Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2115

 

Н.Б-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/01879 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “УХШ” ХХК-д холбогдох

Хайгуулын талбай хамтран эзэмших, хөрөнгө оруулах гэрээний үүргийн гүйцэтгэлд 178 231 357 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б-д 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “УХШ” ХХК-тай “Хайгуулын талбай хамтран эзэмших, хөрөнгө оруулах гэрээ” байгуулж, 87 500 ам.долларыг хайгуулын лиценз худалдан авахад хөрөнгө оруулсан. Гэтэл 2013 оны 11 дүгээр сарын үед хариуцагч компани Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Алаг толгойн чулуун нүүрсний сав газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байснаас нэхэмжлэгч гэрээний үүргээ гүйцэтгэхийг хариуцагч талаас шаардахад холбогдож байгаад алга болсон тул Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт 2013 онд хандахад 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дүүргийн 1 дүгээр прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосныг дээд шатны прокурорт гомдол гаргахад 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дүүргийн 1 дүгээр прокурорын газраас иргэний журмаар шийдвэрлүүлбэл зохих асуудал байна гэж хариу ирүүлсэн. Иймд гэрээний 2.1-т “А тал /УХШ ХХК/ нь хэрвээ уг талбайд өрөмдлөг хайгуулын ажлын үр дүнд нүүрс илрэхгүй бол Б тал /Н.Б/-аас оруулсан хөрөнгө оруулалт болох 87 500 ам.долларыг сард 2 хувьтай тэнцэх хүүгийн хамт бүрэн буцааж өгнө” гэж тохиролцсон үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулсан 106 028 125 төгрөг болон хүүг хэрхэн төлж барагдуулах талаар санаачилга гаргаагүй тул шүүхэд хандаж байна. Иймд хариуцагчаас Хайгуулын талбай хамтран эзэмших, хөрөнгө оруулах гэрээний үүрэгт 106 028 125 төгрөгийг, тохиролцсон 57 сарын хүү нийт 120 872 040 төгрөг нийт 226 900 165 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэгч Н.Б-д хөрөнгө оруулсан 87 500 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш 1 996.99 төгрөгөөр тооцон 174 736 625 төгрөг, 2 хувийн хүү 3 494 733 төгрөг нийт 178 231 357 төгрөг болгон шаардлагаа 48 668 808 төгрөгөөр багасгаж байна гэжээ.

Хариуцагч “УХШ” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-т зааснаар нэхэмжлэгч өөрийн хариуцах 175 000 ам.долларын 50 хувь 87 500 ам.долларыг манай компанид бэлэн мөнгө, бусад хөрөнгөөр төлөхөөр тохиролцсон. Уг заалтад заасны дагуу Н.Б-д нь хариуцах төлбөрийнхөө “эхний ээлжинд 87 500 ам.долларын хөрөнгийг шууд төлөх ба үлдсэн 87 500 ам.долларыг 2011 онд уг талбайд хийх өрөмдлөгийн ажлыг дангаараа хариуцан санхүүжүүлж хийнэ” гэж тодорхойлсон. Гэрээний 2.1, 2.2-т заасны дагуу Н.Б-д 87 500 ам.долларт тааруулж өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж хөрөнгө оруулах, уг ажлын үр дүнд нүүрс илрэхгүй бол 87 500 ам.долларыг буцаан өгөхөөр тохиролцсон. Гэрээний дээрх тохиролцоог дүгнэвэл Н.Б-д 175 000 ам.долларыг төлөхдөө 87 500 ам.долларыг мөнгө, бусад эд хөрөнгөөр төлөх байсан ч манайд 1 ч төгрөг төлөөгүй, эд хөрөнгө өгөөгүй, ямар ч ажил гүйцэтгээгүй. Өөрөөр хэлбэл, гэрээгээр тохиролцсон хөрөнгө оруулалтаасаа нэг ч төгрөг төлөөгүй. Лицензийг худалдагч талд тээврийн хэрэгсэл өгсөн гэдэг боловч тэр талаар мэдээлэл байхгүй, манай компанид огт хөрөнгө шилжүүлээгүй, ажил гүйцэтгээгүй хэрнээ оруулсан хөрөнгөө буцаан авна гэж байгаа нь үндэслэлгүй. Тэрээр гэрээний 1.3-т заасны дагуу өрөмдлөгийн ажлыг 2011 онд хийж гүйцэтгээгүй, 2012, 2013 онд мөн гүйцэтгээгүй хугацаа их алдсан тул арга буюу түүний гүйцэтгэвэл зохих өрөмдлөгийн ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Монголын үндэсний алмазан өрөмдлөг” ХХК-тай Хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, өрмийн ажлыг гүйцэтгүүлсэн. Эрүүгийн хэргээс татуулсан баримт дээр гэрчүүдийн мэдүүлгээр машин хэдэн ам.долларт тооцож өгсөн гэх баримтгүй. Нэхэмжлэгч тал энэ талаар баримт гаргаагүй тул 87 500 ам.доллар гэдэг дүн батлагдахгүй гэж үзэж байна. Нүүрс илрээгүй гэдгээ нэхэмжлэгч яаж нотолж байгаа нь тодорхойгүй. З.Жаргалсайханы мэдүүлгээр нүүрс илэрсэн гэж харагдаж байгаа тул шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна. Лицензийг шилжүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй тул хамтран ажиллах гэрээ хэрэгжсэн гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “УХШ” ХХК-иас 178 231 357 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 292 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: 1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хариуцагч талд ашигтайгаар үнэлсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн 87 500 ам.долларын хөрөнгө оруулалтаа Дорноговь аймгийн Даланжаргалан суманд орших Алаг толгойн чулуун нүүрсний сав газар дахь X14055 тоот лицензийг худалдан авахад бүрэн оруулж хариуцагч талаас нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтыг ашиглан “УХШ” ХХК-ний нэр дээр лицензийг бүртгүүлэн улмаар нэхэмжлэгчид хэлэлгүйгээр Н.Б-тай хамтран оруулсан хөрөнгө оруулалтаа эргүүлэн зөвхөн “УХШ” ХХК-д олж авахын тулд БНХАУ-ын иргэн Da Lin Tai гэгчид худалдсан болох нь хэргийн 70 дугаар хуудсанд авагдсан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газарт “УХШ” ХХК-иас ирүүлсэн албан тоотоос тодорхой харагддаг. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нэхэмжлэлийн шаардлагыг хангалттай нотолж байхад шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчиж нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг нотолж буй дээрх нотлох баримтуудад эргэлзээ төрүүлэхүйц, үйл баримтыг харилцан үгүйсгэсэн нотлох баримтууд байхгүй байхад Хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн автомашинууд болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь эргэлзээ төрүүлж байна.

2. Хариуцагч талаас тайлбараа нотолсон бэлэн мөнгөний зарлагын баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй буюу ба тухайн баримтыг эх хувиас нь хувилсны дараа "УХШ" ХХК-ийн тамга дарсан байгааг шүүх анхаарч үзэлгүй зөвхөн нотариатын улаан дардастай байдлаар нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй.

3. 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хайгуулын талбай хамтран эзэмших, хөрөнгө оруулах тухай гэрээний 2.1-т А тал нь хэрвээ уг талбайд өрөмдлөг-хайгуулын ажлын үр дүнд нүүрс илрэхгүй бол Б талаас оруулсан хөрөнгө оруулалт болох 87 500 ам долларыг 2 хувийн хүүгийн хамт бүрэн буцааж өгнө. Нүүрс илрээгүй болох нь 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн эрүүгийн 2014250004848 тоот хэргийн тогтоолд н.Баттуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн “Б ажил сайн явахгүй байгааг мэдсээр байж хөрөнгө оруулалтаа нэхээд байгаад гомдолтой байна” гэх мэдүүлэг, мөн гэрч З.Жаргалсайханы  “нүүрс гарахгүй байна гээд үлдэгдэл мөнгөө өгөхгүй болохоор нь мөнгөө нэхэхгүй хаясан байгаа” гэх мэдүүлгээр нотлогддог. Гэтэл шүүх ямар нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байгаа баримтуудыг талуудын хооронд хийгдсэн гэрээний дагуу шилжүүлэгдсэн гэдэг нь "эргэлзээтэй" гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Хариуцагч талын гаргаж өгсөн тайлбар нь нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн дээр дурдагдсан нотлох баримтуудаар /эрүүгийн журмаар шалгагдан бэхжүүлэгдсэн/ прокурорын байгууллага хэргийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч шалгасан байхад хариуцагч талын хууль шүүхийн байгууллагын өмнө хэлж ярьж байсан хэргийн талаарх тайлбаруудад ач холбогдол өгч хооронд нь харьцуулан үнэлээгүйд гомдолтой байна.

Мөн гэрээний 3.1-т “хоёр тал лицензийн тэгш эрхтэй, оруулсан хөрөнгийн хувь хэмжээгээр эзэмшинэ”, 3.2-д “Хэрвээ гуравдагч этгээд сонирхвол уг лицензийг аль нэг тал нь өөрийн хувиас худалдаж болно. Энэ тохиолдолд асуудлыг 2 тал хамтран шийдвэрлэнэ” гэж тохиролцсон мөртлөө хамтран ажиллах зарчмаа зөрчин Н.Б-аас саналыг нь сонсолгүй, тухайн Дорноговь аймгийн Даланжаргалан суманд орших Алаг толгойн чулуун нүүрсний сав газар дахь X14055 тоот лицензийг “УХШ” ХХК-ний хамт 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр БНХАУ-ын иргэн Da Lin Tai гэгчид худалдсныг нэхэмжлэгч шүүхэд хандсанаар мэдсэн. Түүнчлэн талууд гэрээгээр нүүрс илрэхгүй бол хөрөнгө оруулалтыг буцааж өгнө гэж тохиролцсон боловч хариуцагч тал нэхэмжлэгчийг өрөмдлөг хийх ажлаа хийгээгүй учраас 2013 онд өөрсдөө өөр компаниар өрөмдлөгийн ажил хийлгүүлсэн гэж тайлбарласан боловч өрөмдлөгийн ажлын үр дүнд мөн нүүрс илрээгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ нь анхнаасаа тухайн газраас нүүрс илрэх эсэх тодорхой байсан нь харагддаг. Хариуцагч "нүүрс огт гараагүй" гэсэн мөртлөө нэхэмжлэгчийг үүргээ биелүүлж өрөмдлөг хийгээгүй гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгч хариуцагчийн аль нь ч өрөмдлөг хийсэн адилхан нүүрс гарахгүй үр дүн тодорхой байсан нь хэрэгт авагдсан “УХШ” ХХК-ийн захирал, менежер нарын эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч н.Жаргалсайханы мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогддог. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

         Нэхэмжлэгч Н.Б хариуцагч “УХШ” ХХК-иас хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө болох 87 500 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцон 174 736 625 төгрөг, хүү 3 494 733 төгрөг, нийт 178 231 357 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

         Нэхэмжлэгч Н.Б 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Хайгуулын талбай хамтран эзэмших, хөрөнгө оруулах гэрээ”-ний дагуу “УХШ” ХХК-ийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Алаг толгойн чулуу нүүрсний сав газар дахь 14055 Х  тоот  лицензийг  хамтран  эзэмшиж,  нийт  350 ам.долларын хөрөнгө оруулах, 175 000 ам.долларын хөрөнгийг бэлэн мөнгө, биет хөрөнгөөр хариуцагчид төлөхөөр тохиролцсон байна. /хх-26/

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрт нь 87 500 ам.доллар буюу 174 736 625 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэж буй үндэслэлээ “2010 оны 12 дугаар сарын 15-нд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагчтай хамт өрөмдлөгийн үйл ажиллагаа эрхлэх ёстой байсан боловч тэрээр энэ ажиллагааг эхлүүлээгүй” гэж, мөн “2013 оны 11 дүгээр сард хариуцагч компани үйл ажиллагаа явуулаагүй байсан. Тухайн үед лицензээ зараад мөнгийг чинь буцааж өгнө” гэсэн тайлбар гаргаж байсан боловч одоо хамтран ажиллах гэрээ хэрэгжээд нүүрс илрээгүй учраас гэрээнд заасны дагуу 87 500 төгрөгийг хүүгийн хамт буцааж өгөх үүрэг үүссэн” гэж 2 янзаар тайлбарладаг.

Дээрх тайлбараас хамтран ажиллах гэрээ хэрэгжих боломжгүй болсны улмаас гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцааж авах, эсвэл хамтран ажиллах гэрээ хэрэгжиж дуусгавар болсонтой холбоотой өөрт хуваарилагдах ёстой хөрөнгөө шаардаж байгаа аль болох нь тодорхой биш байна. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт өгөх, зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэхэд нэхэмжлэгчийн шаардлагаа гаргаж буй үндэслэл тодорхой байх шаардлагатай.

Дурдсан нөхцөл байдлуудыг тодруулахгүйгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ, гэрээний нийтлэг үндэслэлийн талаар эрх зүйн зохицуулалтыг хэрхэн хэрэглэх талаар давж заалдах шатны шүүхээс хэргийн болон маргааны үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/01879 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 292 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                            Д.БАЙГАЛМАА