Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2020/0126

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: “НЗ” Хоршоо,

          Хариуцагч: Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ,

          Гуравдагч этгээд: “ЧХТ” ХХК

          Нэхэмжлэлийн шаардлага: “А” ТӨҮГ нь “Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Улаанбаатар, Улаанбаатар-Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд “НЗ”хоршооны үйлчилгээ үзүүлж байгаа гарагууд болох 2,4,6,7 дахь өдрийн 19:00 цагийн давтамжийг олгох талаар манай хоршоотой байгуулсан Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн зохион байгуулах, гүйцэтгэх гэрээнд буюу гэрээний графикт өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож,

2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ХХНТ-059/2019 дугаартай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-нд буюу гэрээний графикт 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг оруулж өөрчлөлт хийхийг хариуцагч “А” ТӨҮГ-т даалгуулах,

Мөн тухайн чиглэлд “НЗ”хоршооны үйлчилгээ үзүүлж байсан 1810 цагийн нэмэлт цагийн давтамжийг үндэслэлгүйгээр хассан хариуцагч “А” ТӨҮГ-ын үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, тус чиглэлийн 1810 цагийн нэмэлт цагийн давтамжийг “НЗ”хоршоонд буцаан олгож, тухайн чиглэлд 1810 цагийн нэмэлт цагийн давтамжийг хуваарийн дагуу зочигч тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх боломжоор хангахыг хариуцагч “А” ТӨҮГ-т даалгуулах,

“А” ТӨҮГ, “ЧХТ” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ХХНТ-120/2019 дугаартай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ буюу гэрээний графикт 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг олгосон хэсгийг хүчингүй болгуулах,

“А” ТӨҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “ЧХТ” ХХК-д хийгдсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухай” гэх баримт /ажлын хэсгийн дүгнэлт/-ыг хүчингүй болгуулахыг” хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий  хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ср, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Ц.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.До, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.На, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “Н ны” дарга Ж.Ба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “НЗ”хоршоо нь 2006 онд үүсгэн байгуулагдаж, өнөөдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Улаанбаатар-Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн үйлчилгээг эрхлэн явуулж байна.

          Тус хоршоо нь “А” ТӨҮГ-тай байгуулсан “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх тухай” гэрээнд заасны дагуу Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Улаанбаатар-Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд 08, 15, 18, 20 цагуудад үндсэн болон нэмэлт цагийн давтамжтайгаар зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг үзүүлдэг.

          Гэтэл “А” ТӨҮГ нь “НЗ”хоршооны тухайн чиглэлд 2015 оноос хойш хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлж ирсэн 18 цагийн хуваарийн нэмэлт цагийн давтамжийг үндэслэлгүйгээр хасч 19 цагийг нэмж оруулснаа гэрээ байгуулсанд маш их гомдолтой байна.

          Манай хоршоо Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Улаанбаатар-Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлийн өглөөний 08 цаг, өдрийн 15 цагуудад алдагдал хүлээж, энэхүү алдагдлаа оройн 18, 20 цагийн хуваарийн үндсэн болон нэмэлт цагийн давтамжаас эрсдэлээс нөхөж авдаг.

          “А” ТӨҮГ-ын энэхүү шийдвэр нь Автотээврийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журам, Зам, тээврийн хөгжлийн яамны “Тээвэрлэлтийн ажил үйлчилгээг зохион байгуулах тухай” зөвлөмж, Зам тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 157 дугаар тушаал, манай хоршоотой байгуулсан Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ зэргийг тус тус зөрчиж 18 цагийн нэмэлт цагийн давтамжийг үндэслэлгүйгээр эрх мэдлээ хэтрүүлэн бидний зөвшөөрөлгүйгээр хасч 19 цагийг нэмэлтээр оруулж, ямар ч хуулийн шаардлага хангаагүй “ЧХТ” ХХК-тай гэрээ байгуулсан.

          “ЧХТ” ХХК нь Зам, тээврийн хөгжлийн яамны Улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 38-07-003,076,111/42 тоот “Шалшалтын дүнгийн тухай” дүгнэлтээр “Их” эрсдэлтэй гэж дүгнэндсэн бөгөөд энэхүү дүгнэлтэд заасан зөрчлүүдийг арилгасан талаар тухайн улсын байцаагч нарт мэдэгдээгүй байна.

          Гэтэл “ЧХТ” ХХК-ийн хүсэлтээр “А” ТӨҮГ-ын тэргүүн дэд захиралын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн удирдамжаар төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “ЧХТ” ХХК-д хийгдсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухай” гэх баримтаар /А” ТӨҮГ-ын бланк болон Автотээврийн улсын байцаагчийн бланк хэрэглээгүй, номер дугаар байхгүй/ дээрх улсын байцаагчийн дүгнэлтээр тавигдсан хяналт шалгалтын зөрчлүүдийг арилгасан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Манай байгууллага энэхүү баримтыг “А” ТӨҮГ-аас гаргасан гэж үзэж байгаа бөгөөд хэрэв хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хаанаас гарсан болох нь тодорхой болсон тохиолдолд хариуцагчийг нэмж татах зэрэг ажиллагааг хийх боломжтой. Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03/2317 дугаар албан бичигт “...шалгалтаар илэрсэн зөрчлийг “ЧХТ” ХХК нь бүрэн арилгаагүй, эрсдэлийн түвшин буураагүй байхад дээрх ажлын хэсэг нь “зөрчлийг богино хугацаанд арилгасан байна” гэж дүгнэлт гаргасан байна гэжээ.

          Тэгэхээр Зам, тээврийн хөгжлийн яамны Улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрий 38-07-003, 076, 111/42 тоот “Шалгалтын дүнгийн тухай” дүгнэлтээр “Их” эрсдэлтэй гэж дүгнэгдсэн “ЧХТ” ХХК-ийн “Их” эрсдэл арилгаагүй гэж үзэж байна.

          Түүнчлэн “А” ТӨҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн удирдамжтай манай байгууллага танилцаагүй хэдий ч 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “ЧХТ” ХХК-д хийгдсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухай” гэх баримтаас үзэхэд уг удирдамж нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчиж гарсан байна.

          Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дүгээр зүйлд “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, хийнэ” гэж заажээ.

          Өөрөөр хэлбэл, дээрх хуулиас үзэхэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тухайн шалгуулах байгууллага өөрөө хүсэлт, өргөдөл, мэдээлэл гаргах бус, харин тухайн байгууллагын хууль зөрчиж байгаа эсэх асуудлыг таслан зогсоохын тулд хөндлөнгийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээс болон эрх бүхий байгууллага буюу шүүх, цагдаагийн байгууллага зэрэг хууль хүчний байгууллагын шийдвэрээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдэх ёстой гэж үзэж байна.

          Гэтэл шалгуулах гэж байгаа байгууллага өөрөө хүсэлт гаргаад түүнийг нь хүлээн авч, төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн гэх нэрийн дор улсын байцаагч нарын тавьсан актыг дүгнэж, ямар байгууллагаас гарч байгаа нь тодорхойгүй, номер дугааргүй баримт үйлдэн түүнийгээ үндэслэж “ЧХТ” ХХК-д Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Улаанбаатар-Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд 19 цагийн хуваарийг гарган өгч, “НЗ”хоршооны олон жилийн хөдөлмөрийг үгүйсгэн үйл ажиллагааг доголдуулж, эсрдэл хүлээлгэн дампууруулах түвшин рүү хөтөлж байгаад үнэхээр харамсаж байна.

          Зүй нь "Ч ” ХХК нь Зам, тээврийн хөгжлийн яамны Улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 38-07-003,076,11/42 тоот “Шалгалтын дүнгийн тухай” дүгнэлтээр таьсан зөрчлүүдийг арилгасан бол арилгасан талаарх баримтуудаа тухайн байцаагч нарт албан ёсоор мэдэгдэх ёстой юм.

          Мөн “ЧХТ” ХХК-ийн захирал Ч.Д******* нь 2017 онд “Т ” ХХК-д ажиллаж байсан бөгөөд “Т ” ХХК нь 2017 оны 12 сард осол гаргаж тээвэрлэлтийн гэрээ нь цуцлагдсан. Гэтэл өмнө нь “Т ” ХХК-ийг байгуулан “Т ” ХХК-ийн явж байсан тээвэрлэлтийн цагийн хуваарьт орж ирсэн ба “Т ” ХХК-ийн осол “ЧХТ” ХХК-д ажиллаж, ашиглагдаж байгаа болно.

          Өөрөөр хэлбэл, “Т ” ХХК-ийн нэр өөрчлөгдөн “ЧХТ” ХХК болсон болохоос өмнө нь осол гаргасан “Т ” ХХК-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа болно.

Үүнийг “А” ТӨҮГ-аас сайн мэдэж байгаа.

          Түүнчлэн “НЗ”хоршооны автобус ашиглалтын нөөц хангалттай байгаа төдийгүй ямар ч тохиолдолд нэмэлт цагийн давтамж гаргах, нэмж үндсэн цагийн хуваарь гаргасан тохиолдолд автобусны хүрэлцээ хангалттай байгаа. Гэтэл парк ашиглалтын 30 хувьд ч хүрэхгүйгээр автобуснуудаа ашиглаж байхад өөр компанийг оруулж ирж гэрээ байгуулж байгаа нь “А” ТӨҮГ-ын хууль болон гэрээ, дүрэм, журмаа зөрчсөн үйлдэл болж байна.

          Хариуцагч “А” ТӨҮГ нь хууль зөрчин үндэслэлгүйгээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамж гарган хяналт шалгалт хийж, зөрчил арилгасан талаар дүгнэж, энэхүү дүгнэлтээ үндэслэн “ЧХТ” ХХК-тай Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ байгуулж байгаа нь манай хоршооны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна. Манай байгууллага “ЧХТ” ХХК болон “А” ТӨҮН-ын хооронд байгуулагдсан гэрээний огноо, дугаарыг мэдэх боломжгүй байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад огноо, дугаарыг тодруулсны дараа гэрээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын огноо, дугаарыг тодруулах боломжтой юм гэжээ.

          Нэхэмжлэгч “НЗ”Хоршооны дарга Ж.Ба2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, өөрчлөлт оруулж тус шүүхэд ирүүлэхдээ:

          “Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Улаанбаатар, Улаанбаатар –Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд 3 компани /”М*******” ХХК, “НЗ”хоршоо, “ЧХТ” ХХК/ хариуцагч “А” ТӨҮГ-тай гэрээ байгуулан, зорчигч тээвэрлэх хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа.

          Нэхэмжлэгч “НЗ”хоршооны хувьд дээрх чиглэлд долоо хоногийн 2, 4, 6, 7 дахь өдрүүдийн 08, 15, 18, 1810, 20 цагуудад үйлчилгээ үзүүлж байсан.

          Хариуцагч “А” ТӨҮГ-аас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаан зарлаж, уг хуралдаанаар ХХ19 дугаартай Хөвсгөл аймгийн “Мөрөн” сумын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэдэг “М*******” ХХК, “НЗ”хоршоо, “ЧХТ” ХХК аж ахуйн нэгж байгууллагуудад 19:00 цагийн давтамжийг явж байгаа гаригууд дээр нэмж, гэрээнд буюу гэрээний графикт өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцож шийдвэрлэсэн.

          Гэтэл “А” ТӨҮГ-аас дээрх шийдвэрээ биелүүлэхгүй, нэг компанид давуу эрх олгож долоо хоногийн 7 өдрийн 19:00 цагийн давтамжийг гуравдагч этгээд “ЧХТ” ХХК-д олгосноор нэхэмжлэгч “НЗ”хоршооны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж эхэлсэн.

          Энэхүү 19:00 цагийн давтамжийг тухайн чиглэлд үйлчилгээ үзүүлж байгаа “М” ХХК болон манай хоршооны зөвшөөрөлгүй, “Их эрсдэлтэй” гэж дүгнэгдсэн гуравдагч этгээд болох “ЧХТ” ХХК-д олгосон. Гуравдагч этгээд “ЧХТ” ХХК нь Зам, тээврийн хөгжлийн яамны 42 дугаартай актаар тогтоосон зөрчлүүдийг бодит байдал дээр арилгаагүй байхад арилгасан мэтээр баримт үйлдэж давуу эрх олгон манай хоршооны эрхийг зөрчиж тухайн чиглэлийн бүх гаригын 19:00 цагийн давтамжийг олгосонд гомдолтой байна.

          Харин ч хариуцагч “А” ТӨҮГ-аас Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээнд зааснаар “ЧХТ” ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоож, гаргасан зөрчлөө арилгахгүй тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар байхад давуу эрх олгосон.

          Түүнчлэн хариуцагч “А” ТӨҮГ-аас 4 удаагийн хуралдаан зохион байгуулсан бөгөөд энэхүү хуралдаанаар 19 цагийн хуваарийн давтамжийг нэмэхдээ долоо хоногийн 7 өдрийн 19:00 цагийн давтамжийг зөвхөн гуравдагч этгээд “ЧХТ” ХХК-д өгөх асуудлаар тохиролцоонд хүрээгүй бөгөөд манай хоршооны үйлчилгээ үзүүлж байсан 1810 цагийн нэмэлт цагийн хуваарийн давтамжийг хасах талаар огт ярилцаагүй юм.

          Гэтэл 19 цагийн хуваарийн суудал дүүргэлт хангалтгүй болохоор нь манай компанийн үйлчилгээ үзүүлж байсан 1810 цагийн нэмэлт цагийн давтамжийг хассанаар дахиад манай “НЗ”хоршооны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчих болсон. Энэхүү үйлдэл нь манай хоршооны олон жилийн хөдөлмөрийг үгүйсгэж үйл ажиллагааг минь доголдуулж байгаа юм.

          Хариуцагч болон гуравдагч этгээд нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тодорхой хариу өгөхгүй, өмнөх шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой хариу тайлбар, холбогдох баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, өөрчлөх шалтгаан болж байна.

          Иймд хариуцагч “А” ТӨҮГ нь “Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Улаанбаатар, Улаанбаатар-Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд “НЗ”хоршооны үйлчилгээ үзүүлж байгаа гаргууд болох 2,4,6,7 дахь өдрийн 19:00 цагийн давтамжийг олгох талаар манай хоршоотой байгуулсан Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээнд буюу гэрээний графикт өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ХХНТ-059/2019 дугаартай “Хот хороондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ-нд буюу гэрээний графикт 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг оруулж өөрчлөлт хийхийг хариуцагч “А” ТӨҮГ-т даалгуулах,

          Мөн тухайн чиглэлд “НЗ”хоршооны үйлчилгээ үзүүлж байсан 1810 цагийн нэмэлт цагийн давтамжийг үндэслэлгүйгээр хассан хариуцагч “А” ТӨҮГ-ын үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, тус чиглэлийн 1810 цагийн нэмэлт цагийн давтамжийг “НЗ”хоршоонд буцаан олгож, тухайн чиглэлд 1810 цагийн нэмэлт цагийн давтамжийг хуваарийн дагуу зорчигч тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх боломжоор хангахыг хариуцагч “А” ТӨҮГ-т даалгуулах,

          “А” ТӨҮГ, “ЧХТ” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ХХНТ-120/2019 дугаартхй “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ буюу гэрээний графикт 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг олгосон хэсгийг хүчингүй болгуулах,

          “А” ТӨҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “ЧХТ” ХХК-д хийгдсэн төлөвлөлгөөт бус хяналт шалгалтын тухай” гэх баримт /ажлын хэсгийн дүгнэлт/-ыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан өөрчилж байна гэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэгтээ:

          Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь “А” ТӨҮГ нь өөрөө өөрийнхөө үйл ажиллагаанаас санхүүждэг үйлдвэрийн газар юм. Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 76 дугаар тушаалаар тус үйлдвэрийн газарт Улс, хот хоорондын тээвэрлэлтийг зохион байгуулах чиг үүргийг гэрээний үндсэн дээр шилжүүлэн өгсөн. Энэхүү үүргийнхээ хүрээнд “А” ТӨҮГ нь аж ахуйн нэгжүүдтэй хот хоорондын тээвэрлэлтийг зохицуулан, зохион байгуулах гэрээг байгуулан ажиллаж байна.

          Зам тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 190 дугаар тушаалаар батлагдсан ХХ19 дугаар Улаанбаатар-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд “ЧХТ” ХХК, “М” ХХК, “Н ”, хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг гүйцэтгэдэг. Тус чиглэлд 19 цагийн давтамж нэмэгдүүлэх хүсэлтийг “Чингү ” ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 018/016 тоот, 2018 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 022 тоот албан бичгийг удаа дараа тус үйлдвэрийн газарт ирүүлсэн.

          “М” ХХК 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 31 тоот албан бичиг, “НЗ” хоршоо” нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 35 тоот албан бичгээр 19 цагийн давтамж нэмэгдүүлэх хүсэлтийг ирүүлсэн.

          Тус чиглэлийн судалгаа хийхэд тухайн чиглэлийн суудал ашиглалт нь 2018 оны жилийн эцсийн байдлаар 74 хувьтай байсан бөгөөд 2019 оны 1 дүгээр сараас 3 сар хүртэл нийт 18:00, 20:00 цагт 231 нэмэлт тээврийн хэрэгсэл гарч байгаа нь энэ цагуудаар зорчин явах эрэлт хэрэгцээ үүсэж байгааг харуулж байгаа тул 19:00 цагийн давтамж нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна гэж үзсэн.

          Тус үйлдвэрийн газрын захирлын 2019 оны А/28 дугаар “Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг хууль тогтоомжид заасан шаардлага болон холбогдох дүрэм, журам, стандартын хүрээнд судалж, дүгнэлт гаргах ажлын хэсэг”-ийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар хурлаар Улаанбаатар-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлийн 19 цагийн давтамж нэмэгдүүлэх хүсэлтийг холбогдох стандарт шаардлагын дагуу 3 тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагын харьцуулсан судалгааг үндэслэн “ЧХТ” ХХК-д 19 цагийн давтамж нэмэгдүүлсэн.

          Захирлын А/28 ажлын хэсгийн хурлаар тухайн чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж буй 3 тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагын зөрчил, саатал, ослын мэдээ, парк ашиглалтын коэффициент, “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ МNS 5012:2011” стандартын шаардлагын харьцуулалтыг үндэслэн шийдвэрлэсэн.

          Тус үйлдвэрийн газраас 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 38-07-003, 076, 111/42 дүгнэлтээр илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах 2019 оны 03 дугаар сарын 12-ны 2/518 тоот албан бичгийг “ЧХТ” ХХК-д хүргүүлсэн.

          “ЧХТ” ХХК-иас шалгалтын үеэр гаргасан зөрчил, дутагдалыг арилгасан талаарх тайлбар болон холбогдох материалыг 2019 оны 03 дугаар сарын 13-ны 026 тоот албан бичиг, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 041 тоот албан бичгээр ирүүлсэн.

          Тухайн материалыг судлан үзэхэд:

          1.”ЧХТ” ХХК нь Автотээврийн хэрэгслээр ачаа зоригч тээвэрлэх дүрмийн 2.6 дахь “Тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага нь автотээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцөлийг хэрхэн хангасныг шалгаж, замын хуудас баталгаажуулан олгох мэргэжлийн алба, хүмүүсийг зохион байгуулах ажиллах” заалтын хүрээнд захирлын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тушаалаар: Механик инженер-Н.Гантөмөр /инженерийн мехнианик мэргэжилтэй/ Тээврийн зохицуулагч, шалгах механик Д.Оюунчимэг /техникийн механик мэргэжилтэй/ нарыг томилон ажиллаж байна.

          2. “ЧХТ” ХХК нь Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ МNS 5012:2011 улсын стандартын 6.2 дахь шаардлагыг хангах ажлын хүрээнд Бизнес төлөвлөгөө боловсруулан Хаан банктнд 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 016 тоот албан бичгээр 200.000.000 төгрөгийн мөнгөн хөрөнгийн зээл хүсэлтгаргасан байна.

Уг бизнес төлөвлөгөөнд Б.Д*******, Ч.У*******, Ч.Д******* нарын гурван иргэний өмчлөлтэй Хөвсгөл аймгийн Түнэл сумын Чимэдийн толгой хаягт байршилтай 278.3 м.кв талбай бүхий газарт автогарааш, ил зогсоол барих ажлыг 2020.01 дүгээр сард эхлүүлэхээр дурьдсан байна.

          3. “ЧХТ” ХХК нь Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ MNS 5012:2011 улсын стандартын 6.4 дахь шаардлагыг хангах ажлын хүрээнд Захирлын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 06 тоот тушаалын хавсралтаар “Тээврийн осол саатал шуурхай мэдээллэж ажиллах журам” баталсан байна. Тээвэрлэлт гүйцэтгэх явцад осол, саатал гарсан тохиолдолд зорчигчийг түргэн шуурхай тээвэрлэх түргэн тусламжийг Орхон аймгийн Баян-Өндөр сум байршилтай “Арвин шар зам” хоршоотой гэрээ байгуулан ажиллахаар төлвөлсөн байна.

          Мөн “Ю*******” ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “Техникийн түргэн тусламж үзүүлэх гэрээ” байгуулан ажиллахаар төлөвлөсөн байна.

          4. “ЧХТ” ХХК нь Автотээврийн тухай хуулийн 10.2.4 дахь “Өөрийн гүйцэтгэсэн ажил, үйлчилгээн хэмжээ, үйл ажиллагааны мэдээ, тайланг тогтоосон үзүүлэлт, загвараар хугацаанд нь тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад гаргаж өгөх” заалтын хүрээнд Сонгинохайрхан зорчигч тээврийн төвд сар бүрийн тайлан мэдээ хүргүүлсэн байна.

          5. “ЧХТ” ХХК нь Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ MNS 5012: 2011 улсын стандартын 6.7 дахь шаардлагыг хангах ажлын хүрээнд Л******* овогтой Б******* жолооч нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр эрүүл мэндийн гүнзгийрүүлсэн үзлэгт хамрагдсан байна.

          6.”Ч ” ХХК нь өөрийн эзкэмшилийн 11-12 УБП, 22-24 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2011 стандартын 8.4 дахь Бусад нэмэгдэл тоног төхөөрөмж болох эмийн сан, гал унтраагуур, дугуйн ивүүрээр тоноглогдсон байна. Мөн ******* тээврийн хэрэгслийн гаднах үзэмжийг сайжруулан шинээр дугуй шинэчлэн хийсэн байна. Мөн ******* тээврийн хэрэгсэл нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас ноймор 10257 тоотоор тэнцсэн байна.

          Иймд НЗ” хоршооноос гаргасан “ЧХТ” ХХК болон “А” ТӨҮГ, “ЧХТ” ХХК-ийн хооронд байгуулагдсан Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “НЗ”Хоршоо нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 98 дугаартай нэхэмжлэлийн шаардлагадаа 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн удирдамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч ажиллагааны явцад шинээр 2019 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 227 тоот нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэмэгдүүлэх тухай дахин нэхэмжлэлдээ....Энэхүү захиргааны акт нь байгууллагын дотоод үйл ажиллагааруу чигэлсэн захиргааны акт  байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэсэнд ямар нэгэн тайлбаргүй татгалзлал хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагаа “....тус чиглэлийн 18 цагийн нэмэлт цагийн давтамжийг “НЗ”хоршоонд буцаан олгож, тухайн чиглэлд 18 цагийн нэмэлт цагийг хуваарийн дагуу зорчигч тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх боломжоор хангахыг хариуцагч “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-т даалгуулах тухай” гэж нэмэгдүүлэхдээ хэн хэний хооронд хийгдсэн хэдэн тоот гэрээ болон ямар хуулийн ямар дүрэм журам стандартыг зөрчсөн гэх хууль зүйн үндэслэлээ тодруулаагүй байна.

          Мөн 19 цагийг бусад өөр компани гэрээ нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хэрхэн хөндөсний улмаас эрх ашиг ноцтой зөрчигдсөн талаар нотлоогүй, уг гэрээг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх сэргэх нь тодорхой бус шаардлага гаргасан байх ба нэхэмжлэгч нь хариуцагч болон гуравдагч этгээдийн хооронд хийгдсэн гэрээ нь нэхэмжлэгчийн гэрээний хэд дэх заалтыг зөрчсөн, хэнд ямар давуу эрх олгогдсон талаар нотлох үйл баримтыг ирүүлээгүй, дурдаагүй байна.

          Иймд нэхэмжлэгч “НЗ”Хоршооны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 98 дугаартай нэхэмжлэл, 2019 оын 12 дугаар сарын 17-ний өдрийн 227 тоот нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага зэргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “НЗ”ХХК-ийн “Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Улаанбаатар, Улаанбаатар-Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд зорчигч тээвэрлэх нийтийн тээвэрлэлтийг 19 цагийн хуваарийг нэмэхдээ талуудтай байгуулсан гэрээ болон хууль журам зөрчин үндэслэлгүйгээр “ЧХТ” ХХК-д олгосон болон мөн чиглэлд “НЗ”хоршооны үйлчилгээ үзүүлж байсан 18 цагийн нэмэлт цагийн давтамжийг үндэслэлгүйгээр хассан хариуцагч “А” ТӨҮГ-ын үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, тус чиглэлийн 18 цагийн нэмэлт цагийн давтамжийг “НЗ”хоршоонд буцаан олгож, тухайн чиглэлд 18 цагийн нэмэлт цагийг хуваарийн дагуу зорчигч тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх боломжоор хангахыг хариуцагч “А” ТӨҮГ-т даалгуулах болон “А” ТӨҮГ, “ЧХТ” ХХК-ийн хооронд байгуулагдсан /Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Улаанбаатар, Улаанбаатар-Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд 19 цагийн хуваариар үйлчилгээ үзүүлж байгаа/ Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ, “А” ТӨҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн “ЧХТ” ХХК-д хийгдсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухай” гэх баримтыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэгч “НЗ”хоршоо нь анх 2006 онд үүсгэн байгуулагдаж  үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Улаанбаатар-Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн үйлчилгээг тогтмол явуулж ирсэн байна.

          Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 76 дугаар тушаалаар “А” ТӨҮГ-т Улс, хот хоорондын тээвэрлэлтийг зохион байгуулах чиг үүргийг гэрээний үндсэн дээр шилжүүлэн өгчээ.

          Энэ үүргийнхээ хүрээнд “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ нь аж ахуй нэгжүүдтэй хот хоорондын тээвэрлэлтийг зохицуулан, зохион байгуулах гэрээг байгуулан ажиллаж байсан төдийгүй Зам тээврийн сайдын 2017 оны 190 дугаар тушаалаар батлагдсан ХХ19 дугаар Улаанбаатар-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд “ЧХТ” ХХК, “Ми” ХХК, “НЗ”хоршоо хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг гүйцэтгэдэг байсан байна.

          Хариуцагч “А” ТӨҮГ нь “НЗ”хоршоотой 2017,  2019 онуудад “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээг гурван жилийн хугацаатайгаар байгуулсан бөгөөд Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Улаанбаатар –Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг өглөөний 8 цаг, өдрийн 15 цаг, оройн 18, болон 20 цагуудад нэмэлт цагийн давтамжтайгаар зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг үзүүлэхээр хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг байгуулсан байна.

          Харин нэхэмжлэгчийн маргааны үндэслэл болсон нэмэлт 19 цагийн давтамжийн тухай гэрээнд огт тусгагдаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд 19 цагийн давтамжийг гэрээнд тусгаагүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна .

          “ЧХТ” ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 018/016 тоот, 2018 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 022 тоот албан бичгээр, “М*******” ХХК 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 31 тоот албан бичгээр, “НЗ”хоршоо нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 35 тоот албан бичгээр  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд 19 цагийн давтамжийг нэмэгдүүлэхээр тус тус хүсэлтээ А ТӨҮГ-т гаргасан байна.

          Дээрх 3 компаний гаргасан хүсэлтийг хариуцагч байгууллагаас судалж үзээд холбогдох стандарт шаардлагын дагуу 3 тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагын харьцуулсан судалгааг гаргаж “ЧХТ” ХХК-тай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд 19:00 цагийн давтамжийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэний үндсэн дээр шинээр “ЧХТ” ХХК болон А ТӨҮГ-ын  хооронд 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 120/2019 дугаар “Хот хоорондын нийтийн тээврийг зохион байгуулах гүйцэтгэх гэрээ”-г гурван жилийн хугацаатай байгуулсан  байна.

          Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбараас үзэхэд дээрх гэрээний улмаас нэхэмжлэгч компанийн олох ёстой орлого буурсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “...шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчим алдагдсан төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэг зөрчигдсөн гэх тайлбар үндэслэлгүй төдийгүй гэрээний улмаас нэхэмжлэгч “НЗ”хоршооны хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

          Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээний 1.5 дугаар зүйлд “Энэхүү гэрээнд заагдсан чиглэл, давтамж, гэрээний заалт, хавсралтад өөрчлөлт оруулах тохиолдолд талууд харилцан тохиролцож, тэмдэглэл үйлдэж, гарын үсэг, тэмдгээр баримтжуулах бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлт нь гэрээний салшгүй хэсэг байна” гэж заасан байгаа хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтлана”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.2-д “шуурхай, тасралтгүй байх” гэж зааснаас үзвэл захиргаа нь шийдвэр гаргахаасаа өмнө “НЗ”хоршооны хүсэлтийг хүлээн авч 2019 оны 01 дүгээр сарын 18, 2019 оны 02 дугаар сарын 01, 2019 оны 02 дугаар сарын 18, 2019 оны 04 дүгээр сарын 11 болон 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрүүдэд хуралдаж хэлэлцээд захиргааны үйл ажиллагаанд оролцогчдын эрхийг тэгш байдлыг хангах үүднээс хүсэлт гаргасан 3 аж ахуйн нэгжүүдийг оролцуулан хуралдсан болох нь шүүх хуралдаан дээр гаргасан оролцогчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж тус тус заасантай нийцсэн байна.

          Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлд “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах удирдах болон нутгийн захиргааны байгууллагаас өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглоно”, 13.2.3-д “тухайн зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан, эсхүл түүнийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн”, 13.2.7-д “аль нэг аж ахуйн эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсний дагуу нэг аж ахуйн нэгжид давуу байдал олгохгүйн үүднээс мөн нэхэмжлэгч “НЗ”хоршооны эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ажлын хэсгийн хурлаар “ЧХТ” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 43 тоот албан бичгийн дагуу Улаанбаатар-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г өдөр бүр 19 цагт тээвэрлэлт гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн буюу хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.

          Нэхэмжлэгч “НЗ”хоршооны үйлчилгээ үзүүлж байсан 1810 цагийн нэмэлт цагийн давтамжийг үндэслэлгүйгээр хассан тул хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийнхээ нэг үндэслэлийг тайлбарладаг ч нэмэлтээр явж байсан 1810 цагийг хассанаар нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байгаагаас үзвэл  хариуцагч “А” ТӨҮГ-ийг нэг аж ахуйн нэгжид давуу байдал үүсгэж гэрээ байгуулах эрх олгосон хууль бус үйлдэл гаргасан гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

          Өөрөөр хэлбэл “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ нь “Ч ” –тай дээрх захиргааны гэрээг байгуулахдаа Иргэний хууль, Захиргааны ерөнхий хууль, Өрсөлдөөний тухай хуулийн дагуу хүсэлт өгсөн 3 компанийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсны үндсэн дээр дээрх гэрээг хийсэн байх бөгөөд нэг компани дангаар буюу Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар аж ахуйн нэгж давамгай байдалтайгаар дангаар зах зээлд ноёрхож болохгүй хуулийн зохицуулалттай байна.

          Иймд нэхэмжлэгчийн гаргасан “А” ТӨҮГ нь “Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Улаанбаатар, Улаанбаатар-Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд “НЗ”хоршооны үйлчилгээ үзүүлж байгаа гарагууд болох 2,4,6,7 дахь өдрийн 19:00 цагийн давтамжийг олгох талаар манай хоршоотой байгуулсан Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн зохион байгуулах, гүйцэтгэх гэрээнд буюу гэрээний графикт өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ХХНТ-059/2019 дугаартай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-нд буюу гэрээний графикт 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг оруулж өөрчлөлт хийхийг хариуцагч “А” ТӨҮГ-т даалгуулах, мөн тухайн чиглэлд “НЗ”хоршооны үйлчилгээ үзүүлж байсан 1810 цагийн нэмэлт цагийн давтамжийг үндэслэлгүйгээр хассан хариуцагч “А” ТӨҮГ-ын үйлдэл хууль бус болохыг тогтоологож, тус чиглэлийн 1810 цагийн нэмэлт цагийн давтамжийг “НЗ”хоршоонд буцаан олгож, тухайн чиглэлд 1810 цагийн нэмэлт цагийн давтамжийг хуваарийн дагуу зочигч тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх боломжоор хангахыг хариуцагч “А” ТӨҮГ-т даалгуулах, “А” ТӨҮГ, “ЧХТ” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ХХНТ-120/2019 дугаартай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ буюу гэрээний графикт 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг олгосон хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

          2. Нэхэмжлэгчийн гаргасан “А” ТӨҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “ЧХТ” ХХК-д хийгдсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухай” гэх баримт /ажлын хэсгийн дүгнэлт/-ыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

          Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн уг шаардлагатайгаа холбогдуулж “ЧХТ” ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн зам тээврийн улсын байцаагчийн 42 дугаар дүгнэлтээр их эрсдэлтэй гэж дүгнэгдсэн их эрсдэл нь арилаагүй байхад 19 цагийн хуваарийг олгосон нь буруу” гэж,

          Хариуцагч “А” ТӨҮГ-аас “....их эрсдэлтэй гэж анх дүгнэлт гарсан хэдий ч гуравдагч этгээд “ЧХТ” ХХК-аас эрсдэлээ арилгасан тул дахин үнэлгээ хийж өгнө үү гэсэн хүсэлтийг манайд ирүүлсэн бид ажил үүргийнхээ дагуу очиж дахин үнэлэх эрхтэй хэдийгээр өмнө нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гарсан ч гэсэн Зам тээврийн яам болон манайд автын улсын байцаагч нар ажилладаг энэ үүднээсээ бид хүсэлтийг хүлээн аваад бага эрсдэлтэй гэдэг дүгнэлтийг гаргасан. Нийслэлийн мэргэжлийн хяналт манай асуудал биш гэдэг харин яамнаас хүн оролцоогүй ингэснээрээ бид хууль бус дүгнэлт гаргаагүй нэхэмжлэгч энэ талаар холбогдох газар нь гомдлоо гаргаж шалгуулах боломжтой байсан...” гэж,

          Гуравдагч этгээд “манай компани нь 7 төрлийн стандарт шаардлага зөрчсөн гэж дүгнэгдсэн байсан. Жолоочийг эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн стандарт шаардлагыг хангаагүй гэсэн зөрчлүүдэд дараах арга хэмжээг авч ажилласан. Авто тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрмийн 2.6 дахь тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллага нь авто тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал тээвэрлэлтийн нөхцөлийг хэрхэн хангасныг шалгаж хүмүүсийг зохион байгуулан ажиллах гэсэн заалтын хүрээнд захирлын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03 тоот тушаалаар механик инженер н.Гантөмөр, тээвэр зохицуулагч шалгах механикч н.Оюунчимэг нарыг томилон ажиллаж байна. Нийтийн зорчигч тээвийн стандартын 6.2 дахь шаардлагыг хангах ажлын хүрээнд бизнес төлөвлөгөө боловсруулан Хаан банканд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16 тоот албан бичгээр 200.000.000 төгрөгийн мөнгөн хөрөнгө зээлэх талаар хүсэлт гаргаж зээл батлагдсан. Газрын болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, ажил гүйцэтгэх гэрээ, ажилтан ажилд авсан тухай тушаалууд хэрэгт авагдсан. 278.3 м.кв талбай бүхий газарт гарааш, ил зогсоол барих ажлыг 2019 оны 01 дүгээр сараас хойш эхлүүлсэн. Нийтийн тээврийн үйлчилгээ улсын стандартын хүрээнд Болор авто угаалгатай гэрээ байгуулан бүх тээврийн хэрэгслийг угаалгаж эхэлсэн.Осол саатал гарсан тохиолдолд зорчигчдод түргэн тусламж үзүүлэхийн тулд “Арвин шар зам” хоршоотой техникийн түргэн тусламж үзүүлэх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Улирлын тайлан мэдээгээ 2018 оноос эхлэн 2019 оны 04 дүгээр сарыг хүртэл хугацаанд гаргаж өгсөн байна. Утасгүй интернэт суурилуулах, суудал бүрд гар утас цэнэглэх боломжийг олгох , зорчигчийн ая тухтай байдлыг хангах үүднээс байнгын ажиллагаа хийж байгаа буюу зөрчил арилсан тухай баримтыг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 39 тоот албан бичгүүдээр хүргүүлсэн” гэж тус тус маргажээ.

Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 6.1.4-д “тээвэрлэлтийн үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн техник ашиглалтын талаар нийтлэг мөрдөх дүрэм, журам, норм, нормативыг батлах, тэдгээрийн биелэлтийг хангуулах”, 9 дүгээр зүйлийн 9.1-д Тээвэрлэлтийг Иргэний хууль болон энэ хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ, 10 дугаар зүйлийн 10.2-т Тээвэрлэгч нь дараахь үүрэг хүлээнэ, 10.2.21-т “тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх”, 21 дүгээр зүйлийн 21.1-д Автотээврийн хэрэгслийг ашиглах, тээвэрлэлтийн үйлчилгээг хэрэглэгчийн эрх ашигт нийцүүлэхтэй холбогдсон захиргааны хяналтыг дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ, 21.1.1-д хууль тогтоомж, түүнд нийцүүлж автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан стандарт, дүрэм, журмыг сахиулах” гэж тус тус зааснаас үзвэл “А” ТӨҮГ нь тээвэрлэлтийн үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн техник ашиглалтын талаар нийтлэг мөрдөх дүрэм, журам, норм, нормативыг батлах, тэдгээрийн биелэлтийг хангуулах эрх, үүрэгтэй байна.

 “А” ТӨҮГ–аас гуравдагч этгээд “ЧХТ” ХХК-ийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх тухай хүсэлтийг хүлээн авч бага эрсдэлтэй гэж шийдвэрлэсэн боловч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Зам, тээврийн хөгжлийн яамнаас “А” ТӨҮГ 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03/1837 дугаар албан бичгээс үзвэл “А” ТӨҮГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Зам, тээврийн яамны бүрэлдэхүүнтэй дахин хамтран хяналт, шалгалт хийж, бодит байдалд дүгнэлт хийх шаардлагатай байх бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, эрсдэлийн талаарх дүгнэлтийг гаргасаны үндсэн дээр гэрээг үргэлжлүүлэх боломжтой эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

3. Нэхэмжлэгч “НЗ” хоршооны дарга Ж.Б 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтэдээ “..“А” ТӨҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн удирдамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч НЗ хоршооны дарга Ж.Ба-ын “А” ТӨҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн удирдамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, “А” ТӨҮГ нь “Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Улаанбаатар, Улаанбаатар-Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд “НЗ”хоршооны үйлчилгээ үзүүлж байгаа гарагууд болох 2,4,6,7 дахь өдрийн 19:00 цагийн давтамжийг олгох талаар манай хоршоотой байгуулсан Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн зохион байгуулах, гүйцэтгэх гэрээнд буюу гэрээний графикт өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ХХНТ-059/2019 дугаартай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-нд буюу гэрээний графикт 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг оруулж өөрчлөлт хийхийг хариуцагч “А” ТӨҮГ-т даалгуулах, мөн тухайн чиглэлд “НЗ”хоршооны үйлчилгээ үзүүлж байсан 1810 цагийн нэмэлт цагийн давтамжийг үндэслэлгүйгээр хассан хариуцагч “А” ТӨҮГ-ын үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, тус чиглэлийн 1810 цагийн нэмэлт цагийн давтамжийг “НЗ”хоршоонд буцаан олгож, тухайн чиглэлд 1810 цагийн нэмэлт цагийн давтамжийг хуваарийн дагуу зочигч тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх боломжоор хангахыг хариуцагч “А” ТӨҮГ-т даалгуулах, “А” ТӨҮГ, “ЧХТ” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ХХНТ-120/2019 дугаартай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ буюу гэрээний графикт 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг олгосон хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, “А” ТӨҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “ЧХТ” ХХК-д хийгдсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухай” гэх баримт /ажлын хэсгийн дүгнэлт/-ийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

          Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.13.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.2.1, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.2.7, Автотээврийн тухай хуулийн 6.1, 6.1.4, 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.2, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасныг тус тус баримтлан “А” ТӨҮГ нь “Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Улаанбаатар, Улаанбаатар-Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд “НЗ”хоршооны үйлчилгээ үзүүлж байгаа гарагууд болох 2,4,6,7 дахь өдрийн 19:00 цагийн давтамжийг олгох талаар манай хоршоотой байгуулсан Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн зохион байгуулах, гүйцэтгэх гэрээнд буюу гэрээний графикт өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ХХНТ-059/2019 дугаартай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-нд буюу гэрээний графикт 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг оруулж өөрчлөлт хийхийг хариуцагч “А” ТӨҮГ-т даалгуулах, мөн тухайн чиглэлд “НЗ”хоршооны үйлчилгээ үзүүлж байсан 1810 цагийн нэмэлт цагийн давтамжийг үндэслэлгүйгээр хассан хариуцагч “А” ТӨҮГ-ын үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, тус чиглэлийн 1810 цагийн нэмэлт цагийн давтамжийг “НЗ”хоршоонд буцаан олгож, тухайн чиглэлд 1810 цагийн нэмэлт цагийн давтамжийг хуваарийн дагуу зочигч тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх боломжоор хангахыг хариуцагч “А” ТӨҮГ-т даалгуулах, “А” ТӨҮГ, “ЧХТ” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ХХНТ-120/2019 дугаартай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ буюу гэрээний графикт 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг олгосон хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, “А” ТӨҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “ЧХТ” ХХК-д хийгдсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухай” гэх баримт /ажлын хэсгийн дүгнэлт/-ийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

                2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол “А” ТӨҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “ЧХТ” ХХК-д хийгдсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухай” гэх баримт /ажлын хэсгийн дүгнэлт/-ийг хүчингүй болсонд тооцсугай.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч НЗ хоршооны дарга Ж.Б-ын “А” ТӨҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн удирдамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсугай.

          4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                   

 

                                                               

                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        О.ОЮУНГЭРЭЛ