Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 109

 

Д.Э-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00185/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч  С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 536 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч Д.Э-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.С-,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд тус тус холбогдох 

           “Дархан-Уул аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч сонгох ээлжит сонгуулд нэр дэвшин өрсөлдөхөд учирсан хохирол 15.601.000 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, хариуцагч Г.С-,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.  

            Нэхэмжлэгч Д.Э-аас:

            Миний бие 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болсон Дархан-Уул аймгийн Иргэнийн хурлын төлөөлөгч сонгох ээлжит сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвшин өрсөлдөн ард иргэдийн итгэлийг хүлээн төлөөлөгчөөр сонгогдсон юм. Гэтэл тухайн үеийн Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны дарга Г.С- хууль бус шийдвэр гаргасны улмаас уг ээлжит сонгууль хүчингүй болж тус тойрогт дахин сонгууль явуулах болсон. Би сонгуульд нэр дэвшин өрсөлдөхдөө 15.601.000 төгрөгийн зардал гаргасан. Энэ нь санхүүгийн баримтаар тогтоогдож байгаа тул буруутай албан тушаалтан Г.С- хариуцах ёстой. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 48 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 404 магадлалаар нотлогдож байх тул Г.С- болон Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос 15.601.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

            Хариуцагч Г.С-гаас:

            Нэр дэвшигчийн зүгээс сонгуулийн хорооны шийдвэрт нэхэмжлэл гаргаж Захиргааны хэргийн шүүхэд хандахад сонгуулийн хорооны гишүүн, дарга, нарийн бичгийн дарга хэн нэгнийг буруутай, хэн нэгний хууль ёсны эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж тогтоолд заагаагүй, зөвхөн сонгуулийн хорооны хурлаас гаргасан тогтоолын холбогдох заалтыг хүчингүйд тооцохыг даалгасан. Аймгийн сонгуулийн хорооны гишүүд хэн нэгнийг хохироох хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчих ямар нэгэн үйлдэл санаа зорилго гаргалгүй зөвхөн хуулийг дээдэлж хэрэгжүүлж ажилласан бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 27.2, 27.3, 27.4 дэх заалтыг хэрэгжүүлж ажилласны төлөө гишүүдийг ялгаварлаж хэн нэгэнд нь бурууг тохож буруутай гэмтэйгээр тооцож нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна.

            Байнгын бус ажиллагаатай аймгийн Сонгуулийн хорооны хурлын шийдвэр буруу захиргааны акт гаргасны төлөө хэн нэгэн хүн хохирсон гэж тогтоогдоогүй тул бид нэхэмжлэлд дурдсан зардлыг төлөх ёсгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос:

            Сонгууль зохион байгуулах ажиллагаанд Сонгуулийн хорооны хууль бус шийдвэр гаргасан нь Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсоны улмаас 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит сонгуулийн холбогдох хэсгийн дүнг хүчингүйд тооцож дахин сонгуулийг 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр болох сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуультай хамт нэг өдөр зохион байгуулах шийдвэрийг гаргаж татан буугдсан болно.

            Иймд УИХ-ын болон аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 554 тоот Аймгийн сонгуулийн хороог татан буулгах тухай албан бичгээр татан буугдсаныг мэдэгдсэн тул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 68 дугаар тогтоолоор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах чиг үүрэгтэй байгуулагдсан сонгуулийн хороо нь хариуцагчаар татагдах үндэслэлгүй гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 536 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлан  нэхэмжлэгч Д.Э-ы “хариуцагч Г.С-, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос нийт 15.601.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.955 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн   шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг дараах байдлаар зөрчсөн.  Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн  5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороог нэхэмжлэлийг хариуцах хариуцагч биш хэмээн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Аймгийн Сонгуулийн хороонд холбогдох хэсгийг хүчингүй болгож гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.                                                           

ХЯНАВАЛ:

Анхан шатны  шүүхийн  шийдвэр хууль ёсны бөгөөд  үндэслэл бүхий байх хуулийн  шаардлагыг  хангасан байна.

Шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг   хуульд  заасан журмын  дагуу  явуулж,  хуулийг  зөв тайлбарлан  хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Д.Э- хариуцагч Г.С-, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд  холбогдуулан  дахин сонгуульд  зарцуулсан  зардал 15.601.000 төгрөгийг  гаргуулахаар   шаарджээ.

Хариуцагч Г.С-  нэхэмжлэлийг эс зөвшөөрч, сонгуулийн хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй  байгуулагдсан, асуудлыг  нийт бүрэлдэхүүний  гуравны хоёроос доошгүй  ирцтэйгээр, оролцсон гишүүдийнхээ  ердийн  олонхоор  шийдвэрлэдэг, үйл  ажиллагаандаа сонгуулийн хуулийг баримталж  ажилласаны төлөө  гишүүдийг ялгаварлаж хэн нэгэнд нь  бурууг тохож  нэхэмжлэл гаргасанд  гомдолтой байна  гэж,

Хариуцагч  Дархан-Уул  аймгийн Сонгуулийн  хороо нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч,  Аймгийн сонгуулийн хороог  Монгол улсын Сонгуулийн  Ерөнхий Хорооны  2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор УИХ-ын болон аймгийн ИТХ-ын 2016 оны  ээлжит сонгуулийг орон нутагт  зохион байгуулах  чиг  үүрэгтэйгээр  байгуулагдсан, 2016 оны 06 дугаар  сарын 29-ний өдрийн ээлжит сонгуулийн  холбогдох хэсгийн дүн  хүчингүйд  тооцогдсоны улмаас  дахин сонгуулийг  2016 оны  10 дугаар сарын 29-ний өдөр болох сумын ИТХ-ын  ээлжит сонгуультай хамт  зохион байгуулах  шийдвэр гаргаж,  татан буугдсан  тул  хариуцагчаар  татагдах  үндэслэлгүй  гэж тус тус  маргажээ.

Анхан шатны шүүх тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн  бөгөөд  үндэслэлдээ:  Сонгуулийн Ерөнхий хорооны  тогтоолоор байгуулсан  аймгийн  Сонгуулийн хорооны  гаргасан шийдвэрийн  үр  дагаврыг  Г.С- болон аймгийн  Сонгуулийн хороо хариуцах  хууль зүйн үндэслэл байхгүй  гэж  заажээ.

Дээрх шийдвэрийг нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч  эс зөвшөөрч  Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас  Дархан-Уул аймгийн сонгуулийн  хороог  хариуцагч  биш гэсэн тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн  1 дэх заалтын аймгийн Сонгуулийн хороонд холбогдох хэсгийг  хүчингүй  болгуулахаар  давж заалдах  гомдол  гаргасан  байна.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн  2016 оны   06  дугаар сарын 08- ны өдрийн 48 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны  шүүхийн  2016 оны  06 дугаар сарын 21-ний өдрийн 221\МА2016\0404 дүгээр магадлалаар  тус сонгуулийн хорооны,  9 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигч  Г.Батбаярыг нэрийн  жагсаалтаас хасах  тухай  Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн  12 дугаар тогтоолын  холбогдох хэсгийг хүчингүй болгосон,

Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн  хурлын тэргүүлэгчдийн  2016  оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 68 дугаар тогтоолоор  аймгийн Сонгуулийн хороог нэр бүхий 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, Ч.Энхбатыг  даргаар баталсан, уг  сонгуулийн хорооны  2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаар  тогтоолоор өмнөх  сонгуулийн хорооны  16 дугаар тогтоолын  3 дахь  хэсгийн ...Д.Э-... нарт холбогдох хэсгийг хүчингүйд  тооцож,   2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн  19 тогтоолоор  дахин сонгуулийн тов  зарлаж, 2016 оны 10 дугаар сарын  29-ний өдөр  болсон  сонгуулиар  Д.Э-  аймгийн иргэдийн   төлөөлөгчөөр сонгогдсон  байна.

Нэхэмжлэгч нь  Дархан-Уул  аймгийн  Сонгуулийн хороо  болон  иргэн Г.С-  нарыг  хариуцагчаар  татсан.

Дархан-Уул аймгийн сонгуулийн хороог  Сонгуулийн  Ерөнхий  хорооны  2016 оны  08 дугаар сарын 31-ний  өдөр  татан буулгасан,   Г.С-  нарын нэр бүхий  9 хүнийг  Дархан-Уул  аймгийн  сонгуулийн хорооны гишүүнээр Сонгуулийн  ерөнхий хорооны  шийдвэрээр  байгуулсан.

Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-г  зөв   хэрэглэж, эрх зүйн  үр дагаврыг  татан буугдсан Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо  хариуцахгүй  гэж  үзсэн нь хууль зөрчөөгүй.

            Сонгуулийн тухай хуулийн  24 дүгээр зүйлийн  24.2-т  “Сонгуулийн  байгууллага нь  сонгуулийн төв байгууллага, аймаг, нийслэлийн сонгуулийн байгууллага, сум, дүүргийн сонгуулийн байгууллага, гадаад улсад  байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах  салбар комисс”, 24.3-т  “Сонгуулийн байгууллага нь  байнгын болон  байнгын бус  ажиллагаатай байна.” 24.4-т “Сонгуулийн төв байгууллага нь байнгын  ажиллагаатай  төрийн байгууллага байна.”,  24.5-д “Сонгуулийн төв байгууллагаас бусад сонгуулийн байгууллага нь байнгын  бус ажиллагаатай байх бөгөөд энэ хуульд өөрөөр заагаагүй бол байгуулсан этгээд татан буулгах тухай шийдвэр гаргаснаар үйл ажиллагаа нь  дуусгавар болно” гэж  тодорхойлжээ.

Иймд Захиргааны ерөнхий хууль, Сонгуулийн  хуульд зааснаар  Дархан-Уул   аймгийн Сонгуулийн хорооноос хохирол гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдол нь хангагдах  үндэслэлгүй  байна  гэж  дүгнэлээ.

            Энэ нэхэмжлэлд хариуцагчаар өөр этгээд татагдахаар байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хариуцагчийг солих боломжтой.

            Иймд нэхэмжлэгчийн сонгосон хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар  зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын  давж заалдсан гомдлыг хангахгүй  орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 536 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 235.955 төгрөг төлсөнийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ            

                               ШҮҮГЧИД                                                  С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                  С.ЭНХЖАРГАЛ