Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0747

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0747

Улаанбаатар хот

Б.М-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 751 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, иргэн Б.М-н нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 751 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.5, 4.2.6, 22 дугаар зүйлийн 22.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/225 дугаар тушаал хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон Б.М-г Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэн, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл 6,660,091,88 /Зургаан сая зургаан зуун жаран мянга ерэн нэг/ төгрөгийг олгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3/937 дугаар албан бичгээр гаргасан “Б.М-г 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх болсон тухай мэдэгдэл”-ийг хүчингүй болгох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзжээ.  

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “... Намайг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын даргаар ажиллаж байхад ОБЕГ-ын даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/225 дугаар тушаалаар нийслэлийн Онцгой байдлын газрын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар албан тушаал бууруулан томилсон тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан юм.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 751 дүгээр шийдвэрээр намайг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэн, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл 6,660,091,88 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн болно.

Гэвч миний бие дээрх шийдвэрийн цалин хөлстэй холбогдох хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Би Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа ТТ-16 ангилал, зэрэглэлийн 5 дугаар шатлал буюу 828,923 төгрөгийн үндсэн цалин, хурандаа цолны цалин 298,412 төгрөг, төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл 248,677 төгрөг, онцгой нөхцлийн нэмэгдэл 82,892 төгрөг, хоол, унааны нөхөх олговор 44,000 төгрөг, нэг сард бүгд 1,502,904 төгрөгийн цалин хөлс авч байсан бөгөөд энэхүү цалин хөлснөөс эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татвар төлдөг байсан.

Намайг албан тушаалаас өөрчилсөн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр тооцоход миний бие 8,802,905 төгрөгийн цалин хөлсийг авах ёстой бөгөөд энэхүү цалин хөлснөөс эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татвар төлөх юм.

Энэхүү гомдолд дурдагдсан цалин хөлсний тооцоог хариуцагч болох Онцгой байдлын ерөнхий газар хүлээн зөвшөөрч байгаа болно.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 751 дүгээр шийдвэрийн 1 дэх хэсэгт “ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл 6,660,091 төгрөгийг олгох”-оор тогтоосон нь миний авах ёстой цалин хөлснөөс 2,142,814 төгрөгөөр дутуу байх тул дээрх шийдвэрийн “6,660,091 төгрөгийг олгосугай” гэснийг “8,802,905 төгрөгийг олгосугай” гэж өөрчилж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад,

            Нэхэмжлэгч Б.М-с Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдуулан “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/225 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл, нөхөн олговрыг олгуулж, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3/937 дугаар албан бичгээр гаргасан “Б.М-г 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх болсон тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.[1]

            Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийн уг хэсэгт гомдол гаргаагүй, мөн хариуцагч шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд тайлбарласан тул нэхэмжлэгчийн гомдолд дурдсан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зөв тооцсон эсэхэд дүгнэлт хийлээ.

            Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл 6,660,091 төгрөгийг олгохоор тогтоосон нь миний авах ёстой цалин хөлснөөс 2,142,814 төгрөгөөр дутуу байх тул ... өөрчилж өгөхийг хүсье” гэжээ.

            Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх хэсэгт “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн өмнө авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн тооцож, хариуцагчаас гаргуулах ёстой.

Харин уг олговрыг тооцож олгохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 4 дэх хэсэгт “Ажилтанд олгож байгаа бүх төрлийн /жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвараа алдсаны, ажилгүйдлийн, тэтгэвэрт гарах үеийн ажилтанд олгох гэх мэт/ тэтгэмжүүд, нөхөх олговор, хөнгөлөлтийн орлого, /унаа, түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлт/-ыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй” гэж заасны дагуу дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хоол, унааны зардал хамаарахгүй тул нэхэмжлэгчийн гомдолд заасан дүнгээс ажилгүй байсан хугацаанд олгогдох байсан гэж тооцсон хоол, унааны 244.000 төгрөгийг хасаж олгох нь зүйтэй байна.

            Иймд нэхэмжлэгч шүүх хуралдаанд “... 04 дүгээр сарын 05-ны өдөр сарын эхнийхээ цалинг авсан” гэж тайлбарласан тул 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх 5 сар, 18 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 8,558,905 төгрөг /найман сая таван зуун тавин найман мянга есөн зуун тав/-ийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтад зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.    

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 751 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.5, 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, 22 дугаар зүйлийн 22.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/225 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.М-г урьд эрхэлж байсан Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8,558,905 төгрөг /найман сая таван зуун тавин найман мянга есөн зуун тав/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүнээс эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогоос гаргаж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                   ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                                Э.ХАЛИУНБАЯР 

ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ

 

 

 

 

[1] Хэргийн 103 дахь тал