Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00694

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2018/02634 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2458 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Ш-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 19 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онолтуяа, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өмнө хамт ажиллаж байсан Д.Ш- нь яаралтай мөнгө олж өгч туслаач гэхэд би таньдаг хүнээсээ удаа дараа буюу нийт 16 500 000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр авч өгсөн. Үүнийг хариуцагч нь хүлээн зөвшөөрдөг. Удаа дараа манайд ирээд бичиг хийж өгч, би удахгүй өгнө гэдэг байсан.

Зээлийн төлбөрт хариуцагчийн нөхрийн дансаар 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1 250 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг нийт 4 250 000 төгрөгийг дансаар шилжүүлэн авснаа зөвшөөрч байна. Харин 200 000 төгрөг, 50 000 төгрөгийг дансаар болон 500 000 төгрөгийг бэлнээр аваагүй.

Иймд хариуцагчаас үндсэн зээл 16 500 000 төгрөг, хүү 3 300 000 төгрөг нийт 19 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

...2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 8 000 000 төгрөг авахдаа хүү 800 000 төгрөгийг суутган 7 200 000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөг авахад хүү 1 300 000 төгрөгийг суутган 3 700 000 төгрөгийг н.Уранчимэгийн дансаар дамжуулан авсан. 2017 оны 11 дүгээр сард 1 250 000 төгрөг, 50 000 төгрөг, 500 000 төгрөг, 200 000 төгрөг дансаар өгсөн. 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 3 000 000 төгрөг дансаар нийт үндсэн зээл хүүнд 7 сая гаран төгрөг төлсөн. 16 500 000 төгрөгөөс уг 7 000 000 төгрөгийг хасаад 10 000 000 төгрөг төлөх хүсэлтэй байна гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2018/02634 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ш-гээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 175 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 625 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Ш-гээс 161 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2458 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2018/02634 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 9 175 000 гэснийг 13 500 000 гэж, 10 625 000 гэснийг 6 300 000 гэж, 2 дахь заалтын 161 750 гэснийг 225 450 гэж, 4 дэх заалтыг 3, 5 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Талууд зээлийн гэрээгээр 16 500 000 төгрөгийг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Тус зээлийн гэрээний мөнгийг шилжүүлэгдэх үед зээлдэгч нь 800 000 төгрөг, 1 300 000 төгрөг, 775 000 төгрөг, нийт 2 875 000 төгрөгийг хүүгийн төлбөрт тооцож үлдэх хэсгийг шилжүүлэхийг талууд тохиролцож байсан болох нь хэргийн 5 дахь талд байрлах “мөнгө хүлээн авсныг нотлох баримт” гэх Д.Ш-гийн бичсэн бичмэл дээр талууд тооцоо нийлж байснаар нотлогдож байгаа.

Зээлийн гэрээ бол бусдын өмчлөлд эд хөрөнгийг шилжүүлдэг гэрээ тул уг мөнгийг хэн өмчлөлдөө авч эсвэл шууд захиран зарцуулалт хийж байгаа нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Б.Б-гийн зүгээс мөнгийг бүхэлд нь шилжүүлэх сонирхолтой байсан боловч хариуцагч нь хүүгийн төлбөрийг түрүүлж төлж /суутгах/ хүсэл зоригийг илэрхийлж төлбөрийг төлсөн. Өөрөөр хэлбэл Б.Б-д төлөх ёстой Д.Ш-гийн хүүгийн төлбөр төлөгдөж байгаа тул Д.Ш-г тус мөнгийг захиран зарцуулж мөнгийг хүлээн авсантай адилтгаж үзэхээр байна.

... Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт 13 500 000 төгрөг шилжүүлэгдсэн мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2458 тоот магадлалд /хариуцагчаас 13 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох гэснийг 19 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулах тухай/ өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Д.Ш-гээс зээлийн гэрээний үүрэгт 19 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Д.Ш- нь шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир хүү төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Зохигч нь зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй, харин хүү төлөх эсэх асуудлаар маргасан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.2.-т зааснаар зээлийн гэрээний зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болдог.

Ийнхүү хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийгээгүй бол хүү авах эрхээ алдах зээлдүүлэгчийн эрхэд хамааралтай мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т заасан зохицуулалт нь зээлдэгчийн хүү төлөхийг зөвшөөрөх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

Энэ утгаар давж заалдах шатны шүүх хариуцагч Д.Ш-гийн зүгээс нэхэмжлэгчид төлсөн хүүгийн төлбөрийг буруутгаагүй боловч хүү шаардсан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хоорондох эрх зүйн маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдан нотлох баримтад тулгуурлан  нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид дансаар болон бэлнээр шилжүүлсэн мөнгөний дүн, хариуцагчийн өр төлбөрөө хүлээн зөвшөөрсөн үйл баримт, зээлийн үүрэгт төлсөн төлбөрийн хэмжээ, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн зэргийг үндэслэл бүхий тодорхойлж, магадлалын үндэслэлд тусган, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээг нэмэгдүүлсэн өөрчлөлт оруулсан байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2458 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 116 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Г.ЦАГААНЦООЖ

              ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН