Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00760

 

Х.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/02438 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 187 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Х.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НЗД-ид холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бямбажаргал, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хувцагаан овогтой Байгалмаа миний бие 59 дүгээр сургуулийн захирлаар түр орлон гүйцэтгэгчээр 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр томилогдож, төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын журмын дагуу шалгалт өгч, хамгийн өндөр оноо авсан тул НЗД- Э.Бат-Үүлийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/43 тоот захирамжаар жинхлэн томилогдсон.

...2017 оны ажлын гүйцэтгэл, үр дүнгийн гэрээний биелэлтийг ажлын байран дээр ирж үзэж шалгалгүйгээр 2017 оны 01 дүгээр сард "Ямар өө сэв байна?” гэж муучлах зорилгоор ирсэн комиссын дүгнэлтээр бүтэн жилийн ажлыг дүгнэж бичсэн нь үр дүнгийн гэрээний тайлбараас харагдана. ЭЕШ-ын үнэлгээ болон багш, сурагчдын уралдаан тэмцээний ажилтны талаар илт муучилж, тооцоогүй дүгнэсэн. Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсыг 2018 оны 04 дүгээр сард өгсөн бөгөөд ЗД-тай байгуулсан гэрээнд тусгагдаагүй зүйлийг оруулж бичсэн байна.

2017 оны санхүүгийн Нийслэлийн аудитын шалгалтаар ямар ч зөрчилгүй, зөвлөмж ч аваагүй ажилласан.

...Захирал миний хувьд ёс зүйн ямар нэг зөрчил гаргаагүй, ажлаа чин шударгаар гүйцэтгэж, алслагдсан хорооны сургууль гэлтгүй Нийслэл дүүргээс зохион байгуулсан аливаа ажилд сургууль хамт олноо бүрэн оролцуулан, амжилттай ажиллаж байхад ажлын үр өгөөж бүтээмжийг харгалзалгүй, дүүргийн ЗД-тай байгуулсан үр дүнгийн гэрээг “Эф” хэмээн үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа удирдлагууддаа тухайн бүрт нь албан бичиг тайлбарын хамт хүргүүлсэн.

... НЗД- С.Батболдын “ажлаас чөлөөлөх тухай” 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/115 тоот захирамжийг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр дүүргийн Боловсролын хэлтсийн төсвийн мэргэжилтэн Ж.Алтанчимэг утсаар хэлсэн.

..Ажлаас чөлөөлөх захирамжийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасныг баримталсан байдаг. Миний бие нь сахилгын давтан болон ноцтой зөрчил гаргаагүй.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

...Хан-Уул дүүргийн ЗД-тай байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээ дүгнэсэн бөгөөд 59 дүгээр сургуулийн захирлын үнэлгээ “Хангалтгүй” гэж дүгнэгдсэн нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2.-т “хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох”, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1, “Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн ТАТХ, ТТХ, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан зөрчлийг гаргасан бол хөдөлмөрийн гэрээн “дүүргийн ЗД-тай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилт “хангалтгүй” дүгнэгдсэн гэж заасныг тус тус үндэслэн захирлын албан тушаалаас чөлөөлөх Б/115 дугаар захирамжийг НЗД- 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаргасан.

Х.Б- нь Хан-Уул дүүргийн ЗД-тай байгуулсан үр дүнгийн гэрээ биелэлтийг дүгнэхэд үнэлгээн дээр ямар нэгэн гомдол гаргаагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/02438 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Х.Б-г Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч НЗД-аас 5 502 751 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Б-гийн дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч НЗД-ид үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Б-гийн гомдол нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч НЗД-аас 102,994 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 187 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/02438 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч НЗД- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... шүүх “... “хангалтгүй” гэж дүгнэгдсэнийг ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон байх боловч энэ нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан үр дүнгийн гэрээний агуулгатай тохирохгүй, үр дүнгийн гэрээний хэрэгжилт зөвхөн Х.Б-д хамааралтай гэж үзэхгүй, тухайн байгууллагын бусад ажилчдын олон эрх бүхий байгууллагын оролцооноос хамаарч байдаг” гэсэн нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авна. Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1 ."төсвийн үр дүнг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үүрэг өгч хяналт тавьж ажиллах”; 40.4.2."хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох“ гэж заасныг үгүйсгэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн ЗД-тай Үр дүнгийн гэрээ байгуулах талаар шаардлага тавьсан эсэх нь баримтаар тогтоогдоогүй байна.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 2 дугаар хэсгийн 2.4-т “Төсвийн шууд захирагч нь хуульд заасан хугацаанд гэрээ байгуулахгүй, түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхгүй байгаа төсвийн ерөнхийлөн захирагчид шаардлага тавих эрхтэй” гэж заасныг хянан үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/02438 дугаар шийдвэр, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 187 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Х.Б- нь хариуцагч НЗД-д холбогдуулан 59 дүгээр дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагыг эс зөвшөөрч, Х.Б- 2016 оны үр дүнгийн гэрээгээр “Хангалтгүй” гэж дүгнэгдсэн, үнэлгээний талаар гомдол гаргаагүй учир түүнийг хуульд заасан журмын дагуу ажлаас нь чөлөөлсөн гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хан-Уул дүүргийн ЗД- нэхэмжлэгч Х.Б-тай үр дүнгийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан байх ба уг гэрээг 3 сарын дараа дүгнэж, 5 сарын дараа хэлэлцсэн нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.3., заасан зохицуулалтад нийцээгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулах ёстой бөгөөд үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох асуудлыг шийдвэрлэх учиртай.

Түүнчлэн, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой  зөрчил гаргасан, улмаар ажил олгогч захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан үндэслэл үүссэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгч Х.Б-г ажлаас чөлөөлсөн НЗД-ийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б\115 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэгчийг 59 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/02438 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 187 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН