Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2191

 

 

 

 

 

    2017              10               09     

                2191

 

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2017/01813 дугаар шийдвэртэй Д.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.У-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 12 385 002 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Утэй 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийг эргэн төлөх баталгаа болгож Ц.Мөнхтунгалагийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Ар гүнт зусланд байрлах Улсын бүртгэлийн 360744 дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбай бүхий газрыг барьцаалсан. Зээлдэгч Б.У нь зээлийн гэрээний 2-т заасныг ноцтой зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Зээлдэгч Б.У нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 8 145 900 төгрөг, хүү 906 630 төгрөг, алданги 3 332 472 төгрөг, нийт 12 385 002 төгрөгийг төлөөгүй тул уг мөнгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 20 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж 26 000 000 төгрөг болгон буцааж өгөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс 23 660 000 төгрөгийг төлсөн. Бидний маргаж байгаа шалтгаан нь зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан ба гэрээний хугацаа дууссан байхад хүү тооцсон ба хүү, алдангийг ямар аргачлалаар тооцсон нь тодорхойгүй. Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 2 340 000 төгрөг, алданги 620 000 төгрөгийг төлнө. Зээлийн хүү хэт өндөр тул шүүх өөрийн санаачилгаар зээлийн хүүг бууруулж болох хуулийн  зохицуулалтыг хэрэглэнэ үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Б.У-ээс 2 324 040 төгрөг гаргуулан Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 060 962 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244 490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 52 134 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.  Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсгийн урьдчилсан нөхцөл нь тухайн гэрээний талуудын тохирсон хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байх нөхцлийг шаарддаг. Илт хохиролтой гэдэгт гэрээний нэг тал нөгөө талдаа илтэд хохиролтой, амьдралд тогтсон зах зээлийн харилцааны хэм хэмжээнээс хамаагүй доогуур, сөрөг байдлаар хандсан мөн нөгөө талынхаа эдийн засаг, мөнгө санхүүгийн гарцаагүй байдлыг далимдуулан өөрт илүү ашигтай байдлаар гэрээ байгуулсан байхыг ойлгоно. Хэрэв хариуцагч талд хүүгийн хэмжээ илт хохиролтой байсан бол зээлийн хүүд 11 810 900 төгрөгийг төлөх боломжгүй байх байсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ тодорхой хэмжээгээр биелүүлж байх хугацаанд зээлийн хүү өндөр байна, зээлийн гэрээний хүүгээ багасгаж өгөөч гэж нэхэмжлэгч талд хандаж байгаагүй. Харин хүүгийн төлбөрийг төлж байсан нотлох баримтуудаас харахад хариуцагч Б.У нь энэхүү хүүг төлөх санхүүгийн боломжтой байсан төдийгүй түүнд илт хохиролтой байсан гэх үндэслэл бодитойгоор тогтоогддоггүй. Гэтэл шүүх зээлийн гэрээний дагуу талуудын тохиролцсон 10 хувийн хүүг чухам хэдэн хувиар бууруулсныг тодорхойлолгүйгээр хүүнд төлөгдсөн төлбөрийг 50 хувиар хасаж тооцсон нь үндэслэлгүй. Мөн хариуцагч нь 20 000 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 27-ноос 2017 оны 06 сарын 30 хүртэл хүртэл нийт 12 сарын хугацаанд ашиглаж байгаа төдийгүй шүүхийн хүү тооцсон дүн болох 5 905 450 төгрөгийг зээлийн хэрэглэсэн хугацаанд тооцож үзэхэд зээлийн хүү нь сарын 2.4 хувь гарч байгаа нь бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний хүүнээс хамаагүй бага нэхэмжлэгч талд илтэд хохиролтой байна.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацааг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дууссан байхад гэрээг хуулийн дагуу сунгагдсан гэж үзсэн. Уг хугацаанаас хойш гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу шүүхийн тооцоолсноор 2 245 450 төгрөгөөс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцвол 1 хоногт 11 227.5 төгрөг болно. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн зээл хүүгийн тооцооллын эцсийн хугацаа болох 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх нийт 64 хоног болж байна. Ингээд алдангид нийт 718 544 төгрөг төлөхөөр гарч байгаа бөгөөд энэ нь үндсэн өр төлбөрийн 50 хувиас бага байхад шүүх алдангийг хэдэн сарын хэдний өдрөөс хэдэн сарын хэдний өдрийг хүртэлх хэд хоногоор тооцон гаргасан нь ойлгомжгүй харагдаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн байх боловч шүүхийн шийдвэрт үнийн дүнгийн хувьд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.У-т холбогдуулан үндсэн зээл 8 145 900 төгрөг, хүүд 906 630 төгрөг, алдангид 3 332 472 төгрөг, нийт 12 385 002 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч гэрээний хугацаа дууссан байхад хүү тооцсон, зээлийн хүү хэт өндөр гэж маргажээ.

 

Зохигчид 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 20 000 000 төгрөг, сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх гэрээ байгуулж, уг гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаатай дээрх нөхцлөөр сунгасан үйл баримт хэргийн 5 дугаар талд авагдсан зээлийн гэрээ болон уг гэрээний төгсгөл хэсэг дэх “2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл гэрээг сунгав” гэх бичиглэл бүхий баримтаар тогтоогдож байна.

 

Талууд зээлийн хүүг сар бүр 10 хувь байхаар тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт “хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасан бөгөөд хүүгийн хэмжээг тал хувиар бууруулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэсэн шүүгчийн дотоод итгэлээр хийсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс хуулийг илт буруу хэрэглэсэн гэж үзэхгүй.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үндсэн болон сунгасан хугацаанд нийт 23 660 000 төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбар, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

 

Хэргийн дээрх нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнэж зээлийн хүүг 5 хувь болгон бууруулж талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг тооцоолон үзэхэд хариуцагч нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр 23 000 000 төгрөг төлөх үүргээс үндсэн зээлд 11 150 000 төгрөг, зээлийн хүүд 3 000 000 төгрөг, нийт 14 150 000 төгрөг төлж, 8 850 000 төгрөгийн үүргийг биелүүлээгүй байх ба уг дүнгээр гэрээг сунгасан хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүд нийт 11 662 500 төгрөг төлөхөөс 9 510 000 төгрөг төлж, 2 152 500 төгрөгийн үүргийг биелүүлээгүй байна.

 

Зээлийн гэрээний 4 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн байх тул гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2017 оны 04 дүгээр сарын 27-ны  өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 67 хоногийн алдангид 721 087 төгрөг төлүүлэх нь зүйтэй. 

 

Иймд хариуцагчаас гэрээний дагуу гүйцэтгэх үүрэгт 2 873 587 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байх тул шийдвэрт үнийн дүнгийн хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2017/01813 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “2 324 040 төгрөг” гэснийг “2 873 587 төгрөг” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “52 134 төгрөг” гэснийг “60 927 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 930 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                 ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

             ШҮҮГЧИД                     Т.ТУЯА

                                                    А.МӨНХЗУЛ