Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 009/2014/0011/З |
Дугаар | 221/МА2016/0679 |
Огноо | 2016-10-21 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2016/0679
2016 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 221/МА2016/0679 | Улаанбаатар хот |
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Н нарыг оролцуулан, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 46 дугаар зүйлийн 46.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал Н.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай А/391 тоот захирамжийг хүчингүй болгожээ.
Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Н.Б захиргааны шүүхэд гаргасан гол үндэслэлээ 2008 оны 03 сард "Б" ХХК-ийн захирал С.Д-тэй байгуулсан газар, түүний эрхийг шилжүүлэх гэрээ гэж үзэж уг гэрээг үндэслэн аймгийн Засаг даргын 2008 оны 08 сарын 21-ний өдрийн 281 тоот захирамж гарсан гэж дурджээ. Мөн дээрх гэрээ шүүхийн шийдвэрээр хуулийн хүчин төгөлдөр учраас Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэл бүхий хүчин төгөлдөр гэж үзэж байгаа талаар бас дурьдсан байна. Эндээс дүгнэж үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага иргэний шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болж байна гэж дүгнэлт хийхэд хүргэж байна. Засаг дарга захирамж гаргахдаа газар шилжүүлэх гэрээ хуулийн хүчин төгөлдөр эсэхийг нягтлах, шалгах ёстой гэсэн хууль зүйн үндэслэл бүхий заалт байхгүй бөгөөд зөвхөн нийтийн ашиг сонирхлыг хангахад чиглэгдсэн акт гаргах эрх бүхий субъект юм.
Нэхэмжлэгч аймгийн Засаг даргын А/391 тоот захирамж компанийн эрх ашиг сонирхлыг нь яаж хөндөж байгаа, эрх зүйн ямар үр дагавар үүсгэсэн талаар огт дурьдаагүй байна. Мөн нэхэмжлэлдээ 2008 оны 03 сард байгуулсан газар шилжүүлэх гэрээ хийгдсэнээс хойш газрын албанд хэрхэн хандаж ямар хүсэлт гарган газар эзэмших гэрчилгээ авсан талаараа нотлох баримт хавсарган ирүүлээгүй, зөвхөн иргэний маргааны гол баримт болсон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хуулийн хүчин төгөлдөр болсон талаар удаа дараа тайлбар гаргаж шүүхэд хүргүүлсэн байна.
Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бодитой болж чадаагүй, уг шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан үндэслэлүүд нь огт ойлгомжгүй иргэн болон захиргааны маргааны үндэслэл болсон газрын талаарх эрх зүйн зохицуулалтыг зааглаж ялгалгүйгээр өөр хооронд нь хольж хутган тайлбарласан байна. Үндэслэх хэсгийн А гэсэн тайлбарт гэрээний нэмэлт нөхцлийн талаарх иргэний шүүхийн гаргасан дүгнэлтийг үндэслэн Засаг даргын захирамжаар олгогдсон газрын хэмжээний талаарх маргааныг няцааж дүгнэлт хийсэн байна. Газрын талаарх иргэний маргаан бол газрын өмчлөх эрхтэй холбоотой маргаан байдаг, газрын талаарх захиргааны маргаан нь газрын байршил, хэмжээ, газрын давхцал зэрэг тусдаа хуулиар зохицуулсан асуудлууд байхад иргэний шүүхийн шийдвэрийг газрын маргаан, түүний дотор газрын хэмжээ, байршлын талаарх нотолгооны хэрэгсэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.
Шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй, уг шийдвэрийг үндэслэх хэсэгт Дундговь аймгийн Газрийн харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/34 тоот тушаалаар томилогдсон шинжээч нарын дүгнэлтийг үнэлээгүй болно гэж бичсэн байна. Ийнхүү үнэлээгүй гэсэн үндэслэлээ тодорхой бичээгүй, ямар дүгнэлт болох нь тодорхойгүй, ойлгомжгүй, зөвхөн иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэсэн нь шүүхийн шийдвэр бодитой бус болсныг харуулж байна.
Шүүхийн шийдвэрийн Г гэсэн үндэслэх хэсэгт 2008 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний талаар дүгнэлт хийсэн боловч ямар нотлох баримтаар хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь тодорхойгүй. Мөн дээрх гэрээний талаар гэрээ хийхдээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх заалтыг баримталсан нь ойлгомжгүй байна.
Шүүхийн шийдвэрт шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн гол шаардлага болсон Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/391 тоот захирамжийг хүчингүй болгох болсон хууль зүйн үндэслэлийн талаар огт дурьдаагүй, уг захирамж эрх зүйн ямар үр дагавар үүсгэсэн талаар огт дүгнэлт хийгээгүй, зөвхөн аймгийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 21-ний 281 тоот захирамжийн үндэслэл шалтгааны талаар дурьдаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болсныг харуулж байна.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон газрын хэмжээний талаар шинжээчийн дүгнэлтүүд өөр хоорондоо зөрөөтэй ойлгомжгүй байхад зарим нэг дүгнэлтийг үнэлээгүй, зарим нэг дүгнэлтийг нотлох баримтаас хасч шийдвэрлэсэн мөртлөө тэр талаарх үндэслэлээ шийдвэртээ огт тусгаагүй.
Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн Дунговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 12 тоот шийдвэрийг хүчингүй болгож уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Иргэн Ц.С-д газар эзэмших эрхээ "Б" ХХК-ийн захирал С.Д шилжүүлж, энэ тухай гэрээг 2008 оны 03 дугаар сарын 21-нд байгуулсан байхад "Х" ХХК-д 2008 оны 08 дугаар сарын 21-нд газар эзэмшүүлсэн нь хууль зөрчиж байх тул уг захирамжийг хүчингүй болгосон нь хуульд нийцэх юм.
Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших хүсэлтийг талууд гаргах ёстой байна. Гэтэл маргаж буй газрыг шилжүүлж өгөх болон шилжүүлэн авах талаар ямар ч хүсэлтийг талууд гаргаагүй буюу тийм хүсэл зориг огт байхгүй байхад "Х" ХХК-д газар эзэмшүүлсэн захирамж гарсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байх тул түүнийг хүчингүй болгосон захирамж гаргах нь хуульд нийцнэ. Гэтэл уг захирамжийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож байгаа нь буруу бөгөөд хууль ёсны болж чадсангүй. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрх хуулийн дагуу үүсч байж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх талаар шаардах эрх үүсэхээс биш хууль бус замаар эрх олж аваад түүнийгээ зөрчигдсөн хэмээн сэргээлгэхээр шаардлага гаргах нь буруу бөгөөд уг шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчиж байна.
Иргэн Ц.С, "Б" ХХК-ийн захирал С.Д нарын хооронд 2008 оны 03 дугаар сарын 21-нд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хавсралтын 3 дахь заалтад "Үйлчилгээний төвийн өмнөх тохижуулсан машины талбайг эзэмшлийн гэрчилгээтэй болгож, баталгаажуулж Ц.С-н мэдэлд шилжүүлнэ" гэснээс үзэхэд уг газрыг шилжүүлж өгөөгүй болох нь харагдаж байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.
Дундговь аймгийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 281 дүгээр захирамжаар “Б” ХХК-ийн эзэмшилд байсан үйлчилгээний зориулалттай худалдааны төвийн 4180 м.кв газар, автомашины зогсоолын зориулалттай 1780 м.кв газрыг тус тус газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг үндэслэн “Х” ХХК-д шилжүүлж, эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Улмаар мөн аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/391 дүгээр захирамжаар дээрх шилжүүлэн эзэмшүүлсэн 2 нэгж талбар бүхий газрыг “Х” ХХК-д шилжүүлэхдээ газрын хэмжээ, байршил зэргийг нягт тооцоогүй, “Б” ХХК-нд автомашины зогсоолын зориулалтаар олгосон 1780 м.кв талбай бүхий газрыг нийт шилжүүлсэн 7929 м.кв газарт оруулан тооцож, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3 дахь заалтын зарим хэсгийг зөрчиж, иргэн, аж ахуйн нэгжид чирэгдэл учруулсаар байна гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь дараах байдлаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр болжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Б” ХХК-ийн захирал С.Д, “Х” ХХК-ийн захирал Ц.С нарын хооронд 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр нийт 7949 м.кв талбай бүхий газрыг шилжүүлэхээр харилцан тохиролцсоны дотор маргаж буй үйлчилгээний өмнөх баруун талбайд байрших автомашины зогсоолын 1780 м.кв талбай багтаж байгаа болохыг гэрээний нэмэлт нөхцлөөр тусгасан байх бөгөөд талуудын газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэж аймгийн Засаг даргын 281 дүгээр захирамж гарч, нэхэмжлэгч “Х” ХХК-тай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсон байна.
Гуравдагч этгээд болон хариуцагчаас “...автомашины зогсоолын 1786 мкв газар нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд заагдсан 7949 мкв маргаан бүхий газарт ороогүй...” хэмээн маргаж байгаа боловч энэ үйл баримтын талаар “Б” ХХК-ийн захирал С.Д-с газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 500 дугаар шийдвэр, мөн аймгийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар магадлалыг эс зөвшөөрсөн С.Д-н гомдлоор хянасан Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 529 дүгээр тогтоолоор нэгэнт дүгнэлт өгч, “Б” ХХК-ийн захирал С.Д, “Х” ХХК-ийн захирал Ц.С нарын хооронд 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж, гэрээний нэмэлт нөхцөлд заасан үйлчилгээний өмнөх баруун талын автомашины тохижуулсан талбайг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд заагдсан 7949 м.кв газарт багтаж байгаа болохыг дүгнэсэн байх тул маргаан бүхий захирамж болон гомдолд дурдагдсан үндэслэл үгүйсгэгдэж байна.
Хариуцагч Газрын тухай хуульд заасан үндэслэлээр газар эзэмшигчийн эрхийг хөндөж болох бөгөөд маргаан бүхий актыг гаргах болсон үндэслэлээ “...нийтийн ашиг сонирхлыг хангахад чиглэгдсэн, 281 дүгээр захирамжид ямар газрууд багтаж байгааг нягт тооцолгүй алдаа гаргасан байсныг залруулсан...” хэмээн тайлбарлаж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн нэхэмжлэгч “Х” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.
Түүнчлэн гуравдагч этгээдээс давж заалдах гомдолдоо “...Иргэн Ц.С-д газар эзэмших эрхээ "Б" ХХК-ийн захирал С.Д шилжүүлж, энэ тухай гэрээг 2008 оны 03 дугаар сарын 21-нд байгуулсан байхад "Х" ХХК-д 2008 оны 08 дугаар сарын 21-нд газар эзэмшүүлсэн нь хууль зөрчиж байх тул уг захирамжийг хүчингүй болгосон нь хуульд нийцэх юм...” хэмээн Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны А/391 дүгээр захирамжийг дэмжих боловч маргаан бүхий газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн Дундговь аймгийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 281 дүгээр захирамжтай маргаагүй байна.
Маргаан бүхий актад дурдагдсан 2 нэгж талбар бүхий газар нь иргэний шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн эзэмших эрх шилжүүлэх гэрээнд үндэслэгдэн нэхэмжлэгчид шилжсэн байх бөгөөд газрыг шилжүүлэн өгөх болон шилжүүлэн авах талаар ямар нэгэн хүсэл зориг байхгүй байхад нэхэмжлэгчид эзэмшүүлсэн захирамж гарсан нь хууль бус хэмээн шийдвэрийг хүчингүй болгуулах гуравдагч этгээдийн гомдыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны А/391 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлийг дүгнэсэн шийдвэр үндэслэлтэй байх тул гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ