Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/01911

 

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/01911

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.М-ыг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхон гудамжны …тоотод оршин суух, эмэгтэй, 45 настай, Мэргэд ургийн овогт Бовогтой М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн ХМК-ийн … тоотод байрлах бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 5-н шар автобусны буудлын баруун талд байрлан үйл ажиллагаа явуулах, “Хишиг арвин өргөө” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мягмарсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Нямцоож нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие “Хишиг арвин өргөө” ХХК-д 2016 оны 5 дугаар сарын 02-нд барилгын кранистаар ажилд орсон. Би ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй ажил хөдөлмөрөө сайн гүйцэтгэж ирсэн. Намайг ямар нэгэн хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг зөрчөөгүй байхад ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байна. Би тушаалд дурьдсан зөрчил дутагдал гаргаж хууль бус зүйл хийгээгүй. Иймд үндэслэлгүйгээр ажлаас халагдсан учир ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэйгээр нэхэмжлэл гаргасан.

Би хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг. Намайг ажлаас халах тухай 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн тушаалыг 4 дүгээр сарын 25-ны өдөр би хүлээн авсан. Асуудал болоо байгаа 4 дүгээр сарын 15-ны өдөр миний шпатл хугарчихсан байсан тул байгууллагын нярав З.Гончигсүрэн дээр шпатлынхаа ишийг солиулах гэж очихдоо “өчигдөр н.Дүгэрсүрэнг тэрэгний дугуй эвдэллээ гээд зодуулсан юм байна лээ, өнөөдөр эгчийнх нь 2 шпатлын иш хугарчихлаа, солиулах гэсэн юм. Арай бас зодуулчих юм биш биз дээ” гэж хэлсэн. Учир нь З.Гончигсүрэн барилгын ажилтан н.Дүгэрсүрэнг тийм шалтгаанаар зодсон, энэ талаар удирдлагаас арга хэмжээ аваагүй, асуудлыг шийдээгүй байсан. Намайг тэгэж хэлэхэд З.Гончигсүрэн намайг хэл үгээр доромжилж, “шаардахаа бичээч” гэсэн. Ингээд би шаардахаа бичээд н.Цолмонбаатараар гарын үсэг зуруулах байсан. Тухайн үед би уурандаа шаардахаа н.Цолмонбаатарт шидээд өгчих вий дээ гэж бодож, З.Гончигсүрэнг гадаа 10-15 минут хүлээж зогссон. Тэгтэл тэр гарч ирээд намайг дахин доромжилсон. Энэ хүн миний хүүтэй нас чацуу учраас намайг доромжилсонд уур хүрч, түүнтэй зодолдсон. Энэ зодоон хэний буруугаас болж үүссэн бэ гэдгийг ажил олгогч шалгаж тогтоохгүйгээр намайг шууд ажлаас халсанд гомдолтой байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн хүү байгууллага дээр ээжийнхээ нийгмийн даатгалын дэвтрийг авах гээд ирэхэд нь нэхэмжлэгчийг ажлаас халсан тухай мэдэгдэж, дэвтэр дээр нь ажлаас чөлөөлсөн тухай бичилт хийсэн” гэж хэллээ. Намайг ажлаас халах тухай тушаалыг 4 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан. Би энэ тухай ажлынхаа хүмүүсээс мэдэж, 4 дүгээр сарын 25-ны өдөр ажлаас халах тухай тушаалыг гардан авч, нийгмийн даатгалын дэвтэртээ бичилт хийлгүүлсэн. Би сар бүр бүтэн сайн өдрөөс бусад өдөрт буюу сард 24 хоног ажилладаг байсан. Мөн намайг зөрчил гаргасан гэж нэг ч удаа хурлаар оруулж байгаагүй бөгөөд сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хариуцагч байгууллагын Сахилгын арга хэмжээ авах тухай журамд ажил олгогч нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа эхлээд сануулах, дараа нь үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хувь бууруулах, дараа нь ажлаас хална гэсэн байна. Гэтэл нэхэмжлэгчид шат дараалсан арга хэмжээ авалгүй шууд ажлаас халсан байна. Мөн ажлаас халах тушаалаа хөдөлмөрийн гэрээ болон сахилгын арга хэмжээ авах журмыг баримталж гаргаагүй тул уг тушаал үндэслэлгүй болжээ. Б.Мийг ажлаас халах тухай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийг үндэслэсэн байдаг. Гэтэл тушаалд Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг тусгаагүй. Мөн хариуцагч хариу тайлбар дээрээ нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасны дагуу ажлаас халсан гэж байгаа боловч давтан зөрчил гаргасан нь нотлогдохгүй байна. Мөн нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан гэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээтэйгээ уялдсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, сахилгын арга хэмжээ авах тухай журам нь бүгд зөрчилдөөнтэй. Энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх ямар ч боломжгүй байна. Нэхэмжлэгч ажилдаа ирэхгүй байсан шалтгаан нь өвчтэй байсан. Энэ нь эмнэлгээс өгсөн листээр нотлогдож байгаа. Түүнийг өвчтэй байхад өөрт нь мэдэгдэлгүйгээр ажлаас халсан нь буруу юм. Сахилгын арга хэмжээний журамд зааснаар ажилтанд сахилгын арга хэмжээ ногдуулж байгаагаа мэдэгдэж, гарын үсэг зуруулан баталгаажуулна гэсэн байна. Гэтэл нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр шууд ажлаас халсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч “Хишиг арвин өргөө” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Манай компанид Барилгын кранист албан тушаалд ажиллаж байсан Б.Мтэй тус компани нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж эхэлсэн. Тухайн ажилтан нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан үеэс эхлэн кранистаар ажиллаж байгаад баригдаж байсан барилгын ажлын явцаас хамаарч кран тодорхойгүй хугацаагаар зогсох болсон. Түүнийг ажлын байртай байлгах үүднээс цалин хөлс, хөдөлмөрийн нөхцлийг дордуулахгүйгээр өөрийнх нь мэргэжлийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн засал чимэглэлийн ажилтнаар ажиллуулж байсан. Б.Мийг ажиллаж байх хугацаанд хамт олонтойгоо хамтарч ажиллах, зан харилцааны доголдолтой талаар өргөдөл, гомдол ирж байсан ба үүнд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтны зүгээс сануулга, мэдэгдэл өгсөн боловч хүлээж авахгүй, мэдэгдлийг урж хаян, хэл амаар доромжилсон асуудал гарч байсан.

Б.М нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ажлын байран дээрээ Барилгын нярав З.Гончигсүрэнгийн ажил хэргийн журмаар тавьсан зүй ёсны шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэл амаар доромжлон, нүүр лүү нь нулимж, гарт тааралдсан зүйлсээрээ цохиж, зодолдсон ноцтой зөрчил гаргасан ба энэ нь Хөдөлмөрийн дотоод журам болон тухайн ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасан “гэрээг шууд цуцлах” үндэслэл болсон болно. “Хишиг арвин өргөө” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.4.8-д “ажлын байранд танхайрсан, харилцагч хамт олонтойгоо зүй бусаар харьцсан, тэднийг хэл үгээр бусдын дэргэд доромжилсон, байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц байдлыг бий болгосон, бусдын анхаарлыг сарниулсан, зодоон хийсэн, удирдлагаас тавьсан хууль ёсны болон ажил хэргийн шаардлагыг хүлээн авч биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан ...” ноцтой зөрчлийг гаргасан тул ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болсон.

Иймд захирлын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ХАӨ-17/011 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Б.М нь байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”, Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ажлаас халсан гэж үзэж байна. Иймээс Б.Мийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мягмарсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Нямцоож нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ажлын байран дээрээ З.Гончигсүрэн гэх байгууллагын няравтай хэрэлдэн танхайрч, ноцтой зөрчил гаргасан учраас сахилгын арга хэмжээний журамд заасны дагуу түүнийг ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч өмнө нь ёс зүйн зөрчил гарагж байсан бөгөөд түүнд хөдөлмөр аюулгүй ажиллагааны ажилтан амаар болон бичгээр сануулга өгч байсан. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа заавал шат дараалсан арга хэмжээ авна гэсэн зохицуулалт байхгүй.

Нэхэмжлэгч “бидний хэн нь гэм буруутай байсныг тогтоож байж, сахилгын шийтгэл ногдуулах ёстой байсан” гэж байна. Зөрчил гаргасан хоёр ажилтны хувьд хоёуланд нь арга хэмжээ авсан. Түүнээс биш зодоон болоход хэн нь гэм буруутай байсан эсэх нь чухал биш. Ажилтан нь хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагаар өөрийнх нь зөв ч байсан, буруу ч байсан хэнтэй ч хэрүүл маргаан үүсгэж, зодолдох ёсгүй юм. Тиймээс “миний зөв байсан, түүний буруу байсан” гэж ярих нь зохимжгүй гэж үзэж байна. Хоёр аилтны гаргасан зөрчлийг сахилгын арга хэмжээний журамд заасны дагуу шийдвэрлэсэн. Түүнээс биш хүнийг нь харж дүгнээгүй. Нэхэмжлэгч зөрчил гаргасан өдрөөс хойш ажилдаа ирээгүй бөгөөд өвчтэй, чөлөөтэй байгаа тухайгаа байгууллагадаа мэдэгдээгүй. 4 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн хүү байгууллага дээр ирээд нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын дэвтрийг авахад нь нэхэмжлэгчийг ажлаас халсан тухай мэдэгдсэн. Тиймээс нэхэмжлэгч ажлаас халах тушаалаа 4 дүгээр сарын 25-ны өдөр гардан авсан. Б.М өөрийгөө сахилгын зөрчил гаргасан талаар хурлаар оруулж байгаагүй гэж тайлбарлаж байна.

Байгууллагын ХАБЭА-ны инженер Б.Мтэй ганцаарчилж уулзаад “ёс зүйн зөрчил гаргаад байна шүү. Алдаа дутагдлаа засч залруулаарай” гэж хэлсэн байгаа. Энэ нь түүнд байгууллагын зүгээс сануулж байгаагийн нэг хэлбэр юм. Нэхэмжлэгч сануулах арга хэмжээ авна гэдгийг заавал хурлаар орох ёстой гэж ойлгоод байх шиг байна. Нэхэмжлэгчийн гаргасан гэж дурдаад байгаа зөрчил нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.4.8, хөдөлмөрийн гэрээний 6.2.8 дахь заалтыг зөрчсөн ноцтой зөрчил юм. Нэхэмжлэгч нь аргагүй биеэ хамгаалсан мэтээр ярьж байгаа. Үзлэг хийсэн тэмдэглэл, видео бичлэгт бичигдсэн байдлаас харахад биеэ хамгаалсан гэж харагдахгүй байна. Б.Мийн гаргасан зөрчил нь нэгэнт ноцтой зөрчил байгаа тул ажил олгогчийн зүгээс ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаас өөр аргагүй юм. Мөн ХАБЭА-ны ажилтан гэрчийн мэдүүлэгтээ Б.Мийг удирдлагаас тавьдаг зүй ёсны шаардлагуудыг биелүүлдэггүй зөрчлүүдийг гаргадаг байсан ба түүнд нь амаар болон бичгээр сануулга өгдөг байсан гэж мэдүүлсэн. Ажилтан ажилд орохдоо байгууллагынхаа хөдөлмөрийн дотоод журамтай танилцаж, түүнд заасан зөрчлүүдийг гаргалгүй ажиллах ёстой гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч “Хишиг арвин өргөө” ХХК-д холбогдуулан, түүнийг ажлаас халсан 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ХАӨ-17/011 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч “Хишиг арвин өргөө” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Б.М нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон учир түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал хуульд нийцсэн гэж тайлбарлан маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халагдсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй байдаг тул нэхэмжлэгч Б.М гомдлоо 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нь хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Б.М нь “Хишиг арвин өргөө” ХХК-д 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Кранист”-аар томилогдон ажиллаж байгаад, мөн оны 10 дугаар сарын 10-ны өдрийн HR-17/001 дугаар тушаалаар “Барилгын засал чимэглэлчин” албан тушаалд томилогдож, улмаар 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл хүлээлгэх тухай” ажил олгогчийн ХАӨ-17/011 тоот тушаалаар ажлаас халагдах хүртэл хугацаанд ажилласан болох нь зохигчдын тайлбар болон хөдөлмөрийн гэрээ, тушаалуудаар тус тус тогтоогдож байна. /хх 40-44/

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс маргаан бүхий ХАӨ-17/011 тоот тушаал үндэслэлгүй гарсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн баримтлавал зохих заалтыг баримтлаагүй, хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг үндэслээгүй, сахилгын арга хэмжээний журамд заасныг хэрэглээгүй учир хууль зөрчиж гарсан гэж маргасан бол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журмыг батлан үйл ажиллагаандаа мөрддөг бөгөөд, ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2 дахь хэсэгт зааснаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг сахин биелүүлэх үүрэгтэй боловч Б.М дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан учир сахилгын арга хэмжээг хуульд нийцүүлэн авсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тус тус тайлбарлан маргасан.

Нэхэмжлэгчийн ноцтой зөрчил гаргасан гэх 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Хишиг арвин өргөө” ХХК-ийн ажлын байранд тус байгууллагын засал чимэглэлчин ажилтай Б.М, барилгын нярав ажилтай З.Гончигсүрэн нар нь хоорондоо маргалдсаны улмаас харилцан зодоон хийсэн болох нь зохигчдын тайлар, хавтаст хэрэгт авагдсан видео бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг, З.Гончигсүрэнгийн бичгээр гаргасан өргөдөл, зөрчлийн тайлан зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Ажил олгогч “Хишиг арвин өргөө” ХХК-ийн зүгээс дээрх үйл явдлын улмаас нь зөрчил гаргасан хоёр ажилтныг ажлаас чөлөөлөхдөө:

- Б.Мийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ХАӨ-17/011 тоот “Зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл хүлээлгэх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийг удирдлага болгон, хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан бол,

- З.Гончигсүрэнг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Ө-17/12 тоот “Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг үндэслэн, өөрийнх нь хүсэлтийг харгалзан үзэж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно” гэж зохицуулсан байдаг бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс зөрчил гаргасан хоёр ажилтныг хоёуланг ажлын байранд зодоон хийсэн ноцтой зөрчил гаргасан учир хоёуланд нь арга хэмжээ авсан гэж тайлбарлах боловч, хэрэгт авагдсан дээрх тушаалуудыг харьцуулан дүгнэвэл: ажил олгогч “Хишиг арвин өргөө” ХХК нь нэг өдөр, нэг ижил зөрчил гаргасан хоёр ажилтны нэгийг нь ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халаад, нөгөөд нь давуу байдал тогтоож, өөрийнх нь хүсэлтийг харгалзан ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Мөн хариуцагч “Хишиг арвин өргөө” ХХК нь нэхэмжлэгч Б.Мийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр кранистын албан тушаалаас барилгын засал чимэглэлчийн ажилд шилжүүлэн томилсон боловч, түүнийг ажлаас халах сахилгын арга хэмжээ авахдаа “кранист”-ын ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа мөн хуулийн 40.1.1-40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр цуцлаж болохоор зохицуулсан байдаг бөгөөд, хуульд заасан эдгээр үндэслэлүүдийн аль нэгийг тушаалд заавал баримталсан байвал зохино.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн гэрээ цуцлахаар ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлан, маргаан бүхий тушаалд “Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.4.8 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан” гэж тусгагдсан байх боловч, тийнхүү ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохих хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч Б.Мийг “Хишиг арвин өргөө” ХХК-ийн барилгын засал чимэглэлчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан “дундаж цалин хөлстэй тэнцэх олговор”-ыг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дугаар зүйлийн А-д заасны дагуу Б.Мийн дундаж цалин хөлсийг тодорхойлоход, түүний нэг өдрийн дундаж цалин 33,417 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 72 хоногийн хугацааны цалин нийт 2,406,024 төгрөгийг хариуцагч “Хишиг арвин өргөө” ХХК-иас гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа учир Б.Мийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлж, энэ тухай ажилтны дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мийг “Хишиг арвин өргөө” ХХК-ийн Барилгын засал чимэглэлчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Хишиг арвин өргөө” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,406,024 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мт олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Мийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Хишиг арвин өргөө” ХХК-д үүрэг болгосугай.  

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хариуцагч “Хишиг арвин өргөө” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 53,446 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 А.САРАНТУЯА