Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00836

 

Х.Ү-, Ж.Д- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/03744 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 533 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Х.Ү-, Ж.Д- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө-2 хотхон, 21 дүгээр байр, 100 тоот дөрвөн өрөө орон сууц, 22 дугаар байрны зоорийн давхрын автомашины зогсоолын үнэлгээ, эд хөрөнгө үнэлэх болон албадан дуудлага худалдааны ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Чинболдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Чинболд, гуравдагч этгээд Д.Дашгомбо, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1884 тоот шийдвэрийн дагуу Х.Ү-ээс 154 375 200 төгрөг гаргуулж, иргэн Д.Д-д олгохоор шийдвэрлэгдсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг явуулж, Х.Ү-, Ж.Д- нарын дундын өмчлөлд байгаа Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Хос өргөө-2 хотхоны 21 дүгээр байрны 100 тоот орон сууцны зориулалттай байр, мөн Х.Ү-ийн өмчлөлд байгаа Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Хос өргөө-2 хотхоны 22 дугаар байрны зоорийн давхарт орших автомашины зогсоол буюу үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хурааж албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээг хийлгэж, зах зээлийн дундаж үнэлгээгээр 240 сая төгрөгөөр үнэлэгдэх дээрх хөрөнгүүдийг ердөө 136 724 000 төгрөгөөр үнэлсэн.

Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухайгаа 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэн. Гэтэл дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны хамтран өмчлөгч Ж.Д- нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хэзээ, хэрхэн явагдсан, хэдэн төгрөгөөр үнэлсэн талаар албан ёсоор мэдээгүй. ...Энэхүү шалтгааны улмаас шийдвэр гүйцэтгэгч нараас илт хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг баримтлан ...үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцож, зах зээлийн зарчмын дагуу дахин бодитой үнэлгээ хийлгэхийг, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр зарлагдсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгөхийг хүсэлт болгосон болно.

... 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 4/15829 дугаартай мэдэгдлийг ирүүлж, бидний байр, авто зогсоолыг биднээс асуусан үнэлгээнээсээ бүр багаар буюу орон сууцыг 128 224 000 төгрөгөөр, авто зогсоолыг 12 500 000 төгрөгөөр албадан дуудлага худалдаагаар худалдсан, байр болон зогсоолыг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр суллах, чөлөөлж өгөх тухай, чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлж, зардлыг төлүүлэх гэсэн байна. 

Иймд иргэн миний хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн зарчмын дагуу бодитой үнэлгээ дахин хийлгэх, зөвхөн төлбөрийг барагдуулахад шаардлагатай хөрөнгийг л үнэлүүлэх нь хууль, шударга ёсонд нийцнэ гэж үзээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэсэн гэх эд хөрөнгө үнэлэх болон албадан дуудлага худалдааны ажиллагааг хууль бус ажиллагаанд тооцуулан хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1884 дүгээр шийдвэрээр Хорлоогийн Ү-ээс 154 375 200 төгрөгийг гаргуулж, Д.Д-д олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Х.Ү-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө-2 хотхон /16030/, Энгельсийн гудамж, 21 дүгээр байрны 100 тоотод байрлах 112,7 метр квадрат талбайтай 4 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө-2 хотхон /16030/, Энгельсийн гудамж, 22 дугаар байрны 91 тоотод байрлах 18 метр квадрат талбайтай автомашины зогсоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, хураан авсан байна.

Төлбөр төлөгч Х.Ү- үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ж.Д-, төлбөр авагч талаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн, 177.1.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгч нар нь орон сууцыг 180 320 000 төгрөгөөр, авто зогсоолыг 15 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож, үнийн санал гаргасан байна. Талуудад 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 4/12551, 4/12552 дугаартай үнэлгээний мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр орон сууцыг 180 320 000 төгрөгийн 70 хувь буюу 126 224 000 төгрөгөөр оруулахад 128 224 000 төгрөгөөр худалдан борлогдсон, авто зогсоолыг 15 000 000 төгрөгийн 70 хувь буюу 10 500 000 төгрөгөөр оруулахад 12 500 000 төгрөгөөр худалдан борлогдсон.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт заасны дагуу явуулсан тул нэхэмжлэгч Х.Ү-, Ж.Д- нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй этгээд шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/03744 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Ү-, Ж.Д- нарын нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГ-т холбогдох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Хос өргөө-2 хотхон 21 байр 100 тоотод байршилтай орон сууц, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Хос өргөө-2 хотхон 22 байрны 91 тоотод байршилтай автомашины зогсоолын үнэлгээ болон албадан дуудлага худалдааны ажиллагааг хууль бусад тооцож, хүчингүй болгох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 533 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/03744 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь холбогдох хуулийн заалтыг илт буруу ташаа тайлбарлаж, хэрэглэсэнтэй холбоотой гэж үзэж байна.

Учир нь, хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах үйл ажиллагааг хөрөнгийн өмчлөгч нарт огтхон ч мэдэгдээгүй, зөвхөн бичиг баримтыг бүрдүүлсэн байсан тул холбогдох гомдлыг гаргасаар байхад давж заалдах шатны шүүх гомдол гаргаж байгаа байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүйгээс гадна үнэлгээний асуудлыг бүр ч будлиантуулж, бодит байдалд зээлийн төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс илтэд бууруулан үнэлсэн нь хөрөнгөө төлбөрт өгсөн атлаа өртэй үлдэж байгаа нь хүний эрхэд дур зоргоороо халдсан гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэлийг хянаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулиар хамгаалагдах ёстой өмчлөх эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х,Ү-, Ж.Д- нар нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө-2 хотхон, 21 дүгээр байр, 100 тоот дөрвөн өрөө орон сууц, 22 дугаар байрны зоорийн давхрын автомашины зогсоолын үнэлгээ, эд хөрөнгө үнэлэх болон албадан дуудлага худалдааны ажиллагааг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Хариуцагч НШШГГ- шаардлагыг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгчийн барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, талуудын тохиролцсон үнэлгээний 70 хувиар анхны дуудлага худалдаанд оруулж борлуулсан, хууль зөрчсөн ажиллагаа явуулаагүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 102\ШШ2017\01884 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Х.Ү- нь 154 375 200 төгрөгийг иргэн Д.Д-д төлөх үүрэг хүлээсэн байна. Төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа эд хөрөнгөөс хангуулах талаар шийдвэрт заасан байна. 

Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул хариуцагч байгууллага шүүхийн гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, Х.Ү-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө-2 хотхон /16030/, Энгельсийн гудамж, 21 дүгээр байрны 100 тоотод байрлах 112,7 метр квадрат талбайтай 4 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө-2 хотхон /16030/, Энгельсийн гудамж, 22 дугаар байрны 91 тоотод байрлах 18 метр квадрат талбайтай автомашины зогсоолыг битүүмжилж, хураан авсан байна.

Хариуцагч НШШГГ- нь төлбөр төлөгч Х.Ү-, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ж.Д-, төлбөр авагч нараас үнийн санал авч, орон сууцыг 180 320 000 төгрөгөөр, авто зогсоолыг 15 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон үнэлгээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулжээ. Орон сууцыг 180 320 000 төгрөгийн 70 хувь буюу 126 224 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахад 128 224 000 төгрөгөөр, авто зогсоолыг 15 000 000 төгрөгийн 70 хувь буюу 10 500 000 төгрөгөөр дуудлагад оруулахад 12 500 000 төгрөгөөр тус тус худалдан борлогджээ.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх дээрх ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт заасны дагуу явагдсан байх тул анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүх Иргэний хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/03744 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 533 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН