Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Халамханы Мейримбек |
Хэргийн индекс | 130/2016/00719/И |
Дугаар | 130/ШШ2017/00418 |
Огноо | 2017-06-15 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 130/ШШ2017/00418
2017 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 130/ШШ2017/00418 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, Т****** овогт Ж.Е ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт орших, С ХХК-нд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Ж.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А, орчуулагч А.Е*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага; Суат ХХК-ны захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосын станцын машинистын ажилд эгүүлэн тогтоолгохыг шаарджээ.
Нэхэмжлэгч Ж.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би аймгийн Суат ХХК-ны захирал С.Ш ийн шийдвэрээр 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тус компани манаач болон 3 дугаар бохир усны насосын станцын машинистын ажилд томилогдон 2 жил 4 сар ажиллаж сард бэлнээр 350000 төгрөгийн хөлс авч байсан юм.
Намайг анх ажилд томилогдон орох үед байгууллагын дарга болон удирдлагаас ажилд орсон талаар тушаал шийдвэр өгөөгүй бөгөөд мөн өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй билээ. Би дарга болох С.Шт хандаж ажилд орсон тушаал болон хөдөлмөрийн гэрээний нэг хувийг өгнө үү гэж хэд хэдэн удаа очиход чи энэ манаач болон насосын станцын машинистын албан тушаалд бүр тушаалаар орсон бөгөөд хэл ам гаргалгүй зүгээр л ажлаа хийж бай, цаг нь болохоор чамд тушаал, хөдөлмөрийн гэрээний нэг хувийг өгнө гэж хэлж явуулсан тул би дахин очиж нэхээгүй. Энэ тухай компани орлогч гэх Ергенбекээс тушаалын нэг хувь, хөдөлмөрийн гэрээг шаардахад дарга нар мэднэ гэж хэлж ач холбогдол өгөөгүй тул би тушаал болон хөдөлмөрийн гэрээг байгууллагын дарга үзэмжээрээ бичдэг мөн нэг хувийг өгөх эсэхийг дарга өөрөө шийддэг юм байна гэж бодоод дуугүй ажлаа хийж ирлээ.
Манай компани манаач болон 3 дугаар бохир усны насосын станцын машинистын үүрэгт ажлыг Бекжан, Берикбол бид гурав 24 цагаар ээлжлэн хийж ирлээ. Өөрөөр хэлбэл байгууллагад манаач хийж байхад 2 цаг тутам насосын ажиллагааг хянах, цэвэрлэх, ажиллуулах үүрэгтэй ажилласан билээ. Манаач болон машинистын орон тоо, бүтэц хасагдаагүй бөгөөд хасагдах, цомтгогдох талаар би огт сонсоогүй.
Гэтэл Суат ХХК-ны захирал Ж.А дуудаж байна гэхээр нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 14 цагт албан өрөөнд нь очиход захирал Ж.А нь намайг ажлаас чөлөөлсөн тухай 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 90 тоот тушаалыг өгсөн. Энэ тушаалыг хүлээн авч би ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд намайг урьд эрхэлж байсан Суат ХХК-ны захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосын станцын машинистын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Е шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ; Би Суат ХХК-нд 2014 оноос хойш 2 жил 8 сар ажилласан. Миний орон тоо хэвээр байгаа бөгөөд үүнд өөр хүн ажиллаж байгаа. Надад мэдэгдэх хуудас өгсөн гэж байгаа. Би мэдэгдэх хуудас аваагүй. Би цалингийн зээлтэй, банкнаас миний байшинг хурааж авах гэж байгаа, арай гэж амьдарч байна.Тийм учраас намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Суат ХХК-ны захирал Ж.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Еын манай компанид холбогдуулан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.
Суат ХХК нь 2012 оноос орон нутгийн дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдэд туслан гүйцэтгэгчээр ажилласан учраас тухайн үед ажлын шаардлагаар Ж.Еыг захирлын 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаартай тушаалаар 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тус компани бетон цехийн туслах ажилчнаар ажиллуулж байгаад 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн туслах ажилтнаас чөлөөлж, захиргаа аж ахуйн хашааны ээлжийн манаачаар түр томилжээ.
Тус компани нь аймгийн цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээний найдвартай хангалтыг хариуцаж ажилладаг тул хүн, хүчний дутмаг байдал, ажлын шаардлагаар ажилчдыг өөр ажил хавсран гүйцэтгүүлэх, хөдөлмөрийн гэрээгээр түр хугацаагаар, улирлын чанартай ажиллуулдаг тохиолдол гардаг. Энэхүү ажлын шаардлагаар Ж.Еыг 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр манаачийн ажлаас чөлөөлөн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 3 хүний халуун усны уурын зуухны машинист, сахиулаар томилон ажиллуулж байгаад 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн захирлын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 65 дугаартай тушаалаар захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосын станцын машинистаар томилсон байна.
Улсын хэмжээнд эдийн засгийн хямрал нүүрлэсэн байдал нь компани санхүүгийн чадавхи, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж үүнээс болж төсөл, хөтөлбөрүүд зогсонги байдалд орсон, цалингийн фонд хэтэрсэн зэрэг байдлыг харгалзан тус компани Төлөөлөн удирдах зөвлөл 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж ажилчдын тоог цөөрүүлэх, орон тоо цомхтгож, цомхон бүтэцтэй ажиллах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг гүйцэтгэх захирал Ж.А надад үүрэг болгосон.
Тус компани ТУЗ-ийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаар тогтоолоор компани бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн тогтоож, 51 орон тоогоор баталж, энэхүү 51 орон тооны хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг даалгасны дагуу гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 88 дугаартай тушаалаар компани албан тушаал, орон тоог шинэчлэн баталж мөрдүүлсэн.
Нэхэмжлэгч Ж.Е ын ажиллаж байсан захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосын станцын машинистын орон тоо нь дээрх ТУЗ-ийн тогтоолын дагуу цомхтголд орсон учраас Ж.Е д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1- д заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Нэгэнт Ж.Еын орон тоо нь цомхтголд орсон учраас түүнийг цаашид ажиллуулах боломжгүй болсон.Нэхэмжлэгч Ж.Еын нэхэмжлэлдээ дурдсанчлан тушаал нь байгууллагын дарга үзэмжээрээ бичдэг зүйл биш бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан эрхийнхээ дагуу ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаалыг шаардах, танилцах эрх нь ажилтны хувьд нээлттэй. Нөгөө талаар хууль мэдэхгүй байх нь хүндэтгэн үзэх шалтгаан биш тул Ж.Еын нэхэмжлэлдээ бичсэн зарим зүйл нь зүйд нийцэхгүй байна.
Иймд Ж.Еын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Ж.Е нь Суат ХХК-ны захирал аж ахуйн цехийн ээлжийн манаач болон 3 дугаар бохир усны насосын станцын машинистын ажилд эгүүлэн тогтоож өгөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Суат ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 90 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дүгээр зүйлийн 42.1, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2, 6.9.1 дэх заалт, тус компани Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаар тогтоол, Гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 88 дугаар тушаалыг тус тус үндэслэн орон тоо нь цомхтгогдсон, ажилчдын тоог цөөрүүлсэн тул Ж.Еыг Суат ХХК-ийн захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосын станцын машинистын үүрэгт ажлаас 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч Ж.Еыг орон тоо цомхтгогдсон, ажилчдын тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байгаа боловч тухайн үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний Суат ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаартай Компанийн бүтэц орон тооны дээд хязгаарыг шинэчлэн тогтоох тухай тогтоолоор компани бүтэц орон тоог шинэчлэхээр тогтоож, компанийн бүтэц орон тооны дээд хязгаарыг хавсралтаар баталсан байна. Тухайн тогтоолын хавсралтаас үзэхэд компанийн бүтэц орон тооны дээд хязгаарыг Захиргаа, инженер техникийн албанд 38 орон тоотой, Рахат халуун усанд 8 орон тоотой, Аж ахуйн алба /цэвэр усны үйлдвэр/ 5 орон тоотой, нийт 51 ажилтантай байхаар тусгажээ.
Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний Суат ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаартай тогтоолын агуулгаас үзэхэд зөвхөн бүтэц орон тооны дээд хязгаарыг тогтоосон байх ба Суат ХХКомпанийн бүтэц, орон тооноос чухам ямар ажил, албан тушаал байхгүй болохыг, ажил албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор ажилчдын тоог багасгах талаар тус тус тусгаагүй, тухайлбал Суат ХХК-ийн Захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосын станцын машинист буюу Ж.Еын орон тоо цомхтгогдсон, тухайн орон тоонд ажиллаж байгаа ажилтны тоог цөөрүүлсэн талаар тодорхой тусгаагүй байхад дээрх Суат ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг үндэслэн ажилтан Ж.Ед 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэх хуудас өгсөн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн үед Ж.Еын ажил буюу Суат ХХК-ийн Захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосын станцын машинист хасагдаагүй байна.
Мөн тухайн мэдэгдэх хуудсанд түр тушаалаар ажиллаж буй ажиллагсдыг үүрэгт ажлаас чөлөөлөх болсон талаар дурдсан байна. Хөдөлмөрийн тухай хуульд түр тушаалаар ажиллах гэсэн ойлголт байхгүй бөгөөд ажил олгогч болон ажилтны хоорондох харилцааг хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцохоор зохицуулсан ба ажил олгогчоос ажилтан Ж.Етой хугацаатай буюу хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх нь нотлох баримтаар тогтоогдоогүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байдалд ажилтан Ж.Е ыг буруутгах үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгч Ж.Е д ажлаас нь чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өгснөөс хойш Суат ХХКомпанийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 88 дугаартай Компани албан тушаалын нэрс, орон тоог батлах тухай тушаал гаргасан байх ба Компанийн албан тушаалын нэрс, орон тоог хавсралтаар баталсан байна. Тухайн хавсралтад Захиргаа, инженер техникийн албанд 38 орон тоотой, Рахат халуун усанд 8 орон тоотой, Аж ахуйн алба /цэвэр усны үйлдвэр/ 5 орон тоотой, нийт 51 ажилтантай байхаар Суат ХХКомпанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор тогтоосон хэмжээ хязгаарын хүрээнд ажил, албан тушаалын нэрээр тогтоосон боловч дээрх тогтоол, бүтэц орон тоог баталсан тушаалууд нь урьд нь ямар хэмжээний бүтэц орон тоотой ажиллаж байснаас хичнээн орон тоо хасагдаж, хичнээн орон тоог цөөрүүлснийг тогтоохгүй тул ажилтан Ж.Еыг орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь эргэлзээтэй байна.
Хариуцагч талаас Ж.Еыг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Ж.Еыг Суат ХХК-ны захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосын станцын машинистын ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Суат ХХКомпаниас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Ж.А болон түүний өмгөөлөгч Ө.Б нарт шүүх хуралдааны товыг 2017 оны 2017 оны 6 дугаар сарын 08-ний өдөр тус тус мэдэгдсэн байна. Хариуцагч Ж.Аээс шүүх хуралдаан эхлэхээс өмнө тус шүүхэд өмгөөлөгчөөр оролцох боломжоор хангаж, өмгөөлөгч Ө.Б Эрээн хотоос ирэх хүртэл шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүсэж хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч Ж.Е нь хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэж өгөх талаар хүсэлт гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Ж.Еыг Суат ХХК-ны захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосын станцын машинистын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Суат ХХК-иас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК