Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2017/01376

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо 114 тоотод оршин суух,  5750075 регистрийн дугаартай, “Цэнхэр өрлөг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 22, 01 тоот хаягт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Сүлжмэлийн үйлдвэр 3-р давхар 301 тоотод байрлах, 5036999 регистрийн дугаартай, “Бүрдэн говь групп” ХХК

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 23-35 тоот хаягт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Сүлжмэлийн үйлдвэр 3 дугаар давхар 301 тоотод байрлах, 5885671 регистрийн дугаартай, “Грийнхоум ланд” ХХК-д  холбогдох

түрээсийн гэрээний үүрэгт “Бүрдэн говь групп” ХХК-аас 105,580,000 төгрөг, “Грийнхоум ланд” ХХК-аас 100,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,   “Бүрдэн говь групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Цэнхэр өрлөг” ХХК-д холбогдох гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагч “Бүрдэн говь групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган, “Грийнхоум ланд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жамсранжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Цэнхэр өрлөг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Бүрдэн говь групп” ХХК-тай Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээ байгуулан, өөрийн эзэмшлийн Норд бенз маркийн 25-30 тоннын даацтай, автосамосвал /beiben/ 13, Doosan 500 маркийн, 3.2 м куб даацтай, экскаватор 1 ширхэгийг тус тус 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Өмнөговь аймгийн Цогт цэций сумын нутагт орон нутгийн таван толгой хөрс хуулалтын ажилд ашиглуулахаар харилцан тохиролцсон. Энэхүү гэрээгээр автосамосвал тус бүрийн 1 сарын түрээсийн төлбөр 10,000,000 төгрөг, экскаваторын 1 сарын түрээсийн төлбөр 40,000,000 төгрөг байхаар заасан бөгөөд мөн гэрээнд түрээсийн төлбөрийг түрээсийн хугацаа эхэлснээс хойш 30 хоногийн дараа төлөх, төлөөгүй буюу төлөх хугацааг 5 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд төлбөр төлөхөөр гэрээнд заагдсан өрдөөс эхлэн хэтрүүлсэн хоног тутамд сарын үндсэн төлбөрийн 0,1 хувиар алданги тооцохоор заасан. Гэрээний дагуу 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр машин механизмуудыг хүлээлгэж өгөхөд “Бүрдэн говь групп” ХХК-ийн хүсэлтээр 6 ширхэг автосамосвал, 1 ширхэг экскаваторыг тус тус хүлээлгэн өгч, гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр буцаан хүлээж авсан. Энэ хугацаанд “Бүрдэн говь групп” ХХК-аас түрээсийн төлбөр нэг ч удаа төлөөгүй бөгөөд манай компанийн зүгээс удаа дараа түрээсийн төлбөрөө төлөхийг шаардсан боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байгаа болно. Дээрх хугацааны түрээсийн төлбөрийг тооцвол 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 1 сарын түрээсийн төлбөр нь автосамосвалууд нийт 60,000,000 төгрөг, экскаватор 40,000,000 төгрөг бөгөөд түүнээс хойш 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл машин механизмуудыг буцаан хүлээлгэж өгөх хүртлээ ашиглаж, түрээслэсэн 27 хоногийн түрээс нь автосамосвалууд нийт 54,000,000, экскаватор 36,000,000 төгрөг, нийт түрээсийн төлбөр 90,000,000 төгрөг болно. Мөн гэрээнд зааснаар түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйн алдангийг 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хоногийн 0,1 хувиар тооцож, 15,580,000 төгрөгийн алдангийг дээрх түрээсийн төлбөр дээр нэмж, нийт 205,580,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Бүрдэн говь групп” ХХК-ийн захирал У.Баатарсүрэн Таван толгойн уурхайд хөрс хуулалтын ажил хийх гэж байна, танайх тоног төхөөрөмж нийлүүлээч гэх саналыг удаа дараа тавьсны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Бүрдэн говь групп” ХХК-ийн охин компани болох “Грийнхоум ланд” ХХК-тай төнөг төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулсан. Гэрээ хэрэгжих явцад “Цэнхэр өрлөг” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бидний зүгээс гэрээг өөрчилж “Бүрдэн говь групп” ХХК гэдэг толгой компанитай гэрээ хийе гэдэг санал тавьсан. Уг саналын дагуу 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл “Бүрдэн говь” ХХК-тай хамтран ажиллаж энэхүү хөрс хуулалтын ажил явагдаж байсан. Бидний зүгээс гэрээг өөрчлөх бас нэг үндэслэл бол гэрээний 5.2-т заасан сар болгоны эцэст гэрээний төлбөрийг төлнө гэж заасан боловч “Грийн хоум ланд” ХХК нь төлбөрийг төлж чадаагүй юм.  Анх нэхэмжлэлээ “Бүрдэн говь групп” ХХК-д холбогдуулж гаргасан байсан. Гэтэл “Бүрдэн говь групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэ гэрээ биелэгдээгүй, энэ гэрээ нь хүчин төгөлдөр бусд тооцуулна гэдэг сөрөг нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор бидний зүгээс хамтран хариуцагчаар “Грийнхоум ланд” ХХК-ийг татаж улмаар “Грийнхоум ланд” ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг, “Бүрдэн говь групп” ХХК-аас 105,580,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээ гаргасан байгаа гэв.

 

Хариуцагч “Бүрдэн говь групп” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Бүрдэн говь групп” ХХК нь хэд хэдэн охин компанитай. “Грийнхоум ланд” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг. “Бүрдэн говь групп” ХХК-ийн охин компани  боловч тусдаа бие даасан санхүүтэй, гүйцэтгэх захиралтай байгууллага юм. 2016 оны 09 дүгээр сард “Грийнхоум ланд” ХХК нь “Язгууртны говь” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний дагуу “Грийнхоум ланд” ХХК нь хөрс хуулалтын ажил авсан байдаг. Ингээд “Грийнхоум ланд” ХХК нь “Цэнхэр өрлөг” ХХК-тай тохиролцож 10 ширхэг хүнд даацын автомашин, 1 ширхэг экскаватор нийт 11 тооны тоног төхөөрөмж түрээслэхээр гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээний дагуу “Цэнхэр өрлөг” ХХК нь 1 ширхэг экскавартор, 5 ширхэг хүнд даацын автомашин нийлүүлсэн байдаг. Тодорхой хугацааны дараа 1 ширхэг автомашин нэмэгдэж, нийт 6 автомашин, 1 экскаватор нийлүүлсэн байдаг. Ингээд тухайн үед “Цэнхэр өрлөг” ХХК нь өөрийн эзэмшлийн автомашиныг нийлүүлнэ гэсэн боловч өөрийн эзэмшилийн 2 ширхэг автомашин, 1 ширхэг экскаватор нийлүүлсэн байдаг. Үлдсэн 4 ширхэг автомашин нь өөрийн эзэмшлийн биш хувь хүмүүсийн автомашин байсан. Ингээд “Цэнхэр өрлөг” ХХК-ийн нийлүүлсэн автомашинууд нь ажлын ачаалал дааж чадахгүй, хүрэлцэхгүй байсан учир “Бүрдэн говь групп” ХХК өөрөө дахин гэрээ байгуулсан. 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дээрх автомашинууд дээр нэмээд 13 ширхэг автомашин, 1 ширхэг экскаватор нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэтэл “Цэнхэр өрлөг” ХХК нь дээрх автомашинуудыг нийлүүлээгүй. Ингээд түрээслэгч тал нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, гэрээнд заасан 13 ширхэг автомашин, 1 ширхэг экскаваторыг талбай дээр авч ирээгүйгээс энэ түрээсийн гэрээ нь хэрэгжээгүй. Гэтэл одоо энэ түрээсийн гэрээ нь хэрэгжсэн мэтээр “Бүрдэн говь групп” ХХК-аас 105,580,000 төгрөг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч гэрээг хэрэгжсэн гэдгээ нотолж чадахгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Грийнхоум ланд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жамсранжав шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүнийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Грийнхоум ланд” ХХК нь “Язгууртны говь” ХХК-тай 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Таван толгойн уурхайн 4 ба 8-р амын хөрс хуулалтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллах болсон. Энэхүү хөрс хуулалтын ажлын хүрээнд “Грийнхоум ланд” ХХК-д техник тоног төхөөрөмжийн хэрэгцээ гарсан тул 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч “Цэнхэр өрлөг” ХХК-тай “Техник түрээслэх тухай гэрээ” байгуулж, Doosan DX 500 эксковатор мөн хүнд даацын ачааны автомашины 10 ширхэгийг түрээслэн гэрээ хийсэн боловч хүнд даацын автомашинаас 5 ширхэг ирж, 2016 оны 09 дүгээр сарын 21-нд экскаватор ажилд орж 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс автосамосвалууд ачилт хийж ажилд гарч, ажил эхэлсний дараа 1 автосамосвал ирж 2016 оны 10 дугаар сарын 14-нд ажил зогссон. Нийт 20 хоногийн ажил хийхдээ нилээн асуудал үүсгэсэн. Жолооч нар түрээслэгч талын шаардлагыг удаа дараа эсэргүүцэн ажилдаа гарахгүй, уурхайгаас яв гэсэн газар луу явахгүй, мөн ээлжийн жолооч байхгүй, ээлжийн жолоочтой байх үедээ оройн ээлжинд гарсан хүмүүс шөнийн 1 цаг гээд ажлаа хийхгүй унтах зэрэг шалтгаанаар экскаваторыг сул зогсоож, манай ажлын бүтээмжийг унагаж байсан. Ерөнхийдөө түлшээ дуусгаад больё гэж бодон 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрээг дуусгавар болсон. Гэрээнд заасны дагуу анхны 10 машин ирсэн бол манай компани алдагдалгүйгээр үйл ажиллагаа явуулах боломж байсан. 6 машин ирсэн учраас манайх 60 хувьтай ажилласан. Манайх тогтмол 8, 9-н машинтай явж байсан бол гэрээнд заасны дагуу төлөвлөсөн ажлаа хийх юм байна гэж төлөвлөсөн. 6 машин нь нэхэмжлэгчийн өмчлөлийн машин биш. 2 машин нь өөрийнх нь гэж хэлдэг ч сайн мэдэхгүй байна. Бид харилцан ярилцаад түрээслэх машинаа нэмэгдүүлэхээр тохиролцож 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Грийнхоум ланд” ХХК-ийн толгой компани “Бүрдэн говь групп” ХХК болон “Цэнхэр өрлөг” ХХК-ийн хооронд “Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээ” байгуулж, 13 ширхэг норд бенз маркийн автосамосвол, 1 ширхэг Doosan DX 500 эксковатор түрээслэхээр болсон боловч түрээслүүлэгч компанийн зүгээс техникээ талбайд аваачиж өгөөгүй учир уг гэрээ хэрэгжээгүй. Бид өмнөх түрээсийн гэрээг зогсоож, тухайн үеийн ажлын гүйцэтгэлээр нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр харилцан тохиролцож “Таван толгойн уурхайд хөрс хуулалт хийсэн ажлын тооцоо нийлсэн акт” үйлдсэн бөгөөд тухайн үеийн тооцоогоор 26,413,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсан. Жолооч Зоригтбаатарын төлбөрт 2,200,000 төгрөг шилжүүлсэн ба энэ нь тооцоо нийлсэн төлбөрийн актын төлбөрөөс хасагдан үлдэгдэл 24,213,000 төгрөгийн үлдэгдэлийг хариуцан, үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч “Бүрдэн говь групп” ХХК-аас гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүнийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Бүрдэн говь групп” ХХК нь 13 автосамосвал, 1 экскаватор түрээслэхээр 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Цэнхэр өрлөг” ХХК-тай гэрээ байгуулсан. “Цэнхэр өрлөг” ХХК нь “Грийнхоум ланд” ХХК-тай 10 тоног төхөөрөмж, 1 экскаватор нийлүүлэх гэрээ хийгдсэн боловч гэрээнд заагдсан техникийг нийлүүлж чадалгүй 6 машин, 1 экскаватор нийлүүлсэн. Бидэнд нэмэлт техник шаардлагатай болсон тул нэмж гэрээ байгуулсан. “Цэнхэр өрлөг” ХХК нь машин механизмыг хугацаандаа ажлын тайлбайд ирүүлээгүйгээс уг гэрээнд заасан машин механизмыг түрээслэхээ больж гэрээ хэрэгжээгүй юм. Гэрээ байгуулагдах үед “Цэнхэр өрлөг” ХХК өөрийн эзэмшилдээ дээрх машинууд байгаа гэдэг итгэл төрүүлсэн. Гэтэл энэ компанид 23 автомашин байгаагүй. Иймд төөрөгдсөн хэлцэл байна гэж үзэж байгаа тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхгэрэл сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа:

Энэ гэрээ нь бичгээр хийгдэж, тамга дарагдаж, талууд гарын үсэг зурсан. Гэрээ бодит үйлдлээр хийгдэж байх ёстой. Бодит үйлдэл бол талбай дээр 6 автосамсомал, 1 экскаватор ирсэн. Түүнийхээ түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгаа. Хариуцагч гэрээний үүрэгтэй холбоотой гэрээг цуцлах эрх байсан. Тухайн үед ийм санал гаргаагүй. Гэрээ хэрэгжээд машин механизм ажиллаж байсан. Иймд түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нараас хангуулж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Цэнхэр өрлөг” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээний үүрэгт “Бүрдэн говь групп” ХХК-аас 105,580,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ХА16/022 тоот Техник түрээслэх тухай гэрээний үүрэгт “Грийнхоум ланд” ХХК-аас 100,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Грийнхоум ланд” ХХК нэхэмжлэлийн шаардлагаас 24,213,000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрөн, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, хариуцагч “Бүрдэн говь групп” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэг. 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ХА16/022 тоот Техник түрээслэх тухай гэрээний үүрэгт “Грийнхоум ланд” ХХК-аас 100,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч нь 1 ширхэг эксковатор, 10 ширхэг хүнд даацын автомашин буюу автосамосвалыг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд, нэг сард эксковаторыг 40,000,000 төгрөг, автосамосвалыг 10,000,000 төгрөгийн төлбөртэйгээр “Грийнхоум ланд” ХХК-д түрээслүүлэх, хариуцагч гэрээний зүйлийг хүлээн авч, төлбөрийг заасан хугацаанд төлөхөөр тохирч 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ХА16/022 тоот Техник түрээслэх тухай гэрээ байгуулсан /хх-ийн 29-30/ ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул ХА16/022 тоот гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Зохигчдын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан ХА16/022 тоот Техник түрээслэх тухай гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх үүрэгтэй, үүргийн биелэлтийг хэн аль нь шаардах эрхтэй юм.

 

Уг гэрээний дагуу 1 ширхэг экскаватор, 6 ширхэг автосамосвалыг түрээслүүлсэн гэх ба зохигчид техникүүдийн тоо болоод ямар автомашин шилжүүлсэн /марк, улсын дугаар/ талаар маргаагүй тул эл үйл баримтыг тогтоогдсон гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч 1 ширхэг экскаватор, 6 ширхэг автосамсомалыг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд түрээслүүлсний хөлсөнд 100,000,000 төгрөгийг нэхэмжлэхдээ ХА16/022 тоот Техник түрээслэх тухай гэрээ болон гэрч Б.Ариунтөгс /хх-59-60/, А.Баасанцэрэн /хх-61/ нарын мэдүүлгийг үндэслэл болгожээ.

 

Хариуцагч экскаватор 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр, автосамосвалууд 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ажилд гарч эхэлсэн ба 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 5458 УНБ автосамосвалын эзэмшигч Тамир, 4683 УНХ автосамосвалын эзэмшигч Зоригтбаатар, 2791 УБТ автосамосвалын эзэмшигч Гансүх, 3862 УБИ автосамосвалын эзэмшигч Тамир, 4915 УБИ автосамосвалын эзэмшигч Алтангэрэл, 4226 УБН автосамосвалын эзэмшигч Лхамсүрэн, экскаваторын эзэмшигч Тамир нартай ажлын гүйцэтгэлээр тооцоо нийлэн, 26,413,000 төгрөг төлөхөөр тохирсон ба жолооч Зоригтбаатарт 2,200,000 төгрөгийг төлсөн тул 24,213,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж тайлбарлан, энэ нь Таван толгойн уурхайд хөрс хуулалт хийсэн ажлын тооцоо нийлсэн актаар тогтоогдоно гэж маргадаг. Гэвч уг тооцоо нийлсэн акт хэрэгт авагдаагүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу түрээсийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Түрээсийн төлбөрийг талууд гэрээний 2.1-т “Түрээслэгч эксковаторын түрээсийн төлбөрт сард 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг төлөх ба хүнд даацын ачааны машины түрээсийн төлбөрт сард 10,000,000 /арван сая/ төгрөгийг төлнө.“ гэж тохирчээ.

 

Техникийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаар актгүйг зохигчид тайлбарлан, техникийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ашиглаад гэрээ дуусгавар болсон талаар маргаагүй боловч эхэлсэн хугацааг нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр талбай дээр очсон өдрөөс, хариуцагч  экскаватор 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр, автосамосвалууд 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ажилд гарч эхэлсэн гэж тайлбарлдадаг. Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний онцлог шинж бол түрээсийн зүйлийг түрээслэгчид шилжүүлэн өгснөөр түүний үр шимийг олж авах эрх нээгдэх тул түрээсийн зүйл 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр түрээслэгчид шилжсэн болох нь зохигчдын тайлбар болон гэрч А.Алтангэрэлийн “. . . 2016 оны 09 дүгээр сарын 16-нд Өмнөговь аймагт таван толгойн хөрс хуулалтын ажил хийхээр очсон. . .” гэх мэдүүлэг /хх-61 дэх тал/-ээр нотлогдож байна.

 

Хариуцагч 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр техникийн эзэмшигчид нартай таван толгойн уурхайд хөрс хуулалт хийсэн ажлын тооцоо нийлсэн акт үйлдсэн гэж маргах боловч зохигчдын хооронд байгуулсан ХА16/022 тоот гэрээгээр төлбөрийг гэрээнд зааснаас өөрөөр тооцон олгох, эсхүл түрээсийн төлбөрийн тооцоог гэрээний талуудын эрх олгосноор өөр этгээд хийж болох, өөр этгээдэд төлбөрийг шилжүүлж болох талаар заагаагүй байх тул тооцоо нийлсэн гэх үйл баримт нь хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дээрх дурдсан үндэслэлээр ХА16/022 тоот Техник түрээслэх тухай гэрээний үүрэгт “Грийнхоум ланд” ХХК-аас 100,000,000 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

 

Хоёр. 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээний үүрэгт “Бүрдэн говь групп” ХХК-аас 105,580,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч нь 1 ширхэг экскаватор, 13 ширхэг автосамосвалыг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд, нэг сард экскаваторыг 40,000,000 төгрөг, автосамосвалыг 10,000,000 төгрөгийн төлбөртэйгээр “Бүрдэн говь групп” ХХК-д түрээслүүлэх, хариуцагч гэрээний зүйлийг хүлээн авч, төлбөрийг заасан хугацаанд төлөхөөр тохирч 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээ байгуулсан /хх-ийн 8-10/ ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Зохигчдын хооронд 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Машин механизм түрээсээр ажилуулах гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх үүрэгтэй, үүргийн биелэлтийг хэн аль нь шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч 1 ширхэг экскаватор, 6 ширхэг автосамсомалыг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд түрээслүүлсний төлбөрт 90,000,000 төгрөг, алдангид 15,580,000 төгрөг, нийт 105,580,000 төгрөг нэхэмжлэхдээ Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээ болон гэрч Б.Ариунтөгс /хх-59-60/, А.Баасанцэрэн /хх-61/ нарын мэдүүлгийг үндэслэл болгожээ.

 

Хариуцагч энэ гэрээг хэрэгжээгүй буюу гэрээний дагуу шилжүүлэх техникүүдийг талбайд аваачиж өгөөгүй, хүчин төгөлдөр бусд тооцох хэлцэл хэмээн маргаж байна. Маргааны бодит байдлын үндэслэлийг “Бүрдэн говь групп” ХХК-ийн охин компани болох “Грийнхоум ланд” ХХК-тай байгуулсан Техник түрээслэх гэрээний дагуу “Цэнхэр өрлөг” ХХК нь нийт 10 автосамсомал, 1 экскаватор шилжүүлэхээс 6 автосамсомал, 1 экскаватор шилжүүлсний улмаас хөрс хуулалтын ажилд нэмэлт 13 автосамсомал, 1 экскаватор шаардлагатай болсон тул “Бүрдэн говь групп” ХХК нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан гэж тайлбарладаг.

 

Нэхэмжлэгч “Грийнхоум ланд” ХХК-тай байгуулсан гэрээг дуусгавар болгосон тул “Грийнхоум ланд” ХХК-д ажиллаж байсан 6 автосамсомал, 1 экскаваторыг “Бүрдэн говь групп” ХХК авч ашигласан гэж маргаж байна.

 

Гэрч Б.Ариунтөгсийн мэдүүлэгт техникийг хэдний өдөр хүртэл ашиглуулсан талаар мэдээлэл байхгүй, гэрч А.Баасанцэрэнгийн мэдүүлэгт “. . . 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажилласан . . .”, “. . . 11 дүгээр сар гартал ажилласан. . .” гэх зөрүүтэй мэдээлэл байх тул эргэлзээ төрж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээгүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болдог.

 

Нэхэмжлэгч 7 техникийг ашиглуулсан гэж, хариуцагч нь техникийг хүлээн аваагүй, гэрээ хэрэгжээгүй гэх зөрүүтэй тайлбарыг нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ буюу зөрүүтэй тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд уг шаардлага болон түүний үндэслэл нотлогдоогүй гэж үзнэ. 

 

Гурав. 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухай

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг дахин 13 автосамсомал, 1 экскаватортай гэж итгэл төрүүлсэн тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмааас хийсэн хэлцэлд тооцуулах шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч гэрээг бодит үйлдлээр хэрэгжсэн гээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэрээний үүргийн зөрчилд илүү хамаарна гэж маргадаг.

 

Нэхэмжлэгчийг 13 автосамсомал, 1 экскаватортай талаар хариуцагч зөрүү ойлгосон нь түүнийг ноцтой төөрөгдсөн гэж үзэхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээг тайлбарлах замаар талуудын илэрхийллийн цаана нуугдах жинхэнэ хүсэл зоригийг тогтооход гэрээгээр нэхэмжлэгч зөвхөн өөрийн эзэмшил, өмчлөлийн автосамсомал, экскаваторыг түрээслүүлнэ гэсэн нөхцөл заагаагүй байдлаас дүгнэхэд талууд хүсэл зоригоо хангалттай, тодорхой илэрхийлэн хийсэн хэлцэл гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр ХА16/022 тоот Техник түрээслэх тухай гэрээний үүрэгт “Грийнхоум ланд” ХХК-аас 100,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Цэнхэр өрлөг” ХХК-д олгож, Машин механизм түрээсээр ажилуулах гэрээний үүрэгт “Бүрдэн говь групп” ХХК-аас 105,580,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч “Бүрдэн говь групп” ХХК-аас нэхэмжлэгч “Цэнхэр өрлөг” ХХК-д холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байна.

 

Үндсэн нэхэмжлэлээс 100,000,000 төгрөгийн шаардлагыг хангасантай холбоотой нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,185,850 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Грийнхоум ланд” ХХК-аас 657,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар “Грийнхоум ланд” ХХК-аас 100,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Цэнхэр өрлөг” ХХК-д олгож, “Бүрдэн говь групп” ХХК-аас 105,580,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,185,850 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Грийнхоум ланд” ХХК-аас 657,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Цэнхэр өрлөг” ХХК-д олгосугай.

 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Г.НЯМСҮРЭН