Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2634

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:, Б.Б/-гийн

Хариуцагч: Д.Ш/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 19.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2018 оны 06 дугаар 26-ны өдөр хүлээн авч, мөн оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О/ШТЭҮ00000/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч нь надруу утасдаад яаралтай мөнгө олж өгч туслаач гэсэн. Би хуучин хамт ажиллаж байсан болохоор итгээд таньдаг хүнээсээ 8.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй авч өгсөн байгаа. Ингээд хариуцагч нь дахиад 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөгийг нэмж зээлээчээ би банкнаас зээл аваад таны мөнгийг бүтнээр нь өгнө гэж хэлэхээр нь би дахин нөгөө хүнээсээ 5.000.000 төгрөг зээлж өгсөн. Ингээд хариуцагч нь би газар зарахаар болчихлоо тийм учраас таны мөнгийг хүүтэй нь хамт өгнө гэхдээ газар зарахад 3.500.000 төгрөг хэрэг болоод байна гэж хэлэхээр нь би дахин 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нөгөө хүнээсээ 3.500.000 төгрөг зээлж өгсөн. Ингээд нийт 16.500.000 төгрөгийг хүнээс 10 хувийн хүүтэйгээр авч өгсөн байгаа. Үүнийг хариуцагч нь хүлээн зөвшөөрдөг. Удаа дараа манайд ирээд бичиг хийж өгдөг байсан. Та цаад хүндээ хэлээрэй би удахгүй өгнө гэж хэлдэг байсан. Миний мөнгө зээлсэн хүн маань одоог хүртэл хүүгээ бодоод надаас мөнгө нэхсээр байгаа. Би хариуцагчид хэлсэн. Чамайг ойлгоод 3.300.000 төгрөгийн хүү л нэхэмжилж байгаа гэж хэлсэн. Би шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч хариуцагч нь ирээгүй. Тийм учраас хариуцагчаас үндсэн зээл 16.500.000 төгрөгийг 3.300.000 төгрөгийн хүүгийн хамт 19.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчаас шилжүүлэн авсан бүх мөнгийг хүүнд тооцож авсан байгаа. Зээлийн гэрээний үүрэгт хариуцагчийн нөхрийн дансаар 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 1.250.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөгийг нийт 4.250.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн авснаа зөвшөөрч байна. 200.000 төгрөг мөн 50.000 төгрөгийг дансаар аваагүй, 500.000 төгрөгийг бэлнээр аваагүй гэв.

Хариуцагч Д.Шшүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 8.000.000 төгрөг авахдаа хүү 800.000 төгрөгийг суутган 7.200.000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөг авахаар ярилцаад мөн хүү болох 1.300.000 төгрөгийг суутган 3.700.000 төгрөгийг Уранчимэгийн дансаар дамжуулан авсан. 2017 оны 11 сард 1.250.000 төгрөг, 50.000 төгрөг, 500.000 төгрөг, 200.000 төгрөг дансаар өгсөн. 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 3.000.000 төгрөг дансаар нийт үндсэн зээл хүүнд 7.000.000 гаран төгрөг төлсөн байна. 16.500.000 төгрөгөөс уг 7.000.000 төгрөгийг хасаад 10.000.000 төгрөг төлөх хүсэлтэй байна гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч нь өөрийн данснаас гурван удаагийн давтамжаар 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 7.200.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Дараа нь 2017 оны 10  дугаар сарын 28-ны өдөр 3.700.000 төгрөгийг, дараа нь 2.725.000 төгрөгийг шилжүүлэн авсан байдаг. Нэхэмжлэгч нь мөнгө шилжүүлэхдээ эхлээд 8.000.000 төгрөгийн зээлээс 800.000 төгрөгийн хүүнд тооцон авч 7.200.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 5.000.000 төгрөгийг зээлэхэд 9 сарын хүү 800.000 төгрөгийг 500.000 төгрөгийн хүүгийн хамт суутгаад 3.700.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 3.500.000 төгрөгийн зээлэхэд 10, 11 дүгээр сарын хүүнүүдийг тооцож суутгаад үлдэгдэл 2.725.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Ингээд нэхэмжлэгч нь албан ёсоор хариуцагчид 13.625.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Талуудын хооронд ямар нэгэн зээлийн гэрээ хийгдсэн зүйл байхгүй. Хариуцагч нь нөхрийнхөө дансаар 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 1.250.000 төгрөгийн шилжүүлсэн. Дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр 200.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөгийг нийт 4.450.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байдаг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гэрт нь бэлнээр 500.000 төгрөгийг, мөн дансаар 50.000 төгрөг өгч байсан. Тухайн үед баримт үйлдээгүй гэж хэлсэн. Хариуцагч нь би уг нь зээлээ төлөөд явж байсан боловч бие муудсан учраас төлж чадаагүй гэдгээ хэлсэн. Энэ 200.000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу хариуцагчийн нөхрийн дансаар шилжүүлсэн баримт хэрэгт байгаа. Иймд талууд нь албан ёсоор зээлийн гэрээ байгуулаагүй. Сүүлд нь нөхөж хэлцэл гэх зүйл хийсэн байдаг. Хариуцагч нь нэхэмжлэгчид 4.450.000 төгрөгийн өөрийн нөхрийнхөө дансаар шилжүүлсэн байдаг. Тийм учраас уг төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцно гэж үзэж байгаа. Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг бичгээр хийгээгүй бол хүү авах эрх нь үгүй болно гэж заасны дагуу хариуцагч нь хүү төлөхгүй гэж байгаа. Тийм учраас үндсэн зээл 13.625.000 төгрөгөөс төлсөн 4.450.000 төгрөгийг хасаж үлдэх 9.175.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                          

Ү Н Д Э С Л Э Х  нь:

            Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Шд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19.800.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагчид 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 8.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3.500.000 төгрөгийг нийт 16.500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Үүнээс хойш үндсэн зээл хүүгийн хамт 20.133.000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийх боловч би үндсэн зээл 16.500.000 төгрөгөө багасгасан хүүгийн 3.300.000 төгрөгийн хамт 19.800.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй, хариуцагчийн нөхрийн дансаар 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 1.250.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөгийг нийт 4.250.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн авснаа зөвшөөрч байна. Уг төлөлт бол зээлийн хүүнд тооцогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаас хасагдах үндэслэлгүй гэж маргадаг.

Хариуцагч Д.Шболон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 7.200.000 төгрөг, 2017 оны 10  дугаар сарын 28-ны өдөр 3.700.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2.725.000 төгрөгийг авсан, 8.000.000 төгрөг, 5.000.000 төгрөг, 3.500.000 төгрөгийг бэлнээр зээлээгүй, дансаар тухайн сарын болон өмнөх сарын хүүнүүдийг хасаж тооцож суутгаад үлдэгдлийг шилжүүлдэг байсан тул 16.500.000 төгрөгийн үндсэн зээлийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй харин 13.625.000 төгрөгийг зээлдүүлсэнд маргахгүй, зээлийн гэрээг анхнаасаа бичгээр байгуулаагүй тул хүү төлөх үндэслэлгүй, зээлийн гэрээний эргэн төлөлтийг нөхрийн дансаар 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 1.250.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 200.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 4.450.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн гэрт нь бэлнээр 500.000 төгрөгийг, мөн дансаар 50.000 төгрөг өгч байсан. Тухайн үед баримт үйлдээгүй тус дансаар нэхэмжлэгчид төлсөн 4.450.000 төгрөгийг хасаж тооцон 9.175.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж марган мэтгэлцдэг.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид хоорондоо анхнаасаа бичгийн хэлбэртэй зээлийн гэрээг байгуулаагүй байх ба нэхэмжлэгч нь хариуцагчид 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 8.000.000 төгрөг,  2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3.500.000 төгрөг нийт 16.500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр дансаар зээлдүүлсэн гэх боловч уг нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар бүрэн тогтоогддоггүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Б.Бгийн “Хаан банк” ХХК-ийн 5753153078 тоот данснаас хариуцагчийн мөн банкны 5727101372 тоот данс руу 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөг, мөн өдөр 3.000.000 төгрөг, мөн өдөр 1.200.000 төгрөг “шинээд зээлэв” гэх гүйлгээний утгаар 3 удаагийн үйлдлээр нийт 7.200.000 төгрөг шилжсэн./ХХ-ийн 38 дугаар хуудас/

Мөн Б.Бгийн “Хаан банк” ХХК-ийн 5753153078 тоот данснаас хариуцагчийн мөн банкны 5727101372 тоот данс руу 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 3.200.000 төгрөг, мөн өдөр 5009240947 тоот дансаар 500.000 төгрөг “шинээд” гэх гүйлгээний утгаар 2 удаагийн үйлдлээр нийт 3.700.000 төгрөг шилжсэн./ХХ-ийн 40 дүгээр хуудасны ар талд/

Түүнчлэн Б.Бгийн “Хаан банк” ХХК-ийн 5753153078 тоот данснаас мөн банкны 5069230938 тоот данс руу 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2.725.000 төгрөг “шинээд 16,5 сая зээлэв. зөрүү шилжүүлэв” гэх гүйлгээний утгаар 1 удаагийн үйлдлээр шилжсэн./ХХ-ийн 73 дугаар хуудасны ар талд/.

Дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч 16.500.000 төгрөг зээлдүүлсэн гэх боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх ба 13.650.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 12  дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 6 удаагийн үйлдлээр дансаар зээлдүүлсэн болох нь тогтоогддог. Уг мөнгийг зээлдэж зээлдүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зохигчид хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэхээр байна. Уг зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ижил хэмжээний мөнгийг хугацаа тогтоосон нь тогтоогдохгүй байгаа тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар нэхэмжлэгч буцаан шаардсанаас хойш 1 сарын дотор үүргээ биелүүлэхээр заасан байна.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрүүдэд нэхэмжлэгч зээлээ буцаан шаардаж байсан байх ба хариуцагч Д.Шхамгийн сүүлд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор 3 хувааж төлж баргдуулахаар тохиролцож байсан болох нь тогтоогддог./Хавтаст хэргийн 5,6 дугаар хуудас, 7 дугаар хуудасны эхний нүүр хэсэг/

Иймээс нотлох баримтаар тогтоогдсон 13.650.000 төгрөгийг буцаан өгөх үүргийг хариуцагч 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор биелүүлэх үүрэг хүлээсэн болох нь тогтоогдож байна. 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигдаагүй тул зохигчдын хооронд нийт 13.650.000 төгрөгийг бодит 6 удаагийн үйлдлээр дансаар аман хэлбэрээр зээлийн гэрээ байгуулагдсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Д.Шнь зээлийн гэрээнээс үүсэх үүргийг зээлдүүлэгчийн өмнө хүлээх ба буцаан төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй, зээлдүүлсэн мөнгийг хариуцагчаас Б.Б буцаан шаардах эрхтэй байна.

Түүнчлэн Б.Б нь талуудын хооронд сарын 10 хувийн хүү тохиролцон зээлийг олгосон өдрөө зээлдүүлсэн мөнгөний 10 хувтай тэнцэх хэмжээний хүүг урьдчилан суутган авахыг хариуцагч зөвшөөрч суутгуулж байсан нь нэхэмжлэгчид хүү авах эрх үүссэн буюу зээлийн хүү шаардах эрхтэй, энэ талаар бичгээр тохиролцсон тохиролцоо хавтаст хэрэгт байгаа тул үндэслэлтэй гэж маргадаг.

Шүүх нэхэмжлэгч Б.Бгийн зээлийн гэрээний хүүнд 4.250.000 төгрөг төлөгдсөн, мөн зээлдүүлсэн өдөртөө 10 хувийн хүүг хасаж тооцон суутгасныг нийт хүүгийн тооцооллоосоо хасахгүйгээр нэхэмжлэх, түүнчлэн хүү нэхэмжлэх эрхтэй гэх тайлбар үндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь зохигчид анхнаасаа зээлийн гэрээний хүүг бичгээр тохиролцоогүй байх бөгөөд хавтаст хэргийн 5,6 дугаар хуудас, 7 дугаар хуудасны эхний нүүрэнд авагдсан баримтууд нь анхнаасаа хүү тооцохоор тохиролцсон болохыг батлах гэрчлэх нотлох баримт болох боломжгүй, өөрөөр хэлбэл тус баримтууд нь зээлийн гэрээний үндсэн үүрэг зээлийн хүүг бичгээр тохиролцсон гэрээг орлохгүй, хүү тохиролцсон болохыг тогтоох үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээнд хүү тогтоосон тохиолдолд зээлийн гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар заасан байдаг тул хүүг тооцон зээлийн гэрээний үүргийг дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагчийн нөхөр гэх Б.Баяржаргалын дансаар төлөгдсөн зээлийн эргэн төлөлтийн талаар маргаагүй, төлөгдсөн гэж хүлээн зөвшөөрдөг. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 200.000 төгрөгийг төлөөгүй гэх боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар төлөгдсөн болох нь тогтоогдож байна.

Тиймээс хариуцагчаас талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт Б.Бгийн “Хаан банк” ХХК-ийн 5753153078 тоот руу Б.Баяржаргал/Д.Шгийн нөхөр гэх/-ын 5069230938 тоот данснаас 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1.250.000 төгрөгийг банкаар “hi” гэх гүйлгээний утгаар, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 200.000 төгрөгийг бэлэн мөнгөний автомат машинаар, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөгийг бэлэн мөнгөний автомат машинаар, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөгийг бэлэн мөнгөний автомат машинаар нийт 4 удаагийн үйлдлээр 4.450.000 төгрөг нэхэмжлэгчид төлөгдсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 13.650.000 төгрөгөөс хасан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна./ХХ-ийн 41 дүгээр хуудасны ар, 45, 73, 74 дүгээр хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээний үүрэгт 500.000 төгрөг бэлнээр, дансаар 50.000 төлөгдсөн гэх тайлбар гаргасан боловч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй тул төлсөн болох нь тогтоогдоогүй.

Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн хариуцагч Д.Шгээс зээлийн гэрээний үүрэгт 19.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 9.175.000/13.650.000-4.450.000=9.175.000/ төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.625.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Хэрэгт цугларсан бичгийн баримтаас Хавтаст хэргийн 8-10, 56-64, 76-101 дүгээр хуудаснуудад авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр хэрэгт авагдсан, мөн хэрэгт хамааралгүй байх тул үнэлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Шгээс 161.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Шгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.175.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.625.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Шгээс 161.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б. БАЯРМАА