Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2017/01813

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 20 дугаар байр, 64 тоот хаягт оршин суугч, Гөгөө найм овогт Доржийн Бямбасүрэн /РД:ЧВ74012562/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, Ногоон чулуут 9 дүгээр гудамж, 6 тоот хаягт оршин суугч, Жалайр овогт Балжиннямын Уранчимэг /РД: ДЭ66072307/-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 12,385,002 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ц.Дамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагчтай 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн. Зээлийг эргэн төлөх баталгаа болгож Ц.Мөнхтунгалагийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, Ар гүнт зусланд байрлах Улсын бүртгэлийн 360744 дугаарт бүртгэгдсэн 700 м2 талбай бүхий газрыг барьцаалсан. Зээлийн гэрээний 2-т “Зээлдэгч нь мөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд үл маргах журмаар үндсэн зээл, зээлийн хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл зээлдэгч Б.Уранчимэг нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Зээлдэгч Б.Уранчимэг нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээлдэгчийн зээл, хүү, алданги нь дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл: 8,145,900 төгрөг, хүү 906,630 төгрөг, алданги 3,332,472 төгрөг, нийт 12,385,002 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 20,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлж 26,000,000 төгрөг болгон буцааж өгөхөөр зээлийн гэрээ байгуулсан байдаг. Үүнээс 23,660,000 төгрөгийг хариуцагч нь төлсөн байдаг. Бидний маргаж байгаа шалтгаан нь зээлийн гэрээ 3 сарын хугацаатай байгуулсан ба гэрээний хугацаа дууссан байхад хүү бодсон байгаа. Хүү, алдангийг ямар аргачлалаар бодсон нь тодорхойгүй. Манай талаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 2,340,000 төгрөг, алданги 620,000 төгрөг төлөхөөр байгаа гэсэн тооцоололтой. Энэхүү зээлийн гэрээний төлөлтөөс харахад өдрийн зээлийн шинжтэй байгаа. Зээлийн хүү хэт өндөр байдаг. Хүү хэт өндөр бол шүүх өөрийн санаачилгаар буулгаж болно гэсэн зохицуулалт байдаг тул үүнийг мөн анхааралдаа авахыг хүсэж байна гэв.

Зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Бямбасүрэн нь хариуцагч Б.Уранчимэгээс зээлийн гэрээний үүрэгт нийт 17,306,250 төгрөг буюу зээлийн үлдэгдэлд 9,637,500 төгрөг, хүүд 1,900,000 төгрөг, алдангид 5,768,750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 4,921,248 төгрөгөөр багасгаж зээлийн үлдэгдэлд 8,145,900 төгрөг, хүүд 906,630 төгрөг, алдангид 3,332,472 төгрөг, нийт 12,385,002 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлд бичсэн “хэрэв зээлдэгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол Ц.Мөнхтунгалагийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, Ар гүнт зусланд байрлах Улсын бүртгэлийн 360744 дугаарт бүртгэгдсэн 700 м2 талбай бүхий газраар зээлийн өр төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгуулах” гэсэн шаардлагыг гаргаагүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулав.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх ба үндэслэлээ хүү, алданги тооцсон аргачлал тодорхойгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан байхад хүү тооцсон, мөн зээлийн хүү хэт өндөр хэмээн маргажээ.

Нэхэмжлэгч Д.Бямбасүрэн, хариуцагч Б.Уранчимэг нар нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр Зээлийн гэрээ /хх-5 дахь тал/ байгуулсан байна.

Нэхэмжлэгч Зээлийн гэрээний хугацааг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл сунгасан гэх боловч хариуцагч гэрээг сунгаагүй хэмээн маргаж байна. Талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний арын хэсэгт “2017 оны 4 дүгээр сарын 27 хүртэл гэрээг сунгав.” гэж бичин, талууд гарын үсэг зурсныг талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн хэмээн гэрээний хугацааг сунгасан гэж үзнэ.  

Гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул зохигчдын хооронд 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь гэрээний үүргээ биелүүлэх ба үүргийн биелэлтийг хэн аль нь шаардах эрхтэй.

Гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчид 20,000,000 төгрөгийг өгч, хариуцагч нэхэмжлэгчид 23,660,000 төгрөг буцаан төлсөн талаар зохигчид маргадаггүй тул эл үйл баримтыг тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүх зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүүг Хаан банк дахь Б.Уранчимэгийн 5033130548 тоот данс, Ц.Мягмарын  5114238214 тоот данс, Ц.Өлзийхутагийн 5023211862 тоот данс, Ц.Мөнхтунгалагийн 5034473176 тоот данс, Ө.Ойдовын 5069082706 тоот данс, Б.Цэрэндуламын 5319072887 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-35-150 дахь тал/-аар нэхэмжлэгчид шилжүүлсэн огноо болон мөнгөний дүнгээр тооцож гаргалаа.

Хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 23,660,000 төгрөгийн 11,810,900 төгрөгийг хүүд төлсөн байх ба хариуцагчийн хүсэлт, банк, банк бус санхүүгийн байгууллагаас олгодог зээлийн хүүгийн хувь хэмжээ, иргэд хоорондын зээлийн харилцаанд баримталдаг хүүгийн хувь хэмжээг харгалзан үзэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасныг үндэслэн хариуцагчаас хүүд төлсөн дээрх дүнг 50 хувиар бууруулан 5,905,450 төгрөгөөр тооцлоо. Ийнхүү тооцон хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 23,660,000 төгрөгийн 17,754,550 төгрөгийг үндсэн зээлд төлсөн гэж үзэхэд хариуцагч 2,245,450 төгрөгийн зээлийн төлбөрийн үүрэгтэй байна.

Талуудын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээний 4-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцоход хариуцагчийн төлөх алданги 78,590 төгрөг байна.    

Дээрх үндэслэлээр 2,324,040 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 10,060,962 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Б.Уранчимэгээс 2,324,040 төгрөгийг гаргуулан Д.Бямбасүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,060,962 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 52,134 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧГ.НЯМСҮРЭН