Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 23

 

Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Э.Ууганзаяа, шүүгдэгч Б.Б, Х.А, Г.Б, Б.С-Э, тэдгээрийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2018/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Б Х.А, Г.Б, Б.С-Э нарт холбогдох эрүүгийн 1735001900043 дугаартай хэргийг шүүгчдэгч, тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 13-нд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, комьютерийн програмимист мэргэжилтэй, Бөхмөрөн сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн нярав ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, яс үндэс-дөрвөд, Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар баг Зүүн харз 1-31 тоотод оршин суух, регистрийн дугаар: ОБ90091310, урьд ял шийтгүүлж байгаагүй, И овогт Б-ын Б.

Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 13-нд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль худалдааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, яс үндэс-дөрвөд, Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багт оршин суух, регистрийн дугаар: ОБ88051310, урьд ял шийтгүүлж байгаагүй, М овогт Х-гийн А.

Монгол Улсын иргэн, 1990 оны 1 дүгээр сарын 22-нд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, ээж, дүүгийн хамт амьдардаг, яс үндэс-дөрвөд, Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар баг 5-4 тоотод оршин суух, регистрийн дугаар: ОБ90012213, урьд ял шийтгүүлж байгаагүй, З овогт Г-ын Б.

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 09-ний Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, ногоон алт төслийн зохицуулагч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, яс үндэс-дөрвөд, Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар баг Баруун гол хороололд оршин суудаг, регистрийн дугаар: ОБ90110914, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Б-гийн С-Э.

Шүүгдэгч Б.Б, Х.А, Г.Б, Б.С-Э нар 2017 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 07-99 УВХ улсын дугаартай Приус 11 загварын автомашин ашиглаж Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хотгор шанага” ХХК-ны экскаватороос 1.266.000 /нэг сая хоёр зуун жаран зургаан мянга/-н төгрөгний үнэ бүхий 4 ширхэг аккумлятор, паяльник 1 ширхэг зэрэг эд хөрөнгө хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч И овогт Б-ын Б, М овогт Х-ийн А, З овогт Г-ын Б, Ц овогт Б-гийн С-Э нарыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Б, Х.А, Г.Б, Б.С-Э нарт тус бүрт нь 1/нэг/ жил  хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Б, Х.А, Г.Б, Б.С-Энарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд  зааснаар Б.Б, Х.А, Г.Б, Б.С-Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тоёота приус 11 загварын 07-99 УВХ улсын дугаартай авто машиныг өмчлөгч Б.Дарьжав /ОБ96032301/-д буцаан олгож, түүний үнэ болох 4.100.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26.2 см урт төмөр түлхүүрийг  устгаж, САТ гэсэн бичвэртэй хуванцар бариултай түлхүүрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Арсланд буцаан олгож,

Шүүгдэгч  Б.Б, Х.А, Г.Б, Б.С-Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Х.А, Г.Б, Б.С-Э нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах”-аар тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б, Х.А, Г.Б, Б.С-Э, тэдгээрийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2018/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

2017 оны 11 сарын 15-аас 16-нд шилжих шөнө Х.А, Б.Б, Г Б, Б.С-Э нар нь ан хийх зорилгоор сумын төвөөс машинтай гарч үнэг хөөж яваад сумын төвөөс 50 км зайд байх Хотгор шанага ХХК-ын нүүрсны уурхайн овоолго дээр байсан САТ эксковатораас 4 ширхэг аккумлятор хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн.

Дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар буюу машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж ял оноосон нь учир дутагдалтай болсон.

Хэргийн бодит нөхцөл байдлыг харахад эдгээр шүүгдэгч нар нь анх хулгай хийх санаа зорилгогүй явсан бөгөөд санаандгүй байдлаар САТ дээр очсон бөгөөд хулгай хийсэнийхээ дараа 500м орчим газар явганаар явж цааш нь машинаар явсан байдаг.

....Уурхайн эдэлбэр газраас гарсаны дараа машин ашигласан бөгөөд Улын Дээд Шүүхийн 2006 оны 28 тоот тогтоолоор машин механизм ашигласан гэдгийг тайлбарлахдаа "хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх.хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно" гэж тайлбарласан байдаг. Эндээс үзэхэд урьдчилан бэлтгэж ашигласан байхыг шаардаж байна гэтэл хэрэгт ийм зүйл байдаггүй. Мөн дээрх тайлбарт "харин хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласаныг энэ ойлголтонд хамруулахгүй" гэж заасан байна. Гэтэл шүүх үүнийг буруу тайлбарлаж аккумляторыг сумын төвд хүргэсэнээр хулгайлах гэмт хэрэг төгсөнө гээд миний үйлчлүүлэгч нарыг машин механизм ашигласан гэж хүндрүүлэн яллсан нь буруу болсон гэж үзэж байна.

Хулгайлах үйлдэл нь машинд суух үед дууссан бөгөөд шөнийн цагаар харанхуйд уурхайгаас 500м холдсоны дараа тухайн зүйлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах боломж нэгэнт нээгдсэн байхад үүнийг заавал сумын төв хүргэж байж захиран зарцуулах эрх үүснэ гэж үзсэн нь буруу бөгөөд үүнээс болж гэмт хэрэг, ял хоёрын зохист харьцаа алдагдсан гэж үзэж байна.

Иймд миний үйлчлүүлэгч нарын зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17,1 болгон өөрчилж өгнө үү” гэжээ.

Прокурор Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн агуулга: “...Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2018/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй тул шүүгдэгч Б.Б, Х.А, Г.Б, Б.С-Э, тэдгээрийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Б.Б, Х.А, Г.Б, Б.С-Э болон тэдгээрийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын хамтран гаргасан гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

Б.Б, Х.А, Г.Б, Б.С-Э нар нь 2017 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 07-99 УВХ улсын дугаартай Приус 11 загварын авто машин ашиглаж Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсэгрт үйл ажиллагаа явуулдаг “ Хотгор шанага” ХХК-ны экскаваророос 1.266.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг аккумлятор, паяльник 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлсан болох нь  тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудар нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг тогтоосон шүүхийн дүгнэлт хуульзүйн үндэслэл бүхий болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замааар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Б, Х.А, Г.Б, Б.С-Э болон тэдгээрийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын хамтран гаргасан “...шүүгдэгч нар нь ан хийх зорилгоор  машинтай гарч үнэг хөөж яваад сумын төвөөс 50 км зайд байх “Хотгор шанага” ХХК-ын эксковатороос эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн. Дээрх үйлдэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар буюу машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн нь буруу юмаа.Эдгээр нь гэмт хэрэг төгссөний дараа эд зүйлээ зөөж тээвэрлэхдээ машин механизм ашигласан тул зүйлчлэлийг өөрчлөж өгнө үү “ гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Б.Бат- Эрдэнэ, Х.А, Г.Б, Б.С-Э нар нь 2017 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө сумын төвөөс 50 км зайд байх “Хотгор шанага” ХХК-ны  экскаваророос явганаар зөөж тээвэрлэх боломжгүй /4 ширхэг аккумлятор, паяльник1/ эд зүйлийг хулгайлахдаа 07-99 УВХ улсын дугаартай Приус 11 загварын автомашин ашигласан болох нь :

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-гийн  “...бид нар экскаватор дээр ирээд ул мөр шалгахад 3-4 хүний гутлын мөр үүсэж баруун урд зүг рүү явсан байсан. 2 хүний мөр нь арзгар ултай, 2 хүний мөр нь хээгүй цагаан ултай гутлын мөр байсан. Бид нар мөрийг дагаад явж байтал 24 дугаартай нэг талын сэнж нь тасарсан түлхүүр газарт хэвтэж байсан. Экскаватороос ойролцоогоор 150 метр яваад аккумляторуудыг газарт тавьсан болов уу гэмээр жижиг дөрвөлжин 3 ширхэг мөр гарсан байсан. Мөрийг дагаж явахад экскаватороос 500 метр орчим зайд жижиг авто машины мөр гараад Бөхмөрөн сум руу чиглээд явсан байсан. Авто машины мөр үүссэн газраас хүний гутлын мөрүүд алга болсон” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 85-86-р тал/,

гэрч Г.М-ын “...экскаватор дээр ирээд ул мөр шалгахад 20 орчим метрийн зайд  3-4 хүний баруун урд зүг рүү чиглэсэн  мөр илэрүүлсэн. 2 хүний мөр нь арзгар ултай гуталтай, 2 хүний мөр нь хээгүй цагаан ултай гутлын гэмээр мөр байсан.  Бид нар мөрийг дагаад явж байтал 150 метр орчим зайд 24 дугаартай нэг талдаа битүү гогцоотой,  нөгөө талыг нь металл таслагчаар тасалсан түлхүүр байсан.  Мөрийг үргэлжлүүлан дагахад түлхүүр байсан газраас ойролцоогоор 200 метр орчим яваад аккумляторуудыг газарт тавьж амарсан гэмээр жижиг дөрвөлжин 3 ширхэг мөр гарсан байсан. Тэр мөрнөөс цааш 150 метр орчим яваад жижиг авто машины  мөр гараад Бөхмөрөн сум руу чиглээд явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 68-69-р тал/,

гэрч Ч.Б-ын “...экскаватороос 20 орчим метрийн зайд  3-4 хүний баруун урд зүг рүү чиглэсэн  мөр илэрүүлсэн. 2 хүний мөр нь арзгар ултай гуталтай, 2 хүний мөр нь хээгүй цагаан ултай гутлын гэмээр мөр байсан.  Бид нар мөрийг дагаад явж байтал 150 метр орчим зайд 24 дугаартай нэг талдаа битүү гогцоотой,  нөгөө талыг нь металл таслагчаар тасалсан түлхүүр байсан.  Мөрийг үргэлжлүүлан дагахад түлхүүр байсан газраас ойролцоогоор 200 метр орчим яваад аккумляторуудыг газарт тавьж амарсан гэмээр жижиг дөрвөлжин 3 ширхэг мөр гарсан байсан. Тэр мөрнөөс цааш 150 метр орчим яваад жижиг авто машины  мөр гараад Бөхмөрөн сум руу чиглээд явсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 70-73-р тал/,

гэрч П.А-ийн “ ...бид нар ул мөр шалгахад 20 орчим метрийн зайд  3-4 хүний баруун урд зүг рүү чиглэсэн  мөр илэрүүлсэн. 2 хүний мөр нь арзгар ултай гуталтай, 2 хүний мөр нь хээгүй цагаан ултай гутлын гэмээр мөр байсан.  Бид нар мөрийг дагаад явж байтал 150 метр орчим зайд 24 дугаартай нэг талдаа битүү гогцоотой,  нөгөө талыг нь металл таслагчаар тасалсан түлхүүр байсан.  Мөрийг үргэлжлүүлан дагахад түлхүүр байсан газраас ойролцоогоор 200 метр орчим яваад аккумляторуудыг газарт тавьж амарсан гэмээр жижиг дөрвөлжин 3 ширхэг мөр гарсан байсан. Тэр мөрнөөс цааш 150 метр орчим яваад жижиг авто машинд ачаад Бөхмөрөн сум руу чиглээд явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 74-77-р тал/, болон Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны “зураг №14 хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан авто машины зүүн хойд талын дугуйны мөр” гэсэн мөр нь хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан приус-11 загварын авто машины “Зүүн талын арын дугуй” гэж хаягласан дугуйны дардастай, “зураг №15 хэргийн газраас олдсон авто машины баруун хойт талын дугуйны мөр” гэсэн хаягтай мөр нь  хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан приус-11 загварын авто машины  “баруун арын дугуй” гэж хаягласан дугуйны дардастай хэлбэр дүрс, хээн зураглал, мөрний өргөн зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна” гэх 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 17/57 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн “..”Хотгор-Шанага” ХХК-ны ажилчидын гэрээс 1200 метр газарт ертөнцийн зүгээр баруун зүгт нүүрс олборлож байгаа газарт САТ- 3200 маркийн шангат экскавар байна.Уг экскаваторын кабины зүүн талын арын төмөр тагыг онгойлгоход цоожгүй байсан ба хоёр тасалгаа байв....А цэгээс 500 метр газарт авто машины эргэж ирсэн мөр гараад дээрх гутлын мөрүүд алга болсон ба авто машины мөр баруун зүг буюу Бөхмөрөн сум руу чиглээд явсан байв “ гэх тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл  шүүгдэгч нар нь 07-99 УВХ улсын дугаартай Приус 11 загварын автомашинаар хэргийн газар очиж, улмаар машинаа 500 метр газарт орхин “ Хотгор шанага” ХХК-ны ажилчидын гэрээс 1200 метр газарт байх САТ-3200 маркын шангат экскаватарын кабинаас 4 ширхэг аккумлятор,1 ширхэг  паяльник хулгайлан Бөхмөрөн сумын төв чиглэн явсан  болох нь нотлогдож байх ба тэдгээр нь  хулгайн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хэргийн газар хүрэх, биеэр /явган/-ээр зөөх боломжгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэхдээ машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн  гэж дүгнэх үндэслэлтэй байна.          

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан буюу хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн  нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Б.Батэрдэнэ, Х.А, Г.Б, Б.С-Э болон тэдгээрийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын хамтран гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Б, Х.А, Г.Б, Б.С-Э нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 77 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд тус тус  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Батэрдэнэ, Х.А, Г.Б, Б.С-Э болон тэдгээрийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын хамтран гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Б, Х.А, Г.Б, Б.С-Э нар нь анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 77 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

Гомдол , эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.ЖАМБАЛСҮРЭН

                                                    ШҮҮГЧИД                                            Д.МӨНХӨӨ

                                                                                                                 Н.МӨНХЖАРГАЛ