Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 105/2016/0243/Э |
Дугаар | 249 |
Огноо | 2016-11-18 |
Зүйл хэсэг | 091.1., 099.1., 099.2., |
Улсын яллагч | О.Багшбаяр, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
иргэдийн төлөөлөгч Б.Болорцэцэг,
улсын яллагч О.Багшбаяр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Давааням, түүний өмгөөлөгч Д.Даваа,
шүүгдэгч, хохирогч Б.Бат-Өлзий, түүний өмгөөлөгч Д.Тамир, П.Амгаланбаатар,
шүүгдэгч, хохирогч Д.Тодмагнай, түүний өмгөөлөгч Д.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батцагаан овогт Батжаргалын Бат-Өлзий, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Багшид овогт Даваанямын Тодмагнай нарт холбогдох эрүүгийн 201625012259 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Булган аймаг, Гурван Булаг сум, 5-р баг, Хөгнөд оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын задгайд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 720 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 510 дугаар магадлалаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, Батцагаан овогт Батжаргалын Бат-Өлзий, /РД:ГГ93010315/,
2. Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, буриад, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Ойчидын 151б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 5 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 49 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 10 хоногийн ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Багшид овогт Даваанямын Тодмагнай, /РД:СЙ87071937/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Бат-Өлзий нь 2016 оны 06 дугаар сарын 14-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Консул” зочид буудлын хашаан дотор хохирогч Д.Баярлах, Д.Тодмагнай нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар Б.Баярлахыг зодож санаатай алсан,
мөн 2016 оны 06 дугаар сарын 14-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Консул” зочид буудлын хашаан дотор Д.Баярлах, Д.Тодмагнай нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, хохирогч Д.Тодмагнайг зодож, бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
шүүгдэгч Д.Тодмагнай, Д.Баярлах нар нь бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 14-ний орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Консул” зочид буудлын хашаан дотор хохирогч Б.Бат-Өлзийтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож, бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Бат-Өлзий нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 12 цагт гэрээсээ гараад найз Сүхээтэй уулзах гээд гэрт нь очиход Сүхээг байхгүй байна гэж ээж Оюунаа нь хэлсэн. Тэгээд 14 цагийн үед найз Оюука над руу залгаад уулзъя гэсэн. Бид хоёр Консул зочид буудалд хоёр том пиво уугаад 19 цагийн үед буудлаас гарсан. Тэгээд буудлын хашааны үүдэнд би утсаараа оролдоод байж байхад Тодмагнай миний утас руу гараа явуулахаар нь би түүнийг хойш нь татаад бид барилцаж авсан. Тодмагнай намайг түрүүлж цохисон. Би эргүүлээд цохиж бид хоёр харилцан цохилцсон. Дараа нь би Тодмагнайг хавсарч унагаагаад хашаа руу буцаж ороод утсаар ярьсан. Гэтэл Тодмагнай дахин миний араас ирээд утас булаах гэж ирсэн. Тэгэхэд араас нь Баярлах ирсэн. Тодмагнай надтай барилцсан байхад Баярлах миний нүүр рүү цохихоор нь би эргүүлээд цохисон. Би Тодмагнай, Баярлах нартай харилцан цохилцсон. Тодмагнай миний нүүр рүү цохих үед би хэсэг манарсан. Тэгээд тэр хавьд байсан нэг хүн цагдаа дуудлаа гэхэд Баярлах, Тодмагнай нар надаас холдож явсан. Би хашаанаас гарч зогссон. Тэгэхэд Приус маркийн машинтай хүн ирж яагаад зодолдоод байгаа юм бэ гэхэд би энэ хоёр хүн намайг дээрэмдэх гэж байна гэж хэлсэн гэв.
Шүүгдэгч Д.Тодмагнай нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед дүү Баярлахтай утсаар яриад 17 цагт зах орсон. Би дүүтэйгээ уулзаж хоол идээд, хэрэгцээний мөнгө өгсөн. Гэтэл манай дүүтэй хамт байсан хүмүүс нь ахаараа архи авахуулаад өг гэхэд нь нэг шил архи авч өгсөн. Би дүүгээ хамт явъя гэхэд талийгаач “би яаж эхнэрээ хаяж явах вэ, /эхнэр Уртнасан нь согтуу байсан/ та түрүүлээд явчих” гэж хэлсэн. Тэгээд би Консул зочид буудлын хашааны гадна суугаад эхнэртэйгээ утсаар ярьж байтал Бат-Өлзий гэдэг залуу ирээд утсаараа нэг яриулчих гэсэн. Тэгэхэд нь би надад нэгж байхгүй байна гэж хэлсэн. Гэтэл Бат-Өлзий үгийн зөрүүгүй намайг цохиж, дээрээс дэвссэн. Тэгэхэд тэр хавиар явж байсан хүмүүс хэлж болиулсан. Дараа нь Бат-Өлзий утсаар яриад байсан. Баярлах ирээд “яагаад манай ахыг зодож байгаан бэ” гэхэд Бат-Өлзий үгийн зөрүүгүй Баярлахын нүүр рүү нь цохисон. Би дүүгээ хамгаалахаар очиж “яагаад биднийг зодоод байгаа юм бэ, үг хэлээрээ учраа олъё” гэж хэлэхэд Бат-Өлзий миний нүд рүү цохиод, цээж рүү дэвссэн. Тэгээд миний хамар, амнаас цус гараад ухаан орж гарч байсан. Тэр үед буудлын хамгаалагч гарч ирээд цагдаа дуудсан тул та нар яв гэж хэлсэн. Тэгэхэд Бат-Өлзий хаашаа ч юм мэдэхгүй алга болсон байсан. Би Баярлахыг зүгээр үү, явах уу гэхэд Баярлах, миний толгой өвдөөд, дотор муу байна гээд яваагүй. Тухайн үед миний дух халцарч, уруул язарч, баруун нүд улайсан байсан тул миний өмсөж явсан судалтай эрээн цамц нил цус болсон байсан. Тэр өдөр би Баярлахад 89161510 дугаартай гар утас авч өгсөн байсан. Тэгээд би гэр рүүгээ харьсан. Би гэртээ хариад толгойны эм уугаад 22 цагт Баярлах руу залгахад эхнэр Уртнасан утсыг нь аваад Баярлахын амнаас цус гараад ярьж чадахгүй байна гэсэн. Дараа нь 23 цагт дахин Баярлах руу залгахад такси аваад манайд ирэх болсон. Дахин залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд ирэхгүй болохоор нь би унтсан. Би өглөө 17-гийн банканд материалаа өгөх гээд дараалалд зогсож байтал гэмтлийн эмнэлэгээс яриад дүү чинь ухаангүй ирлээ гэсэн. Бат-Өлзий манай дүүг цохиогүй гэж хэлэхгүй гэхдээ цохиулсан байж магадгүй тул үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Давааням нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ хэргийн талаар хараагүй, мэдэхгүй. Гэхдээ би хүүхдээ зодуулж алуулсандаа гомдолтой байна. Зураг дээр айхтар зодсон байгаа нь харагдаж байна. Камерын бичлэгийг шүүж харах хэрэгтэй байна. Талийгаач миний 3 дахь хүү байсан. Зан аашийн хувьд томоотой, дөлгөөхөн хүү байсан. Хүү маань хэдэн жилийн өмнөөс өнчин өрөөсөн үлдсэн байсан. Шүүгдэгч Бат-Өлзий 1.200.000 төгрөг өгсөн. Оршуулгын зардалд 6.000.402 төгрөг гарсан. Одоо үлдсэн төлбөрийг нэхэмжилж байна гэв.
Хохирогч Б.Бат-Өлзий нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.
Хохирогч Д.Тодмагнай нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваанямын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Намайг хотод ирээд уулзаад явахад эрүүл саруул ямар нэгэн асуудалгүй уулзаад, хонож өнжөөд л явдаг байсан. Хүнд зодуулсан гэж л сонссон, өөрөөр би сайн мэдэхгүй байна. Хамгийн сүүлд 11 дүгээр сард уулзсан, тэрнээс хойш уулзаагүй. Толгойдоо гэмтэл авсан өдөр нь талийгаачийн ах Тодмагнай Нарантуул зах дээр очиж уулзаад гутал, хувцас авч өгөөд тухайн үед хамт аваад явах гэсэн чинь найз охин нь явуулаагүй аваад үлдсэн гэж надад хэлсэн. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх 26-28 дугаар хуудас/,
Хохирогч Б.Бат-Өлзийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...буудлаас гараад явж байсан чинь өөдөөс цагаан судалтай цамцтай залуу ирээд утас булаах гэж оролдохоор нь би өгөөгүй. Тэгсэн өөдөөс утсаа өгсөнгүй гэж хэрүүл маргаан хийгээд миний зүүн шанаа руу цохихоор нь зөрүүлээд гараа савж цохиод баруун хөлөөрөө хавсраад унагаасан. Тэгсэн цаанаас бараан хувцастай залуу ирээд яаж байгаан гээд миний нуруу руу цохисон. Сүүлд ирсэн залуутай зууралдаад харилцан нүүр рүүгээ цохилцсон. Яг хаана нь цохисноо мэдэхгүй байна. Ингээд буудлын ах гарч ирж салгасан. Анх надтай ирж маргалдсан залуу гараараа хэд хэдэн удаа миний зүүн шанаанд цохиж амны дотор жавьж язалсан. Мөн сүүлд тэр залууг өмөөрч ирсэн залуу надтай зууралдаж миний баруун мөр, тохой, цээж, хэсэг рүү цохиж, маажиж, зулгалсан. Надтай тухайн үед зодолдсон 2 залуу хоёулаа л энд тэндээс цохиж зууралдсан Тийм болохоор тэр хоёр залуугаас энэ гэмтэл үүссэн...” гэх мэдүүлэг /хх 29-31 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Тодмагнайн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бат-Өлзий гэх залуу Консул зочид буудлын хойд талаас жоохон ууртай байдалтай гарч ирээд намайг утсаа өгч бай ганц яриулчих гэж хэлсэн. Тэгэхээр нь найзад нь нэгж алга гэсэн чинь худлаа шаагаад бай гэж хэлэхээр нь би худлаа яриагүй чи харвал хар гэж хэлээд утсаа бариад очсон чинь миний баруун талын нүд рүү баруун гараараа нэг удаа цохисон. Цохиулах үед миний нүдэнд оч манараад би доошоо тонгойсон чинь хөлөөрөө духны зүүн тал руу 3-4 удаа өшиглөөд миний толгой эргээд газар унасан. Газар унасан байхад миний дээрээс тэр залуу хөлөөрөө дэвсэлж байгаад Консул зочид буудлын хашаа руу утсаар яриад орсон. Тэгээд миний хамраас цус гоожоод Консул зочид буудлын хашааны гадна сууж байхад цаанаас талийгаач Баярлах ирээд нөгөө Бат-Өлзий гэх залуу дээр очоод яагаад миний ахыг цохиж байгаа юм гэсэн чинь үгийн зөрөө байхгүй Баярлахын нүүр рүү цохиод унагаасан. Би Бат-Өлзий гэх залуу дээр очоод яагаад манай дүүг зодож байгаа юм, үг хэлээрээ ярилцъя гэсэн чинь пизда минь гээд миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохиод миний малгайтай цамцны энгэрээс барьж байгаад доошоо угзарч унагаасан. Намайг газар унасан байхад миний толгой болон цээж рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Би толгой руугаа цохиулаад манараад сүүлд юу болсныг мэдээгүй. Бат-Өлзий миний баруун талын нүд рүү баруун гараараа 1 удаа цохисон. Мөн зүүн талын дух руу 2-3 удаа өшиглөсөн. Мөн толгойн дээр дэвсээд байсан. Бат-Өлзий гэх залуу намайг цохисноос болоод дээрх гэмтлүүд надад учирсан...” гэх мэдүүлэг /хх 32-33 дугаар хуудас/,
Гэрч Б.Одсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн үед би нэлээд согтсон байсан бөгөөд нэг харахад Баярлахын ах Бүлтээ Консул зочид буудлын хашаан дотор машин зогсдог талбай дээр цагаан майктай залуутай маргаж байсан. Тэгээд тэр хоёр дээр Баярлах очсон ба Бүлтээ ахаа өмөөрч 3-4 минут зодоон болоод, нөгөө залуу гүйгээд явсан, харин Баярлахын уруулаас цус гарсан байсан. Тэгээд би архи ууж байсан хашааныхаа гадаа унтаад өгсөн харин Баярлах эхнэр Уртаатай унтлаа гээд явсан. Бүлтээ ах нь хаашаа явсныг мэдэхгүй. Би шөнө 23 цагийн үед сэрээд сав түүхээр нүхэн гарцаар урагшаа явах гэхэд Баярлах эхнэр Уртаатай шилэн захын хажууд унтаж байсан ба би уулзаагүй шууд явсан...” гэх мэдүүлэг. /хх 35-37 дугаар хуудас/,
Гэрч Б.Ууганцогтын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 15-ны орой ирээд ээж, аавын гэр рүү ороход хацар нь хавдчихсан, хүзүү нь шарх болчихсон байхаар нь яасан талаар асуусан чинь тодорхой юм хэлээгүй. Харин ээж “наадах чинь өчигдөр хүнтэй зодолдсон юм шиг байгаа юм” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /хх 38-39 дүгээр хуудас/,
Гэрч Баяраагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр орой 22 цагийн үед Нарантуул захын хойд талын 24 цагийн дэлгүүрийн хажууд Баярлах болон түүний эхнэр Уртаатай таарсан. Баярлах бие муу байна, архи авч өгөөч гэхээр нь архи авч өгөөд бид хувааж уусан. Үүрээр гэгээ орж байхад Баярлах бие өвдөөд байна гэхээр нь эмнэлэг дуудах утас олдоогүй. Тэгээд буцаад ирсэн чинь Баярлахын эхнэр Уртаа эмнэлэг дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлэг. /хх 49 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Батзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хамгийн сүүлд шилэн захын зүүн талд Төрийн банкны гадна талын АТМ-н урд хэвтэж байхад нь би өглөө босч очоод хөдлөхгүй болохоор нь Уртаа түргэн дуудаад түргэний машин ирээд аваад явсан. Сүүлд хүмүүсээс сонсоход зах дотор утас зардаг залууд зодуулсан гэж сонссон” гэх мэдүүлэг. /хх 50 дугаар хуудас/,
Гэрч Б.Баярцэнгэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Байрны үүдээр гарч байхад хоёр хүүхэн ирээд “эгчээ яаралтай утсаар яриулаач, манай найз өчигдөр хүнд зодуулаад бие нь их муу байна” гэж хэлсэн. Тэгээд миний утсыг шар толгойтой, шар царайтай эмэгтэй нь гуйж аваад 103 дугаарын утсанд “Баярлах гэх залуу бие нь их муу байна. Шилэн захын хойд талд” гэж дуудлага өгч байсан...” гэх мэдүүлэг. /хх 52 дугаар хуудас/,
Гэрч Г.Улаанхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Баяраа гэх залуу ирээд “ус байна уу” гэж асуухаар нь байхгуй гээд явуулсан. Тэгээд нөгөө хэл муутай залуу хойшоо яваад дэлгүүрээс жижиг савтай ус авчираад Төрийн банкны АТМ-н үүдний шатан дээр хэвтэж байсан залууг тушиж суулгаад ус уулгаад байсан. Нээх удалгүй түргэн ирээд нөгөө хэвтэж байсан бие нь муу залууг аваад явсан. Тэр шөнө тэр хавьд огт зодоон болоогүй...” гэх мэдүүлэг. /хх 54 дүгээр хуудас/,
Гэрч Б.Батжаргалын /Уртаагийн/ мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр өдөр архи ууж байгаад унтчихсан байсан. Би босоод явж байгаад Баяраа ахтай таараад Баярлах хаана байгааг асуусан чинь “Шилэн захын зүүн хойд талд Төрийн банкны урд талын шатан дээр унтаж байгаа гэж хэлсэн. Тэнд очиход Баярлах хүнд зодуулсан гэж огт ярилгүй унтсан. Унтахынхаа өмнө “хайрых нь тархи хөдөлчихсөн юм шиг байна, толгой өвдөөд байна” гэж хэлж байсан. Өглөө нар мандаж байхад сэрээд Баярлахыг босгох гэсэн боловч ярьж чадахгүй нүд нь аниастай татахаар мм мм гээд өмдөндөө шээгээд байсан. Тэгэхээр нь гайхаад Баяраа ахаас асуусан чинь “өчигдөр Консул зочид буудлын хашаан дотор хүнд зодуулсан гэж байна лээ, манай зарим хүмүүс харсан гэсэн” гэж ярихаар нь түргэн дуудсан...” гэх мэдүүлэг. /хх 55-56 дугаар хуудас/,
Гэрч Д.Өлзий-Оршихийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Дээгүүрээ цагаан цамцтай залуутай хоёр согтуу залуу маргаад хашаан дотор орж ирсэн. Ингээд тэр хоёр залууг нөгөө цагаан цамцтай залуу барьж аваад цохиод байсан. Зодуулсан хоёр залуугийн нэг нь дээгүүрээ цэнхэр яактай, тэрүүгээр архи уудаг залуу байсан. Харин нөгөө залууг нь бол харж байгаагүй бөгөөд тухайн үед дээгүүрээ хар саарал өнгийн судалтай цамцтай байсан. Тэд нар хоорондоо зодолдоод цагаан цамцтай залуу цамцаа тайлаад нөгөө хоёр залууг "та хоёр амжихгүй шүү, ална шүү” гээд дайраад байсан. Зодуулсан хоёр залуу эсэргүүцэл үзүүлж чадахгүй газар суугаад байсан. Тэр хавиар архи уугаад байдаг цэнхэр яактай залуугийн амнаас нь цус гараад нүүр нь тэр чигээрээ цус болчихсон хашааны голд контейнерын хажууд суугаад байсан. Цэнхэр яактай залууг цагаан цамцтай залуу өшиглөөд унагаачихсан. Нөгөө залууг нь ч гэсэн өшиглөөд байсан. Хар саарал өнгийн судалтай цамцтай залуу зүгээр босоод явж байхыг харахад гайгүй юм шиг байсан. Харин цэнхэр яактай өндөр бор залуу буюу нэрийг нь хальт мэдэх Баярлахын бие жоохон муу байсан...” гэх мэдүүлэг. /хх 59-60 дугаар хуудас/,
Гэрч О.Ариунтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Үүрээр Нарантуул захын хойд талын нүхэн гарам дээр ирэхэд Төрийн банкны үүдний шатны урд Баярлах хэвтчихсэн, Уртаа, Баяраа хоёр хажууд нь сууж байсан. Намайг харж байхад Баяраа Баярлахын ам руу ус хийгээд байсан. Баярлах нилээн бие нь муу байх шиг байсан. Ингээд Уртаа яваад түргэн дуудаад түргэний машин ирээд аваад явсан. Яагаад бие нь муудсан бэ гэж Баяраагаас асуухад “Консул зочид буудлын гадаа өмнөх өдөр нь хүнд зодуулсан” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг. /хх 61 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Түмэн-Өлзийгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д.Баярлах нь ухаангүй, цээж хэвлийнд мөчдөөр хөхрөлт, няцралттай, урууланд шархтай оёдол тавьсан байсан. Хүлээн авахад оёдол тавьсан гэсэн үг. Ингээд яаралтай 12 цагийн үед тархины мэс засалд ороод тархины баруун талын хагас бөмбөлөгт үүссэн цусан хурааг авч тархи даралтыг чөлөөлөх мэс засал хийгдэж 15 цагт хагалгаа дууссан. Хагалгааны дараа өвчтөний биеийн байдал дээрдээгүй буюу тархи сэргээгүй. Шаардлагатай бүх эмчилгээг хийсэн боловч эмчилгээнд үр дүн өгөөгүй. Гавал тархины хүнд гэмтлийн улмаас өвчтөн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн ОЗ цаг 30 минутад нас барсан. Тэр гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Цусан хураа маш их үүссэн байсан. Энэ хагалгааны үед тархинд үүссэн цусан хурааг харахад хагалгаанд орохоос 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Нарийвчилсан цагийг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь цохиулах буюу өшиглөх, гөлгөр гадаргуутай зүйлээр цохиулаад унах үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг. /хх 62-63 дугаар хуудас/,
Гэрч Ц.Амартайвангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Шилэн захын зүүн талд Төрийн банкны АТМ буюу 15 дугаар байрны урд булангийн хогон дунд 25 орчим насны жинсэн өмд хар бараан цамцтай залуу дээшээ харсан байдалтай ухаангүй, хүүхэн хараа бага зэргийн урвалтай байсан бөгөөд хажууд нь байсан эмэгтэй “урьд орой нь хүнд зодуулаад ирсэн” гэж ярьж байсан учир эмнэлэг рүү авч явсан. Өвчтөн нь оршин суух тодорхой хаяг, бичиг баримтгүй тул Энэрэл эмнэлэг рүү хүргэх гэж явж байсан боловч зөөвөрлөх явцад тухайн залуугийн баруун талын хүүхэн хараа нь өргөсөөд урвалгүй болсон учир толгойндоо гэмтэлтэй байна гээд гэмтлийн эмнэлэг рүү хүргэсэн. Зодуулсан гэх залуу миний асуултанд хариулах чадваргүй өвчиндөө шаналах зовиуртай дуугарч байсан. Яг бүрэн ухаангүй биш байсан. Би эмнэлэг рүү хүргэхдээ хүчил төрөгчөөр хангаж явсан мөн пульс нь хэвийн гайгүй байсан болохоор ямар нэгэн тариа хийгээгүй. Уг өвчтөнд анх үзлэг хийхэд хүүхэн харааны урвал муу, хамраас цус гарч хатсан, нүүр орчим хавдар тогтсон байдлаас үзэхэд дээрх гэмтэл миний очиж үзсэн цаг буюу 07 цагаас урагш 10-14 цагийн хугацаанд уг гэмтлийг авах бүрэн боломжтой. Хүн тархины гэмтэл аваад ухаантай явах эсэх нь тухайн хүний онцлог, тархинд үүссэн гэмтлийн хэмжээнээс хамаарна. Би тэр хүнийг тархиндаа битүү гэмтэл авчихсан байна гэж бодсон. Тархинд үүсч буй битүү гэмтэл нь унах буюу цохигдох үед үүснэ. Тархинд ямар нэгэн ил язарсан шарх байхгүй байсныг үзэхэд ямар нэгэн хурц ирмэгтэй зүйлээс үүсээгүй, хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас үүснэ. Унах үед үүсэх боломж нь гөлгөр гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэх үед үүснэ гэсэн үг. Хатуу цементэн шалан дээр унах үед үүсэх бас боломжтой. Мөн гараар болон өшиглөх үед ч үүсч болно. Багахан хэмжээний тархинд үүссэн хаван мэдэгдэх нь бас бага байдаг. Хэсэг хугацаа буюу 5-10 минут тархи доргилтонд ороод манараад хөдөлгөөн хийхгүй болдог. Огт хөдөлгөөн хийхгүй бас биш. Босч суух бүүр босохгүй байх ч юм уу эсхүл юм бодож байгаа юм шиг орчиндоо харилцан үйлчлэл өгөхгүй байдал гарч болдог...” гэх мэдүүлэг. /хх 65-66 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹8481 актад:
1. Бат-Өлзийгийн биед эрүүний зөөлөн эдийн няцрал, жавьжны шарх, зулгаралт, хүзүү, цээжний цус хуралт, зулгаралт, зүүн тохойн үений зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэжээ /хх 86 дугаар хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №626 дүгнэлт:
1. Б.Бат-Өлзий нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. Б.Бат-Өлзий нь сэтгэцийн өвчингүй байна.
3. Б.Бат-Өлзий нь өөрийн үйлдлийг ухамсарлан удирдах чадвартай байна.
4. Б.Бат-Өлзий нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. Б.Бат-Өлзий нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэжээ /хх 83-84 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹8857 актад:
1. Д.Тодмагнайн биед дух, баруун нүдний зовхинд цус хурат, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх 88 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн ¹1120 актад:
1. Талийгаач Д.Баярлахын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, уг цусан хурааг авсан хагалгааны дараах байдал, баруун чамархайн хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, няцрал, баруун чамархайн хуйхны цус хуралт, цээж, мөчдийн хуучин цус хуралт, дээд, доод уруулын дотор талын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх үхэлд хүргэсэн гавал, тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хүнд зэргийн гэмтэл болно. Цээж, мөчдийн цус хуралт гэмтэл нь хуучин, дээд, доод уруулын дотор талын язарсан шарх гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
З. Талийгаач нь гавал, тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, уг цусан хурааг авсан хагалгааны дараах байдал, баруун чамархайн хэсгийн эөөлөн бүрхүүл доорх цус хараалт, няцрал гэмтлийн улмаас нас баржээ.
4. Цусанд спиртийн зүйл илрээгүй байна.
5. АВО систөмээр А 2-р бүлгийн цустай байна.
6. Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна гэжээ /хх 102-103 дугаар хуудас/,
Шинжээч эмч Г.Энхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “…Талийгаач Д.Баярлахын тархинд үүссэн цус хуралт нь шинэ гэмтэл байсан. Талийгаачийн тархинд үүссэн хурааг хагалгаагаар авсан байсан ба задлан шинжилгээ хийх үед үлдэгдэл цусан хураа болон тархины хатуу хальсыг эд эсийн шинжилгээнд авч архивласан байна. Энэ гэмтлийг авч үзэхэд гэмтлийн эмчийн хагалгааны тэмдэглэл задлан шинжилгээнээс үзэхэд талийгаачийн тархинд үүссэн хураа шинэ гэмтэл буюу тухайн зодуулсан гэх цаг хугацаанд үүсэх бүрэн боломжтой. Хатуу мохоо зүйлийн улмаас унах буюу цохигдох, өшиглөлтийн улмаас үүснэ. Унасан тохиолдолд гөлгөр буюу цементэн шалан дээр унах үед ч үүсэх бүрэн боломжтой. Тархинд хуримтлагдаж байгаа цус хуралтын хурдаас хамаарч янз бүр харилцан адилгүй тархи дарагдах хүртэл идэвхитэй үйлдэл хийдэг. Яг нарийн цаг хугацааг тогтоох боломжгүй. Энэ цусан хурааг аваад хэдий хугацаанд ухаантай явсныг тогтоох бүрэн боломжгүй…” гэх мэдүүлэг. /хх 106 дугаар хуудас/,
Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10-12 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 23-25 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 130, 133 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 132, 135 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Бат-Өлзийгийн хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 181-189 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Бат-Өлзий нь 2016 оны 06 дугаар сарын 14-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Консул” зочид буудлын хашаан дотор хохирогч Д.Баярлах, Д.Тодмагнай нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар Б.Баярлахыг зодож хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан,
мөн 2016 оны 06 дугаар сарын 14-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Консул” зочид буудлын хашаан дотор Д.Баярлах, Д.Тодмагнай нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, хохирогч Д.Тодмагнайг зодож, бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
шүүгдэгч Д.Тодмагнай нь Д.Баярлахтай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 14-ний орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Консул” зочид буудлын хашаан дотор хохирогч Б.Бат-Өлзийтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож, бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Бат-Өлзийд Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар, Д.Тодмагнайд мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Б.Бат-Өлзийгийн өмгөөлөгч П.Амгаланбаатараас “Бат-Өлзийн цохилтоос үүсээд гэмтэл авсан гэдгийг нотлох баримт байхгүй, хохирогч гэмтэл авсанаас хойш ямар хугацаанд идэвхтэй үйлдэл хийх вэ гэдэг нь шинжээчийн дүгнэлт, эмч нарын мэдүүлэг өөр байгаа, мөн өмгөөлөгч Д.Тамирын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй, эд мөрийн баримтаар CиДи хураасан тогтоол үйлдэх байтал үйлдээгүй, хаанаас, хэнээс хурааж авсан нь тодорхойгүй, гэрчийн хувийн байдлыг тогтоогоогүй, Уртаа, Баяраа нарын мэдүүлэг өөр байгаа зэргийг тогтоолгох” гэснийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Үүнд: Шинжээч эмч Г.Энхбаатарыг байцаасан тэмдэглэлд “…талийгаач Д.Баярлахын тархинд үүссэн цус хуралт нь шинэ гэмтэл байна. Талийгаачийн тархинд үүссэн хурааг хагалгаагаар авсан байсан ба задлан шинжилгээ хийх үед үлдэгдэл цусан хураа болон тархины хатуу хальсыг эд эсийн шинжилгээнд авч архивласан байна. Гэмтлийн эмчийн хагалгааны тэмдэглэл, задлан шинжилгээнээс үзэхэд талийгаачийн тархинд үүссэн хураа шинэ гэмтэл буюу тухайн зодуулсан гэх цаг хугацаанд үүсэх бүрэн боломжтой...” гэжээ /хх 106 дугаар хуудас/,
Гэрч Ц.Амартайваны мэдүүлэгт ”…Гэмтэл авсан байдал, гэмтлийн хэмжээ, хүний өөрийн биеийн онцлогоос хамаарч хүн бүрт харилцан адилгүй байдаг. Уг өвчтөнд анхны үзлэг хийхэд өвчтөний хүүхэн харааны урвал муу, хамраас цус гарч хатсан, нүүр орчим хавдар тогтсон байдлаас үзэхэд дээрхи гэмтэл миний очиж үзсэн цаг буюу 07 цагаас урагш 10-14 цагийн хугацаанд уг гэмтлийг авах бүрэн боломжтой...” гэжээ /хх 65-66 дугаар хуудас/,
Гэрч Ж.Түмэн-Өлзийн мэдүүлэгт ”…ГССҮТ-н сэхээн амьдруулах тасагт 2016 оны 6 сарын 15-ны өдрийн 09 цаг 30 минутад хүлээн авсан. Ингээд 12 цагийн үед тархины мэс засалд ороод тархины баруун талын бөмбөлөгт үүссэн цусан хурааг авч тархи даралтыг чөлөөлөх мэс засал хийгдэж 15 цагт хагалгаа дууссан. 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 03 цаг 30 минутад нас барсан. Тэр гэмтэл шинэ гэмтэл байсан, цусан хураа маш их үүсэн байсан. Энэ хагалгаанд орох үед тархинд үүссэн цусан хурааг харахад хагалгаа орохоос 24 цагийн дотор үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх 62-63 дугаар хуудас/-үүдийг үнэлэхэд эмч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зөрүүтэй байдал харагдахгүй байгаа бөгөөд тухайн гэмт хэрэг гарах үед буюу 2016 оны 06 дугаар сарын 14-ний орой 19 цаг 30 минутын орчимд хохирогч Д.Баярлах уг гэмтлийг авсан байх бүрэн боломжтой байна.
Шинжээч эмч Г.Энхбаатар, Ж.Түмэн-Өлзий, Ц.Амартайван нарын мэдүүлэгт “…цохиулах, өшиглөх, гөлгөр гадаргуутай зүйлд цохиулахад, унах, унасан тохиолдолд гөлгөр буюу цементэн шалан дээр унах үед уг гэмтлэл учрах боломжтой гэж дүгнэсэн учир хохирогч нь цементэн шатан дээр унаад энэ гэмтлийг авсан байх гэх Бат-Өлзийгийн өмгөөлөгч нарын үг нь хохирогч Баярлах нь шүүгдэгч Бат-Өлзийд зодуулсан дараагаар “амнаас нь цус гараад нүүр нь тэр чигээрээ цус болчихсон суугаад байсан” гэх гэрч Д.Өлзий-Оршихын мэдүүлгээр энэ байдал нь няцаагдаж байна.
Шүүгдэгч Б.Бат-Өлзийн хохирогч Д.Баярлах, Д.Тодмагнай нартай маргалдан улмаар Д.Баярлахыг зодож санаатай алсан, Д.Тодмагнайн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь:
Гэрч Б.Одсүрэнгийн “…нэг харахад Баярлахын ах Бүлтээ Консул зочид буудлын хашанд дотор машин зогсдог талбай дээр цагаан майктай залуутай маргаж байсан. Тэгээд тэр хоёр дээр Баярлах очсон ба Бүлтэн ахаа өмөөрч зодолдсон ба 3-4 минутын зодоон болоод нөгөө залуу гүйгээд яваад өгсөн. Харин Баярлахын уруулнаас цус гарсан байсан. Тэгээд би архи ууж байсан хашааныхаа гадаа унтаад өгсөн. Харин Баярлах эхнэр Уртаатай унтлаа гээд явсан. Би шөнө 23 цагийн үед сав түүхээр нүхэн гарцаар урагшаа явах гэхэд Баярлах эхнэр Уртаатайгаа Шилэн захын хажууд унтаж байсан ба би уулзаагүй шууд явсан” гэх мэдүүлэг /хх 35-37 дугаар хуудас/,
Гэрч Баяраагийн “...Тэр орой 22 цагийн үед Нарантуул захын хойд талын 24 цагийн дэлгүүрийн хажууд Баярлах болон түүний эхнэр Уртаатай тааралдсан. Баярлах надтай уулзах үедээ найзынх нь бие муу байна. Надад ганц шил архи авч өгөө гэхээр нь би Нарантуул захын хойд талын 24 цагийн дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн архи 4.500 төгрөгөөр авч өгсөн. Тэгээд Баярлах Уртаа бид 3 дээрээ “Од караоке” гэсэн бичигтэй 24 цагийн дэлгүүрийн гадна архиа хувааж уусан. Тэгээд би согтоод Баярлах, Уртаа бид 3 шилэн захын хойд талд очиж унтсан. Үүрээр гэгээ орж байхад Баярлах бие өвдөөд байна гэхээр нь би эмнэлэг рүү залгах гээд явсан боловч утас олдоогүй. Тэгээд буцаад ирсан чинь Баярлахын эхнэр Уртаа эмнэлэгт дуудлага өгсөн. Тэр өглөө хамт явж байгаад би түүсэн хогоо зарах гээд салсан. Ингээд орой 22 цагийн үед Баярлахтай уулзсан. Тэр үед Баярлах зодуулсан байдалтай, амнаас нь цус гарсан, бие өвдөөд байна гэж хэлсэн. Орой 22 цагийн үед уулзсанаас хойш хүнтэй маргалдаж муудалцсан зүйл болоогүй, толгойгоороо газар унаж ойчсон зүйл байхгүй, толгойгоо бариад бие муу байна гээд яваад байсан” гэх мэдүүлэг /хх 49 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Батзоригийн “...Хамгийн сүүлд шилэн захын зүүн талд Төрийн банкны гадна талын АТМ-н урд хэвтэж байхад нь би өглөө босч очоод хөдлөхгүй болохоор нь Уртаа түргэн дуудаад түргэний машин ирээд аваад явсан. Сүүлд хүмүүсээс сонсоход зах дотор утас зардаг залууд зодуулсан гэж сонссон” гэх мэдүүлэг /хх 50 дугаар хуудас/,
Гэрч Б.Баярцэнгэлийн “...2016 оны 6 сарын 15-ны өглөө 07 цаг өнгөрч байхад би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 75 дугаар байранд байрлах гэрээсээ гараад байрны үүдээр гарч байсан чинь 2 хүүхэн ирээд эгчээ яаралтай утсаар яриулаач, манай найз өчигдөр хүнд зодуулаад бие нь их муу байна гэж хэлсэн. Тэгээд миний утсыг шар толгойтой, шар царайтай эмэгтэй нь гуйж аваад 103 дугаарын утсанд Баярлах гэж залуу бие нь их муу байна, шилэн захын хойд талд гэж дуудлага өгч байсан гэх мэдүүлэг /хх 52 дугаар хуудас/,
Гэрч Г.Улаанхүүгийн “...2016 оны 6 сарын 16-ны өглөө 09 цаг болж байхад санаж байна, цагийг нь сайн санахгүй байна. Би харуулын байран дээрээ байж байсан чинь хэл муутай хойд нүхэн гарц дээгүүр байнга явж байдаг Баяраа гэх залуу над дээр ирээд ус байна уу гэж асуухаар нь байхгүй гээд явуулсан. Тэгээд нөгөө хэл муутай залуу хойшоо яваад нэг дэлгүүрээс жижиг савтай ус авч ирээд төрийн банкны АТМ-н үүдэнд байрлах шатан дээр хэвтэж байсан залууг түшиж суулгаад ус уулгаад байсан. Нилээн хэдэн архичид цуглаад түргэний эмнэлэгт ачиж өгч явуулсан” гэх мэдүүлэг /хх 54 дүгээр хуудас/,
Гэрч Б.Батжаргалын “…миний ойр дотны найзууд намайг Уртаа гэж дууддаг болсон. Сэрээд, би босож явж байгаад Баяраа ахтай таарсан. Тэгэд Баяраа ахаас Баярлах хаана байгааг асуусан чинь шилэн захын зүүн хойд талд Төрийн банкны урд талын шатан дээр унтаж байгаа гэж хэлсэн. Тэнд очоод би нөхөр Баярлахыг тэврээд шууд унтсан. Унтахынхаа өмнө хайрынх нь тархи хөдөлчихсөн юм шиг байна, толгой өвдөөд байна гэж хэлж байсан. Өглөө нар мандаж байхад сэрээд Баярлахыг босгох гэсэн боловч ярьж чадахгүй нүд нь аниастай, татахаар мм мм гээд өмдөндөө шээгээд байсан. Тэгэхээр нь гайхаад Баяраа ахаас асуусан чинь өчигдөр Консул зочид буудлын хашаан дотор хүнд зодуулсан гэж байна лээ. Манай зарим хүмүүс харсан гэсэн гэж ярихаар нь түргэн дуудахаар шийдээд гудамжуудаар явсан боловч нэг эгч таарахаар нь гуйж утсыг нь аваад түргэн дуудсан” гэх мэдүүлэг /хх 55-56 дугаар хуудас/,
Гэрч Д.Өлзий-Оршихын “...Тэр өдөр намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд орой 19 цагийн үед камерийн хяналтан дээр сууж байсан чинь камерт дээгүүрээ цагаан цамцтай 165-170 см орчим өндөртэй залуу манай хашаанд байрлах Консул зочид буудлаас гарч ирээд зогсохоор нь би камераа орхиод үүдэнд гараад шатан дээр зогссон. Дээгүүрээ цагаан цамцтай залуутай 2 согтуу залуу маргаад хашаан дотор орж ирсэн. Ингээд тэр 2 залууг нөгөө цагаан цамцтай залуу барьж аваад цохиод байсан. Би холоос харсан болохоор хаана нь яаж цохиж байгааг хараагүй. Зодуулсан 2 залуугийн нэг нь дээгүүрээ цэнхэр яактай тэрүүгээр архи уудаг залуу байсан. Харин нөгөө залууг нь бол харж байгаагүй бөгөөд тухайн үед дээгүүрээ хар саарал өнгийн судалтай цамцтай залуу байсан. Ингээд тэд нар хоорондоо зодолдоод цагаан цамцтай залуу дээгүүрэх цагаан цамцаа тайлаад нөгөө 2 залууг ”та 2 амжихгүй шүү, ална шүү” гээд дайраад байсан. Зодуулсан гэх 2 залуу эсэргүүцэл үзүүлж чадахгүй газар суугаад байсан. Тэр хавиар архи уугаад байдаг цэнхэр яактай залуугийн амнаас нь цус гараад нүүр нь тэр чигээрээ цус болчихсон хашааны голд контейнерийн хажууд суугаад байсан. Тэр цэнхэр яактай залууг цагаан цамцтай залуу өшиглөөд унагаачихсан. Нөгөө залууг нь ч гэсэн өшиглөөд байсан. Тэгэхдээ хар саарал өнгийн судалтай цамцтай залуу зүгээр босоод явж байхыг харахад гайгүй юм шиг байсан. Харин цэнхэр яактай өндөр бор залуу буюу нэрийг нь хальт мэдэх Баярлахын бие жаахан муу байсан. Баярлахыг цагаан майктай нэрийг нь мэдэхгүй залуу хашаан дотор орж ирэхэд нь нүүр рүү нь ганц нэг цохиж байх шиг байсан. Мөн унагаачихаад толгой руу нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Баярлахтай хамт явсан залууг ч бас нилээн хэдэн удаа нүүр рүү нь өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх 59-60 дугаар хуудас/,
Гэрч О.Ариунтуяагийн 2016 оны 6 сарын 15-ны өдрийн үүрээр Нарантуул захын хойд талын нүхэн гарцан дээр ирэхэд Төрийн банкны үүдний шатны урд Баярлах хэвтчихсэн, Уртаа Баяраа 2 хажууд нь сууж байсан. Намайг харж байхад Баяраа Баярлахын ам руу ус хийгээд байсан. Баярлах бие нь нилээн муу байх шиг байсан. Ингээд Уртаа яваад түргэн дуудаад түргэний машин ирээд аваад явсан. Түргэний машин авч явах үед би хажууд нь байсан. Яагаад бие нь муудсан талаар Баяраагаас асуухад Консул зочид буудлын гадаа хүнд зодуулсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх 61 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1120 дугаартай дүгнэлт /хх 102 дугаар хуудас/,
Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 8857 дугаартай дүгнэлт /хх 88 дугаар хуудас/ болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CиДинд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт уг CиДины бичлэгт үзлэг хийсэн зэргээр шүүгдэгч Д.Тодмагнай нь өөрийн дүү болох Баярлахтай бүлэглэн Б.Бат-Өлзийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь дээрхи гэрч нарын мэдүүлэг болон хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 8481 дугаартай дүгнэлт /хх 86 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CиДинд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт уг CиDи-ны бичлэгт үзлэг хийсэн зэргээр нотлогдсон болно.
Дээрхи үйл явдал болсон цаг хугацаанд тухайн үйл явдлыг харсан гэрч Д.Өлзий-Оршихын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, CиДинд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримтыг шинжлэн судалсан байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтууд зэргээс шүүгдэгч Б.Бат-Өлзий нь хохирогч Д.Баярлахыг зодож үхэлд хүргэх гэмтлийг учруулан санаатай алсан нь хангалттай нотлогдож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эд мөрийн баримт болох СиДиг шинжлэн судлахад “бичлэгт хашааны гадна Д.Тодмагнай нь Баярлахыг хавсран унагааж цохиж байгаа харагдаж байна” гэж мэтгэлцэж байх боловч бичлэгт өмгөөлөгчийн хэлж байгаа байдал шиг үйл явдал харагдахгүй байх бөгөөд үүнээс хойш шүүгдэгч, хохирогч нар нь буудлын хашаан дотор орж ирж шүүгдэгч Б.Бат-Өлзий нь хохирогч Баярлахыг цохиж унагаан, өшиглөх үйлдэл хийгээд дараа нь Д.Тодмагнайг цохиж унагаан толгойн тус газар руу нь өшиглөх байдал харагдах бөгөөд дээрхи байдал нь гэрч Д.Өлзий-Оршихын мэдүүлэгтэй зөрүүгүй байна. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт уг бичлэгийг шинжлэн судлахад 19 цаг 40 минут 01 секундаас хойш анх цохиулж газар унасан залуу буюу хохирогч Д.Баярлах нь ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй унасан газартаа хэвтээ байдалтай байгаад 19 цаг 48 минут 15 секундэд босч хашаанаас гарч явжээ.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэрч нарын хувийн байдлыг тогтоогоогүй” гэснийг хүлээн авах шаардлагагүй гэж дүгнэв. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар гэрчийн хувийн байдлыг тогтоох гэсэн заалт байхгүй болно.
Хэргийн 19 дүгээр хуудсанд 2016 оны 06 дугаар сарын 16-ны өглөөний 06 цаг 40 минутад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Консул зочид буудлын камерийн бичлэгийг үзэх зорилгоор хард диск /Hard Disk/ хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.
Шүүх шүүгдэгч Б.Бат-Өлзийд ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх, шүүгдэгч Д.Тодмагнайд ял оногдуулахдаа ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус тооцов.
Шүүгдэгч Д.Тодмагнай нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 5 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 49 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 10 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна. Энэ нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Монгол улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт хамрагдаж байх тул анх удаа ял шийтгэгдсэн гэж үзэхээр байна.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч, хохирогч Б.Бат-Өлзий, Д.Тодмагнай нар нь бие биенээсээ нэхэмжлэх зүйлгүй, Д.Тодмагнай нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Бат-Өлзий нь 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдож байгаа бөгөөд түүний цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох болохыг дурдах нь зүйтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Давааням нь 6.402.000 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч Б.Бат-Өлзий нь 1.250.000 төгрөг төлснийг хохирлоос хасч 5.152.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй байна.