Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2102

 

 

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/02102

 

 

Б.Н, Б.Г  нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2017/01626 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Н, Б.Г  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Ж-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 1 524 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүүхдүүдтэй хамт 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагчийн машинд суусан. Тэгээд хариуцагчийн буруугаас осолд орж бид хөнгөн гэмтсэн. Эмчилгээний зардал маш их гарсан. Миний мах тасарч, манай охин машинаас шидэгдэж түнх нь мултарсан. Бид Бүгд Найрамдах Хятад Ард Улсад амьдардаг ба энэ ослоос болж, бид энд 3 сар байр түрээслэн амьдарсан.

Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст Н.Ж-ыг шалгаж байх явцад хариуцагч, 1 832 000 төгрөгийн хохирлын 500 000 төгрөгийг өгөөд үлдэх 1 332 000 төгрөгийг дараа өгөхөөр хэлцэл байгуулсан. Үлдэгдлийг төлөхөөр миний дансны дугаарыг авч үлдсэн. Гэвч хариуцагч нь 3 жил болоход одоог хүртэл үлдэгдэл төлбөрийг барагдуулаагүй.

Иймд хохирол 1 332 000 төгрөг дээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 2 хүн 15 хоногоор тооцон 192 000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт жолоо барьж явсан Н.Ж нь зам тээврийн осол гаргасан байдаг. Тухайн үед Н.Ж-ын машинд нэхэмжлэгч болон түүний охин мөн хоёр хүүхэд явж байсан. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч хариуцагч нь хохирлыг барагдуулсан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Хариуцагч нь тухайн үед 500 000 төгрөгийг нэхэмжлэгч нарыг хохиролгүй болгох гэж өгсөн байдаг. Нэхэмжлэгч нар нь тус бүрдээ хэдэн төгрөг нэхэмжилж байгаа болон хэрэгт өгсөн баримтаас эм тариа авсан,  худалдан авалт хийсэн эсэх,  ослын үед нэхэмжлэгч нарт учирсан гэмтэл, ямар баримтаар нотолж байгаа гэдэг нь тус тус тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байдаг. Хэрэгт авагдсан гэмтлийн зэрэг тогтоосон баримтууд нь хоорондоо зөрүүтэй байдаг.

Мөн шинжээчийн дүгнэлтэд  Б.Н-ийн  биед гэмтэл учирсан байж магадгүй, Б.Ганганмөрөнгийн биед учирсан гэмтлийг хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй гэсэн.  Б.Н-ийн хувьд баруун талын дал, гуя орчмын зөөлөн эдийн гэмтэлтэй гэх боловч эрүүгийн хэрэг дэх шинжээчийн дүгнэлт, энэ хэрэгт гарсан шинжээчийн дүгнэлтэд тархины доргилт, цээжний зөөлөн эдийн гэмтэл гэх зэргээр зөрүүтэй.

  Шаардлага хангасан 309 653 төгрөгийн баримт байх бөгөөд үүнийг бүрэн төлсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Ж-аас 1 332 000 төгрөгийг гаргуулан Б.Н-т 1 274 200 төгрөг, Б.Г-д 57 800 төгрөг тус тус олгож, үлдэх 192 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42 672 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 36 262 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж он, cap зөрүүтэй, худалдан авагчийн нэр бичигдээгүй, тамга тэмдэг дарагдаагүй үнэн зөв эргэлзээгүй гэж үзэх боломжгүй баримтуудыг гарган өгсөн байдаг. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч ийм худалдан авалт хийж байсан эсэхийг тодруулах зорилгоор хэрэгт авагдсан 9 ширхэг баримтын байгууллагад үлдэх хувийг нотлох баримт гаргуулах, шалгуулах хүсэлт гаргасан боловч шүүх "нэхэмжлэлийн шаардлагаа нотлох нь нэхэмжлэгчийн үүрэг тул хариуцагч нэхэмжлэгчийн нотлох үүргийн талаар хүсэлт гаргах эрхгүй" гэдэг үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхисон.

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа нотлох нь нэхэмжлэгчийн үүрэг гэж үзсэн боловч 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасан үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэгчээс болон Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс баримт гаргуулахаар шийдвэрлэж, шинжээч томилсон нь нотлох баримтаа цуглуулан гаргаж өгөх нь нэхэмжлэгчийн үүрэг гэсэн дээрх үндэслэлтэй нь нийцэхгүй байна.

Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн дагуу шаардлага гаргахад нэхэмжлэгч хариуцагчийн гэм бурууг нотлохоос гадна гэм буруугүй гэдгээ нотлох нь хариуцагчид ногддог гэж ойлгодог. Иймд хариуцагч хохирол учруулаагүй гэдгийг нотлуулахаар нотлох баримт гаргуулахаар буюу шалгуулахаар хүсэлт гаргасныг хангахаас татгалзах үндэслэлгүй бөгөөд хариуцагч өөрийн татгалзлалаа нотлохын тулд нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргах нь нэхэмжлэгч нотлох үүрэгтэй гэсэн үндэслэлээр хязгаарлагдах ёсгүй гэж үзэж байна.

Хариуцагч Н.Ж-гийн хувьд тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч биш тухайн үед унаж явж байсан тухай тайлбарыг шүүх хуралдаан дээр удаа дараа хэлж байсан ба нэхэмжлэгч уг тайлбарыг үгүйсгээгүй. Н.Ж-ыг тээврийн хэрэгслийн эзэмшигч гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй юм.

Шүүхийн шийдвэрээр хариуцагч Н.Ж-ын гаргасан зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Б.Н, Б.Г  нарын эрүүл мэндэд гэм хор учирсан гэж дүгнэсэн. Шүүх ослын үеэр нэхэмжлэгчийн биед ямар гэмтэл учирсныг тогтоогоогүй атлаа гэм хор учруулсны төлбөрийг гаргуулж шийдвэрлүүлсэн нь ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Н, Б.Г  нар нь хариуцагч Н.Ж-д холбогдуулан зам тээрийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1 524 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 20.30 цагт Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Гранд плаза төвийн зүүн хойл талын уулзварт Н.Ж- нь Тоёото Королла маркийн 55-10 УНИ дугаартай автомашиныг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан, осол гарах үед түүний автомашинд Б.Н, Б.Г  нар зорчиж явсан талаархи үйл баримтын талаар маргаангүй байна.

 

Хариуцагч Н.Ж- нь гэм буруугийн талаар маргаагүй.

 

Иймд нэхэмжлэгч нар өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй ч учирсан хохирлын хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй юм.

 

            Нэхэмжлэгч нар нь хохирлын хэмжээг 1 832 000 төгрөгөөр тодорхойлж хэлэлцэн тохиролцсон гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Уг баримтын агуулгаас үзвэл Н.Ж-ын эх н.С нь 1 832 000 төгрөг төлөхөөс 500 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлсөн гэжээ.

 

Дээрх хэлцлийг Б.Н, н.С нар байгуулахад Н.Ж 21 настай, эрх зүйн бүрэн чадамжтай байсан тул түүний өмнөөс эх н.С нь аливаа нэгэн үүрэг хүлээх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд дээрх хэлцлийн үндсэн дээр Н.Ж- нь нэхэмжлэгч нарт төлбөр төлөх үүрэгтэй гэж дүгнэхээргүй байна.

 

Түүнчлэн уг зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч нарт тодорхой хэмжээний гэмтэл учирсан ба шинжээчийн дүгнэлтийн зөрүүтэй байдлаас дүгнэвэл ослын дараа томилогдсон шинжээч эмчийн 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтийг үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.  

 

2014 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр Б.Н-ийн биед тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал, Б.Г-ийн биед баруун түнхний үений зөөлөн эдийн няцрал гэх гэмтэл тус тус тогтоогдсон гэж үзнэ.

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 425 тоот албан бичгээс үзвэл Б.Н, Б.Г  нар нь 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгаа авсан бөгөөд тэдэнд эмчийн үзлэг хийж, рентген зургийг авч, зөвлөгөө өгч, харьяа дүүргийн эмнэлэг руу явуулсан байна.

 

Иймд нэхэмжлэгч нар нь дээрх гэмтлийн дагуу эмчилгээ хийлгэсэн байвал зохино. Гэвч нэхэмжлэгч нар харьяа дүүргийн эсхүл өөр бусад эмнэлгийг сонгож эмчилгээ хийлгэсэн талаарх баримтыг шүүхэд гаргаагүй байна. Б.Н-ээс амбулаториор эмчлүүлэгсдийн картыг баримтаар гаргаж өгсөн боловч уг картад 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Гэмтэлийн эмчийн үзлэг хийж эмчилгээ бичиж өгснөөс өөрөөр эмчийн хийсэн тэмдэглэл байхгүй байна. Уг картад 2014 оны 9 дүгээр сарын 11, 25, 2017 оны 9 дүгээр сарын 27, 30-ны өдрийн гэх тэмдэглэлд эмчийн тэмдэглэл хэсэг хоосон өөрөөр хэлбэл, эмчийн гарын үсэггүй, эмчийн үзлэг хийсэн тэмдэглэлгүй, онош тодорхойлоогүй тохиолдолд эмчилгээний хэсэгт бичсэн эмчилгээг үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэхгүй юм.

 

Иймд нотлох баримтын шаардлага хангасан 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 139 100 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 149 300 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 57 800 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн      4 200 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 59 650 төгрөгийн баримтаас үзвэл нэхэмжлэгч нарт учирсан хохирлын хэмжээг 410 050 төгрөгөөр тодорхойлогдож байх бөгөөд хариуцагч 500 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2014 оны 09 дүгээр сарын 25 болон 30, мөн оны 10 дугаар сарын 05-ны өдөр эм тариа худалдаж авсан баримт нь эмчийн үзлэг, тэмдэглэлээр нотлогдоогүй тул уг баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй юм.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2017/01626 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.Ж-д холбогдох гэм хорын хохиролд 1 524 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Н, Б.Г  нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 262 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА