Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 424

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, БЮ72121945 регистрийн дугаартай, Арыххул овогт Чонайн Жанаргүлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /захирал И.Жанболат/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Жанаргүл, түүний өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Ө.Бахытбек, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/43 дугаартай тушаалын Ч.Жанаргүлийн өөрт нь холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус төвийн туслах тогоочийн ажил эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Ч.Жанаргүл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Жанаргүл би Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/73 тоот тушаалаар тус төвд дотуур байрны туслах тогоочийн ажилд томилогдон хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байсан юм. Өнгөрсөн хугацаанд би хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй юм. Гэтэл ажил олгогч 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/43 тоот тушаал гарган Ч.Жанаргүл намайг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Учир нь Ч.Жанаргүл надад орон тоо цомхтгосон гэх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 тоот тушаалыг танилцуулаагүй юм. Нөгөө талаас Р.Бахытгүл миний ажиллаж байсан тус төвийн дотуур байрны тогоочийн ажлыг захирал И.Жанболат нь Түрээсийн гэрээ хийх нэрийдлээр халхавч хийж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд дээгүүр албан тушаал хашдаг Бауыржаны эцэг Зайтин нарын 3 хүнийг ажилд авч ажиллуулж байна. Энэхүү үйл баримт нь миний ажиллаж байсан дотуур байрны туслах тогоочийн орон тоо бүрмөсөн хасагдаагүй болохыг нотолж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэжээ. Гэтэл Ч.Жанаргүл намайг ажил олгогч орон тооны цомхтгол гэсэн хууль зүйн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байтал өнөөдөр хүртэл нэг ч төгрөгийн тэтгэмж өгөөгүй байна. Иймд Ч.Жанаргүл намайг урьд эрхэлж байсан дотуур байрны туслах тогоочийн ажилд эгүүлэн томилж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Жанаргүл шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би улсад 20 хэдэн жил ажилласан. Үүнээс Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 15 гаруй жил ажилласан. Үүнээс 2, 3 жилийн өмнө захиргаанд ажиллаж байхад намайг ажлаас халсан. Тухайн үед Я.Сьезд өмгөөлөгчийг өмгөөлөгчөөр аваад эгүүлэн ажилдаа тогтоогдож байсан. Би энэ байгууллагад ажиллаж байх үед ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. Бид нарыг ажиллаж байхад гуанзыг түрээсээр өгнө гэсэн. Та нар урьд нь ажиллаж байсан учраас 500000-600000 төгрөгийн цалин өгөөд гэрээ байгуулж ажиллуулна гэсэн. Гэтэл хэлсэн үгэндээ хүрээгүй, ямар нэгэн гэрээ хийгээгүй. Одоо гаднаас өөр хүнийг ажиллуулж байна. Ажлаас халахдаа гэнэт хүрч ирээд ажлаа хүлээлгэж өгөөрэй гэсэн. Тэгэхэд бид нар учрыг сайн ойлгоогүй, маргааш захиралдаа уулзаад учрыг нь олъё гэж бодоод ажлаа хүлээлгэж өгсөн. Тэгээд захиралдаа очиж уулзахад та нар жаахан байж байгаарай гэж хэлчхээд тэр чигээрээ алга болсон. Ингээд захиралдаа бид нар цалингийн зээлтэй. 15 жил ажиллачхаад хөсөр хаягдлаа гээд 2, 3 удаа очиж уулзсан. Бид нарын түрээсэлсэнхүнтэй та бүхэн таарч тохирч ажиллаж чадахгүй юм байна гэсэн. Хэрвээ та нар манайд ажиллавал нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй, хоёрдугаарт хамгийн доод талын цэвэрлэгчийн цалингийн хэмжээгээр өгнө гэсэн. Тэр хүнийг албан тушаалаа ашиглаж томилсон. Тэр нь яамд ажилладаг Бауыржан гэдэг хүний эцэг, тэтгэврийн насны хүн байгаа. Мөн бид нарт ямар нэгэн хурал хийгээгүй. Бид нар тэтгэврийн насанд хүрэхгүй байна. Хэрвээ тэтгэврийн насанд хүрсэн байсан бол тэтгэврээ аваад байж байх байсан юм. Хэрвээ урьд нь манайд ажиллаж байсан хүнийг авч ажиллуулсан бол гомдохгүй байсан. Ямар ч хамаагүй хүнийг авч ирээд ажиллуулж байна. Бидний хөдөлмөрийг ерөөсөө үнэлээгүй.Иймд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/43 дугаартай тушаалын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус төвийн туслах тогоочийн ажил эгүүлэн тогтоолгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Жанболат шүүхэд гаргасан тайлбартаа: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 дугаартай тушаалаар тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтцийг шинэчлэн батлахдаа гуанзны тогооч, туслах тогоочийн 2 орон тоог цомхтголд оруулан хасаж баталсан. Нэгэнт дээд шатны байгууллагаас гуанзны тогооч, гэрээт ажилтны орон тоог цомхтголд оруулсан учраас ажил олгогчийн зүгээс ажилтанд нэг сарын өмнө буюу 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №75 тоот албан тоот мэдэгдэх хуудсаар мэдэгдэж 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/43 дугаартай захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн Ш.Жанаргүлийг гуанзны туслах тогоочийн ажлаас нь чөлөөлсөн. Тус төвийн гуанзны ажилчдын орон тоо цомхтголд орсон тул сургуулийн гуанзны хэвийн ажиллах нөхцөлийг хангахын тулд дээрээс ирсэн чиглэлийн дагуу түрээсийн гэрээгээр ажиллуулж байгаа. Түрээсийн гэрээгээр талууд харилцан тохиролцож түрээслэгч өмнөх гуанзанд ажиллаж байсан ажилчид хүсвэл үргэлжлүүлэн ажиллуулах талаар үүрэг хүлээсэн боловч Р.Бахытгүл, Ш.Жанаргүл нар өөрсдөө ажиллахаас татгалзсан байна. Иймээс гуанзны тогоочийн орон тоо нь цомхтгогдсон учраас ажил олгогчийн зүгээс Ш.Жанаргүлийг цаашид ажиллуулах боломжгүй болж ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч байгууллагын төлөөлөгч И.Жанболатад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ч.Жанаргүл нь шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/43 дугаартай тушаалын Ч.Жанаргүлийн өөрт нь холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус төвийн туслах тогоочийн ажил эгүүлэн тогтоолгохыг хүссэн ба хариуцагч байгууллага нь эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч Ч.Жанаргүлийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/73 дугаартай тушаалаар туслах тогоочоор томилж мөн өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Улмаар тус төвийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/43 дугаартай тушаалаар гуанзны тогоочийн орон тоо цомхтгогдсон гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 тоот тушаал, Байгууллагын дотоод журмын 3.8 дахь хэсэг, 9.2.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн Ч.Жанаргүлийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Ажил олгогч ажилтан Ч.Жанаргүлтэй 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба уг, гэрээний 4.1-д долоо хоногийн 40 цаг, ажлын өдөр 8 цаг, 4.4-д үндсэн буюу албан тушаалын цалингийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд энэхүү гэрээнд заавал нэмэлт өөрчлөлт оруулна, 7.1-д хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуцална, 8.2-т гэрээг мөрдөх түүнд өөрчлөлт оруулах шаардлага гарвал талууд харилцан тохиролцож холбогдох өөрчлөлтийг нэмэлт заалт болгон оруулж болно. Тухайн жилд гүйцэтгэх ажлын онцлогийг харгалзан гэрээнд оруулах /цалин хангамж үйлчилгээ, цаг үеийн холбогдолтой нэмэлт үүрэг даалгавар өгөх гэх мэт/ өөрчлөлтийг гэрээний нэмэлт хэсэгт тусгана гэж тодорхойлон нэрлэн зааж, талууд харилцан тохиролцсон байжээ.

Гэтэл ажил олгогчоос Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 дугаартай тушаалаар Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц орон тоог баталсан ба, уг бүтэц орон тоогоор тогоочийн хоёр орон тоо цомхтгосон гэж уг сайдын тушаалыг нотлох баримтаар өгсөн боловч 2016 оны тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц орон тоонд тогоочийн орон тоо хоёр байгаад 2017 онд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын А/21 дугаартай тушаалаар тус төвийн бүтэц орон тоог батлахад уг хоёр тогоочийн орон тоог цомхтгосон эсэх нь эргэлзээтэй байна.

Учир нь, хариуцагч буюу ажил олгогчоос 2016 онд тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц орон тоонд тогооч-2 гэсэн орон тоотой байсан эсэх талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй ба түүнийг хариуцагч тал нотлох баримтаар нотолж чадаагүй бөгөөд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 дугаартай тушаалаар тус төвийн бүтэц орон тоог баталсан байх ба уг бүтэц орон тоонд үйлчлэгчийн орон тоо 6 гэсэн ба уг орон тоонд тогоочийн орон тоо орохгүй бол өөр ямар албан тушаалтанд хамааралтай эсэх нь тогтоогдохгүй байгаа бөгөөд хариуцагч байгууллагын өмгөөлөгч энэ талаар шүүх хуралдаанд уг үйлчлэгчийн 6 орон тоонд ямар албан тушаалтан ажилладаг эсэхийг нэрлэж чадаагүй болно.

Ажил олгогчоос ажилтан Ч.Жанаргүлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар туслах тогоочийн орон тоо цомхтгосон гэсэн үндэслэлээр 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлсөн бөгөөд түүнийг ажлаас чөлөөлөхөөс хоёр хоногийн өмнө буюу 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр түрээсийн гэрээг М.Зайтен гэх иргэнтэй байгуулсан байжээ.

Гэтэл хариуцагч буюу ажил олгогч аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нь ямар эрх бүхий этгээдийн шийдвэрээр ажилтнуудын ажлын байр буюу ажлын чиг үүргийг өөр этгээдэд түрээсийн гэрээгээр гүйцэтгүүлэх болсноо нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй.

Ажил олгогчоос орон тоо цомхтгосон гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөхөөс хоёр хоногийн өмнө ажилтнуудын ажлын байр буюу ажлын чиг үүргийг хувь хүнтэй түрээсийн гэрээгээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулснаас дүгнэхэд тухайн орон тоо цомхтгогдсон эсэх нь эргэлзээтэй байна.

Уг түрээсийн гэрээний 1.2-т гэрээний зүйл түрээслүүлэгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгө сургуулийн гуанзны эд хэрэгсэл, гал тогооны хэрэгсэл, тоног төхөөрөмж байна, 1.3-т түрээсийн гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл, 3.1-д энэхүү гэрээний 1.2-т заасан түрээсэлсэн гуанзны эд хөрөнгө, тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгийг 1м.кв талбайн 1 /нэг сарын түрээсийн төлбөр нь 500,000/ таван зуун мянган/ төгрөг болно. Түрээслэгч дотуур байрны хүүхдийн тоогоор Засгийн газрын тогтоолоор баталсан нормативын дагуу санхүүжилт авна, 5.13-т тус сургуулийн гуанзанд ажиллаж байсан 2 тогоочийн саналыг харгалзан ажиллуулах өмнөх цалингаас нь буруулахгүй цалинжуулна. Хэрэв тогооч нар ажиллахаас татгалзвал түрээслэгч өөр хүнийг ажиллуулах эрхтэй гэж тус тус түрээсийн гэрээндээ тусгасан байна.

Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгчийн туслах тогоочийн ажлын байр нь үгүй болоогүй, байгууллага татан буугдаагүй, харин албан тушаалын чиг үүрэг нь харьяаллын хувьд түрээсийн гэрээгээр өөр этгээдэд ажил олгогч шилжүүлсэн байна.

Ажил олгогчоос нэхэмжлэгчийн ажиллаж буй туслах тогоочийн орон тоо цомхтгосон гэж түүнд хуульд заасан хугацаанд мэдэгдэж ажлаас чөлөөлжээ.

Гэтэл ажил олгогчоос түрээсийн гэрээгээр ажилтнуудын ажлын байр буюу ажлын чиг үүргийг өөр этгээдэд шилжүүлэхдээ тухайн орон тоонд ажиллаж буй нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлж түүний эрх зүйн байдлыг нь дордуулсан байна гэж дүгнэлээ.

Учир нь, ажил олгогчоос ажилтнуудын ажлын байр буюу ажлын чиг үүргийг өөр этгээдэд түрээсээр гүйцэтгүүлэхээр болсон бол уг орон тоонд ажиллаж буй ажилтнуудын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу өөрчлөлт оруулах талаар ажилтнаас ямар нэгэн санал гаргаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д зааснаар аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг цуцалж болохгүй гэх заалтыг ажил олгогч зөрчсөн байна.

Хэрэв ажил олгогчоос тухайн ажлын байр буюу ажлын чиг үүргийг өөр этгээдэд түрээсээр шилжүүлсэн бол уг орон тоонд ажиллаж байгаа ажилтнуудын эрх зүйн байдлыг доордуулахгүйгээр гэрээгээр шилжүүлж хөдөлмөрийн гэрээндээ ажлын чиг үүргийг түрээсийн гэрээгээр шилжүүлэхээр болсон холбогдуулан өөрчлөлт оруулах байтал ажил олгогчоос орон тоо цомхтгосон гэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж дүгнэлээ.

Мөн уг түрээсийн гэрээний 5.13-т тус сургуулийн гуанзанд ажиллаж байсан 2 тогоочийн саналыг харгалзан ажиллуулах өмнөх цалингаас нь буруулахгүй цалинжуулна. Хэрэв тогооч нар ажиллахаас татгалзвал түрээслэгч өөр хүнийг ажиллуулах эрхтэй гэж тусгасан хэдий боловч энэ нь ажил олгогчоос ажилтны эрх зүйн байдлыг доордуулахгүйгээр шийдвэрлэсэн асуудал биш гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй гэж заасан тул нэхэмжлэгчийн хувьд түүний ажлын байр үгүй болоогүй, харьяаллын хувьд ажил олгогчоос түрээсийн гэрээгээр өөр этгээдэд шилжүүлснээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй болно.

Иймд дээрх үндэслэлээр Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/43 дугаартай тушаалын нэхэмжлэгч Ч.Жанаргүлд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг тус төвийн туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/43 дугаартай тушаалын Ш.Жанаргүлд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Жанаргүлийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс 70200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ