Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 3744

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Хос өргөө-2 хотхон, 21-100 тоотод оршин суух Цагаан хөмсөгт овогт Хорлоогийн Үржинчимэг /РД: УХ68012603/

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Хос өргөө-2 хотхон, 21-100 тоотод оршин суух Адуучин овогт Жамсранжавын Дүүрэнжаргал /РД: ЧЙ68050971/

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо 1 дүгээр байрны 37 тоотод оршин суух Огсом Жаргал овогт Даваагийн Дашгомбо /РД: ОЮ66090432/

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Хос өргөө-2 хотхон 21 байр 100 тоот орон сууцны болон Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Хос өргөө-2 хотхоны 22 дугаар байрны зоорийн давхарт байршилтай автомашины зогсоолын үнэлгээ, албадан дуудлага худалдааны ажиллагааг хуульд бусад тооцож, хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч Х.Чинболд

нарийн бичгийн дарга Ц.Жаввзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.27-ны өдөр 1884 тоот шийдвэрийн дагуу Х.Үржинчимэгээс 154 сая 375200 төгрөг гаргуулж, иргэн Д.Дашгомбод олгохоор шийдвэрлэгдсэн.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас, Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг гүйцэтгэж, холбогдох шийдвэр тогтоол гаргаж, Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нарын дундын өмчлөлд байгаа Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Хос өргөө-2 хотхоны 21 дүгээр байрны 100 тоот орон сууцны зориулалттай байр, мөн Х.Үржинчимэгийн өмчлөлд байгаа Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Хос өргөө2 хотхоны 22 дугаар байрны зоорийн давхарт орших автомашины зогсоол буюу үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хурааж албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээг хийлгэж, зах зээлийн дундаж үнэлгээгээр 240 сая төгрөгөөр үнэлэгдэх дээрх хөрөнгүүдийг ердөө 136 сая 724000 төгрөгөөр буюу шүүхийн шийдвэрт заасан дүнгээс хэт доогуур үнэлсэн төдййгүй төлбөр төлөгчийн хууль эрх зүйн мэдлэг хангалтгүй байдлыг ашиглан хуурч мэхлэн зориуд буруу тайлбарлаж ойлгуулснаа тохиролцсон гэж үзсэн үнэлгээгээр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухайгаа 2018.08.16-ны өдөр мэдэгдсэн. Гэтэл дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны хамтран өмчлөгч Ж.Дүүрэнжаргал нь, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас өөрийн өмчлөлийн үл хөдпөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хэзээ, хэрхэн явагдсан, хэдэн төгрөгөөр үнэлсэн талаар албан ёсоор мэдээгүй, мөн өмчлөгч нар болох Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал бид нарын хэн хэн нь ч албадан дуудлага худалдаа хэрхэн явагддаг, үнэлгээг хэрхэн гаргадаг талаар ямар ч ойлголтгүй, өөрсдийнх нь үнэлгээгээр худалддаг гэж ойлгож, тэдэнд мөн тэгж ойлгуулж байсан нь ШШГХ-д заасан төлбөр төлөгчид эд хөрөнгийн үнэлгээний талаарх эрхээ эдлэх боломжийг хуурч мэхлэн итгүүлэх замаар хууль бусаар хязгаарласан үйлдэл хийгдсэн. Энэхүү шалтгааны улмаас шийдвэр гүйцэтгэгч нараас илт хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж ШШГТХ-ийн холбогдох зүйл, заалтуудыг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга болон ахлах шийдвэр гүйцэтгэгч нар төлбөр төлөгч нарын өмчлөлийн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцож, зах зээлийн зарчмын дагуу дахин бодитой үнэлгээ хийлгэхийг, 2018.08.31-ний өдөр зарлагдсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгөхийг хүсэлт болгосон болно. Гэтэл бидний гомдлыг шийдвэрлэсэн эсэх нь мэдэгдэхгүй, ямар ч хариу ирүүлээгүй, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдэгдээгүй тул хариугаа авахаар газар дээр нь очиж шаардсаны эцэст 2018.09.17-ны өдөр шуудангаар явуулсан гэж мэдэгдсэний дагуу өөрийн биеэр шуудангийн салбарт очиж, тэр өдөрт нь буюу 2018.09.17-ны өдрийн 17 цагт гомдлыг хангах боломжгүй гэсэн утгатай хариу гаргасныг нь мэдсэн болно. Ингээд шүүхэд гомдол гаргах ёстой гэж үзэж байтал тус газрын даргын гарын үсэгтэй 2018.09.19-ний өдрийн 4/15829 дугаартай мэдэгдлийг ирүүлж, бидний байр, автозогсоолыг биднээс асуусан үнэлгээнээсээ бүр багаар буюу байрыг маань 128 сая 224000 төгрөгөөр, автозогсоолыг маань 12 сая 500000 төгрөгөөр албадан дуудлага худалдаагаар зарсан, байр болон зогсоолыг 2018.09.27-ны өдөр суллах, чөлөөлж өгөх тухай, чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлж, зардлыг төлүүлэх гэсэн байна.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Монгол Улсын Иргэний хуульд заасан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох тухай заалтыг зохих ёсоор танилцуулан шударгаар гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй атлаа зээлийн төлбөрийн хэмжээнээс илт илүү үнэлгээтэй байр, зогсоолыг үнэлэх, худалдах боломж байсаар байтал төлбөрийг барагдуулах боломжтой үнийг бус харин ч төлбөрөөс илт багаар үнэлсэн, худалдсан болох нь, шууд зарагдсанаас илт харагдаж байгаа ба энэ нь бусадтай зориуд үгсэн тохиролцож, зориуд хийж байгаа хууль бус ажиллагаа гэж үзэхэд хүргэж байгаа юм. Иймээс иргэн миний эд хөрөнгийг хууль бусаар үнэлж, дуудлага худалдаагаар худалдсантай холбогдуулан нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дор дурдсан хууль бус ажиллагаанд гомдол гаргаж, зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахыг хүсч байгааг хянан үзнэ үү. Үүнд: Иргэн Х.Үржинчимэг миний үл хөдлөх хөрөнгүүдийг зориуд зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, хэт доогуур үнэлсэн тул яаралтайгаар өмчлөгчөөс эрх ашгаа шүүхээр хамгаалуулах боломжгүй болгож, гомдлын хариуг дуудлага худалдаа болоод өнгөрснөөс хойш олон хоногийн дараа мэдэгдсэн ба энэ нь бусадтай үгсэн тохирч бусдын эд хөрөнгийн үнэлгээг бууруулан завших гэмт хэргийн илэрхий шинжтэй, шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоо мэдэгдээгүй, төлбөр төлөгч талд мэдэгдээгүй, хүргүүлээгүй зэрэг болон бусад зөрчил гаргаж хууль зөрчжээ. Иймд иргэн миний хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн зарчмын дагуу бодитой үнэлгээ дахин хийлгэх, зөвхөн төлбөрийг барагдуулахад шаардлагатай хөрөнгийг л үнэлүүлэх нь хууль, шударга ёсонд нийцнэ гэж үзээд нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэсэн гэх эд хөрөнгө үнэлэх болон албадан дуудлага худалдааны ажиллагааг хууль бус ажиллагаанд тооцуулан хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Х.Чинболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Үржинчимэг миний төрсөн дүү байгаа. Уг байрыг би дүүдээ авч өгсөн. Мөнгөний хэрэг гарсан тул байраа барьцаалж н.Дашгомбо гэж хүнээс зээл авсан. Бид нар мөнгөө хугацаанд нь төлж байсан боловч эдийн засгийн хямрал болж, төлбөрөө төлж чадаагүй тул шүүхийн шийдвэр гарсан. Манай дүү Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нар ерөөсөө шүүх болон цагдаагийн байгууллага дээр очиж үзээгүй. Анх удаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр очиж айж балмагдсаныг нь зориудаар ашиглаж, байрыг чинь хурааж авна эсвэл гадагшаа явах эрхийг чинь хаана гэж дарамтлах байдал гаргасан учраас тухайн үедээ 1 метр квадратыг нь 1600000 төгрөгөөр зарж болохын байна гэж гарын үсэг зурсан. Энэ хүмүүсийн хуулийн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж хуулийг буруу ойлгуулж орон сууц, зогсоолын үнэлгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дутуу гаргуулсан. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгийг бодитойгоор үнэлүүлж, төлбөрийг барагдуулах боломжтой. Дуудлага худалдаа болно гэсэн бичиг өгсөн. Уг бичгийг аваад удаагүй байтал 7 хоногийн дараа үл хөдлөх хөрөнгө зарагдсан байсан. Хүлээж аваад гомдол гаргаж байх хугацаанд албадан дуудлага худалдаа болсон байсан. Дуудлага худалдаа явуулах тухай тогтоолд гомдол гаргасан боловч үүнийхээ хариуг өгөөгүй, хариу өгөх байх гэж хүлээж байтал дуудлага худалдаа болоод орон сууц, зогсоол зарагдсан байсан. Иймд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Хос өргөө-2 хотхон 21 байр 100 тоот орон сууцны болон Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Хос өргөө-2 хотхоны 22 дугаар байрны зоорийн давхарт байршилтай автомашины зогсоолын үнэлгээ, албадан дуудлага худалдааны ажиллагааг хуульд бусад тооцож, хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагчийн төлөөлөгч У.Энхсоёл шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1884 дүгээр шийдвэрээр Хорлоогийн Үржинчимэгээс 154.375.200 төгрөгийг гаргуулж Д.Дашгомбод олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Х.Үржинчимэгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө-2 хотхон /16030/, Энгельсийн гудамж, 21 дүгээр байрны 100 тоотод байрлах 112,7 метр квадрат талбайтай 4 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө-2 хотхон /16030/, Энгельсийн гудамж, 22 дугаар байрны 91 тоотод байрлах 18 метр квадрат талбайтай автомашины зогсоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол улсын хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, хураан авсан байна. Төлбөр төлөгч Х.Үржинчимэг, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ж.Дүүрэнжаргал, төлбөр авагч талаас Монгол улсын Иргэний хуулийн 177-р зүйлийн, 177.1.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгч нар нь орон сууцыг 180.320.000 төгрөгөөр, авто зогсоолыг 15.000.000 төгрөгөөр харилцан тохиролцож, үнийн санал гаргасан байна. Талуудад 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 4/12551, 4/12552 дугаартай үнэлгээний мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр орон сууцыг 180.320.000 төгрөгийн 70 хувь буюу 126.224.000 төгрөгөөр оруулахад 128.224.000 төгрөгөөр худалдан борлогдсон, авто зогсоолыг 15.000.000 төгрөгийн 70 хувь буюу 10.500.00 төгрөгөөр оруулахад 12.500.000 төгрөгөөр худалдан борлогдсон. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар 2018 оны 4/12766, 4/12767 дугаартай мэдэгдлээр талуудад мэдэгдэж, мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсөн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт заасны дагуу явуулсан тул нэхэмжлэгч Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

1. Нэхэмжлэгч Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Хос өргөө-2 хотхон, 21 байр 100 тоот орон сууцны зориулалттай байр болон тус байрны зоорины давхарт байршилтай автомашины зогсоолын үнэлгээ, албадан дуудлага худалдааны ажиллагааг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч, төлбөр төлөгчийн харилцан тохиролцсон үнэлгээгээр худалдан борлуулна гэж хуулийг буруу ойлгуулсан, үнэлгээний 70 хувиар тооцохыг мэдээгүй, орон сууцыг үнэлэх ажиллагааг хэзээ, хэрхэн явагдсан, хэдэн төгрөгөөр үнэлсэн болохыг Ж.Дүүрэнжаргал мэдээгүй, албадан дуудлага худалдаа явуулах тогтоолд гомдол гаргаж, гомдлын хариу ирээгүй байхад дуудлага худалдааг явуулсан гэж тайлбарласан ба харин хариуцагчийн төлөөлөгч нь үнэлгээ тогтоох болон албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаа хууль зөрчөөгүй, хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж маргаж байна.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/00016 дугаар тогтоолоор хариуцагч Х.Үржинчимэгээс 153,450,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дашгомбод олгож, хариуцагч Ж.Дүүрэнжаргалд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Хос өргөө-2 хотхон 21 байр 100 тоотод байршилтай 112.7м2 талбай бүхий 4 өрөө орон сууц болон Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Хос өргөө-2 хотхон 22 байрны 91 тоотод байршилтай 18м2 талбай бүхий автомашины зогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүйгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 186 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн дотор биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч биелүүлээгүйгээс төлбөр төлөгч Х.Үржинчимэгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Хос өргөө-2 хотхон 22 байрны 91 тоотод байршилтай 18м2 талбай бүхий автомашины зогсоол, Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Хос өргөө-2 хотхон 21 байр 100 тоотод байршилтай 112.7м2 талбай бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжилж, төлбөр төлөх хугацааг тогтоосон боловч төлбөрөө төлөөгүйгээс уг эд хөрөнгүүдийг хураан авч дахин төлбөр төлөх хугацаа тогтоосон байна. Тухайн хугацаанд төлбөрийг төлөөгүйгээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үүрэг гүйцэтгэгч Х.Үржинчимэг, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ж.Дүүрэнжаргал нараас 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр үнийн санал авахад орон сууцыг 180,320,000 төгрөг, автомашины зогсоолыг 15,000,000 төгрөгөөр үнэлсэн байх ба уг үнийн саналыг үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч Д.Дашгомбо зөвшөөрсөн байна. Иймд үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарыг харилцан тохиролцож үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоосон гэж үзнэ. Ийнхүү үнэлгээг тогтоосны дараа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, ...70 хувиар тооцон тогтооно гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 4/12551 тоот мэдэгдлээр орон сууцыг үнэлгээний 70 хувиар буюу 126,224,000 төгрөгөөр, автомашины зогсоолыг үнэлгээний 70 хувиар буюу 10,500,000 төгрөгөөр тооцож анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг төлбөр төлөгч Х.Үржинчимэг, орон сууцны хамтран өмчлөгч Ж.Дүүрэнжаргал нарт мэдэгджээ. Энэхүү ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дуудлага худалдаанд оруулах хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо хууль зөрчөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн, уг мэдэгдэх ажиллагаа нь хуулийн дагуу явуулсан гэж үзнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар Монгол Улсын иргэн шударга ёсыг эрхэмлэн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үндсэн үүрэгтэй ба энэхүү үүргээ хэрэгжүүлэхийн тулд аливаа хуулийг мэдэх үүрэгтэй бөгөөд хуулийг мэдэхгүй, эсвэл хуулийг буруу ойлгосноос үүсэх үр дагаврыг хариуцахгүй байх үндэслэлгүй болно. Энэ зарчмыг Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заажээ. Иймд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хууль эрх зүйн мэдлэг хангалтгүй байдлыг ашиглан хуулийг буруу тайлбарлаж ойлгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хэзээ, хэрхэн явагдсан, хэдэн төгрөгөөр үнэлсэн болохыг албан ёсоор мэдээгүй гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болногэж зааснаар нэхэмжлэгч нарыг үнэлгээний талаарх гомдлоо 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор шүүхэд гаргаагүйг гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлүүдээр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Хос өргөө-2 хотхон 21 байр 100 тоотод байршилтай 112.7м2 талбай бүхий 4 өрөө орон сууц болон Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Хос өргөө-2 хотхон 22 байрны 91 тоотод байршилтай 18м2 талбай бүхий автомашины зогсоолыг үнэлэх ажиллагааг хууль бусад тооцуулж, хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол-оор орон сууц, автомашины зогсоолыг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах болохыг төлбөр төлөгч Х.Үржинчимэг, өмчлөгч Ж.Дүүрэнжаргал нарт 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/12766 тоот мэдэгдлээр мэдэгдэж, мэдэгдсэн талаар 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан байна. Уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Дуудлага худалдааг битүүмжилсэн, эсхүл барьцаалсан хөрөнгийг хураан авсны дараа явуулна гэж заасантай нийцжээ. Дээрх ажиллагааг мэдээгүй талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч маргаагүй боловч нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ дуудлага худалдаа явуулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг мэдэгдээгүй гэсэн нь шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан ажиллагааны баримтууд болон нэхэмжлэгч нарын албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол-д 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр дээд шатны албан тушаалтанд нь гаргасан гомдлоор үгүйсгэгдэж байна. Дээрх гомдлыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр шийдвэрлэж, уг шийдвэрээ 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шуудангийн байгууллагад шилжүүлж, шуудан хүргэгчид 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгсөн болох нь шуудангийн баримтуудаар /ХХ-ийн 7-9 дүгээр тал/ тогтоогдов. Иймд дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрээ дуудлага худалдаа явуулах өдрөөс өмнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичгийг тогтоосон хугацааны сүүлийн өдрийн 24 цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь хүргүүлсэнд тооцно. гэж зааснаар шуудангийн байгууллагад шилжүүлсэн байх тул анхны албадан дуудлага худалдаа явуулахаас өмнө гомдлыг шийдвэрлэсэн гэж үзнэ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан албадлагын арга хэмжээний талаар гомдол гаргасан нь тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэх, эсхүл гүйцэтгэсэн арга хэмжээг цуцлах үндэслэл болохгүй гэж зааснаар албадан дуудлага худалдаа явуулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрт гомдол гаргасан нь тухайн ажиллагааг явуулахгүй байх үндэслэл болохгүй байна. Иймд дуудлага худалдаа явуулах талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг мэдээгүй, уг шийдвэрт гаргасан гомдлыг шийдвэрлээгүй, хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдэгдэлгүйгээр анхны албадан дуудлага худалдааг явуулсан нь хууль зөрчсөн гэсэн нэхэмжлэгчийн нарын тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Хос өргөө-2 хотхон 21 байр 100 тоотод байршилтай 112.7м2 талбай бүхий 4 өрөө орон сууц болон Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Хос өргөө-2 хотхон 22 байрны 91 тоотод байршилтай 18м2 талбай бүхий автомашины зогсоолыг албадан дуудлага худалдааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусад тооцуулж, хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн төлөөлөгч, гуравдагч этгээдэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр тэдний эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нарын нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Хос өргөө-2 хотхон 21 байр 100 тоотод байршилтай орон сууц, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Хос өргөө-2 хотхон 22 байрны 91 тоотод байршилтай автомашины зогсоолын үнэлгээ болон албадан дуудлага худалдааны ажиллагааг хууль бусад тооцож, хүчингүй болгох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА