Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 536

 

Нэхэмжлэгч Д.Элдэвсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...миний бие Д.Элдэвсайхан нь 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болсон Дархан-Уул аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч сонгох ээлжит сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвшин өрсөлдөн ард иргэдийн итгэлийг хүлээн төлөөлөгчөөр сонгогдсон юм.

Гэтэл тухайн үеийн Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны дарга Г.Соёлмаа хууль бус шийдвэр гаргасны улмаас уг ээлжит сонгууль хүчингүй болж тус тойрогт дахин сонгууль явуулах болсон. Би тус сонгуульд нэр дэвшин өрсөлдөхдөө 15,601,000 төгрөгийн зардал гаргасан.  Энэ нь санхүүгийн баримтуудаар тогтоогдож байгаа ба буруутай албан тушаалтан Г.Соёлмаа хариуцах тул Монгол Улсын үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.  Дархан-Уул аймгийн сонгуулийн хорооны дарга асан Г.Соёлмаа хууль бус шийдвэр гаргасан нь Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 48 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2016/0404 дугаар магадлалаар нотлогдож байгаа болно. Иймд Г.Соёлмаа болон Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос нэхэмжилж байна.” гэжээ.

 

Хариуцагч Г.Соёлмаа нь шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Аймгийн Сонгуулийн хорооны гишүүд сонгуулийн тухай хуулийн үзэл баримтлалыг барьж ажилласан бөгөөд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэж сонгуулийн тухай хуулийнд  заасан нөхцөл байдал илэрсний улмаас сонгуулийн хуулийн холбогдох  заалтуудыг баримтлан нэр дэвшигчдийг бүртгэх нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасах эсэхийг хурлаар хуралдаж  олонхийн саналаар шийдвэрлэн тогтоол гаргаж албажууласан. Энэ нь төрийн байгууллагаас гаргасан  захиргааны акт шийдвэр гэж ойлгож байгаа. Сонгуулийн хуулийн дагуу байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын тогтоол шийдвэрийн дагуу сонгуулийн үйл ажиллагааг  зохион байгуулж сонгуулийн дүнгэ аймгийн ИТХ-д өргөн мэдүүлсний дагуу ИТХ-аар баталгаажиж төлөөлөгчөөр тооцогдсон байгаа.  Хэрвээ гомдол маргаантай гэж үзсэн бол Сонгуулийн дүнг ИТХ-аар баталгаажихын өмнө  холбогдох газарт нь  гаргаж сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байж болох байсан.

Нэр дэвшигчийн зүгээс сонгуулийн хорооны шийдвэрт нэхэмжлэл гаргаж Захиргааны хэргийн шүүхэд хандахад сонгуулийн хорооны гишүүн дарга нарийн бичгийн дарга хэн нэгнийг буруутай, хэн нэгний хууль ёсны эрх эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж тогтоолд заагаагүй, зөвхөн сонгуулийн хорооны хурлаас гаргасан тогтоолын холбогдох заалтыг хүчингүйд тооцохыг даалгасан.

Сонгуулийн тухай хуулийн 28.2, 29.2 дахь заалтуудын дагуу аймгийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байсан Г.Соёлмааг аймгийн сонгуулийн хорооны даргын үүрэгт  ачлаас чөлөөлөгдөх хүсэлт тавьсаар байтал шийдэж өгөөгүй СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, сонгуулийн чиг үүргээ хэрэгжүүлж байх хугацаанд  үндсэн ажлаас нь чөлөөлсөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нарт холбогдох хуулийн заалтуудын дагуу хариуцлага тооцох үндэслэл байгааг анхаарч үзнэ үү.

Аймгийн Сонгуулийн хорооны гишүүд хэн нэгнийг хохироох хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчих ямар нэгэн үйлдэл санаа зорилго гаргалгүй зөвхөн хуулийг дээдэлж хэрэгжүүлж ажилласан бөгөөд сонгуулийн тухай хуулийн 27.2, 27.3, 27.4 дэх заалтыг хэрэгжүүлж ажилласных нь төлөө гишүүдийг ялгаварлаж хэн нэгэнд нь бурууг тохож буруутай гэмтэйгээр тооцож өргөдөл нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна.

Байнгын бус ажиллагаатай аймгийн Сонгуулийн хорооны хурлын шийдвэр буюу захиргааны акт гаргасны төлөө хэн нэгэн хүн хохирсон гэж тогтоогдохгүй тул бид нэхэмжлэлд дурдсан зардлыг төлөх ёсгүй гэж үзэж байна.

 Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйийн 31.1-д Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь тухайн аймаг, нийслэлийн хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулна.

Сонгуулийн төв байгууллага аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулна гэсэн заалтын хүрээнд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор аймгийн Сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй УИХ-ын болон аймаг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг орон нутагт зохион байгуулах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан байдаг. Сонгууль зохион байгуулах ажиллагаанд Сонгуулийн хорооны хууль бус шийдвэр гаргасан нь Дархан-уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсоны улмаас 2016 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн ээлжит сонгуулийн холбогдох хэсгийн дүнг хүчингүйд тооцож дахин сонгуулийг 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр болох сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуультай хамт нэг өдөр зохион байгуулах шийдвэрийг гаргаж татан буугдсан болно.

Иймд УИХ-ын болон аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 554 тоот Аймгийн сонгуулийн хороог татан буулгх тухай албан бичгээр татан буугдсаныг мэдэгдсэн тул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 68 дугаар тогтоолоор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах чиг үүрэгтэй байгуулагдсан сонгуулийн хороо нь нэхэмжлэгч Д.Элдэвсайханы гаргасан нэхэмжлэлд хариуцагчаар татагдах үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 48 дугаартай шийдвэрээр  “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар тогтоолын Ганхуягийн Батбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож...” шийдвэрлэсэн бөгөөд дээр шүүхийн шийдвэрийг үндэслэн Аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 08 дугааар сарын 26-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор ...9 дүгээр тойргийн сонгуулийн дүнг хүчингүйд тооцож, Аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 19 дугаар тогтоолоор дахин сонгууль явуулахаар зарлаж, дахин сонгуулийн санал авах өдрийг Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуультай хамтатган 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байхаар тогтжээ.

 

Нэхэмжлэгч тал  “...Аймгийн Сонгуулийн хороо хууль бус шийдвэр гаргасны улмаас сонгуулийн дүн хүчингүй болж, дахин сонгууль явуулсан. Тус сонгуульд өрсөлдөхдөө 15,601,000 төгрөгийн зардал гарсан. Учирсан хохирлыг буруу шийдвэр гаргасан буруутай албан тушаалтан Г.Соёлмаа, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо нараас гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Г.Соёлмаа “...тухайн үед би аймгийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байсан. Дээрх шийдвэрийг би дангаар гаргаагүй, сонгуулийн хорооны хуралд оролцсон 9 гишүүний олонхийн шийдвэрээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж,

Хариуцагч Аймгийн Сонгуулийн хорооны дарга /төлөөлөгч/ Д.Энхбат “...Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолоор Улсын их хурлын болон аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахаар Г.Соёлмаа даргатай 9 хүний бүрэлдэхүүнтэй аймгийн Сонгуулийн хороог байгуулсан. Дээрх шийдвэрүүд нь Г.Соёлмаа даргатай аймгийн Сонгуулийн хорооны гаргасан шийдвэр. Уг сонгуулийн хороог 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр татан буугдсан болохыг Сонгуулийн Ерөнхий хорооны албан бичгээр мэдэгдсэн.

 

Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор Сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахаар Д.Энхбат даргатай аймгийн Сонгуулийн хороог байгуулсан. Дээрх сонгуулийн хорооны буруутай шийдвэр гаргасны үр дагаварыг манай сонгуулийн хороо хариуцахгүй,  энэ хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тус тус маргасан болно.

 

Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сонгуулийн төв байгууллагын шууд удирдлагын дагуу Улсын Их Хурал, түүний гишүүний болон Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулна”, 31.5-т “Аймаг, нийслэлийн хурлын нөхөн болон ээлжит бус сонгууль нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдахаас бусад тохиолдолд аймаг, нийслэлийн сонгуулийн хороог тухайн аймаг, нийслэлийн хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн байгуулна”, 31.4-т “ Сонгуулийн төв байгууллага нь аймаг нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нийт  таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулна” гэж заасны дагуу Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дугаартай тогтоолоор Монгол Улсын Их хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Дархан-Уул аймгийн сонгуулийн хороог дарга Г.Соёлмаа, нарийн бичгийн дарга Ч.Энхбат, гишүүд Б.Идэржавхлан, Ю.Ариунболд, Д.Сэлэнгэ, Д.Зоригтбаатар, С.Сүнчин, И.Алтанцэцэг, С.Туяа нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. /хх/

 

Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д “Сум, дүүргийн хурлын сонгуулийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах аймаг, нийслэлийн сонгуулийн хороог энэ хуулийн 16.2-т заасан хугацаанаас 80 хоногийн өмнө аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид энэ хуульд нийцүүлэн байгуулна” гэж заасны дагуу Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 68 дугаар тогтоолоор Сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийг зохион байгуулах Аймгийн Сонгуулийн хороог дарга Ч.Энхбат, нарийн бичгийн дарга С.Алтандолгион, гишүүд Д.Цэрэндаваа, З.Батхишиг, Т.Мэдэгсүрэн, С.Туяа, Б.Өнөрхүү, Ж.Болдбаатар, Д.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. /хх/

Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 554 дугаартай “Аймгийн Сонгуулийн хороог татан буулгах тухай” албан бичигт “ ...Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зарим тойргуудад шүүхийн шийдвэрийн дагуу явагдах дахин сонгуулийг Аймгийн сонгуулийн хорооны 19 дүгээр  тогтоолоор 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр буюу Сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр хамт явуулахаар шийдвэрлэсэн байх тул дахин сонгуулийг танай Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс шинээр байгуулсан аймгийн сонгуулийн хороо удирдан, зохион байгуулж явуулах нь зүйтэй.

...Сонгуулийн Ерөнхий хорооноос байгуулсан Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуульд заасны дагуу зардлын тайлан, тооцоо, сонгуулийн холбогдолтой бусад баримт бичгийг хүлээлгэн өгсөн бөгөөд одоо аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотойгоор шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байх шаардлагыг хангасан тул 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн татан буугдсан болохыг мэдэгдье” гэжээ. /хх/

 

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар Сонгуулийн Ерөнхий хорооноос байгуулсан аймгийн Сонгуулийн хороо нь Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийг дахин явуулах үндэслэл болсон хуульд нийцээгүй шийдвэрийг гаргасан бөгөөд уг аймгийн Сонгуулийн хороо нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр татан буугдсан болох нь тогтоогдож байна.

 

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж заажээ.

 

Иймээс Сонгуулийн Ерөнхий хорооны тогтоолоор байгуулсан Аймгийн Сонгуулийн хорооны гаргасан шийдвэрийн эрх зүйн үр дагаварыг Г.Соёлмаа, болон Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулагдсан аймгийн Сонгуулийн хороо нар нь хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй байх тул нэхэмжлэгч Д.Элдэвсайханы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Элдэвсайханы гаргасан “хариуцагч Г.Соёлмаа, Аймгийн Сонгуулийн хороо нараас 15,601,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,955 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 З.ТУНГАЛАГМАА

 

                                        

                              ШҮҮГЧИД                                                 Ч.БАТЧИМЭГ

 

                                                                                                           

                                                                                                           Д.АЛТАНТУЯА