотариатын 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн үйлдлийг хүчингүйд тооцуулах гуравдагч этгээд “С” ХХК-ийн бие даасан шаардлагатай, 

Биелэгдсэн шийдвэрийг цуцлах тухай гуравдагч этгээд “Х” ХХК-ийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, С.Гантогтох нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “С” ХХК-ийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, С.Гантогтох, өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “М” ХХК нь 2004 оны 08 дугаар сард Х болон “С” ХХК-тай харилцан тохиролцож дараах нөхцөлөөр болзолт хэлцэл хийсэн юм.

Үүнд: 1. “С” компанийн Хнаас авсан зээлийг манай “М” компани нь бусад банкнаас зээл авч түүгээрээ төлөх,

2. Үүний тулд Х “С” компанийн үл хөдлөх хөрөнгийг нь барьцаанаас чөлөөлж барьцааны гэрээг нь дуусгавар болгох,

3. “С” компани чөлөөлөгдсөн үндсэн хөрөнгөө манай “М” компанийн нэр дээр шилжүүлэх,

4. Хэрвээ манай “М” компани нь 2004 оны 09 дүгээр сард багтаан бусад банкнаас зээл авч чадахгүй бол “С” компанид үл хөдлөх эд хөрөнгүүдийг нь үл маргах журмаар буцаан шилжүүлэх үүрэгтэйгээр харилцан тохиролцсон юм.

Х нь тус болзлын дагуу үүргээ биелүүлж барьцааны гэрээг дуусгавар болгох тодорхойлолт бичгийг Сэлэнгэ аймгийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн албанд өгсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн алба нь Хны тус тодорхойлолт бичгийг үндэслэн 2004 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “С” компани болон Хны хооронд хийгдсэн барьцааны гэрээг зохих хууль дүрмийн дагуу дуусгавар болгосон юм.

Барьцааны гэрээ нь дуусгавар болж үл хөдлөх хөрөнгүүд нь чөлөөлөгдсөн тул С компани болзолт хэлцлийнхээ дагуу үүргээ биелүүлж чөлөөлөгдсөн эд хөрөнгөө манай Мон-Ап компанид шилжүүлсэн. Ингэж энэ болзолт хэлцлийн дагуу С компанийн Хинд зээл төлөх үүрэг дуусгавар болсон юм. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь ч адилхан дуусгавар болсон билээ. Манай “М” компани нь болзолт хэлцлээр тохиролцсоны дагуу бусад банкнаас 2004 оны 09 дүгээр сард багтаан зээл авах үүргээ хугацаанд нь биелүүлж 2004 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Капитрон банкнаас 200 сая төгрөгийн зээл авахаар болсон юм. Капитрон банк зээлээ манай “М” компанид өгөх гэтэл Х болзолт хэлцлээ зөрчиж Үл хөдлөх эд хөрөнгийн албанд эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг өгөөгүйгээс болж Капитрон банкнаас манай компанийн зээл авах боломжийг хааж хохирол учруулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд байхгүй учраас манай “М” компани Капитрон банктай зээлийн болон барьцааны гэрээ хийж чадаагүй учраас зээлээ авах бүрэн боломжоо алдаж хохирсон юм. Манай “М” компани нь болзолт хэлцлийнхээ үүргийг болзлынхоо хугацаанд бүрэн биелүүлсэн байхад Х нь үндэслэлгүйгээр хүлээн аваагүй юм. Хны зөвшөөрлөөр манай “М” компани нь “С” компанитай хамтран ажиллах гэрээг 2004 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хийсэн байсан юм. Энэ гэрээ нь болзолт хэлцлийн дагуу хийгдсэн хууль ёсны гэрээ байсан бөгөөд гэрээний дагуу тус хөрөнгүүд нь манай “М” компанийн хөрөнгө болсон билээ. Гэтэл Х нь болзолт хэлцэлд заасан үүргээ зөрчиж манай “М” компанийн болзлынхоо хугацаанд гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг хүлээж авалгүй хохирол учруулсан атлаа тэдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг үндэслэлгүйгээр хураан авах гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж одоог хүртэл маргалдаж байгаа нь манай компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар “Мон Апи” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байгаа тул сонирхогч этгээдийн хувьд Х “С” ХХК-ийн хооронд 2003 оны 09 сарын 29-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, мөн өдөр хийгдсэн Х “Мон-Сэл” ХХК-ийн хооронд байгуулсан Барьцаат батлан даалтын гэрээнүүдийг нотриатч Р.Т батлахдаа хууль зөрчсөн тул тухайн гэрээнүүдийг баталсан нотриатчийн үйлдэл нь хууль зөрчсөн тул хүчингүй болгох шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нотариатч Р.Т миний бие тухайн үед 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “С” ХХК, “Х” ХХК нарын хооронд байгуулсан стандарт зээлийн гэрээг нотариатын хуулийн дагуу баталсан. Харин Х, “С” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнүүд нь хуулийн олон зүйл заалт зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Банк хоорондын гэрээг хуулийн дагуу батлаад явдаг байсан. Иймд хуулийн дагуу нотариатаар баталсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Зээлийн гэрээг банк, хуулийн этгээд, хувь хүмүүс, иргэд хоорондоо тохирч, хуулийн дагуу хийгддэг болохоос нотариатч надад ямар нэгэн буруу байхгүй гэж үзэж байна. Би нотариатын үйлдэл хийхдээ банкнаас өөр газрын ямар нэгэн гэрээ хэлцлийг шалгаж хуульд нийцүүлэн баталдаг. Харин Х болон “С” компанийн хоорондын гэрээг Хны хэвлэмэл маягтаар хийсэн, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулсан болохоор нь баталсан. Иймээс тус гэрээ нь хууль зөрчсөн гэж тогтоогдвол Х болон “С” компанийн өөрсдийнх нь буруу болно гэж үзэж байна. Иймээс би хариуцагч болох үндэслэлгүй юм гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан шаардлагадаа: Манай компани Хны өөрийнх нь зөвшөөрлөөр хөрөнгөө “М” ХХК-д 2004 оны 09 сарын 03-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Барьцааны гэрээ нь олон хуулийн заалтыг хууль зөрчин хийгдсэнээс бүх хөрөнгө барьцаанд орсон. Х гэрээгээр тохирсон зээлээсээ 40 сая төгрөгийг хасаж олгосноос өөр газраас зээл авах боломж хаагдсан. Барьцааны гэрээ хуулийн заалтуудыг зөрчин хийгдсэн байхад нотариатч баталсан нь буруу тул Х болон манай компанийн хооронд байгуулсан 2003 оны 09 сарын 29-ний өдрийн Барьцааны гэрээний нотриатынбаталгааг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргаж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэлд дурдсан барьцааны гэрээ нь Хны Сэлэнгэ салбараас “С” ХХК эь 2003 оны 09 сарын 29-ны өдөр 60 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг авахад хийгдсэн гэрээний хүрээнд хийгдсэн барьцааны гэрээ бөгөөд зээлийн барьцааны үл хөдлөх хөрөнгүүд нь эрхийн бүртгэлд бүртгэгдсэн. Энэхүү нэхэмжлэлийн маргааны зүйл болоод байгаа барьцааны гэрээг Улсын дээд шүүхийн 2008 оны 10 сарын 07-ны өдрийн 469 дугаартай Тогтоолоор банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр байхад тухайн гэрээг хүчингүй болгуулахаар шүүхэд дахин маргаан үүсгэсэн байгаа тул манай банкны эрх ашиг хөндөгдөхөд хүрээд байна. Шүүх Хны эрх ашгийг хандсан шийдвэрүүд гаргасан бөгөөд түүнийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж хүчингүй болгосон гэтэл шүүхийн 2014 оны 07 сарын 29-ны өдрийн 322 тоот шийдвэрээр Хны барьцаа хөрөнгүүдийг “М” ХХК өмчлөлд шилжүүлэн авсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т зааснаар биелэгдсэн шийдвэрийг цуцлах тухайшаардлага гаргаж байна

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШШ/281 дүгээр шийдвэрээр: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан Х “С” ХХК-ний хооронд 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан барьцааны гэрээ, Х “Мон-Сэл” ХХК-ний хооронд 2003 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан барьцаат батлан даалтын гэрээг 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тус тус гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангийн биелэгдсэн шийдвэрийг цуцлах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч “М” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтуяа нь Х “С” ХХК-ний хооронд 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Г.Энхтуяа, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “С” ХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Таас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын сарын 17-ны өдрийн 2018/ШШ/281 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг:

1. “Нотариатын тухай хуулийн /1997 он/ 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Х”, “С” ХХК-ийн хооронд 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан барьцааны гэрээ, “Х”, “Мон-Сэл” ХХК-ний хооронд 2003 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан барьцаат батлан даалтын гэрээг 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тус тус гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсугай.” гэж,

3 дугаар заалтыг:

3. “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтуяа нь “Х”, “С” ХХК-ийн хооронд 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталсугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, С.Гантогтох нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” байх тул шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гардаж авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлыг гаргаж байгаа болно.

Нэгдүгээрт: Нэхэмжлэгч Хны барьцааны гэрээ, барьцаат батлан даалтын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2008 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 469 тоот тогтоолоор нэгэнт үнэлж дүгнээд, уг гэрээнүүд нь хуулийн хүчин төгөлдөр болохыг нь тогтоосон шүүхийн эцсийн шийдвэр гарсан, энэхүү тогтоолыг эс зөвшөөрч “С” ХХК-ийн өмгөөлөгч Л.Доржпүрэвийн Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гаргасан гомдолд өргөдлийн хариуг өгсөн 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 6/611 тоот албан бичиг, мөн хариуцагч “С” ХХК-ийн “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг хянуулах тухай хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзах” тухай 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн и/90 тоот шүүхийн тогтоолууд нь хуулийн хүчин төгөлдөр хэвээр байхад 1 асуудалд 2 шийдвэр гаргасан нь ИХШХШТХуулийн 40-р зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэн хуулийн заалтыг ноцтойгоор зөрчсөн.

Хоёрдугаарт: Банкны барьцааны эрхийн талаар маргах, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Анх банкнаас зээлийг судалж, зээлийг олгохдоо “С” ХХК-нд олгосон бөгөөд уг компанийг төлөөлж компанийн захирал Д.Бямбасүрэн үндсэн зээлдэгчээр, хамтран зээлдэгчээр иргэн Г.Энхтуяа тус тус оролцож зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Эндээс үзэхэд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрх бүхий этгээд нь “С” ХХК болон иргэн Г.Энхтуяа нар болно. Гэтэл гэрээний оролцогч бус “М” ХХК нэхэмжлэл гаргасан байгаа нь ИХШХШТХ-ийн 65-р зүйлийн 65.1.5-д заасан хуулийн заалтыг зөрчиж “Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл” гаргасан гэж үзэж байна.

Гуравдугаарт: Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгтээ “...Х “С” ХХК-иудын хооронд байгуулсан 2003.09.29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой, “М” ХХК-ийн нэр дээр шинээр бичигдсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох тухай маргааныг шүүх шийдвэрлэсэн бөгөөд” гэж дүгнэсэн атлаа Х “С” ХХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээ, Х “Мон-Сэл” ХХК-ийн хооронд байгуулсан барьцаат батлан даалтын гэрээний нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахтай холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлээгүй тухай маргааныг шүүх шийдвэрлэсэн тухай хэрэгт энэ талаар холбогдох баримт ирүүлээгүй тул тухайн маргааныг урьд шийдвэрлэсэн, шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь уг маргааны асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байтал шүүхийн шийдвэрлэсэн шийдвэрээс талуудын хооронд байгуулсан барьцаат батлан даалтын гэрээний нотариатын үйлдлийг хүчингүй болгоогүй гэж дүгнэсэн нь шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг үгүйсгэж байгаатай нэгэн адил бөгөөд ИХШХШТХуулийн 40-р зүйлийн 40.4-д заасан “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэн хуулийн заалтыг ноцтойгоор зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Дөрөвдүгээрт: Давж заалдах шатны шүүхээс гомдол гаргасан тал буюу бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Хны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй шийдвэрлэсэн нь ИХШХШТХуулийн 77-р зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, С.Гантогтох нарын хувьд заавал биечлэн оролцох талаар давж заалдах гомдолдоо дурдсан байтал шүүхээс 70362445, 99350459 дугаарын утсаар мэдэгдсэн гэх боловч мэдэгдээгүй хэргийг шийдвэрлэсэн зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШШ/281 дугаартай шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

“М” ХХК нь Р.Тт холбогдуулан “Х” ХХК, “С” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ” мөн “Х” ХХК, “Мон-Сэл” ХХК-н хооронд байгуулагдсан “Барьцаат батлан даалтын гэрээ”-г гэрчилсэн 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулах  нэхэмжлэл гаргасан.  Гуравдагч этгээд “С” ХХК нь Р.Тт холбогдуулан бие даасан шаардлага гаргаж Хтай байгуулсан “Барьцааны гэрээ”-г гэрчилсэн нотариатын 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн үйлдлийг хүчингүйд тооцуулахыг хүссэн байна. Гуравдагч этгээд “Х” ХХК нь “М” ХХК, Р.Т нарт холбогдуулан бие даасан шаардлага гаргаж, биелэгдсэн шийдвэрийг цуцлахыг шаарджээ.

Р.Т нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн шаардлагыг эс зөвшөөрч, нотариатын үйлдлийг хуулийн дагуу хийсэн гэж, “М” ХХК нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагуудыг үндэслэлгүй гэж тус тус маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэл болон “С” ХХК-ийн бие даасан шаардлагыг тус тус хангаж, “Х” ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Зээлийн гэрээ”-г гэрчилсэн нотариатын 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн үйлдлийг хүчингүйд тооцуулах шаардлагаасаа татгалзсныг дурдаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

Хяналтын журмаар гаргасан “Х” ХХК-ийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Хоёр шатны шүүх “М” ХХК-ийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.

Нотариатын тухай /1997 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн .3.-т зааснаар нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох асуудлыг нотариатчийн буюу сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх шийдвэрлэнэ.

“М” ХХК нь “Х” ХХК, “С” ХХК-иудын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”, “Барьцааны” гэрээ мөн “Х” ХХК, “Мон-Сэл” ХХК-иудын хооронд байгуулсан “Барьцаат батлан даалтын гэрээ”-г гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгохыг шаардсан боловч нэхэмжлэгч нь уг гэрээнүүдийн оролцогч аль нэг тал биш байна.

Түүнчлэн, дурдсан гэрээнд нэхэмжлэгчтэй холбоотой ямар нэг заалт байхгүй байна. Өөрөөр хэлвэл, нотариатч дээрх гэрээг гэрчилснээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч хожим зээлийн барьцаанд барьцаалсан эд хөрөнгийн өмчлөгч болсон нь нотариатчийн үйлдэлтэй холбоогүй тул “М” ХХК-н эрх ашиг хөндөгдсөн гэж үзэхгүй.

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

Хэрэгт авагдсан баримтаар нотариатч гэрээг гэрчилснээр “М” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэх байдал тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийг хангасан нь буруу болжээ. 

Нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний оролцогч “С” ХХК, “Х” ХХК-иас гадна “Мон-Сэл” ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байх боловч уг байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, “М” ХХК нь тус хуулийн этгээдийг хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргаагүй байгааг шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Х” ХХК-ийн энэ тухай гомдлыг үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. “С” ХХК нь “Х” ХХК-тай байгуулсан “Барьцааны гэрээ”-г 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар бие даасан шаардлага гаргажээ.

“С” ХХК шаардлагын үндэслэлээ: “...”Барьцааны гэрээ” нь... хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, барьцаалуулагчийн эрх ашиг сонирхлыг илтэд хязгаарласан байхад гэрээг гэрчилсэн...мөн гэрчлэхдээ эрх үүргийг тайлбарлаж өгөх, гэрээнээс үүдэн гарах үр дагаврыг урьдчилан сануулах, тайлбарлаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүйгээс гадна үйлчлүүлэгчийн бичиг баримт хуульд нийцэж байгаа эсэх мөн үйлчлүүлэгч нарын дэргэд нотариатын үйлдлийг хийх үүргээ биелүүлээгүй, гэрээг гэрчлэх үйлдэл хийхээс татгалзах байтал үйлчлүүлэгч талуудыг оролцуулалгүй гэрээг гэрчилсэн...” гэж марган нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахыг хүссэн байна.

Нотариатын тухай /1997 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 2-ын 1-т “... нотариатч... хэлцэл, гэрээ, итгэмжлэлийг гэрчлэх үйлдэл хийх...” талаар, 24 дүгээр зүйлийн 1-т “...үйлчлүүлэгч, түүний эрх залгамжлагч болон итгэмжлэгдсэн иргэн, хуулийн этгээд нь бичиг баримтыг гэрчлүүлэх эрхтэй гэдгээ нотлох...” талаар, 28 дугаар зүйлийн 1-т “... нотариатч нь нотариатын үйлдэл хийлгэхийг хүссэн үйлчлүүлэгчдийн хувийн байдлыг түүний иргэний паспортыг үндэслэн тогтоох...” талаар, 32 дугаар зүйлийн 1-ийн 4-т “... үйлчлүүлэгч нь төлөөлөх эрхгүй байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзах..” талаар тус тус зохицуулжээ.

Нотариатч Р.Т нь “Х” ХХК, “С” ХХК-иудын хооронд байгуулсан “Барьцааны гэрээ”-г гэрчлэхдээ үйлчлүүлэгчийн хувийн байдлыг шалгаагүй, гэрээний талууд байхгүй байхад гэрээг гэрчилсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх бөгөөд энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Нотариатын тухай хуулийн /1997 он/ дээрх зүйл заалтад нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул энэ тухай гомдол үндэслэлгүй байна.

3. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.

Хэргийн 3 дугаар хавтас, 99 дүгээр талд авагдсан Шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09:30 цагт хуралдах давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны товыг “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12:35 цагт, С.Гантогтоход 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09:42 цагт тус тус мэдэгдсэн талаар тэмдэглэгдсэн байх бөгөөд үүнийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байна.

“Х” ХХК-иас гаргасан “хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт”-г  нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй тул шүүх хуралдааны тов хүргээгүй, шүүх хуралдаанд оролцох хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн гэх гомдол үндэслэл юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан “Х” ХХК-ийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.

“Х” ХХК-ийн бие даасан шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосонд гомдол гараагүй тул хяналтын шатны шүүхээс уг шаардлагын талаар дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШШ/281 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нотариатын тухай хуулийн /1997 он/ 32 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан “С” ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж, “Х” ХХК, “С” ХХК-иудын хооронд байгуулсан “Барьцааны гэрээ”-г гэрчилсэн нотариатын 2003 оны 09 дүгээр  сарын 29-ний өдөр үйлдлийг хүчингүйд тооцсугай” гэж, 3 дахь заалтын “...татгалзсныг дурьдсугай” гэснийг “...татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Нотариатын тухай хуулийн /1997 он/ 32 дугаар зүйлийн 3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Р.Тт холбогдох “Х” ХХК, “С” ХХК-ийн хооронд байгуулсан “Барьцааны гэрээ”, “Х” ХХК, “Мон-Сэл” ХХК-иудын хооронд байгуулсан “Барьцаат батлан даалтын гэрээ”-г 2003 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, С.Гантогтох нарын гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.УНДРАХ

                           ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД