Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 58

 

Б.Бат-Өлзий, Д.Тодмагнай нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгч Б.Бат-Өлзийгийн өмгөөлөгч Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 249 дүгээр шийтгэх тогтоол,

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 15 дугаар магадлалтай, 201625012259 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Бат-Өлзий, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

             1.Монгол Улсын иргэн, 1993 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 720 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 2 сар баривчлах ялаар шийтгүүлсэн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 510 дугаар магадлалаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, Батцагаан овогт Батжаргалын Бат-Өлзий нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүнийг санаатай алах”, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2010 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 5 хоног хорих ял шийтгүүлж, 2012 оны 3 дугаар сарын 6-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 10 хоногийн хорих ялаас тэнсэгдэж суллагдсан, Багшид овогт Даваанямын Тодмагнай нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Бат-Өлзийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, Д.Тодмагнайг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Б.Бат-Өлзийг 10 жил 5 сар хорих, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Д.Тодмагнайг 260 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Бат-Өлзийд оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж, нийт биечлэн эдлэх ялыг 10 жил 5 сар хорих ялаар тогтоож, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 249 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч Б.Тэнгис нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Бат-Өлзий хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие 2 хүнээс өөрийгөө хамгаалан харилцан зодолцсон. Уг хэрэг гарах болсон гол шалтгаан нь намайг дээрэмдэх гэсэн 2 залуугийн буруутай үйлдлээс шууд хамааралтай юм. Хэрэг анх юунаас болж гарах болсон, хохирогчдын буруутай үйлдэл зэргийг тогтоогоогүй байж намайг хувийн таарамжгүй харьцаанаас болж хүнийг санаатай алсан гэж яллаж байгаад гомдолтой байна. Тодмагнай нь хэргийн бодит байдлыг нуун дарагдуулж, худал мэдүүлэг санаатай өгч хэргийг үнэн зөвөөр шийдэхэд нөлөөлж байна. ...Намайг ганц камерын бичлэгээр яллаж байгаад гомдолтой байна. Талийгаач Баярлах нь хэрэг болсон газраас ямар нэгэн хүний туслалцаагүйгээр зүгээр цаашаа холдон явж байгаа нь камерын бичлэгт тодорхой байгаа. Талийгаач Баярлахыг үхэлд хүргэсэн гэмтэл нь хэрэг болох явцад Тодмагнай нь талийгаачийн толгой руу хүчтэй цохиж унагаснаас болсон, эсхүл хэрэг болсон газраас өөр газарт явж байгаад гэмтсэн, эсхүл согтуугаас болж унаж гэмтсэн эсэх нь маш эргэлзээтэй байна. Дээрх эргэлзээтэй зүйлүүдийг нарийн шалгаж тогтоолгүйгээр хүнд ял тулгаж яллаж байгаад гомдолтой байна. Тодорхой бус үйлдлүүдийг дахин нягтлан шалгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Бат-Өлзийгийн өмгөөлөгч Б.Тэнгис хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан дүгнэлт нь нэг талыг барьсан дүгнэлт гэж үзэж байна. Учир нь камерын бичлэгт өшиглөх үйлдэл хийж байгаа мэт боловч талийгаачийн толгой руу яг өшиглөж байгаа үйлдэл харагддаггүй. Мөн орчиндоо үйлчлэлгүй болж газар суун босохгүй байсан талийгаач бусдын тусламжгүй өөрөө босоод хамт явж байсан хүмүүстэйгээ Консул зочид буудлаас гарч явж байгаа нь харагддаг. Тодмагнай болон гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, зодоон болсон гэх 19 цаг 40 минутаас 22 цаг хүртэл хугацаанд талийгаач юу хийсэн, хэнтэй хаагуур байсан талаар шалгаж тогтоогоогүй. Энэ хугацаанд талийгаач гэмтэл авсан, хүнд зодуулсан, унаж бэртсэн байж болзошгүй тул шалгуулах шаардлагатай гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэв.

Улсын Ерөнхий Прокурорын Газрын хяналтын прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд: Шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны үндэслэлтэй гарсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “Хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Бат-Өлзий нь согтуугаар 2016 оны 6 дугаар сарын 14-ний орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Консул” зочид буудлын хашаан дотор хохирогч Д.Баярлах, Д.Тодмагнай нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдох явцдаа амь хохирогч Д.Баярлахын биед учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж санаатай алсан, хохирогч Д.Тодмагнайн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

-шүүгдэгч Д.Тодмагнай нь талийгаач Д.Баярлахтай бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 14-ний орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Консул” зочид буудлын хашаан дотор хохирогч Б.Бат-Өлзийтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдох явдцаа биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон тухай анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх Б.Бат-Өлзийгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар, Д.Тодмагнайгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Бат-Өлзийд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 5 сар хорих, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх хорих ялыг 10 жил 5 сараар тогтоож, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч Д.Тодмагнайд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “Консул” зочид буудлын гадаах камерын бичлэг /1-р хх-23/, гэрч Б.Эрдэнэбилэг /1-р хх-53/, Д.Өлзий-Орших /1-р хх-59/ нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шинжээчийг байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг үндэслэн “...Б.Бат-Өлзий нь Д.Баярлахын толгой руу хэд хэдэн удаа өшиглөсний улмаас талийгаач орчиндоо үйлчлэлгүй болж, газар суун босохгүй байгаа хэргийн үйл баримт тогтоогдсон, талийгаачийн тархины гэмтэл, Б.Бат-Өлзийгийн өшиглөсөн үйлдэл хоёрын дунд шууд шалтгаант холбоотой” гэж дүгнэснийг няцаан үгүйсгэх, түүнчлэн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хууль бусаар хасаж хязгаарласан, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхэд хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн, эсхүл бусад хэлбэрээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг зөрчиж шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч Б.Бат-Өлзий, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нар хяналтын шатны шүүхэд “хэрэг болсон газраас талийгаач бусдын тусламжгүй гарч явсан, өөр газар гэмтэж, бэртсэн байж болзошгүй тул энэ талаар шалгуулах шаардлагатай, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэх гомдлыг гаргасан байх боловч талийгаач  Д.Баярлах нь шүүгдэгч Б.Бат-Өлзийгөөс өөр хүнд зодуулсан болон бусад байдлаар гэмтэл авч нас барсан гэж үзэх үндэслэл бүхий сэжиг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Бат-Өлзий, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 249 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бат-Өлзий, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                            ДАРГАЛАГЧ,

                                           ШҮҮГЧ                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

                                           ШҮҮГЧ                                                                   Б.БАТЦЭРЭН