| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 106/2018/0286/Э |
| Дугаар | 913 |
| Огноо | 2018-10-04 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 913
Д.Т, П.Лнарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Г.Ганхөлөг,
хохирогч М.Н, түүний өмгөөлөгч Ж.Б,
иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Б,
шүүгдэгч, хохирогч Д.Тын өмгөөлөгч С.Э,
шүүгдэгч П.П.Лын өмгөөлөгч Х.М,
нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 621 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Бын гаргасан давж заалдах гомдлоор Д.Т, П.Лнарт холбогдох 201726021293 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Д.Т, 1977 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............../;
З овгийн П.Л, 1977 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......................../;
Д.Т нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр иргэн М.Наас “Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 592-29 тоот 65 м.кв, 3 өрөө орон сууцыг 65.000.000 төгрөгөөр худалдаж авна” гэж хуурч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн аваад 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Алтан Эг” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж залилан 65.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
П.Лнь 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Д.Таас “байрны урьдчилгаанд өгөөрэй” гэж итгэмжлэн хариуцуулсан 15.000.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газар: Д.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, П.П.Лын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Тыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, П.П.Лыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь зааснаар шүүгдэгч Д. Д.Тыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лусанбатыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүгдэгч Д.Т 2019 оны 12 дугаар сарын 1-ний дотор, шүүгдэгч П.Л2019 оны 4 дүгээр сарын 1-ний дотор тус тус төлөх ба шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Л.Насантогтохын нэр дээр бүртгэгдсэн Улсын бүртгэлийн Ү2205061319 тоот гэрчилгээтэй Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 36 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамжны 59/2 дугаар байрны 29 тоот 65 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн М.Нд олгохыг Баянгол дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт даалгаж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П.Лаас 15.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Тт олгох, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, эд мөрийн баримтгүй, иргэний нэхэмжлэгчид 15.470.000 төгрөгийг төлсөн зэргийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т, П.Лнарын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхээс Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял оногдуулсан ч түүний учруулсан хохирлыг шийтгэх тогтоолоор нэг мөр шийдвэрлээгүй орхигдуулсан нь үндэслэлгүй болсон.
Д.Т нь “Алтан-Эг” ББСБ-аас 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зээл авсан бөгөөд зээлийн барьцаа болох Баянгол дүүргийн 7-р хороо 3 дугаар хороолол Ард Аюушийн өргөн чөлөө гудамжны 59/2 дугаар байрны 29 тоот хаягт орших 65 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч нь Д.Т байсан.
Барьцаанд тавьж буй орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь хууль ёсны байсан тул “А” ББСБ барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэхүү үйлдлүүд нь аливаа хууль зөрчөөгүй, өнөөдрийг хүртэл Д.Т, А.Бнартай байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа болно.
Түүнчлэн шүүх хуралдааны явцад шүүгдэгч Д.Т, иргэний хариуцагч А.Бнар “Алтан-Эг” ББСБ-аас зээл авснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд иргэний хариуцагч А.Бөөрт ноогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6.536.517 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин Д.Т нь зөвхөн нэмэгдүүлсэн хүүнд маргаантай гэсэн байхад иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь үндэслэлгүй байна.
Мөн шүүхээс Л.Насантогтохын нэр дээр бүртгэлтэй, “Алтан-Эг” ББСБ-ын зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан орон сууцны өмчлөх эрхийг хүчингүй болгохдоо Иргэний хуульд зааснаар хүчингүй болголоо гэсэн боловч Иргэний хуулийн ямар зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болгосон нь тодорхойгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй гэж үзэж байна.
Иймд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 621 дугаартай шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэлийг бүрэн хангасан өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.
Хохирогч М.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Орон сууцаа өөрийн эзэмшилд буцааж авмаар байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэв.
Хохирогч М.Нын өмгөөлөгч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. А.Бнартай байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэсэн зүйл яригдаж байна. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэдэг нь ойлгомжтой байна. “Алтан-Эг” ББСБ-тай шүүгдэгч Д.Тын барьцааны гэрээ байгуулж, барьцаанд тавьсан зүйл нь Л.Нгэх хүний эзэмшилд шилжсэн. Шүүхээс эдгээр бүх зүйлсийг хууль бус байна гэж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг үндэслэсэн. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан өмчлөх эрхийг сэргээлгэх байр суурьтай байсан. Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг нь Л.Нгэх хүнд хамаарагдах юм шиг зүйл ярьж байгаа боловч Т, М.Н нарын хувьд Иргэний хуулийн 59 болон 106 дугаар зүйлд заасан өмчлөх эрхээ сэргээлгэх заалтууд нь хамаарагдаж байгаа гэж ойлгож байна. Анхан шатны шүүх дээр гуравдагч этгээдийн хувьд хүү, алданги, үндсэн зээл зэргийг тусад нь шийдвэрлүүлэх байр суурьтай байсан. Зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч, хохирогч Д.Тын өмгөөлөгч С.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Учруулсан хохирлыг шийтгэх тогтоолоор нэг мөр шийдвэрлээгүй нь үндэслэлгүй гэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг шүүх шийдсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч ялын асуудлаар ямар нэгэн санал хэлэх эрхгүй гэж бодож байна. Бодит хохирол, хор уршиг арилсан. Иргэний нэхэмжлэлийн асуудлаар анхан шатны шүүх хуралдаан дээр маргаантай асуудал бий болсон. “А” ББСБ нь илт хууль бус хэлцэл хийсэн гэдэг талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хэлсэн. Тухайн байрыг барьцааны гэрээгээр барьцаанд тавьж байгаа болохоос биш банк бус санхүүгийн байгууллага Д.Таас тухайн байрыг 26.000.000 төгрөгөөр худалдаж авч байгаа нь хууль бус. Шүүхээс хувийн байдлыг нь харгалзан үзэж торгуулийн ял оногдуулсан байх гэж үзэж байна. Учир нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол нь арилсан, тодорхой хэмжээгээр банк бус санхүүгийн байгууллагад хохирол, төлбөрөө төлж байсан, үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлсэн, хохирлоо төлөх нөхцөл байдлыг нь харгалзан үзэж торгуулийн ял оногдуулсан гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч П.П.Лын өмгөөлөгч Х.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэгчийн гаргасан иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь хэргийг шийдвэрлэх явцад иргэний нэхэмжлэлтэй холбоотой гурван нөхцөл байдал тогтоогдсон. Нэгдүгээрт, Д.Т, А.Бнар нь хамтран, банк бус санхүүгийн байгууллагаас 2 үл хөдлөх хөрөнгө барьцаа болгож тавиад 38.000.000 төгрөг зээлсэн бөгөөд зөвхөн Д.Тын хүсэлтэнд үндэслэн тухайн барьцаалбараас 3 өрөө орон сууцийг салгаж, бусдын эзэмшилд шилжүүлсэн нөхцөл байдал үүссэн. “А” ББСБ нь Л.Нгэх хувь иргэний нэр дээр тухайн орон сууцийг шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хүү, алданги төлөх талаар заагаагүй, зөвхөн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг төлүүлэх талаарх заалт байдаг. Мөн шүүх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлж болно гэж заасан байдаг тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Д.Т, П.Лнарт холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.
Д.Т нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр иргэн М.Наас “Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 592-29 тоот 65 м.кв, 3 өрөө орон сууцыг 65.000.000 төгрөгөөр худалдаж авна” гэж хуурч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн аваад, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Алтан Эг” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж залилан 65.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
П.Лнь 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Д.Таас “байрны урьдчилгаанд өгөөрэй” гэж итгэмжлэн хариуцуулсан 15.000.000 төгрөгийг завшсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч М.Нын “... Би өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах 59-2-29 тоотын 3 өрөө байрыг 65.000.000 төгрөгөөр Д.Т гэх хүнд худалдахаар тохиролцож, Д.Т нь “15.000.000 төгрөгийг урьдчилж өгье, дараа нь 50.000.000 төгрөг өгье” гэж хэлсэн. Гэтэл удалгүй “санхүүгийн асуудал үүсчихлээ, чи эхлээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ шилжүүлээд өгчих, 7 хоногийн дараа мөнгийг нь бүтнээр нь гаргаад өгье” гэж хэлсэн. Алтансүх, П.Л нар “зүгээрээ, том ажил хийж байгаа, мөнгийг чинь өгчих байх, асуудалгүй” гэхээр нь итгээд өөрийн байраа Д.Тын нэр дээр шилжүүлсэн. Тэгсэн чинь 7 хоног өнгөрөхөд мөнгөө өгөөгүй, дахин 5-6 хоног хүлээгээд өгөхгүй байсан тул Д.Тын ажил дээр очиход тухайн барилгын харуул хамгаалалт солигдчихсон, өөр эзэнтэй болсон байсан. Д.Т миний байрыг барьцаанд тавиад ББСБ-аас мөнгө нэмж авсан байсан. Д.Тыг намайг залилж, мэхлэнэ гэж огт бодоогүй. ...” /1хх-24-25/,
гэрч Б.А-ийн “... М.Н өөрийн эзэмшлийн 3 өрөө байраа зарах гэж байгаа талаар найз П.Лад хэлэхэд, захирал нь гэх Д.Т гэж хүнийг дагуулж ирсэн. Тэгээд Д.Т нь “байрныхаа нэрийг шилжүүлчих, тэгэх юм бол байрны гэрчилгээг чинь барьцаанд тавиад тэр мөнгө дээрээ өөрсдийнхөө мөнгийг нэмээд байрны чинь мөнгийг бэлэн гаргаад өгье” гэж хэлсэн. Тэгээд байрны гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцоод худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Тэрнээс хойш Д.Т нь сураггүй алга болсон. П.Лаас Д.Тыг асуухаар “би өөрөө ч олохгүй байна” гэж хэлдэг. ...” /1хх-26/,
гэрч П.П.Лын “... М.Н нь надад өөрийнхөө байрыг 65.000.000 төгрөгөөр зарна гэхээр нь Д.Тт хэлээд хамт очиж үзсэн. Би Д.Тт “яаж энэ байрыг худалдаж авах гэж байгаа юм, танай компани мөнгөгүй биз дээ” гэж хэлсэн. Тэр үед Д.Тын барьж байсан барилга нь Хөдөлмөр хамгааллын яамнаас 1.280.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтанд хамрагдах байсан. Тэгээд гэрчилгээг эхлээд шилжүүлсний дараа 25.000.000 төгрөг төлөөд, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө үлдсэн мөнгөө өгнө гэж М.Н, Д.Т хоёр хоорондоо тохирсон. Би М.Нд “би дунд нь ажиллаж байгаа юм чинь надад итгээд нэрээ шилжүүлчих, би зохицуулаад мөнгийг нь аваад өгье” гэж хэлэхэд М.Н байрны гэрчилгээг шилжүүлсэн. ... Тэрнээс хойш Д.Тын бариулж байсан барилгын ажил удааширч, 2016 оны 6 дугаар сарын эхээр барилгын компаниа, барилгатайгаа өөр хүнд алдсан. Тэгээд 2016 оны 9 дүгээр сараас хойш Д.Т сураггүй алга болсон. 2016 оны 12 сард Дархан хотод очиж, Д.Тыг олж уулзаад А , М.Н нартай уулзуулахад байрны гэрчилгээг 7-8 хоногийн дараа өгнө гэж тохирчихоод дахин сураггүй алга болсон.
... Хэд хоногийн дараа Хөдөлмөр хамгааллын яамнаас Төрийн банкаар дамжуулан 80.000.000 гаруй төгрөг Д.Т авсан. Тэгээд 15.000.000 төгрөгийг нь “М.Нын байрны төлбөрт өгөөрэй” гэж өгсөн. Би тэр мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг аваад үлдсэн 13.000.000 төгрөгийг Алтансүхэд бэлнээр өгсөн. ...” /1хх-27-28/,
гэрч Л.Н-ын “... 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Д.Т нь зээл хүсэж манай байгууллагад хандсан ба “Хараагүйчүүдийн Нийгэмлэгийн байрыг барьж байгаа, Сангийн яамнаас хөрөнгө орж ирнэ. 3 сарын хугацаатай зээл авъя, зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах 59-2-29 тоотын 3 өрөө байрыг тавина. ...” гэсэн хүсэлт гаргасан. Манай байгууллагаас зээлийн барьцааг судлахад 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Т.Төгсжаргалтай 50.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдан авсан байсан. Уг гэрээнд төлбөрийг бэлэн мөнгөөр төлж дууссан гэж тусгасан байсан. Дээрх гэрээг үндэслэн 38.000.000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, барилгын арматур төмөр авах зориулалтаар 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, түүний ХААН банкны дансанд мөнгийг шилжүүлсэн. 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 1.470.000 төгрөгийг зээлийн төлбөр, хүүний хамт төлсөн. Үүнээс хойш огт төлөөгүй явсаар 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ дусгавар болсон. Д.Т нь шүүх, цагдаа гэхгүй, орон сууцыг худалдахгүй байлгаж байгаарай гэсэн. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байрыг миний нэр дээр шилжүүлсэн. ...” гэх /1хх-31-32/,
гэрч Т.Т-ын “... 2016 оны 4 дүгээр сард хүү М.Н нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах 59-2-29 тоотын 3 өрөө байрыг Д.Т гэх хүнд худалдахаар болсон, байрны гэрчилгээг аваад хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд худалдах, худалдан авах гэрээ байгуулаад, гэрчилгээг Д.Тын нэр дээр шилжүүлсэн. ...” /1хх-33/,
гэрч А.Б-ын “... би Д.Тт “миний хашаа, байшинг давхар барьцаанд тавиад, зээлэх гэж байгаа мөнгөн дээрээ нэмээд мөнгө аваад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд Д.Т өөрийнхөө барьцаалбар дээр миний хашаа байшинг оруулаад нийт 38.000.000 төгрөгийн зээл авсан. Тэр мөнгөнөөс нь би 8.000.000 төгрөгийн нь авсан.
...Д.Т зээлсэн 30.000.000 төгрөгөөсөө П.Лад “байрны урьдчилгаанд өгөөрэй” гэж хэлээд 15.000.000 төгрөг өгсөн. ...” /1хх-34-35/,
Д.Тын яллагдагчаар өгсөн “... би Алтансүхтэй уулзаад одоо надад өгөх мөнгө байхгүй байна, байраа миний нэр дээр шилжүүлчих, байрыг чинь барьцаанд тавьж, зээл аваад 15.000.000 төгрөгийг урьдчилгаанд өгье, үлдсэн 50.000.000 төгөргийг барилгын ажлын санхүүжилт орж ирэхээр цувуулаад өгье” гэж хэлсэн. Тэр үед Алтансүх зөвшөөрсөн. Би байрыг М.Нын ээжийн байр гэдгийг мэдээгүй. Тэгээд байрыг өөрийн нэр дээр шилжүүлж аваад, гэрчилгээ гарч ирснээс хойш 2 хоногийн дараа тэр байрыг барьцаанд тавьж, 30.000.000 төгрөгийн зээл авсан. Тэр мөнгөнөөс 15.000.000 төгрөгийг А-д өгөөрэй гэж П.Лад өгсөн. П.Л нь надад “15.000.000 төгрөгийг өгчихсөн” гэж хэлсэн. ...” /1хх-116-117/ гэх мэдүүлгүүд,
гэрч П.П.Л, Б.А нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-111-112/, Зээл, болон барьцааны гэрээ /1хх-82-88/, орон сууц худалдах, худалдан авах гэрээ /1хх-89/, эд хөрөнгийн үнэлгээ /2хх-71-80/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцэж байна.
Мөн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Д.Тыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, П.П.Лыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь зааснаар шүүгдэгч Д. Д.Тыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-ыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.
Мөн шүүхээс Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Л.Н-ын нэр дээр бүртгэгдсэн Улсын бүртгэлийн Ү2205061319 тоот гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 36 дугаар хороолол Ард Аюушийн өргөн чөлөө гудамж 59/2 дугаар байрны 29 тоот 65 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн М.Нд олгохыг Баянгол дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П.Лаас 15.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Тт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Б нь “... анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан тул иргэний нэхэмжлэлийг бүрэн хангасан өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
“А” ББСБ нь Д.Тын зээлийн гэрээний барьцаанд тавьсан Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 36 дугаар хороолол Ард Аюушийн өргөн чөлөө гудамж 59/2 дугаар байрны 29 тоот 65 м.кв орон сууцыг Л.Н-ын нэр дээр худалдах, худалдан авах гэрээгээр дамжуулан шилжүүлсэн, маргаантай нөхцөл байдлыг үүсгэсэн байх бөгөөд иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр дүгнэснийг буруутгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй юм.
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 621 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД О.ЧУЛУУНЦЭЦЭГ
Д.ОЮУНЧУЛУУН