Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2016/0759

 

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2016/0759

Улаанбаатар хот

“У” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагч А.М, У.Х нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 622 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, У ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч А.М, улсын байцаагч У.Х нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 622 дугаар шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.3.2-т заасныг тус тус баримтлан У ХХК-ийн гаргасан ... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5/2 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч У ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Энхболд давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 622 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гардаж авсан бөгөөд хуульд заасан 14 хоногийн хугацаанд ийнхүү гомдол гаргаж байгаа болно.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 622 дугаар шийдвэрээрээ У ХХК-ийн гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5/2 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоод байна.

Иргэн Ж.Л, Х.С, М.Б нарын гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлсний дагуу ШӨХТГ-ын даргын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/14 дүгээр хяналт шалгалтын удирдамжаар орон сууцны иж бүрэн даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж байгаа эсэхийг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1/14 дүгээр хяналт шалгалтын үр дүнд гаргасан албан шаардлагын биелэлт, гүйцэтгэлийн байдлыг Улсын ахлах байцаагч Л.Г, А.М, улсын байцаагч У.Х нараар шалгуулахаар болсон байна.

ШӨХТГ-ын улсын ахлах байцаагч А.М, улсын байцаагч У.Х нар 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.7-д заасны дагуу гүйцэтгэх захирал эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 5/474 дүгээр албан бичигт дурдсан мэдээллийг нотлох баримтын шаардлага хангуулан тус байгууллагад ирүүлэхийг 5/2 дугаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн.

Уг мэдэгдлээр ОСНААУГ-тай байгуулсан даатгалын үйлчилгээний хураамжийг шилжүүлэн авах гэрээ, ШӨХТГ-ын улсын байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 7/24 тоот дүгнэлтээр тогтоогдсон даатгалын хураамжийг давхардуулан авч буй зөрчлийг илрүүлж, зогсоох чиглэлээр авсан арга хэмжээний тайлан, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотын орон сууцанд оршин суугч иргэдээс сар бүрийн орон сууцны даатгалын төлбөрт авсан хураамжийн дэлгэрэнгүй хуулгыг даатгуулагч бүрийн гэрээний хамт, холбогдох утасны дугаар, хаягийн мэдээлэл бүхий даатгуулагчдын жагсаалт зэргийг ирүүлэхийг албадан шаардсан байдаг.

Нэхэмжлэгч бидний зүгээс ШӨХТГ, түүний улсын байцаагч нь даатгалын үйл ажиллагаа, даатгалын гэрээтэй холбоотой харилцаанд хяналт шалгалт хийх эрхгүй, шаардаж буй баримт материалууд нь манай компанийн болон даатгуулагчдын нууц материал тул гаргаж өгөхийг хуулиар хориглосон зэрэг үндэслэлээр ШӨХТГ-ын улсын байцаагч нарын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5/2 дугаар мэдэгдлийг хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан байдаг.

Гэтэл шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж, энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүх нотлох баримтыг дутуу цуглуулсан, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай. Маргаан бүхий актаар ОСНААУГ-тай байгуулсан даатгалын үйлчилгээний хураамжийг шилжүүлэн авах гэрээ, ШӨХТГ-ын улсын байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 7/24 тоот дүгнэлтээр тогтоогдсон даатгалын хураамжийг давхардуулан авч буй зөрчлийг илрүүлж, зогсоох чиглэлээр авсан арга хэмжээний тайлан, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотын орон сууцанд оршин суугч иргэдээс сар бүрийн орон сууцны даатгалын төлбөрт авсан хураамжийн дэлгэрэнгүй хуулгыг даатгуулагч бүрийн гэрээний хамт, холбогдох утасны дугаар, хаягийн мэдээлэл бүхий даатгуулагчдын жагсаалт зэргийг ирүүлэхийг албадан шаардсан ба энэ нь дараах үндэслэлээр хууль бус байхад шүүх үндэслэлгүйгээр зөвтгөсөн тул шүүхийн шийдвэр бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:

Даатгалын тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т Зохицуулах хороо болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтан нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараах этгээдтэй холбоотой аливаа мэдээллийг бусдад задруулахыг хориглоно гэж заасны дагуу даатгуулагчтай холбоотой аливаа мэдээллийг гаргаж өгөх эрх манай компанид байхгүй болно.

Мөн илүү нарийвчилсан хууль буюу Даатгалын тухай хуулиар ШӨХТГ, түүний улсын байцаагчийн даатгуулагчтай холбоотой мэдээлэл авах эрхийг олгоогүй.

Шүүх шийдвэртээ У ХХК нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон нэхэмжлэгч компанийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1-2/149 дүгээр албан бичгээр тогтоогдож байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно гэх заалтыг зөрчсөн эсэхийг тодруулахаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар хяналт шалгалт хийхэд шаардлагатай баримт материалыг ирүүлэх, Улаанбаатар хотын даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирлыг өөрийн биеэр ирэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн гэжээ. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэж заасан үүргээ биелүүлээгүй.

Тухайлбал хариуцагч нь ямар үндэслэлээр хяналт шалгалт хийж байгаа, даатгуулагчийн хувийн мэдээллийг юунд хэрэглэж, юу нотлох гэж байгаа, өргөдөл гаргасан иргэдийн өргөдөлд дурдагдсан асуудал нь өрсөлдөөний асуудал мөн эсэх, давамгай байдлаа буруугаар ашигласан гэж үзэж байгаа эсэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал уу, даатгуулагчийн эрх зөрчигдсөн асуудал уу зэргийг шалгаж, тодруулахгүйгээр дутуу нотлох баримтыг үндэслэж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан болно. Түүнчлэн Улаанбаатар хотын даатгал ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон шийдвэрийг хэрэгт авалгүйгээр давамгай байна гэж үзсэн нь илт үндэслэлгүй юм.

Иймд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу цуглуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 622 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч “У” ХХК-аас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар хуулиар эрх хэмжээ олгогдоогүй байхад мэдээлэл, шаардаж, эрх мэдлээ хэтрүүлсэн” хэмээн тус газрын мэдэгдэх хуудсыг илт хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд хандсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/14 дүгээр удирдамжийн дагуу тус газрын улсын байцаагчид орон сууцны иж бүрэн даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байх бөгөөд уг хяналт шалгалтад нэхэмжлэгч “У” ХХК хамрагдсан байна.

Уг хяналт шалгалтын хүрээнд даатгалын хураамжийг хэрэглэгчидтэй гэрээ байгуулахгүйгээр хурааж байгаа талаар иргэдээс ирүүлсэн гомдлыг шалгаж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч “У” ХХК-аас шаардлагатай баримт, мэдээлэл ирүүлэхийг “Мэдээлэл ирүүлэх тухай” 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 5/474 дүгээр албан бичгээр мэдэгджээ.    

Дээрх албан бичгийн дагуу нэхэмжлэгчээс холбогдох баримт, мэдээлэл ирүүлээгүй тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5/2 дугаар мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдийг тус газарт ирж, хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбогдуулан тайлбар, тодруулга өгөхийг дахин мэдэгдэхэд нэхэмжлэгчийн зүгээс мэдэгдэлд заасан хугацаанд шаардлагыг үл биелүүлсэн тул улсын байцаагч Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д заасны дагуу шийтгэвэр ногдуулсан байна.

Нэхэмжлэгчээс хариуцагчийн дээрх мэдэгдлийг илт хүчин төгөлдөр бус гэж үзсэн үндэслэлээ Даатгалын тухай хуульд зааснаар даатгалтай холбоотой мэдээ, мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороо шаардан гаргуулах эрхтэй болохоос Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч шаардах эрхгүй хэмээн мэдэгдэл, албан шаардлагыг биелүүлэхээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.                                                                                                                              Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ба мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан баталгаагаар хангагдана”, 20.3.2-т “судалгаа, хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, тайлан, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, аж ахуй эрхлэгчээс үнэ төлбөргүй гаргуулан авах” гэж заасны дагуу хяналт шалгалт хийхдээ шаардлагатай баримт, мэдээллийг шалгуулагч этгээдээс шаардан гаргуулах эрхтэйгээс гадна шалгуулагч этгээд шаардсан баримтыг тогтоосон хугацаанд саадгүй гаргаж өгөхөөр хуульчилсан байна.                                                           Харин Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д зааснаар Санхүүгийн зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл авсан даатгагчийн даатгалын үйл ажиллагаанд өөрөөр хэлбэл даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол, даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй байхаар зохицуулсан бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “Санхүүгийн зохицуулах хороо болон холбогдох бусад байгууллага албан тушаалтан хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аливаа мэдээллийг бусдад задруулахыг хориглоно” гэж зааснаас үзэхэд зөвхөн Санхүүгийн зохицуулах хороо даатгалын үйл ажиллагаатай холбоотой баримт, мэдээлэл шаардах, шалгах эрхтэй, даатгуулагчтай холбоотой мэдээлэл авах эрхийг хариуцагч улсын байцаагчид олгоогүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд Өрсөлдөөний тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эсэхийг шалгах чиг үүргийн хүрээнд холбогдох этгээдээс шаардлагатай баримт, мэдээлэл гаргуулахаар хандсан улсын байцаагчийн мэдэгдлийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.      

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 622 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.        

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                  

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                                О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ