Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/01879

 

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/01879

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг хотхон, 1 дүгээр байрны 106 тоотод оршин суух, эрэгтэй, 46 настай, Баавайнхан ургийн овогт Нямсүрэн овогтой Базаргарьдын,   

Хариуцагч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60А дугаар байрны 4 тоотод байрлах “Улаан хэцийн шанд” ХХК-д холбогдуулан гаргасан,

Хайгуулын талбай хамтран эзэмших, хөрөнгө оруулах гэрээний үүргийн гүйцэтгэлд 226,900,165 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н.Базаргарьд нь 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Улаан хэцийн шанд” ХХК-тай “Хайгуулын талбай хамтран эзэмших, хөрөнгө оруулах гэрээ” байгуулж, 87,500 ам.долларыг хайгуулын лиценз худалдан авахад хөрөнгө оруулсан байдаг. Гэтэл 2013 оны 11 дүгээр сарын үед хариуцагч компани нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Алаг толгойн чулуун нүүрсний сав газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байснаас нэхэмжлэгч гэрээний үүргээ гүйцэтгэхийг хариуцагч талаас шаардахад холбогдож байгаад алга болсон тул Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт 2013 онд хандаж шалгуултал 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дүүргийн 1 дүгээр прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээд шатны прокурорт нь гомдол гаргаж шалгуултал 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дүүргийн 1 дүгээр прокурорын газраас иргэний журмаар шийдвэрлүүлбэл зохих асуудал байна гэж хариу ирүүлсэн. Иймээс уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “А тал /Улаан хэцийн шанд ХХК/ нь хэрвээ уг талбайд өрөмдлөг хайгуулын ажлын үр дүнд нүүрс илрэхгүй бол Б тал /Н.Базаргарьд/-аас оруулсан хөрөнгө оруулалт болох 87,500 ам.долларыг сард 2 хувьтай тэнцэх хүүгийн хамт бүрэн буцааж өгнө” гэж тохиролцсон үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулсан 106,028,125 төгрөг болон хүүг хэрхэн төлж барагдуулах талаар ямар ч санаачлагыг одоо хүртэл гаргахгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд хариуцагчаас “Хайгуулын талбай хамтран эзэмших, хөрөнгө оруулах гэрээний үүргийн гүйцэтгэлд 106,028,125 төгрөгийг, тохиролцсон хүү болох 57 сарын хүү нийт 120,872,040 төгрөг, нийт 226,900,165 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Базаргарьд 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа:

Би хөрөнгө оруулсан 87,500 ам.долларыг шүүхэд анх нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 1,996.99 төгрөгөөр тооцон 174,736,625 төгрөг болон 2 хувийн хүү 3,494,733 төгрөг, нийт 178,231,357 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа 48,668,808 төгрөгөөр багасгаж байна гэжээ.

Хариуцагч “Улаан хэцийн шанд” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Н.Базаргарьд болон тус компанийн хооронд байгуулсан гэрээний 1.3-т зааснаар нэхэмжлэгч нь өөрийн хариуцах 175,000 ам.долларын 50 хувь болох 87,500 ам.долларыг манай компанид бэлэн мөнгө, бусад хөрөнгөөр төлөхөөр тохиролцсон. Уг заалтад заасны дагуу Н.Базаргарьд нь хариуцах төлбөрийнхөө “эхний ээлжинд 87,500 ам.долларын хөрөнгийг шууд төлөх ба үлдсэн 87,500 ам.долларыг 2011 онд уг талбайд хийх өрөмдлөгийн ажлыг дангаараа хариуцан санхүүжүүлж хийнэ” гэж тодорхойлсон. Гэрээний 2.1, 2.2-т заасны дагуу Н.Базаргарьд нь 87,500 ам.доллартаа тааруулж өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж хөрөнгө оруулах, уг ажлын үр дүнд нүүрс илрэхгүй бол 87,500 ам.долларыг буцаан өгөх талаар тохиролцсон. Гэрээний дээрх тохиролцоог товчлон дүгнэвэл Н.Базаргарьд нь 175,000 ам.долларыг төлөхдөө 87,500 ам.долларыг мөнгө, бусад эд хөрөнгөөр төлөх байсан ч манай компанид 1 ч төгрөг төлөөгүй, эд хөрөнгө өгөөгүй, ямар ч ажил гүйцэтгээгүй. Өөрөөр хэлбэл, гэрээгээр тохиролцсон хөрөнгө оруулалтаасаа нэг ч төгрөг төлөөгүй. Лицензийг худалдагч талд тээврийн хэрэгсэл өгсөн гэдэг боловч тэр талаар мэдээлэл манайд байхгүй, манай компанид огт хөрөнгө шилжүүлээгүй, ажил гүйцэтгээгүй хэрнээ оруулсан хөрөнгөө буцаан авъя гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Тэрээр гэрээний 1.3-т заасны дагуу өрөмдлөгийн ажлыг 2011 онд хийж гүйцэтгээгүй, 2012, 2013 онд мөн гүйцэтгээгүй хугацаа их алдсан тул арга буюу түүний гүйцэтгэвэл зохих өрөмдлөгийн ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Монголын үндэсний алмазан өрөмдлөг” ХХК-тай Хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, өрмийн ажлыг гүйцэтгүүлсэн. Иймээс Н.Базаргарьдын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золжаргал, өмгөөлөгч Д.Тунгалаг нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээн дээр “Улаан хэцийн шанд” ХХК-ийг төлөөлж Б.Баттуяа, мөн менежер С.Артаг нар гарын үсэг зурсан байдаг. Хэрэгт авагдсан баримтаар энэ лицензийн эзэмшигч нь хариуцагч компани байдаг бөгөөд тус компанийг Хятад улсын иргэн Далинтайд уг гэрээний хамт шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байдаг. Тусгай зөвшөөрлийн баримт дээр энэ гэрээ 2017 он хүртэл үргэлжлэхээр байгаа. Н.Базаргарьд өөрөө өрөмдлөгийн компанитай ба “Оюутолгой” ХХК дээр өрөмдлөгийн ажил хийгээд буцаж явахдаа “Улаан хэцийн шанд” ХХК-д өрөмдлөг хийе гэсэн боловч байрлалаа зааж өгөөгүй тул ажлаа хийж чадаагүй байдаг. Энэ компани өөрийн давуу талаа ашиглаж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад саад учруулж байсан. 2010 оны шинэ Ланд круйзер маркийн автомашин, мөн Мерседес бенз маркийн автомашиныг 87,500 ам.долларын хөрөнгө оруулалтад тооцож авсан. Иймд “Улаан хэцийн шанд” ХХК хариуцагч мөн юм. Хариуцагч гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул гэрээнд заасны дагуу 2 хувийн хүүгийн хамт буюу 87,500 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар хүү тооцсон байгаа.

Гэрээний 1.3.1-д зааснаар бүхий л холбоотой мэдээллийг “Улаан хэцийн шанд” ХХК мэдэгдэх ёстой байсан. Нүүрс гараагүй хөндлөнгийн хүн буюу С.Артаг нь З.Жаргалсайханд лицензийн үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхдээ хэлж байсан. Мөн Б.Баттуяа “ажил явахгүй байхад мөнгөө нэхээд байх юм” гэсэн байдаг. Гэрээнд зааснаар нүүрс илрэхгүй байвал оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан өгөхөөр тохиролцсон байгаа. Мөн гэрээний 3.2-т зааснаар 2 тал асуудлыг хамтран шийдвэрлэнэ гэсэн байдаг. Хариуцагч улсын бүртгэлийн гэрчилгээн дээр 2014 онд хариуцагч компаниа өөр хүнд шилжүүлсэн тухайгаа гэрээгээр тохиролцсоны дагуу Н.Базаргарьдад мэдэгдээгүй байдаг. Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Хариуцагч гэрээний 2.2-т зааснаар гэрээний үүргээ биелүүлэх боломжийг олгоогүй тул нэхэмжлэлийн шаардлага болох 178,231,357 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Гэрээний үнийн дүн ам.доллараар үнэлэгдсэн бөгөөд Иргэний хуульд заасан үүрэг гүйцэтгэх үеийн ханш буюу 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Монгол банкны ханшаар бодсон байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Гэрээний үүргийн гүйцэтгэл гэж шаардахаас өмнө нөгөө тал үүргээ гүйцэтгэх ёстой. Гэрээний 2.2-т зааснаар өрөмдлөгийн ажлыг нэхэмжлэгч гүйцэтгээгүй. Энэ гэрээгээр хөрөнгө оруулаад, нүүрсний лиценз авах байсан боловч энэ гэрээ биелэгдээгүй. З.Жаргалсайхан, Н.Базаргарьд нар сайн найзууд байсан ба энэ хайгуулын талбай нүүрсгүй байсан гэдгийг мэдэж байсан бөгөөд залилан мэхлэх шинжтэй энэ гэрээг хийсэн гэх баримт хэрэгт харагддаг. Өөрөөр хэлбэл, “Улаан хэцийн шанд” ХХК-ийг З.Жаргалсайхан, Н.Базаргарьд нар залилан мэхэлж хохироосон гэж үзэж байна. Мөн гэрээний 1.3-т зааснаар эхний ээлжинд 87,500 ам.долларыг төлнө гэсэн боловч манай компани энэ мөнгийг аваагүй байгаа тул буцаан шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байгаа. Хөрөнгө оруулалтын оруулсан мөнгөний 2 хувийн хүү шаардаж байгааг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүү шаардах нь үндэслэлтэй бол яагаад зөвхөн 1 сарын хүү тооцож нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. Нүүрс илрэхгүйн улмаас хоёулаа дампуурсан байхад яагаад нөгөө талаасаа нэхэмжлээд байгаа вэ? Гэрээний дагуу 170,000 ам.долларыг Н.Базаргарьд гаргах ёстой байсан боловч эхний ээлжинд төлөх 87,500 ам.доллараа “Улаан хэцийн шанд” ХХК-д төлөөгүй, энэ тухай баримт хэрэгт байхгүй. Мөн нэхэмжлэгч нь гэрээнд заасан өрөмдлөгийн ажлаа хийж гүйцэтгээгүй. Энэ мөнгийг С.Артаг гэдэг хүнд өгсөн гэж үзэж байгаа бол энэ хүнээсээ нэхэмжлэх ёстой. Эрүүгийн хэргээс татуулсан баримт дээр гэрчүүдийн мэдүүлгээр энэ машиныг хэдэн ам.долларт тооцож өгсөн гэх тодорхой баримт байхгүй байна. Нэхэмжлэгч тал энэ талаар баттай баримт гаргаагүй тул 87,500 ам.доллар гэдэг дүн батлагдахгүй гэж үзэж байна. Нүүрс илрээгүй гэдгээ нэхэмжлэгч яаж нотлож байгаа нь тодорхойгүй байна. З.Жаргалсайханы мэдүүлгээр нүүрс илэрсэн гэж харагдаж байгаа тул шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна. Лицензийг шилжүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй тул хамтран ажиллах гэрээ хэрэгжсэн гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Базаргарьд нь хариуцагч “Улаан хэцийн шанд” ХХК-д холбогдуулан, Хайгуулын талбай хамтран эзэмших, хөрөнгө оруулах гэрээний үүргийн гүйцэтгэлд 226,900,165 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 48,668,808 төгрөг хасч, 178,231,357 төгрөг болгон багасгасан боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Талуудын хооронд 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Хайгуулын талбай хамтран эзэмших, хөрөнгө оруулах” гэрээ байгуулагдаж, харуицагч “Улаан хэцийн шанд” ХХК-ийн 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Эм Эм Зэт Жэй” ХХК-иас худалдаж авсан, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын >> нэртэй газарт орших 407 гектар талбайг хамрах, ашигт малтмалын хайгуулын 14055Х тоот тусгай зөвшөөрөлтэй талбайг нэхэмжлэгч Н.Базаргарьд хамтран эзэмшихээр хөрөнгө оруулалт хийхээр харилцан тохиролцжээ. /хх 23, 24/

Гэрээ байгуулагдах үндэслэл болсон дээрх талбайд нийт 350,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийхээс гэрээний талууд лицензийг 50:50 хувь тэнцүү эзэмших, нэхэмжлэгч Н.Базаргарьд нь 175,000 ам.долларыг бэлэн мөнгө ба биет хөрөнгөөр хариуцагч “Улаан хэцийн шанд” ХХК-д өгөх, үүнээс 87,500 ам.долларын хөрөнгийг шууд төлөх, үлдэх 87,500 ам.долларыг 2011 онд талбайд хийх өрөмдлөгийн ажлыг дангаар хариуцан санхүүжүүлэх үүрэг хүлээсэн байна.

Түүнчлэн, уг гэрээний 2.1, 2.2 дахь заалтуудаар талуудын хүлээх үүргийг тодорхойлохдоо: Хэрвээ уг талбайд өрөмдлөг, хайгуулын ажлыг хийсний үр дүнд нүүрс илрээгүй бол Н.Базаргарьдын оруулсан хөрөнгө оруулалт болох 87,500 ам.долларыг 2 хувьтай тэнцэх хүүгийн хамт “Улаан хэцийн шанд” ХХК нь бүрэн буцааж төлөх, харин, Н.Базаргарьд нь гэрээнд заасан хөрөнгө оруулалтаа саадгүй хийж, 2011 онд өрөмдлөгийн ажлыг чанартай хийж гүйцэтгэх үүргийг тус тус хүлээжээ.

Талууд гэрээг бичгээр үйлдэж, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан, хүчин төгөлдөр хамтран ажиллах гэрээ байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг маргаан бүхий талбайд ямар ч үйл ажиллагаа явуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир гэрээний дагуу өөрийн зүгээс оруулсан 87,500 ам.долларын хөрөнгө оруулалтыг 2 хувийн хүүгийн хамт гаргуулахаар шаардсан гэж тайлбарлана.

Харин хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа, нэхэмжлэгч Н.Базаргарьдыг гэрээгээр хүлээсэн “хөрөнгө оруулах, 2011 онд өрөмдлөгийн ажлын санхүүжилтийг хариуцах” үүргүүдээ тус тус биелүүлээгүй учир төлбөр шаардах эрхгүй гэж тайлбарлаж маргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хөрөнгө оруулалтад тооцсон гэх 87,500 ам.долларыг нэхэмжлэгчийн зүгээс Ланд круйзер 200 маркийн автомашиныг 70,000 ам.доллараар, Мерседес Бенз маркийн автомашиныг 15,000 ам.доллараар тус тус тооцож, 2,500 ам.долларыг бэлнээр төлсөн гэж тайлбарлан, тухайн автомашиныг хүлээлгэн өгсөн Д.Доржбат, хүлээн авсан З.Жаргалсайхан, байлцсан гэх С.Оюунчимэг нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг үүсгэх тухай” прокурорын тогтоол, Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол зэрэг нотлох баримтуудыг гаргасан бөгөөд “Эм Эм Зэт Жэй” ХХК-д 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ланд круйзер 200 маркийн автомашин шилжсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг, Авто тээврийн газрын лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Гэвч тэдгээр автомашинуудыг Н.Базаргарьд болон “Улаан хэцийн шанд” ХХК-ийн хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн эсэх, 2,500 ам.долларыг бэлнээр тушаасан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н.Базаргарьдыг гэрээгээр хүлээсэн хөрөнгө оруулах үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

Мөн нэхэмжлэгч Н.Базаргарьд нь 2011 онд өрөмдлөгийн ажлыг дангаараа хариуцан санхүүжүүлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд хариуцагч “Улаан хэцийн шанд” ХХК нь хайгуулын талбайд өрөмдлөгийн ажлыг 2013 онд бусдаар буюу “Монголын үндэсний алмазан өрөмдлөг” ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн болох нь 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх” гэрээ, төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдсон тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Улаан хэцийн шанд” ХХК-иас 178,231,357 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Базаргарьдын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,292,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шүүхийн шийдвэр уншин танилцуулснаар хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     А.САРАНТУЯА