Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 099

 

Ж-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгчид М.Нямбаяр, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 424 дүгээр шийдвэртэй, Ж-ийн  нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Маншүк, нэхэмжлэгч Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Бахытбек нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/43 дугаартай тушаалын Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус төвийн туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай. 

 

Нэхэмжлэлд: “Ж би Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/73 тоот тушаалаар тус төвд дотуур байрны туслах тогоочийн ажилд томилогдон хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байсан. Өнгөрсөн хугацаанд би хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл ажил олгогч 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/43 тоот тушаал гарган Ж намайг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Учир нь: Ж надад орон тоо цомхотгогдсон гэх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 тоот тушаалыг танилцуулаагүй. Нөгөө талаас миний ажиллаж байсан тус төвийн дотуур байрны тогоочийн ажлыг захирал И.Жанболат нь түрээсийн гэрээ хийх нэрийдлээр халхавч хийж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд дээгүүр албан тушаал хашдаг Б-ийн эцэг Ц нарын 3 хүнийг ажилд авч ажиллуулж байна. Энэхүү үйл баримт нь миний ажиллаж байсан дотуур байрны туслах тогоочийн орон тоо бүрмөсөн хасагдаагүй болохыг нотолж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэжээ. Гэтэл Ж намайг ажил олгогч орон тооны цомхотгол гэсэн хууль зүйн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн атлаа өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн тэтгэмж өгөөгүй байна. Иймд Ж намайг урьд эрхэлж байсан дотуур байрны туслах тогоочийн ажилд эгүүлэн томилж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 дугаартай тушаалаар тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтцийг шинэчлэн батлахдаа гуанзны тогооч, туслах тогоочийн 2 орон тоог цомхотголд оруулан хасаж баталсан. Нэгэнт дээд шатны байгууллагаас гуанзны тогооч, гэрээт ажилтны орон тоог цомхотголд оруулсан учраас ажил олгогчийн зүгээс ажилтанд нэг сарын өмнө буюу 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №75 дугаар албан тоот мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/43 дугаартай захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн Ж-ийг гуанзны туслах тогоочийн ажлаас нь чөлөөлсөн. Тус төвийн гуанзны ажилчдын орон тоо цомхотголд орсон тул сургуулийн гуанзны хэвийн ажиллах нөхцөлийг хангахын тулд дээрээс ирсэн чиглэлийн дагуу түрээсийн гэрээгээр ажиллуулж байгаа. Түрээсийн гэрээгээр талууд харилцан тохиролцож түрээслэгч өмнөх гуанзанд ажиллаж байсан ажилчид хүсвэл үргэлжлүүлэн ажиллуулах талаар үүрэг хүлээсэн боловч Б, Ж нар өөрсдөө ажиллахаас татгалзсан байна. Иймээс гуанзны тогоочийн орон тоо нь цомхотгогдсон учраас ажил олгогчийн зүгээс Ж-ийг цаашид ажиллуулах боломжгүй болж ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 424 дүгээр шийдвэрээр: 

“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/43 дугаартай тушаалын Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж-ийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс 70200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.” гэж шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Ж-ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 424 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Ө.Бахытбек миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийн 161.1-д зааснаар дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. 

1. Нэхэмжлэгч Ж нь 2016 оны 8 дугаар сараас эхлэн тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны туслах тогоочоор ажиллаж байсан нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажилд орсон тушаалаар нотлогдон тогтоогдож байна. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 дугаартай тушаалаар Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтцийг шинэчлэн батлахдаа гуанзны тогоочийн 2 орон тоог цомхотголд оруулан хасаж баталсан. Өмнө тус төвд 2 тогооч гуанзанд ажилладаг байсан бөгөөд нэгэнт эрх бүхий этгээд байгууллагын бүтэц орон тоог батлахдаа гуанзны тогоочийн орон тоог цомхотголд оруулсан учраас ажил олгогчийн зүгээс ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх хуудсаар мэдэгдэж 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/43 дугаартай захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн Ж-ийг гуанзны тогоочийн ажлаас нь чөлөөлсөн. Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтцийг шинэчлэн батлахдаа гуанзны тогоочийн 2 орон тоог хасаж баталсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 дугаартай тушаалаар нотлогдсоор байхад шүүх “цомхотгосон нь эргэлзээтэй байна” гэж дүгнэсэн нь хариуцагч талын нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, маргааны нөхцөл байдалд бодиттой дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. 

 

Орон тооны цомхотгол нь тухайн байгууллагын бүтэц, орон тооноос маргаан бүхий орон тоо хасагдсаныг ойлгодог бөгөөд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтцээс тогоочийн 2 орон тоо хасагдсан нь хэрэгт авагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар нотлогдсоор байхад шүүх нэг талыг баримтлан шийдвэр гаргасан. Учир нь: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 дугаартай тушаалаар өмнө тус төвд байсан дотуур байр, сургуулийн үйлчлэгчийн 6 орон тоог хэвээр баталсан бөгөөд энэхүү үйлчлэгчийн 6 орон тоо нь зөвхөн байгууллагын цэвэрлэгээ хариуцан ажилладаг цэвэрлэгч, үйлчлэгч нарын орон тоо байтал шүүх дээрх 6 орон тоонд тогоочийн орон тоо ордог мэтээр дүгнэлт хийж үүнийг шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Тогооч болон байгууллагын цэвэрлэгээ хийдэг үйлчлэгчийн ажлын байр нь ажил үүргийн хувьд өөр чиг үүрэг гүйцэтгэдэг гэдгийг хэнд ч ойлгомжтой байтал “үйлчлэгчийн 6 орон тоонд ямар албан тушаалтан ажилладаг эсэхийг нэрлэж чадаагүй” хэмээн цэвэрлэгч нарыг нэрлээгүй гэж өмгөөлөгч намайг буруутгасан нь ойлгомжгүй төдийгүй хэрэгт ач холбогдолгүй зүйлийг шалтгаалан илт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан гэж үзэхэд хүргэж байна. Хоол хийдэг хүн болон цэвэрлэгээ хийдэг хүний ажлын байрыг цуг байгууллагын бүтцэд “үйлчлэгч” гэж оруулахгүй нь тодорхой. Мөн нэхэмжлэгч үйлчлэгчийн 6 орон тоон дотор тогоочийн орон тоо батлагдаж ирсэн хэмээн маргаагүй байхад шүүх хэрэгт хамаагүй нөхцөл байдлыг шийдвэрт үндэслэл болгосон нь гомдол гаргахад хүргэж байна.

2. Мөн шүүх ажил олгогч буюу Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн захирлыг дураараа тогоочийн ажлын байрыг түрээсийн гэрээгээр Ц гэгч иргэнд шилжүүлсэн, ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан хэмээн буруутгажээ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нь тус төвийн бүтэц, орон тоог баталдаг эрх бүхий этгээд, дураараа түрээсийн гэрээ байгуулдаг этгээд ч биш. Ажилтныг байгууллага дотор болон өөр байгууллагад шилжүүлэх нь орон тооны цомхотгол оруулахаас өөр ойлголт. Ажилтныг шилжүүлэхдээ ажлаас нь чөлөөлдөггүй зөвхөн нэг байгууллагаас нөгөөд шилжүүлдэг бөгөөд нэхэмжлэгч намайг үндэслэлгүй шилжүүлсэн хэмээн маргаагүй ба ажил олгогч ажилтныг шилжүүлээгүй, орон тоо нь байгууллагын бүтцээс хасагдсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр ажилтныг ажлаас нь чөлөөлсөн. Мөн ажил олгогч ажилтныг үндэслэлгүйгээр шилжүүлсэн нь ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Хэрэв байгууллагын бүтцээс тогоочийн орон тоо хасагдаагүй байхад дотуур байрны гуанзыг түрээсийн гэрээгээр өөр этгээдэд шилжүүлсэн бол ажил олгогч тогоочийг үндэслэлгүй шилжүүлсэн гэж үзэх байтал тогоочийн орон тоо хасагдсан нь нотлогдож байхад Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал дураараа ажилтан Ж-ийг шилжүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

3. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан “Аль нэг дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй.” гэх хуулийн заалтыг ажил олгогч зөрчсөн хэмээн хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдсэн. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр цуцалж болохыг зөвшөөрсөн. Тэгээд ч хөдөлмөрийн гэрээний заалтыг нэг талын санаачилгаар өөрчлөхийг хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахтай адилтган үзэх боломжгүй юм. 

 

Мөн шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан “Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй.” гэх хуулийн заалтыг шийдвэрийн үндэслэл болгож хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Маргаан бүхий тогоочийн орон тоо нь байгууллагын бүтцээс хасагдсан болохоос байгууллагын харьяалал өөрчлөгдөөгүй, өмчлөгч нь солигдоогүй. Иймээс орон тоо нь хасагдсан л бол ажил олгогч тухайн байгууллагын төсвийн шууд захирагчийн хувьд батлагдсан орон тооны хүрээнд үйл ажиллагаа явуулах тул тухайн ажилтныг ажлаас шууд чөлөөлөх ёстой. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг тус тус зөрчиж дураараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилсөн, аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн хэмээн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол адил чанарын өөр ажил, албан тушаалд ажилтныг ажиллуулах үүргийг ажил олгогчид хүлээлгэсэн. Нэгэнт Ж-ийн ажиллаж байсан тогоочийн орон тоо хасагдсан учраас ажил олгогч дээрх хуульд заасан үүргийнхээ дагуу байгууллагад өөр орон тоо байхгүй учраас дотуур байрыг түрээсийн гэрээгээр авч ажиллуулж байгаа. “А” ХХК-ний захиралтай тохиролцож ажилтан хүсвэл ажиллуулах талаар түрээсийн гэрээнд заалт оруулсан. Шүүх энэхүү байдалд дүгнэлт хийхдээ үндэслэлгүйгээр тогооч Ж-ийг “А” ХХК-нд шилжүүлсэн гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй юм. Ажил олгогч зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан үүргээ биелүүлж ажилтныг ажилтай болгох талаар санаачилга гаргасан болохоос ажилтныг шилжүүлээгүй.  

 

Иймд шүүх шийдвэр гаргахдаа маргааны үйл баримтад бодиттой дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 424 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Анхан шатны шүүх нь Ж-ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захиргаанд холбогдох хөдөлмөрийн маргаантай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв хэрэглэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ажил олгогч Ж-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахад туслах тогоочийн орон тоо бодит байдлаар хасагдсан гэдгийг нотолж чадаагүй буюу тус байгууллагад өмнө нь олон жилийн турш хэвийн үйл ажиллагаа явуулж ажиллаж байсан дотуур байрны гуанзыг түрээсийн гэрээгээр ажиллуулахаар болсон нь туслах тогоочийн орон тоо хасагдаагүй болохыг нотолж байгаа, туслах тогооч Ж-ийг албан ёсоор түрээслүүлэгчийн мэдэлд шилжүүлээгүй, тухайн орон тоо цомхотгол хийхдээ ажил олгогчоос олгох тэтгэмжийг шийдвэрлээгүй зэрэг нөхцөл байдал нь анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Ж-ийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэл болсон гэж үзэж байна.

 

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 424 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихыг хүсэж байна.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

Ж нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан урьд эрхэлж байсан дотуур байрны туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргаж, үндэслэлээ “тухайн орон тоо цомхотгогдоогүй, хуульд заасан ажлаас халагдсаны тэтгэмж олгоогүй” гэж тайлбарлажээ. Харин хариуцагч уг гомдлыг эс зөвшөөрч, “тогооч болон туслах тогоочийн орон тоо хасагдсан тул хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж маргасан байна. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл дараах үйл баримтууд тогтоогджээ. 

 

Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/73 дугаар тушаалаар Ж-ийг тус төвийн дотуур байрны туслах тогоочоор томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан бөгөөд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 дүгээр тушаалын хавсралтаар Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах хүртэл тус байгууллагад дотуур байрны туслах тогоочийн ажлын  байр, орон тоо нь байсан, уг орон тоонд Ж ажиллаж байсан талаар зохигч талууд маргаагүй байна. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 дүгээр тушаалын хавсралтаар Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа тус төвийн бүтэц, орон тоонд туслах тогоочийн орон тоо тусгагдаагүй буюу хасагдсан бөгөөд энэ талаар болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасан үндэслэлээр цуцлах тухайгаа ажил олгогч 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 75 дугаар албан бичгээр Ж-д мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д нийцжээ. 

 

Улмаар Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/21 дүгээр тушаалыг үндэслэн туслах тогоочийн орон тоо хасагдсан үндэслэлээр Ж-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна. 

Эрх бүхий дээд шатны байгууллагын шийдвэрээр ажил олгогчийн бүтэц, орон тооноос дотуур байрны туслах тогоочийн орон тоо хасагдсан нь баримтаар тогтоогдсоор байхад байгууллагын бүтэц, орон тоонд байхгүй ажлын байранд ажилтныг эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй, урьд нь тухайн ажлын байр бүхий туслах тогоочийн орон тоо байсан эсэх талаар талууд маргаагүй байхад “2016 оны бүтэц, орон тоонд тогоочийн орон тоо 2 байгаад 2017 онд цомхотгосон нь эргэлзээтэй байна” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан журамд нийцээгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 дүгээр тушаалаар ... үйлчлэгчийн орон тоог 6 гэсэн ба уг орон тоонд тогоочийн орон тоо орохгүй бол өөр ямар албан тушаалтанд хамааралтай эсэх нь тогтоогдохгүй байгаа...” гэж таамаглан дүгнэсэн нь нотлох баримтыг харьцуулан үнэлэх журам, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.” гэж заасанд тус тус нийцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар хүчингүй болгож, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/43 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэгт тус тус нийцсэн байх тул дээр дурдсан үндэслэлээр Ж-ийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.  

 

Ж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-т зааснаар ажлаас халагдсаны тэтгэмжийг ажил олгогчоос шаардах эрхтэй, энэ нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлын үндэслэлд хамааралгүйг тэмдэглэж байна. Хуульд зааснаар Ж-ийн гомдол, хариуцагчийн давж заалдах гомдол нь тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгджээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 424 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж-ийн хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан гаргасан “дотуур байрны туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Бахытбекийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар Ж-ийн гомдол, мөн зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол нь тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК