Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2017/01379

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                    

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  А ХХК,

 

Хариуцагч: Ц.Н-д холбогдох     

 

Түрээсийн гэрээний үүрэгт 38,475,000 төгрөг, засварын зардалд 11,556,000 төгрөг нийт 50,031,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд болон төлөөлөгч Ч.Д- шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: М ХХК нь А ХХК-тай 2014 оны 11 сарын 11-ний өдөр ажлын байрны зориулалтаар түрээсийн  гэрээ байгуулж 509 тоот 40 м.кв өрөөг, 2015 оны 01 сарын 06-ны өдрөөс 601 тоот 100 м.кв өрөөг түрээсэлсэн. Түрээслүүлэгч 601 тоот 100 м.кв өрөөг түрээслэхийн тулд эрэгтэй, эмэгтэй 00-н өрөө шинээр бий болгож, паркетан шал шинээр тавьж, гэрэлтүүлэг болон хана болгоныг 4 өнгийн эмульсээр будах зэрэг засварын ажил хийж, 11,556,000 төгрөгийн зардал гарсан. Түрээсийн төлбөрт засварын ажлын зардлыг шингээж төлөхөөр тохирсон боловч жил ашиглаад түрээсийн төлбөр болон засварын ажлын зардлыг төлөхгүйгээр 2016 оны 01 сарын 15-ны өдрөөс хойш сураггүй алга болсон. Иймд 2014 оны 11 сарын 11-ны өдрөөс 2016 оны 04 сарын 30-ны өдөр хүртэл 509 тоот өрөөний түрээсийн төлбөр болох 17,000,000 төгрөг, 601 тоот өрөөний түрээсийн төлбөр 21,375,000 төгрөг, засварын зардалд 11,556,000 төгрөг нийт 50,031,000 төгрөгийг Ц.Н-ээс гаргуулна. А ХХК-ийн өмнөөс Ц.Н- түрээсийн гэрээг хуурамч бичиг баримтаар байгуулсан байсан гэв.

Хариуцагч Ц.Н- шүүхэд гаргасан тайлбартаа; М ХХК ба А ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 11 сарын 11-ний өдрийн түрээсийн гэрээ /М ХХК-ийг М ХХК болгон нилээн хэдэн газар үг үсэг тоо засварласан/ тамга, тэмдэг огт харагдахгүй. Мөн Ц.Н- миний огт байгуулаагүй гарын үсгээ огт зурж байгаагүй түрээсийн гэрээ гэгчийг хавтаст хэргийн 19-20 талд хавсаргасан байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Мөн засварын жагсаалт гэгчийн хэргийн 14-16 талуудын хамт нотлох баримтаас хасуулах. М ХХК гэгчийн нэр болон Ц.Д- гэдэг бүтэн нэрийг энэ нэхэмжлэлтэй холбогдуулан мэдэж авч байгаа ба /хэргийн 5-10 талд/ авагдсан нэхэмжлэгчийн хууль ёсны эрх зүйн байдлыг мөн хүлээн авах боломжгүй байна. Учир нь хэргийн 7-р талд байх Ү-2202024630 улсын бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ нь оффис түрээслэх үетэй буюу 2014 оны 11 сарын 11-ний өдөртэй огт хамааралгүй өдөр буюу 2016 оны 04 сарын 27-ны өдөр бүртгэлтэй байхаас гадна М ХХК-ийн өмчлөлийн бус иргэн Н.Д-дорж гэгчийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгө байна. Нэхэмжлэлд хавсаргасан үнэн зөв баримт нь /хэргийн 17-18 талд/ авагдсан байна. Үүнд Ц.Н-, Н.Д- нар түрээсийн төлбөрийн тооцоо 11.400.000 төгрөгийн нийлсэн баримт байх ба уг төлбөрийг Н.Д-, Ч.Д- гэгчийн Төрийн банкны ** тоот валютын дансанд төлөхийг шаардаж байсан баримтууд байна. Миний бие Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Нэмэгдсэн өртөгийн албан татварын хуулийг үндэслэн нэхэмжлэл, төлбөр тооцоо хуулийн дагуу хийгдсэний дараа төлбөр төлнө гэснээр Н.Д- нь манай оффис доторхи бүх эд хөрөнгийг аваад байгаа болно. Иймд Н.Д-гийн манай компанид учруулсан хохирол болон эд хөрөнгийн байдалд шүүхийн үзлэг хийлгэсний дараа түрээсийн төлбөрийн 11,400,000 төгрөг төлөх тооцоог шийдэх нь зүйтэй байгаа юм гэжээ.

Хариуцагч А ХХК-ийн төлөөлөгч О.О- шүүхэд гаргасан тайлбартаа; А ХХК нь М ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж байгаагүй. Ц.Н- хариуцна гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч А ХХК болон иргэн Ц.Н- нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 38,475,000 төгрөг, засварын зардалд 11,556,000 төгрөг нийт 50,031,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч А ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч М ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж байгаагүй гэж маргажээ.

 

Хариуцагч Ц.Н- түрээсийн төлбөрөөс 11,400,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2014 оны 11 сарын 11-ний өдрийн түрээсийн гэрээ М ХХК-ийг М ХХК болгон нилээн хэдэн газар үг үсэг тоо засварласан байна гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2.Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч А ХХК-ийн захирал Ц.Н-тэй 2014 оны 11 сарын 11-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж Чингэлтэй дүүрэг, 1 хороо,  Жуулчны гудамж 37 байр 5 давхарт байрлах, 509 тоот өрөөг ажлын байрны зориулалтаар, 2014 оны 11 сарын 11-ний өдрөөс 2016 оны 04 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаатайгаар, 601 тоот өрөөг 2015 оны 01 сарын 06-ны өдрөөс 2016 оны 04 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаатайгаар, сарын түрээсийн төлбөрийг 950,000 төгрөгөөр харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, тэдний хооронд байгуулсан түрээсийн гэрээ /хх-ийн 11-14, 19-20 талд/-гээр тогтоогдож байх ба Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан бичгээр байгуулах хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Талууд  түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон түрээсийн зүйлийг ашиглаж байсан үед хийгдсэн тооцооны /хх-ийн 17, 18 талд/ талаар маргаагүй, харин түрээсийн зүйлийн өмчлөгч хэн болох, засан сайжруулалтын зардал төлөх эсэх талаар маргажээ.

 

Түрээслүүлэгч М ХХК-ийн захирал Ц.Д- нь А ХХК-ийн захирал Ц.Н-тэй түрээсийн гэрээ байгуулж гарын үсэг зурж тамга тэмдэгээр баталгаажуулсан байна.

 

Хариуцагч Ц.Н- нь 2014 оны 11 сарын 5-ны өдөр А ХХК-ийн захирал О.О-той Компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, энэ бичиг баримтаа үндэслэн М ХХК-ийн захирал Ц.Д-той түрээсийн гэрээ байгуулж түүний өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 1 хороо, Жуулчны гудамж 37 байр 5 давхарт байрлах, 509, 601 тоот өрөөг ажлын байрны зориулалтаар ашиглаж, түрээсийн төлбөрийг төлөөгүй байна.

 

А ХХК-ийн захирал О.О- Ц.Н-тэй Компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй болох нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 06 сарын 07-ны өдрийн 62/48-64 тоот албан бичиг, А ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, Компанийн хувийн хэрэг /хх-ийн 86-250 талд/ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх ба А ХХК-ийг төлөөлөх эрхийг Ц.Н-д шилжүүлээгүй гэж үзнэ.

 

 Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасан шаардлагыг хангасан, М ХХК-ийн захирал Ц.Д-, Ц.Н- нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, Ц.Д- өөрийн өмчийг бусдад түрээсэлсэн нь хууль зөрчөөгүй байх тул түрээсийн гэрээ байгуулах эрх бүхий этгээд мөн гэж үзэх үндэстэй.

 

Хариуцагч Ц.Н- А ХХК-ийг төлөөлөх эрхгүй байтлаа түрээсийн гэрээ байгуулсан 509, 601 тоот өрөөг ажлын байрны зориулалтаар ашиглаж байсан нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч Ц.Н-ээс 509 тоот өрөөний 2014 оны 11 сарын 11-ний өдрөөс 2016 оны 04 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг  сард 950,000 төгрөгөөр тооцож 16,751,654 төгрөг, 601 тоот өрөөний 2015 оны 01 сарын 06-ны өдрөөс 2016 оны 04 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг сард 950,000 төгрөгөөр тооцож 15,009,984 төгрөг нийт 31,761,638 төгрөгийг гаргуулж М ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,869,362 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч А ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэсэхгүй болгох үндэстэй.

 

Хариуцагч Ц.Н- түрээсийн төлбөрөөс 11,400,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2014 оны 11 сарын 11-ний өдрийн түрээсийн гэрээ /М ХХК-ийг М ХХК болгон нилээн хэдэн газар үг үсэг тоо засварласан гэж маргаж байгаа боловч /хх-ийн 11 талд/ гараар бичихдээ М ХХК гэж бичсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Засан сайжруулалтын зардал гаргуулах тухайд:                             

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ц.Н- нарт холбогдуулан, засварын зардалд 11,556,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Түрээслүүлэгч М ХХК нь 509 тоот өрөөг 2015 оны 01 сарын 06-ны өдрөөс түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулж, засвар хийсэн болох нь засварын зардлын тоцоолол, зохигчдын тайлбараар тогтоогдож /хх-ийн 14-16 талд/ байна.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-т зааснаар түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан байна.

 

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3. Түрээсийн байранд өөрийн зардлаар урсгал засвар хийнэ. Мөн гэрээний 8.3.Засварын зардлыг түрээсээр суутган авна гэж тохирсон нь түрээслүүлэгч М ХХК нь засварын зардалд 11,556,000 төгрөг гаргуулахаар шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Хариуцагч Ц.Н- нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тайлбар гаргаж байгаа боловч үүнийгээ нотлох баримтыг шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаж ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1‑т зааснаар татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Тус шүүхийн 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 182/ШЗ2016/06362 дугаартай нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн байхад уг мөнгөн шилжүүлгийн баримтыг хавсаргаж ирүүлснийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж үзэхгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөгийг нөхөн гаргуулж Төрийн санд олгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 319 дугаар зүйлийн 319.1., 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Н-ээс 31,761,638 / гучин нэгэн сая долоон зуун жаран нэгэн мянга зургаан зуун гучин найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,269,362 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч А ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөгийг нөхөн гаргуулж Төрийн санд олгож, хариуцагч Ц.Н-ээс 316,758 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.НАРАНГЭРЭЛ