Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 32

 

           У.Дашням, Д.Дашжүгдэр, Т.Баярсайхан, Х.Отгонзаяа

                        нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоол,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр магадлалтай, 201620000193 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Дашжүгдэрийн өмгөөлөгч Д.Бунжаа, шүүгдэгч У.Дашнямын өмгөөлөгч Б.Батгэрэл нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2014 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Галзад овогт Ууганбаярын Дашням нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Борлууд овогт Дэмбэрэлийн Дашжүгдэр нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, 1999 оны 7 дугаар сарын 2-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Шангас овогт Төмөржавын Баярсайхан нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

4.Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хошууд овогт Хатуугийн Отгонзаяа нь Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийг үл мэдээлэх” гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч У.Дашням, Д.Дашжүгдэр, Т.Баярсайхан нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг, шүүгдэгч Х.Отгонзаяаг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр У.Дашнямд 3 жил 5 сар хорих ял, шүүгдэгч Д.Дашжүгдэрт 3 жил 4 сар 1 хоног хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дугаар зүйлийн 621.1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайханд 2 жил 7 сар хорих ял, Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Отгонзаяад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 960.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, У.Дашням, Д.Дашжүгдэр нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Т.Баярсайханд оногдуулсан хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Отгонзаяа нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2, 62.3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайханд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг хууль ёсны төлөөлөгч О.Төмөржавт даалгаж шийдвэрлэжээ.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 76 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Дашням, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Д.Дашжүгдэр, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, шүүгдэгч Х.Отгонзаяагийн өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Дашжүгдэрийн өмгөөлөгч Д.Бунжаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж, сэжигтэн, яллагдагч нарын зөрүүтэй мэдүүлгийг үндэслэж Д.Дашжүгдэрийг гэм буруутайд тооцож түүний эрх зүйн байдлыг илэрхий дордуулсныг шат шатны шүүх анхаарч үзсэнгүй. Хохирогчийн өгсөн “2 залуу нэмж ирээд өшиглөх зуур нэг залуу нь наадах чинь хөгшин хүн байна ш дээ боль гэж цохихыг нь болиулсан” гэх мэдүүлэг нь хэргийн холбогдогч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байгаа. Дашням нь “Бидний дунд урьдаас төлөвлөгдсөн, ямар нэг санаа зорилго агуулсан зүйл огт байхгүй, зөвхөн өөрийнхөө хүсэл зоригоос хамаарч хохирогч Пүрэвээг зодож эд зүйлс авсан” гэдгээ хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлгийн шат хүртэл хэргээ хүлээсээр ирсэн. Д.Дашжүгдэрийн гэм буруутай гэх үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй байхад шүүх бодит дүгнэлт өгч хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч У.Дашнямын өмгөөлөгч Б.Батгэрэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүх У.Дашнямыг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. У.Дашням нь хохирогч Р.Пүрвээгийн амь биед аюултай довтолгооныг хийж түүнийг цохиж унагасан байх бөгөөд У.Дашнямын хохирогч руу довтолсон довтолгоо эхэлснээр тухайн гэмт хэрэг төгссөн. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын мэдүүлэгт дээрмийн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Т.Баярсайхан, У.Дашням нарын мэдүүлгүүдээр дээрмийн гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй болох нь тогтоогдсон байдаг. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Дашжүгдэрийн мэдүүлгийг үнэлж уг гэмт хэргийг шүүгдэгч нар хамтран бүлэглэж үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэсэн. Гэтэл шүүгдэгч Т.Баярсайхан, Д.Дашжүгдэр, У.Дашням нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байхад шийтгэх тогтоолын үндэслэл болгон үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх 3 шүүгдэгч өмнө нь айсандаа болоод зарим зүйлийн талаар буруу зөрүү ярьсан гэдгээ мэдүүлсэн. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, У.Дашнямд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэжээ.

Улсын Ерөнхий Прокурорын Газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд: Шүүгдэгч нар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор бүлэглэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрмийн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогджээ. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “Хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангасан байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч У.Дашням, Д.Дашжүгдэр, Т.Баярсайхан нар нь бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Р.Пүрвээгийн эд хөрөнгийг авах зорилгоор нүүр рүү нь гараараа цохих, газар унасан байхад нь өшиглөх зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, гар утас, түрийвч зэрэг эд зүйлийг нь дээрэмдэж 79.500 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Х.Отгонзаяа нь шүүгдэгч У.Дашням, Д.Дашжүгдэр, Т.Баярсайхан нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч У.Дашням, Д.Дашжүгдэр нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг, Т.Баярсайханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч У.Дашням, Д.Дашжүгдэр, Т.Баярсайхан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял, мөн шүүгдэгч Х.Отгонзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг тус тус оногдуулж, шүүгдэгч У.Дашням, Д.Дашжүгдэр, Т.Баярсайхан нарын ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч У.Дашням, Д.Дашжүгдэр, Т.Баярсайхан нарын хэн аль нь хохирогчийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, эд зүйлийг нь авахад үйлдлээрээ нэгдэж хамтран оролцсон үйл баримт нь бусдын эд хөрөнгийг бүлэглэж дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Д.Дашжүгдэрийн өмгөөлөгч Д.Бунжаагийн “Д.Дашжүгдэрийн гэм буруутай гэх үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй”, шүүгдэгч У.Дашнямын өмгөөлөгч Б.Батгэрэлийн “дээрмийн гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй, У.Дашнямд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 болгон өөрчилж өгнө үү” гэсэн гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Дашжүгдэрийн өмгөөлөгч Д.Бунжаа, шүүгдэгч У.Дашнямын өмгөөлөгч Б.Батгэрэл нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

                        ДАРГАЛАГЧ,           

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                              Б.БАТЦЭРЭН