Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2017/01626

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 22 дугаар байр, 19 тоотод оршин суух, ЦЗ61091305 регистрийн дугаартай, Баттогтох овогтой Баатарын Наранцэцэг

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 22 дугаар байр, 19 тоотод оршин суух, УХ83101304 регистрийн дугаартай, Баттогтох овогт Баатарын Ганганмөрөн нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Хайрхан 7 дугаар гудамж, 81 тоотод оршин суух,  УП93100416 регистрийн дугаартай, Олхонууд овогт Нямжавын Жадамбад холбогдох 

гэм хорын хохиролд 1,524,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул, иргэдийн төлөөлөгч Х.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүүхдүүдтэйгээ такси барихад хариуцагчийн машинд суусан. Тэгээд хариуцагчийн буруугаас осолд орж бид хөнгөн гэмтсэн. Эмчилгээний зардал маш их гарсан. Миний мах тасарч, манай охин машинаас шидэгдэж түнх нь мултарсан. Бид Бүгд Найрамдах Хятад Ард Улсад амьдардаг ба энэ ослоос болж, бид энд 3 сар байр түрээслэн амьдарсан. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст Н.Жадамбыг шалгаж байх явцад хариуцагч, хариуцагчийн ээж, тогоо шиг том гэдэстэй эхнэртэйгээ гурвуулаа ирээд 1,832,000 төгрөгийн хохирлын 500,000 төгрөгийг өгөөд үлдэх 1,332,000 төгрөгийг дараа өгөхөөр хэлцэл байгуулсан.  Үлдэгдлийг төлөх миний дансны дугаарыг авч үлдсэн. Гэвч хариуцагч нь 3 жил болоход одоог хүртэл үлдэгдэл төлбөрийг барагдуулаагүй. Ингээд шүүхэд хохирол 1,332,000 төгрөг дээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 2 хүн 15 хоногоор тооцон 192,000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрэх талаар ярилцсан боловч хариуцагчтай холбогдож чадахгүй байна гэсэн. Ингээд би нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хэргийн үйл баримтын хувьд 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт жолоо барьж явсан М.Жадамба нь зам тээврийн осол гаргасан байдаг. Тухайн үед М.Жадамбын машинд нэхэмжлэгч болон түүний охин мөн хоёр хүүхэд явж байсан. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан боловч хариуцагч нь хохирлыг барагдуулсан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байгаа. Хариуцагч нь тухайн үед 500,000 төгрөгийг нэхэмжлэгч нарыг хохиролгүй болгох гэж өгсөн байдаг. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Б.Наранцэцэг нь хэдэн төгрөг, нэхэмжлэгч Б.Ганганмөрөн нь хэдэн төгрөг нэхэмжилж байгаа гэдэг нь тодорхойгүй байгаа учраас хариуцагч талаас хариу тайлбар гаргахад хүндрэлтэй байдаг. Нэхэмжлэгч  нар нь хэрэгт өгсөн баримтын хүрээнд эм тариа авсан гэдэг нь тодорхойгүй. Мөн хэн гэдэг хүн худалдан авалт хийсэн талаар мэдэгдэхгүй баримтууд хэрэгт авагдсан байдаг. Мөн ослын үед нэхэмжлэгч нарт ямар гэмтэл учирсан түүнийг ямар баримтаар нотолж байгаа гэдэг нь тодорхойгүй байдаг. Хэрэгт авагдсан гэмтлийн зэрэг тогтоосон баримтууд нь хоорондоо зөрүүтэй байдаг. Мөн шинжээчийн дүгнэлт дээр нэхэмжлэгч Б.Наранцэцэгийн биед гэмтэл учирсан байж магадгүй, нэхэмжлэгч Б.Ганганмөрөнгийн биед учирсан гэмтлийг хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Б.Наранцэцэгийн хувьд баруун талын дал, гуя орчмын зөөлөн эдийн гэмтэлтэй гэх боловч эрүүгийн хэрэг дэх шинжээчийн дүгнэлт, энэ хэрэгт гарсан шинжээчийн дүгнэлтэд тархины доргилт, цээжний зөөлөн эдийн гэмтэл гэх зэргээр өөр өөр гарсан байдаг. Мөн хэрэгт авагдсан 9 ширхэг баримтыг харахад санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй, тамга тэмдэг дарагдаагүй, бүрдэл дутуу, он, сар засвартай зэргээр үнэн зөв гэдэгт эргэлзээтэй байдаг. Шаардлага хангасан 309,653 төгрөгийн баримт байх бөгөөд үүнийг бүрэн төлсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                               

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Наранцэцэг, Б.Ганганмөрөн нар нь Н.Жадамбад холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болох эмчилгээ, оношлогооны зардалд 1,332,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт 192,000 төгрөг, нийт 1,524,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Эмчилгээ, оношлогооны зардал болох 1,332,000 төгрөг нь Б.Наранцэцэгт 1,274,200 төгрөг, Б.Ганганмөрөнд 57,800 төгрөг гэж хуваагдах ба энэ нь гаргаж өгсөн зарлагын баримт дээрх нэхэмжлэгч тус бүрийн нэрээр тодорхойлогдоно хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулжээ.

Хариуцагч Н.Жадамба нь зам тээврийн осол гаргасан гэм буруутай эсэх талаараа маргаагүй боловч хохирлыг нотлох баримтын шаардлага хангасан баримтын хэмжээнд барагдуулсан, нэхэмжлэгч нарын биед учирсан хохирол гэм буруутай шалтгаант холбоогүй, хохирлыг арилгахад гарсан зардал нотлогдохгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хариуцагч Н.Жадамба нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 20:30 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гранд плаза төвийн зүүн хойд талын уулзвар замд “Тоёота королла маркийн 55-10 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан болох нь зохигчдын тайлбар, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-8 дахь тал/, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол /хх-17-18 дахь тал/-оор тогтоогдож байна. Хариуцагч Н.Жадамба нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан гэм буруугийн асуудлаар маргаагүй болно. Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Жадамбыг тээврийн хэрэгсэл ашиглах явцад хууль бус үйлдлийнхээ улмаас бусдад учруулсан гэм хорын үр дагаврыг хариуцан арилгах үүрэгтэй этгээд гэж үзэх үндэслэлтэй байна. Нөгөө талаар, нэхэмжлэгч Б.Наранцэцэг, Б.Ганганмөрөн нар өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо шаардах хуульд заасан нөхцөл бүрдсэн байна.

Нэхэмжлэгч нарт учирсан хохирол, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл хоорондоо шалтгаант холбоотой байх ёстой. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нэхэмжлэгч нарын биед учирсан гэмтэл нь хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг дэх шинжээчийн дүгнэлт, иргэний хэрэг дэх шинжээчийн дүгнэлтэд тавьсан онош, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн онош зөрүүтэй, түүнчлэн эрүүгийн хэрэг дэх шинжээчийн дүгнэлт, иргэний хэрэг дэх шинжээчийн дүгнэлтэд “Б.Наранцэцэгийн биед гэмтэл учирсан байх боломжтой”, “Б.Ганганмөрөнгийн биед учирсан гэмтлийг хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй” гэсэн нь эргэлзээтэй хэмээн маргасан.

Нэхэмжлэгч нар осол болсон даруйд үзүүлсэн оношоор Б.Наранцэцэг цээжний зөөлөн эдийн гэмтэл, тархины доргилт, Б.Ганганмөрөн тархины доргилт, нурууны зөөлөн эдийн гэмтэл гэж, эрүүгийн хэрэгт томилогдсон шинжээчийн дүгнэлтэд тавигдсан онош болон тус шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 00117 дугаар тогтоолоор томилогдсон шинжээчийн дүгнэлтэд тавигдсан оношоор “Б.Наранцэцэгийн биед тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байх боломжтой байна” “Б.Ганганмөрөнгийн биед баруун түнхний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. . . дээрх гэмтлийг хэзээ үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна.” гэжээ. Хэдийгээр нэхэмжлэгч нарын биед учирсан гэмтлийн онош зөрүүтэй ч 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр болсон ослын улмаас Б.Наранцэцэгт гэмтэл учирсан  нь Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 425 тоот албан бичиг болон 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэгсдийн бүртгэл, /хх-99-101 дэх тал/, бичгийн нотлох баримт болох шинжээчийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 993 тоот дүгнэлт, шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 627-А дүгнэлтээр, Б.Ганганмөрөнгийн биед гэмтэл учирсан болох нь Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 425 тоот албан бичиг болон 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэгсдийн бүртгэл, /хх-99-101 дэх тал/-ээр тус тус тогтоогдож байна. Эндээс дүгнэхэд хариуцагч Н.Жадамбын гаргасан зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Б.Наранцэцэг, Б.Ганганмөрөн нарын эрүүл мэндэд гэм хор учирсан байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт хохирсон этгээд нь учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй болохыг тодорхойлсон бол уг хохиролд юуг тооцохыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д тодорхойлжээ. Үүнд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар  сувилуулах зэрэг зайлшгүй зардлыг оруулсан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн эмчилгээ, оношлогооны зардал болон ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан төлүүлэх хохиролд тооцогдохоор байна.

Нэхэмжлэгч оношлогоо, эмчилгээний зардалд нийт 1,332,000 төгрөг шаардахдаа хариуцагч Н.Жадамбад холбогдох эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн гэх эм тариа худалдан авсан, оношлогоо хийлгэхэд төлсөн нийт 1,834,250 төгрөгийн 9 ширхэг баримт болон хариуцагчийн ээж Сарантуяагаас 500,000 төгрөг хүлээн авсан бичгээр үйлдсэн баримтыг үндэслэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “9 ширхэг баримтыг санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй, тамга тэмдэг дарагдаагүй, бүрдэл дутуу, он, сар засвартай тул үнэн зөв гэдэгт эргэлзээтэй” гэж маргажээ.

“Баатар овогтой Наранцэцэг миний бие иргэн Жадамбаа гэгчээс хохирлын 1,832,000 төгрөг авахаас Жадамбаагийн ээж Сарантуяагаас 2014 оны 10 дугаар сарын 21-ний 16.30 минутад 500,000 төгрөг хүлээн авсан болно” гэж хүлээн авсан Б.Наранцэцэг, хүлээлгэн өгсөн Сарантуяа гэж гарын үсэг зуржээ. /хх-19 дэх тал/ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бичигт дурдсаны дагуу нэхэмжлэгчид 500,000 төгрөг төлсөн нь нэхэмжлэгчийн гарган өгсөн зарлагын баримтаас нотлох баримтын шаардлага хангасан баримт болох 309,653 төгрөгийн зардалд оруулж тооцон хохирлыг бүрэн барагдуулсан гэх боловч энэхүү бичигт дурдсан “. . . иргэн Н.Жадамба гэгчээс хохирлын 1,832,000 төгрөг авах . . .” гэснийг үгүйсгээгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч Б.Наранцэцэг “хариуцагч, хариуцагчийн ээж, тогоо шиг том гэдэстэй эхнэртэйгээ гурвуулаа ирээд энэхүү бичгийг хийсэн” гэж тайлбарлах ба үүнийг мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй. Эндээс дүгнэвэл, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасны дагуу хариуцагч Н.Жадамба нь нэхэмжлэгч нарт гэм хорын хохиролд 1,332,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн гэж үзнэ.

Ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр болох 192,000 төгрөгийн шаардлагын хувьд нэхэмжлэгч Б.Наранцэцэг, Б.Ганганмөрөн нар нь цалин хөлс орлогогүй байсан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох үүргээ биелүүлээгүй, түүнчлэн учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-103 дахь тал/ гарсан байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т заасныг үндэслэн гаргасан  шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Н.Жадамбаас 1,332,000 төгрөгийг гаргуулан Б.Наранцэцэгт 1,274,200 төгрөг, Б.Ганганмөрөнд 57,800 төгрөг тус тус олгож, нэхэмжлэлээс 192,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасантай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,672 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 36,262 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Жадамбаас 1,332,000 төгрөгийг гаргуулан Б.Наранцэцэгт 1,274,200 төгрөг, Б.Ганганмөрөнд 57,800 төгрөг тус тус олгож, үлдэх 192,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,672 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 36,262 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.НЯМСҮРЭН

                                     

ШҮҮГЧ                                   Ж.ЛХАГВАСҮРЭН

                                   

ШҮҮГЧ                                   Д.МӨНХБҮРЭН