Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 1884

 

 

Ц.Түмэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/01616 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Түмэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын 230-1 тоотод байрлах 108 м.кв талбайтай 2 давхар, эд хөрөнгийн эрхийн Ү-2203015091 дугаарт бүртгэгдсэн хувийн орон сууц, тус хаягт байрлах 400 м.кв талбайтай газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Ц.Түмэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2684 дугаар шийдвэрээр Ц.Түмэнгээс 40 357 950 төгрөг гаргуулж “Хатан сүлд” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрээр төлөх төлбөрт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын 230/01 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015091 дугаарт бүртгэлтэй 108 м.кв талбайтай хувийн сууц, газрын хамт битүүмжлэн хураан авсан. Ингээд 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 3/10622 тоот мэдэгдлээр миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015091 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын 230/01 тоотод байрлах 108 м.кв талбайтай хувийн сууц, газрын хамт харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 100 000 000 төгрөгийн 70 хувиар тооцон 70 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болсныг мэдэгдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би өөрийн өмчлөлийн хувийн орон сууц, газрыг дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийг 100 000 000 төгрөгөөр тохиролцоогүй. Надад 70 хувиар тооцон 70 000 000 төгрөгөөр үнэлэгдэх талаар шийдвэр гүйцэтгэгч тайлбарлаж өгөөгүй. Миний санал болгосон үнэ бол яг дуудлага худалдаагаар худалдах үнэ 100 000 000 төгрөг байна гэдгээ хэлж байсан. Хэрвээ таны хэлсэн үнийн 70 хувиар бууруулан тооцох талаар хэлсэн бол би 100 000 000 төгрөгөөр үнэлэхгүй байсан. Иймд харилцан тохиролцсон гээд байгаа үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд 100 000 000 төгрөгийн 70 хувиар тооцон 70 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээ нь харилцан тохиролцсон үнэ биш тул Ц.Түмэн миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015091 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын 230/01 тоотод байрлах 108 м.кв талбайтай хувийн сууц, газрын хамт үнэлсэн үнэлгээ болох 100 000 000 төгрөгийн 70 хувиар тооцсон 70 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2684 дүгээр шийдвэрээр Ц.Түмэнгээс 40 357 950 төгрөгийг гаргуулж “Хатан сүлд” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Түмэнгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015091 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын 230/01 тоот хаягт байрлах 108 м.кв талбайтай хувийн сууц, газрыг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 159/03 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 159/05 дугаартай эд хөрөнгө барьцаалан хураах тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч Ц.Түмэнгээс үнийн саналыг авахад өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 100 000 000 төгрөгөөр үнэлж байгаа талаар 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр бичгээр хүсэлт гаргасныг төлбөр авагч “Хатан сүлд” ББСБ-ын зүгээс хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон. Төлбөр төлөгч Ц.Түмэнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 100 000 000 төгрөгийн 70 хувь буюу 70 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоосон болохыг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 3/10622 дугаартай мэдэгдэх хуудсаар мэдэгдэж эрх үүргийг танилцуулж тэмдэглэл хөтөлсөн. Төлбөр төлөгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэгч нь хууль тайлбарлаж өгөөгүй, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 70 000 000 төгрөгөөр үнэлсэн талаар гомдол гаргажээ. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийн үнийн саналыг авахдаа төлбөр төлөгч Ц.Түмэн, төлбөр авагч “Хатан сүлд” ББСБ-ын захирал М.Монхор, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оюун нарыг хамтад нь байлцуулж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг тайлбарлан өгч төлбөр төлөгчөөс үнийн саналыг бичгээр гаргуулж авсан болох нь 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, төлбөр төлөгчийн бичгээр өгсөн үнийн санал зэргээр тогтоогдож байна. Мөн төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны санал болгох доод үнэ 70 000 000 төгрөг болохоос үнэлгээг 70 000 000 төгрөгөөр тогтоогоогүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Ц.Түмэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Түмэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийг анхны дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа ирүүлэхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгч Ц Түмэн намайг хувийн орон сууцаа 100 000 000 төгрөгөөр үнэлсэн болох нь үнийн санал болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь надад дуудлага худалдааны үнэ нь гаргасан үнийн саналын 70 хувиар эд хөрөнгийн үнэ тогтоодог талаар шийдвэр гүйцэтгэгч огт танилцуулаагүй. Төлбөр төлөгч надад шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой эрх, үүргийг бодитойгоор танилцуулаагүйгээс үнэ үнэлгээтэй холбоотой маргаан гарч байхад гагцхүү 100 сая төгрөгийн үнийн санал дээрх гарын үсгийг шийдвэр гүйцэтгэгчийн бичсэн тэмдэглэлийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх бодит байдал дээр төлбөр төлөгчид хуулиар олгогдсон эрхээр нь хангасан эсэх, дуудлага худалдааны үнэ түүнтэй холбоотой үр дагаврыг шийдвэр гүйцэтгэгч бодитойгоор тайлбарласан эсэхийг анхааран үзээгүй зөвхөн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд үндэслэж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Би шүүхийн шийдвэрээр бусдад өртэй боловч миний эд хөрөнгийг өмчлөгчийн эрхийг ноцтой хохироож, өмчлөж байгаа эд хөрөнгийн бодит үнэлгээнээс маш доогуур үнэлж дуудлага худалдаанд оруулж байна. Дуудлага худалдааны үнийг тогтоох талаар шийдвэр гүйцэтгэгч өмчлөгч надаас үнийн санал авахдаа бодит мэдээллийг өгөөгүйгээс миний бие дуудлага худалдаагаар орох үнийг 100 000 000 төгрөг гэж ойлгон 100 саяаар үнийн санал өгсөн гэтэл шийдвэр гүйцэтгэгч энэ үнийн 70 хувиар дуудлага худалдааны үнийг тогтоож үүнийгээ хуулийн дагуу гэж тайлбарладаг. Хуульд 70 хувиар тооцон тогтооно гэж байдаг бол энэ талаар төлбөр төлөгч надад ойлгуулж тайлбарлаагүйгээс миний эд хөрөнгийн бодит үнэлгээ эрс багасаж миний бие хохирох нөхцөлд хүрээд байна. Хууль мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэжээ. Би хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөх, хуулийг хэрэглэхгүй гэсэн зүйл огт байхгүй бөгөөд гагцхүү үнийн санал гаргах эрх түүнтэй холбоотой үр дагаврыг бодитоор танилцуулах үүргээ шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлээгүй хэлбэрийн хувьд бүрдлийг бий болгож баримт бүрдүүлсэн байгааг анхан шатны шүүх ялган заагласангүй.

Иймд миний өмчлөгчийн эрхээ бодитойгоор хэрэгжүүлэх боломжийг олгоогүй бодитойгоор дуудлага худалдааны үнэ үнэлгээ түүнтэй холбоотой эрх, үүргийг тайлбарлан өгөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Түмэн нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын 230-1 тоотод байрлах 108 м.кв талбайтай 2 давхар хувийн орон сууц, тус хаягт байрлах 400 м.кв талбайтай газрын үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2684 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “Хатансүлд ББСБ” ХХК нь хариуцагч “Агь трейд” ХХК-д холбогдох нэхэмжлэлээс болон хариуцагч Ц.Түмэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын 11 004 000 төгрөгөөс тус тус татгалзаж, хариуцагч Ц.Түмэн нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 40 000 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын 230-1 тоотод байрлах, хувийн сууцны зориулалттай, 108 м.кв талбайтай 2 давхар, улсын бүртгэлийн Ү-2203015091 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөрийг барагдуулахаар тус тус тохиролцож зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын 230/01 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015091 дугаарт бүртгэлтэй хувийн сууц 108 м.кв талбайтай, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын зуслангийн 400 м.кв газрыг тус тус 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 159/03 тоот тогтоолоор битүүмжилж, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 159/05 тоот тогтоолоор хураан авсан ба энэ талаар хуульд заасны дагуу гомдол гаргаагүй тул уг ажиллагааг хүчинтэй гэж үзнэ.                                                                     /хх 22, 27 дугаар тал/

 

Хариуцагч байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үнийн санал авах ажиллагааг хийхэд төлбөр төлөгч болон өмчлөгч Ц.Түмэн 100 000 000 төгрөгөөр үнэлж үнийн санал өгснийг төлбөр авагч “Хатансүлд ББСБ” ХХК нь зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд үнэлгээг харилцан тохиролцсон байна.                                                                            /хх-19-20, 28 дугаар тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болох 100 000 000 төгрөгийн 70 хувь буюу 70 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 3/10622 тоот мэдэгдлийг төлбөр төлөгчид гардуулсан болох нь хэргийн 18 дугаар талд авагдсан “мэдэгдэл” гэх баримтаар тогтоогдож байх тул дуудлага худалдааны үнэ гаргасан үнийн саналын 70 хувиар эд хөрөнгийн үнэ тогтоодог талаар шийдвэр гүйцэтгэгч танилцуулаагүй, төлбөр төлөгч надад шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой эрх, үүргийг танилцуулаагүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх тул Ц.Түмэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй тул энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/01616 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ц.Түмэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ