Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2016/0657

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2016/0657

Улаанбаатар хот

“Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Т, гуравдагч  этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 465 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-н гаргасан давж заалдах гомдлоор, “Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 465 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3, 52 дугаар зүйлийн 52.2-т заасныг тус тус баримтлан “Р” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н давж заалдах гомдолдоо: “ 1.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироосон, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангалгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н миний бие 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт сонгуулийн ажлаар томилолтоор ажиллаж байсан ба шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ нотлох баримтын хамт шүүх рүү хүргүүлсэн юм.

Гэтэл анхан шатны шүүх хэргийн оролцогч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материалыг танилцуулалгүйгээр, мөн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус ноцтой зөрчсөн.

2.Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй, хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэгч компани ашигт малтмалын ашиглалтын MV-014937 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч бөгөөд тусгай зөвшөөрлийг аливаа гуравдагч  этгээдэд шилжүүлэх тухай хүсэлт, өргөдлийг амаар болон бичгээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргаагүй болно. Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шийдвэрээр тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-014937 тоот тусгай зөвшөөрлийг Улаанбаатар хотын банкны хүсэлтийг үндэслэн “М” ХХК-д шилжүүлсэн хууль бус үйл ажиллагаа явагдсан болохыг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 6/1269 тоот албан бичгийг хүлээн аваад мэдсэн болно.

Ийнхүү хариуцагч байгууллагын хууль бус үйл ажиллагаа, шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг ноцтой зөрчин, улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 49, 52 дугаар зүйлийг тус тус зөрчин, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн байгаа юм.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр тусгай зөвшөөрлийг гуравдагч  этгээдэд шилжүүлсэн хариуцагчийн хууль бус үйл ажиллагаа, шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны явцад цуглуулах ёстой нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, мэтгэлцэх эрхийг нь хангаагүй, түүнчлэн уг хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

            Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Р” ХХК-ийн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дахь Баян төмөртэй нэртэй 506.30 гектар талбай бүхий MV-014937 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус компаниасМ ХХК-д шилжүүлснийг бүртгэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд хандахдаа “... уг шийдвэр нь тус компанийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг зөрчин, Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйл, 52 дугаар зүйлийг тус тус зөрчиж, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн ... хэмээн маргажээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулах ёстой нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүй байхад хэргийг шийдвэрлэсэнгэж давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлах бөгөөд хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд “Р” ХХК-ийн зээлийг хэрхэн дуусгавар болгож,Мо ХХК-д тусгай зөвшөөрлийг ямар үнэ хөлсөөр шилжүүлсэн эсэх, маргаан бүхий тусгай зөвшөөрлийг дагалдаж тоног төхөөрөмжүүд болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримт бичгүүд бодит байдал дээр хэрхэн шилжсэн талаарх баримтууд байхгүй байна.        

            Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-с 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ нотлох баримтын хамт ирүүлснийг шүүх хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан атлаа уг шүүх хуралдааныг хойшлуулах болсон нөхцөл шалтгаан арилаагүйн улмаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н дахин 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт[1] ирүүлснийг хүлээн авахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөө оролцуулах, хэргийн материалтай танилцах, тайлбар мэдүүлэг гаргах эрхийг хязгаарласан шийдвэр болжээ.

            Тодруулбал, шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох” нэхэмжлэгчийн эрхийг хангахгүйгээр дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... анхан шатны шүүх хэргийн оролцогч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материалыг танилцуулалгүйгээр, мөн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

            Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.1, 121.3.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 465 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                   ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ

 

[1] Хэргийн 3 дугаар хавтас, 165-166 дахь тал