Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2016/0069/З |
Дугаар | 221/МА2016/0638 |
Огноо | 2016-10-05 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2016/0638
2016 оны 10 сарын 05 өдөр | Дугаар 221/МА2016/0638 | Улаанбаатар хот |
“М” ХХК, “Н” ХХК,
“М” ХХК-иудын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 528 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК, “Н” ХХК, “М” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 528 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 11 дүгээр зүйлийн 11.1.16, Цөмийн энергийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК, “” ХХК, “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хүчин төгөлдөр байгаа Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 511 дүгээр шийдвэрийг хэрэгжүүлж, “Н” ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн, “М” ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн, “М” ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдлүүдийг хүчин төгөлдөр үйлчилж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлагатай арга хэмжээнүүдийг авч дахин хянан шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...
” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Н” ХХК, “М” ХХК, “М” ХХК-иудаас “Хүчин төгөлдөр байгаа Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 511 дүгээр шийдвэрийг хэрэгжүүлж, “Н” ХХК-ийн 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн, “М” ХХК-ийн 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн, “М” ХХК-ийн 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдлүүдийг хүчин төгөлдөр үйлчилж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, дахин хянан шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 511 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч дээрх 3 хуулийн этгээд болон “П” ХХК, “Том зам” ХХК-иудын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, хүсэлтийг хууль тогтоомжид нийцүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэх талаар захиргааны акт гаргуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүхийн шийдвэрт гомдол гараагүй тул шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Үүний дагуу Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 511 дүгээр шийдвэрийг биелүүлж, Цөмийн энергийн газрын дарга Д.Энхбат нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “Н” ХХК-ийн 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн, “М” ХХК-ийн 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн, “М” ХХК-ийн 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдлийг хүлээн авч, 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04, 05, 06 дугаар тушаалуудаар тусгай зөвшөөрөл олгожээ.
Улмаар Монгол Улсын ерөнхийлөгчийн 2011 оны 181 дүгээр зарлиг гарсантай холбогдуулан Цөмийн энергийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Г.М Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Н/35 дугаар чиглэл өгөх тухай албан бичгийг үндэслэн 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/26, А/27, А/28 дугаар тушаалуудаар дээрх тусгай зөвшөөрлүүдийг “ураны хайгуулын тусгай зөвшөөрлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй, тусгай зөвшөөрөл олгох асуудал нь Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн даргын шийдвэрээр олгохоор байхад зааварт өөрчлөлт оруулж, Цөмийн энергийн газрын дарга шийдвэр гаргасан” гэсэн үндэслэлүүдээр хүчингүй болгожээ.
Энэхүү тушаалуудыг эс зөвшөөрч нэхэмжлэгч хуулийн этгээдүүдээс Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд шүүхийн шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хянаад хэвээр үлдээсэн байна.
Харин энэ захиргааны хэрэгт нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өмнөх 2011 оны өргөдлүүдийг дахин хянаж шийдвэрлүүлэхээр тодорхойлон маргаж байх бөгөөд энэ үйл баримтыг “М” ХХК, “Н” ХХК, “М” ХХК, “П” ХХК, “Т” ХХК-иудын нэхэмжлэлтэй захиргааны хэргээр хэлэлцэж эцэслэн шийдвэрлэгдсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан бөгөөд дээр дурдсанчлан тус нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үйл баримт, захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаар дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байжээ.
Өөрөөр хэлбэл дээрх өргөдлүүдийг захиргааны байгууллагаас хүлээн авч шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр биелэгдсэн, тус өргөдлүүдийг шийдвэрлэсэн талаарх баримтууд хэрэгт авагдсан, өргөдлүүдийг шийдвэрлэсэн захиргааны үйл ажиллагаа, гаргасан актын талаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн байна.
Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 528 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан “М” ХХК, “Н” ХХК, “М” ХХК-иудын “Хүчин төгөлдөр байгаа Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 511 дүгээр шийдвэрийг хэрэгжүүлж, “Н” ХХК-ийн 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн, “М” ХХК-ийн 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн, “М” ХХК-ийн 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдлүүдийг хүчин төгөлдөр үйлчилж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлагатай арга хэмжээнүүдийг авч дахин хянан шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ